Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

 

 

 

“М г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.З даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/02564 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.А-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 698 600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 418 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И, М.Л,

Хариуцагч С.А-,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

 

Нэхэмжлэгч “М г”ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.А- нь манай компанийн сэлбэгийн дэлгүүрээс 2015 оны 10 дугаар сард 55 нэр төрлийн тооны сэлбэг худалдан авсан. Тухайн үед худалдан авсан сэлбэгний үнийн дүнгээс 3 799 200 төгрөгийг төлөх боломжгүй байна гэсэн тул уг үнийн дүнгээр 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 087 тоот зээлээр сэлбэг худалдан авах маягт үйлдэн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр болсон. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй манай компанийг хохироож байна. Өнөөдрийн байдлаар сэлбэгийн үлдэгдэл төлбөрт 3 799 200 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0.3 хувийн алданги төлнө гэсний дагуу алдангийн 50 хувь болох 1 899 600 төгрөг, нийт 5 698 800 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд зээлээр сэлбэг худалдах, худалдан авах маягтын дагуу сэлбэгний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 5 698 800 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Хавтаст хэрэгт 55 нэр төрлийн сэлбэг хэрэгслийн баримтууд авагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гарын үсэг мөн байна гэдэг. Хариуцагчийн ярьж байгаа 13 000 000 төгрөг төлсөн баримт хавтаст хэрэгт байдаггүй. С.А- нь “М г”ХХК-аас авсан сэлбэг хэрэгсэл чанарын доголдолтойг баримтаар нотлоогүй. Тухайн эд хөрөнгөд 6 сарын дотор гомдол гаргах, шаардах эрхтэй. “Б м” ХХК-аас ирүүлсэн албан бичиг 2016 оны 07 дугаар сар гэсэн байдаг. Сэлбэг худалдсанаас хойш 6 сарын хойно байна. Өнөөдрийг хүртэл хариуцагч С.А- нь “М г” ХХК-д хандан бичгэн хэлбэрээр гомдол гаргаж байгаагүй. “М г” ХХК-аас засварын үйлчилгээний хөлс нэхэмжилсэн байдаг. Техникийн гэрээнд  нь манай компанийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй ашиглана. Харин бусад үйлчлүүлэгчийн засварын ажлын хөлсийг нь өөрөө авч ажилладаг. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний зүйл ойлгомжгүй бол ерөнхий агуулгыг хамаарна гэдэг. Гэрээнд маш тодорхой зааж өгсөн байдаг. Эрх, үүрэгт хэрхэн хүлээхийг тодорхой заасан байна. Архангай аймагт тээвэрлэж очсон зардал болон олох ёстой байсан орлогыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь баримтаар нотлогдоогүйгээс гадна сэлбэг хэрэгслийг чанаргүй байсан гэсэн баримт байдаггүй. Засварчин Б.Х- болон “М г”ХХК-ийн хоорондын харилцаа гэрээ хэлцлийн дагуу тодорхой байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Хариуцагч С.А-, түүний өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:...Би 2015 оны 10 дугаар сард Багануурт уурхайн хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан бөгөөд 8910 УБ, 9956 УБ дугаартай 2 ковшийг уг ажлыг гүйцэтгэхэд ашиглахаар болсон. Ингээд “М г” ХХК-д хандаж өөрийн 8910 УБ дугаартай ковшны кропыг засварлуулах, 9956 УБ ковшны моторыг сайжруулах шаардлагатай юм байна, манай дэлгүүрт шаардлагатай бүх сэлбэг байгаа, манайхаар үзлэг оношилгоо хийлгээд манай дэлгүүрээс сэлбэгээ аваарай, дээрх засваруудыг гүйцэтгэсний дараа ямар ч асуудалгүй гэсний дагуу тэдний засварын газарт өгч засварлуулсан. Гэтэл засварласан дээрх 2 ковш ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй болж Багануурт орших уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж чадаагүй. Үүний дараа “М г” ХХК-д хандан өмнө засварласан 2 ковш ажил гүйцэтгэх боломжгүй байна, гүйцэтгэсэн ажлын үр дүнд нь гараагүй тухай хэлэхэд тэдний засварчин Б.Х- ирж үзэн дахин сэлбэг, тоног төхөөрөмж авах, дахин засварлах талаар хэлж дахин засварын ажил гүйцэтгэсэн. Ингээд бүх зүйл сайн чанартай болсон, одоо хаана ч ямар ч ажил гүйцэтгэж болно гэж хэлсэн тул Архангай аймагт газар шорооны ажил гүйцэтгэхээр “Б м” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан сарын 45 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон 2 ковшийг Архангай аймагт тээвэрлэж, ажил эхлэх болтол уг 2 ковш урдынхаас улам муудсан байсан тул гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж чадаагүй. Ингээд “Б м” ХХК-аас удаа дараа шаардлага гаргасан тул мөн л “Б м” ХХК-д хандахад дахин ирж үзэн өмнө нь завсарласан кроп, моторын шинээр тавьсан сэлбэг нь болохгүй байна, дахин шинээр сэлбэг авч тавиул гэж хэлсэний дагуу дахин шинээр сэлбэг авч засварлуулсан. Энэ мэтээр 5 удаа “М г”ХХК-ийн засварчин Б.