Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/02564

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/02564

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “М ХХК” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А

 

Худалдах худалдах авах гэрээний үүрэгт 5,698,600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 418,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам, М.Лхамсүрэн, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч О.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Найданжав нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “М ХХК” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч С.А нь манай компанийн сэлбэгийн дэлгүүрээс 2015 оны 10 дугаар сард 55 нэр төрлийн тооны сэлбэг худалдан авсан. Тухайн үед худалдан авсан сэлбэгний үнийн дүнгээс 3,799,200 төгрөгийг төлөх боломжгүй байна гэсэн тул уг үнийн дүнгээр 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 087 тоот зээлээр сэлбэг худалдан авах маягт үйлдэн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр болсон.

Гэвч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй манай компанийг хохироож байна. Өнөөдрийн байдлаар сэлбэгийн үлдэгдэл төлбөрт 3,799,200 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0.3 хувийн алданги төлнө гэсний дагуу алдангийн 50 хувь болох 1,899,600 төгрөг, нийт 5,698,800 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд зээлээр сэлбэг худалдах, худалдан авах маягтын дагуу сэлбэгний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 5,698,800 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү.

 

Хавтаст хэрэгт 55 нэр төрлийн сэлбэг хэрэгслийн баримтууд авагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гарын үсэг мөн байна гэдэг. Хариуцагчийн ярьж байгаа 13.000.000 төгрөг төлсөн баримт хавтаст хэрэгт байдаггүй. С.А нь “М ХХК” компаниас авсан сэлбэг хэрэгсэл чанарын доголдолтойг баримтаар нотлоогүй. Тухайн эд хөрөнгөд 6 сарын дотор гомдол гаргах, шаардах эрхтэй. “Булган майнинг” ХХК-иас ирүүлсэн албан бичиг 2016 оны 07 дугаар сар гэсэн байдаг. Сэлбэг худалдсанаас хойш 6 сарын хойно байна. Өнөөдрийг хүртэл хариуцагч С.А нь “М ХХК” ХХК-д хандан бичгэн хэлбэрээр гомдол гаргаж байгаагүй. “М ХХК” ХХК-иас засварын үйлчилгээний хөлс нэхэмжилсэн байдаг.

 

Техникийн гэрээнд н.Хадбаатар нь манай компанийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй ашиглана. Харин бусад үйлчлүүлэгчийн засварын ажлын хөлсийг нь өөрөө авч ажилладаг. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний зүйл ойлгомжгүй бол ерөнхий агуулгыг хамаарна гэдэг. Гэрээнд маш тодорхой зааж өгсөн байдаг. Эрх, үүрэгт хэрхэн хүлээхийг тодорхой заасан байна. Архангай аймагт тээвэрлэж очсон зардал болон олох ёстой байсан орлогыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь баримтаар нотлогдоогүйгээс гадна сэлбэг хэрэгслийг чанаргүй байсан гэсэн баримт байдаггүй. Засварчин Хадбаатар болон “М ХХК” ХХК-ийн хоорондын харилцаа гэрээ хэлцлийн дагуу тодорхой байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч С.А, түүний өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

...Би 2015 оны 10 дугаар сард Багануурт уурхайн хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан бөгөөд 8910 УБ, 9956 УБ дугаартай 2 ковшийг уг ажлыг гүйцэтгэхэд ашиглахаар болсон. Ингээд “М ХХК” ХХК-д хандаж өөрийн 8910 УБ дугаартай ковшний кропыг засварлуулах, 9956 УБ ковшны моторыг сайжруулах шаардлагатай юм байна, манай дэлгүүрт шаардлагатай бүх сэлбэг байгаа, манайхаар үзлэг оношилгоо хийлгээд манай дэлгүүрээс сэлбэгээ аваарай, дээрх засваруудыг гүйцэтгэсний дараа ямар ч асуудалгүй гэсний дагуу тэдний засварын газарт өгч засварлуулсан.

Гэтэл засварласан дээрх 2 ковш ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй болж Багануурт орших уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж чадаагүй. Үүний дараа “М ХХК” ХХК-д хандан өмнө засварласан 2 ковш ажил гүйцэтгэх боломжгүй байна, гүйцэтгэсэн ажлын үр дүнд нь гараагүй тухай хэлэхэд тэдний засварчин Б.Хадбаатар ирж үзэн дахин сэлбэг, тоног төхөөрөмж авах, дахин засварлах талаар хэлж дахин засварын ажил гүйцэтгэсэн. Ингээд бүх зүйл сайн чанартай болсон, одоо хаана ч ямар ч ажил гүйцэтгэж болно гэж хэлсэн тул Архангай аймагт газар шорооны ажил гүйцэтгэхээр “Булган майнинг” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан сарын 45,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон 2 ковшийг Архангай аймагт тээвэрлэж, ажил эхлэх болтол уг 2 ковш урдынхаас улам муудсан байсан тул гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж чадаагүй.