Х-ыг дуудаж үзүүлээд үр дүн гараагүй тул “Б м” ХХК нь гэрээгээ цуцалж, гэрээнд заасны дагуу өөр ковш ажиллуулж Архангай аймаг руу тээвэрлэсэн зардлыг би төлсөн. Уг засварын ажилд шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авахад 13 000 000 төгрөг, засвар үйлчилгээний хөлс, засварчдын тээврийн зардалд 27 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг М г ХХК-д төлснөөс гадна 2 ковшоо Архангай аймаг руу тээвэрлэсний хөлс болон Б м ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2 ковшийг нь тээвэрлэсний хөлс нийт 18 000 000 төгрөгийг бодит хохирол, олох ёстой орлого 360 000 000 төгрөгийг хохирол хүлээгээд байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 418 000 000 төгрөгийг “М г” ХХК-аас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээ нь эд хөрөнгө шилжүүлсэнээр байгуулдаг. Зээлийн бараа шилжсэн бол байгуулагдсанд тооцдог. Хүлээж авсан баримт байдаггүй. Баримтууд хоорондоо зөрүүтэй. С.А- гэсэн гарын үсэг байхгүй. С.А- нь 13 000 000 төгрөг төлсөн. Энэ талаар гэрчийн мэдүүлэг байдаг ба төлбөр төлж дуусахад хашаанаас гаргадаг. Үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл зээлийг бодитой авсан үйл баримт байхгүй. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор техникийн засвар үйлчилгээний гэрээний дагуу “М г” ХХК-тай харьцаж байна. С.А- Б.Х-аар дамжуулан харьцдаг байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдлын шаардах хугацаа алдсан гэж яриад байна. Нэхэмжлэгч “М г” ХХК-ийг төлөөлж байсан хүмүүс ковшны засвар үйлчилгээг очиж үзээд хийдэг байсан. Манайхаас гаргаж өгсөн нотлох баримтууд болон гэрчээр асуусан тэмдэглэлээс үзэхэд доголдолтой сэлбэг байсан гэсэн гол утга нь хятад сэлбэг учраас баталгааны хуудас бичихгүй амаараа 1 сарын баталгаа өгч, сэлбэг болохгүй байна гэж дахин солихдоо нийт 5 удаа зассан байдаг. Энэ хүмүүс дахин дахин засаад, сольж тавиад байгаа нь энэ сэлбэгийг доголдолтой гэдгийг бодит үйлдлээрээ зөвшөөрч байна. Б.Х- гэдэг хүн нь энэ засварын газрын ахлах засварчин гэдэг. Бие даасан тусдаа этгээд гэж ойлгох боломжгүй. Учир нь Б.Х- өөрөө манай засварын газар энэ хүнээс тайлбар дээрээ ч хэлдэг, гэрээнээс харах юм бол “М” ХХК-ийн нэрийн өмнөөс явуулж байгаа учраас “М” ХХК гэж ойлгоно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.А-ээс 5 698 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М г”ХХК-д олгож, нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 418 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 106 150 төгрөгийг, хариуцагчийн 2 248 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-ээс улсын тэмдэгтийн хураамж 106 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М г”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "М г" ХХК-ийн нэхэмжлэлтэй С.А надад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ201802564 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.         Шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “ Нэхэмжлэгч талаас 55 нэр төрлийн сэлбэгийг нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдох ба..” гэж хэт нэг талыг барин, нотлох баримтуудыг бүрэн судлалгүйгээр шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч тал өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан байдаг бөгөөд тухайн үед нэхэмжлэлдээ хавсаргасан зарлагын баримтууд, сүүлд нэхэмжлэлдээ хавсаргасан зарлагын баримтууд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Гэтэл шүүхээс чухам аль зарлагын баримтуудыг үндэслэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргасан зарлагын баримтууд дээр худалдан авагч болох миний гарын үсэг байхгүй байхад шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2.         Мөн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “хэрэгт авагдсан “Зээлээр сэлбэг худалдах, худалдан авах маягт” гэх хэлцлээр нэг талаас “М г”ХХК-ийн Өлзий дэлгүүрийн эрхлэгч Б.Г нөгөө талаас С.А- нар нь...гэж талууд харилцан тохиролцсон ба хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, компанийн салбарын тамга тэмдгээ дарсан байна” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт, хариуцагчийн хариу тайлбар, татгалзлалыг харгалзан үзээгүй гэдгийн илрэл болжээ. Учир нь хариуцагчаар тухайн зээлийн маягт дээр гарын үсэг зураагүй, минийх биш гэж маргасаар байтал шүүхээс хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж дүгнэж байгаа нь хэт өрөөсгөл дүгнэлт юм. Нөгөө талаар шүүхээс үнийг төлсөн, төлөөгүйгээ хариуцагч талаас нотлоогүй гэж үзсэн байна. Гэтэл шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Г, Б.Х- нарын тайлбарт сэлбэгийн үнийг төлөөгүй тохиолдолд засварын хэсгээс гаргадаггүй тиймээс төлбөр төлсөн байх гэсэн тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

3. Мөн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхдээ хэргийн бодит байдлын үйл баримтыг шүүхээс буруу ойлгож дүгнэсэн байна. "М г" ХХК-аас сэлбэг худалдан авсны дараа доголдолтой холбоотой шаарддагаа гаргаж байгаагүй тул гомдлын шаардлага гаргах хугацаандаа шаардлагаа гаргаагүй байна гэж мөн л хэргийн үйл баримтыг дутуу үнэлсэн. Тухайн үед сэлбэг худалдан авсны дараа "М г" ХХК-ны засварчид 4 удаа ирж өмнө тавьсан сэлбэгээ задалж, зарим зүйлсийг сольж буцаан угсарч байгаа үйл баримт тогтоогддог ба энэ үед “М г”ХХК-аас засварчдаа явуулж байгаа нь худалдсан сэлбэг нь доголдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч буйн илрэл байтал шүүхээс тухайн үйл баримтыг үнэлж үзээгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч М г ХХК-аас хариуцагч С.А-д холбогдуулан зээлээр сэлбэг худалдах, худалдан авах маягтын дагуу 5 698 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлээр сэлбэг аваагүй, худалдаж авсан сэлбэгийн үнэ 13 000 000 төгрөгийг төлсөн, доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 418 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ./хэргийн 1, 57-58 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “худалдан авсан сэлбэгийн үнийг бүрэн төлсөн, үлдэгдэл төлбөрийн талаарх баримтыг үйлдээгүй, миний гарын үсэг биш” гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн сэлбэгийн үнийг хариуцагч төлөхөөр тохиролцсон нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь зөв.

Хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Зээлээр сэлбэг худалдах худалдан авах маягт гэх хэлцлээр талууд мотор, кропны сэлбэгийн үлдэгдэл төлбөр 3 799 200 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дэлгүүрийн кассанд тушаана, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.3 хувийн алданги тооцож авлагыг барагдуулж авна гэж харилцан тохиролцжээ./хэргийн 4 дүгээр тал/

 

Дээрх баримтанд худалдан авагчийг төлөөлөн зурсан гарын үсгийг хариуцагч миний гарын үсэг биш гэж маргаж, улмаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр С.А-ийн гарын үсэг мөн эсэхийг тодруулахаар шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж, дүгнэлт гаргуулахад хариуцагчийн гарын үсгийн загваруудтай тохирч байгаа нь тогтоогдсон байна. хэргийн 82-83, 106-109 дүгээр тал/

 

            Хариуцагчийн өмгөөлөгч О.Батсүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх хэргээс татан авсан шүүхийн тэмдэг дарагдсан шинжээчийн дүгнэлтийн хуулбартай танилцсан байх ба сүүлд хэргийн оролцогчийн хүсэлтээр татан авахуулсан шинжээчийн дүгнэлтийн эх хувьтай зөрөөгүй учраас хэргийн материалтай танилцуулаагүй, хэргийн материалтай танилцах боломж олгоогүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. /хэргийн 63, 77, 106-109, 112 дугаар тал/ Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ ирүүлсэн нотариатч гэрчилсэн сэлбэгийн зарлагын падааны хуулбар хувьтай хариуцагч, түүний өмгөөлөгч нар танилцсан байх ба уг баримт нь эх хувиар өгсөн баримттай тохирч байна.

           

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч О.Б нь анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх ба нотлох баримт шинжлэн судлахад байлцаж, нотлох баримттай танилцах хүсэлт гаргаагүй байна./хэргийн 118-125 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр өмнөх хэргээс Б.Х-, Г.Г нарыг гэрчээр асуусан тэмдэглэлийг татан авсан байна./хэргийн 31, 38-41/ Улмаар хариуцагчийн өмгөөлөгч дахин 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б.Х-, Г.Г, Б.Н нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, шүүх 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШЗ2018/10524 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг нь хангаж, гэрчүүдэд хууль тайлбарлан мэдүүлэг авсан байна./хэргийн 64, 65, 73, 78-89 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч талаас 55 нэр төрлийн сэлбэгийг нийлүүлсэн болохыг хариуцагч үгүйсгээгүй ба түүний үнийг бүрэн төлсөн, эсхүл зарим сэлбэгийг аваагүй нэмсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр болох 3 799 200 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй тул хугацаа хэтрүүлснээс тооцож буй /1 хоногийн 3 799 000х0.3%=11 397 төгрөг/ алданги 1 899 600 төгрөгийг, нийт 5 698 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээ хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтад нийцжээ. Тодруулбал, хариуцагч худалдан авсан сэлбэгийн үнэнд хэзээ, хэдэн төгрөг өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хугацаандаа үүргээ биелүүлээгүй хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Харин анхан шатны шүүх алдангийн харилцааг зохицуулсан дээрх хуулийн заалтуудыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, “М г”ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрээс авсан сэлбэгийг тавьж засварт оруулсан 2 ковш хэвийн ажиллаагүйгээс буюу чанарын шаардлага хангаагүй доголдолтой сэлбэгээс болж бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж чадаагүй. Дахин дахин засварчныг нь дуудаж засуулсан. Уг засварын ажилд шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмж худалдаж авахад 13 000 000 төгрөг, засварын үйлчилгээний хөлс, засварчдын тээврийн зардалд 27 000 000 төгрөг төлсөн ба бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд 2 ковшоо тээвэрлэсний хөлс 18 000 000 төгрөг, олох ёстой байсан орлого 360 000 000 төгрөгийн хохирол учирсан” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч “М г” ХХК-д хариуцагч С.А- нь үлдэгдэл төлбөр төлөх маягтыг бөглөснөөс өмнө болон хойш төлбөр төлж байсан талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй. Үүнтэй холбоотойгоор худалдан авсан сэлбэг буюу эд зүйл нь ямар доголдолтой байсан талаар хэрэгт ямар нэгэн баримт болон дүгнэлт авагдаагүй болно.

 

Харин гэрч Б.Х-ын “хариуцагчийн 2 ковшийн нэгд нь мотор, нөгөөд нь кропыг бүтэн сольсон. Засварын ажил биш худалдаж авсан шинэ сэлбэгийг сольж тавьж өгсөн. Сэлбэгийн үнийг бүрэн төлсөн эсэхийг мэдэхгүй байна. Засварын дараа сэлбэг тавиад шалгахад хэвийн ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Ц-ийн “Архангайд очихдоо өмнө тавьсан сэлбэгээ задалж үзээд буцаагаад тавьсан, солиогүй. Намайг очиход ажиллаагүй байсан, задлаад угсарсны дараа явж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Г-ын “хариуцагч Багануурт 2, Архангайд 2 удаа засуулсан. Задлаад эргээд угсардаг. Сүүлд өөр газраас сэлбэг аваад тавьсан, одоо хэвийн ажиллаж байгаа” гэх мэдүүлгүүдээс үзэхэд нэхэмжлэгчээс авсан эд хөрөнгө доголдолтой байсан үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар хариуцагч эд хөрөнгө хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан байх тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирлыг шаардах эрхгүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгчид гомдлын шаардлага гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгчтэй 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Техникийн засвар, үйлчилгээний гэрээ”-ний үндсэн дээр засварын үйл ажиллагаа явуулж байсан Б.Х-аар хариуцагч авсан сэлбэг хэрэгслийг солиулж, янзлуулж байсан нь нэхэмжлэгчид гомдлын шаардлага гаргаж байсан гэж үзэхгүй. Учир нь Б.Х- нь нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаггүй, гэрээний үндсэн дээр тухайн компанийн талбайг түрээслэж, засварын үйл ажиллагаа бие даан явуулдаг болох нь дээрх нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр тогтоогдож байна.

 

            Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаагүй орхисон нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/02564 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн “243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.4, 232.6” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 248 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.З

 

                                            ШҮҮГЧИД                              А.О

 

                                                           С.Э