Ингээд “Булган майнинг” ХХК-иас удаа дараа шаардлага гаргасан тул мөн л “Булган майнинг” ХХК-д хандахад дахин ирж үзэн өмнө нь завсарласан кроп, моторын шинээр тавьсан сэлбэг нь болохгүй байна, дахин шинээр сэлбэг авч тавиул гэж хэлсэний дагуу дахин шинээр сэлбэр авч засварлуулсан. Энэ мэтээр 5 удаа “М ХХК” ХХК-ийн засварчин Б.Хадбаатарыг дуудаж үзүүлээд үр дүн гараагүй тул “Булган майнинг” ХХК нь гэрээгээ цуцалж, гэрээнд заасны дагуу өөр ковш ажиллуулж Архангүй аймаг руу тээвэрлэсэн зардлыг би төлсөн. Уг засварын ажилд шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авахад 13,000,000 төгрөг, засвар үйлчилгээний хөлс, засварчдын тээврийн зардалд 27,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг “М ХХК” ХХК-д төлснөөс гадна 2 ковшоо Архангай аймаг руу тээвэрлэсний хөлс болон “Булган майнинг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2 ковшийг нь тээвэрлэсний хөлс нийт 18,000,000 төгрөгийг бодит хохирол, олох ёстой орлого 360,000,000 төгрөгийг хохирол хүлээгээд байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 418.000.000 төгрөгийг “М ХХК” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Зээлийн гэрээ нь эд хөрөнгө шилжүүлсэнээр байгуулдаг. Зээлийн бараа шилжсэн бол байгуулагдсанд тооцдог. Хүлээж авсан баримт байдаггүй. Баримтууд хоорондоо зөрүүтэй. С.А гэсэн гарын үсэг байхгүй. С.А нь 13.000.000 төгрөг төлсөн. Энэ талаар гэрчийн мэдүүлэг байдаг ба төлбөр төлж дуусахад хашаанаас гаргадаг. Үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл зээлийг бодитой авсан үйл баримт байхгүй. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор техникийн засвар үйлчилгээний гэрээний дагуу “М ХХК” ХХК-тай харьцаж байна. С.А Б.Хадбаатараар дамжуулан харьцдаг байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдлын шаардах хугацаа алдсан гэж яриад байна. Нэхэмжлэгч “М ХХК” компанийг төлөөлж байсан хүмүүс ковшны засвар үйлчилгээг очиж үзээд хийдэг байсан. Манайхаас гаргаж өгсөн нотлох баримтууд болон гэрчээр асуусан тэмдэглэлээс үзэхэд доголдолтой сэлбэг байсан гэсэн гол утга нь хятад сэлбэг учраас баталгааны хуудас бичихгүй амаараа 1 сарын баталгаа өгч, сэлбэг болохгүй байна  гэж дахин солихдоо нийт 5 удаа зассан байдаг. Энэ хүмүүс дахин дахин засаад, сольж тавиад байгаа нь энэ сэлбэгийг доголдолтой гэдгийг бодит үйлдлээрээ зөвшөөрч байна.

Б.Хадбаатар гэдэг хүн нь энэ засварын газрын ахлах засварчин гэдэг. Бие даасан тусдаа этгээд гэж ойлгох боломжгүй. Учир нь Б.Хадбаатар өөрөө манай засварын газар энэ хүнээс тайлбар дээрээ ч хэлдэг, гэрээнээс харах юм бол “Монтрак” ХХК-ийн нэрийн өмнөөс явуулж байгаа учраас “Монтрак” ХХК гэж ойлгоно гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М ХХК” ХХК-иас хариуцагч С.Аэд холбогдуулан  худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,698,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 418,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нь ...зээлээр сэлбэг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, сэлбэгийн үлдэгдэл төлбөр 3,977,200 төгрөгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0.3 хувийн алданги төлнө гэсний дагуу үндсэн төлбөрийг алдангийн хамт гаргуулна, худалдсан эд зүйлийн доголдлын талаар гомдол гарч байгаагүй, гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үндсэн нэхэмжлэлийн, хариуцагч тал нь ...зээлээр сэлбэг аваагүй, худалдаж авсан сэлбэгийн үнэ 13.000.000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй, харин доголдолтой сэлбэг худалдсанаас учирсан хохирлыг гаргуулна, гомдол гаргах хугацаа хэтрээгүй, доголдлыг тухай бүрд хэлж засуулж байсан, үр дүнгүй байсан гэж сөрөг шаардлагын үндэслэлийг тус тус тайлбарлан маргана.

 

Хэрэгт цугларсан зээлээр сэлбэг худалдах, худалдан авах маягт /хх 4/, 187037, 187036 187035, 187034 дугаартай зарлагын баримт /хх 21, 22/, техникийн засвар үйлчилгээний гэрээ /хх 23-26/, сэлбэг борлуулалтын журам батлах тухай М ХХКийн захирлын тушаал /хх 43/, сэлбэг борлуулалтын журам /хх 42/, зарлагын баримтууд /хх 75, 76/, шинжээч томилсон шүүгчийн захирамж, гарын үсгийн загвар, шинжээчийн дүгнэлт /хх 94-109/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг шаардлагын татгалзлаа, хариуцагч тал хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 1 сарын 23-ний өдрийн 1129 дугаартай захирамж /хх 28/, 1129 дугаартай иргэний хэрэгт асуугдсан гэрч Б.Хадбаатар, Б.Ганбаатар нарын мэдүүлэг /хх 38-41/, машин механизм тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ /хх 46-49/ Булган Майнинг ХХК-ийн мэдэгдэх хуудсууд /хх 68-70/ зэрэг баримтуудаар сөрөг шаардлага болон татгалзлаа нотолно гэдэг.

 

Зохигч буюу талуудын ...сэлбэг худалдсан төлбөрийг бүрэн хийгээгүй гэх, сэлбэг худалдан авсан төлбөрийг бүрэн төлсөн гэх тайлбарууд болон хэрэгт авагдсан “Зээлээр сэлбэг худалдах, худалдан авах маягт” гэсэн хэлцлээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд сэлбэг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч “М ХХК” ХХК буюу худалдагч талаас сэлбэг худалдсан, хариуцагч С.А буюу худалдан авагч талаас сэлбэгийг худалдан авч сольж суурилуулсан үйл баримтын талаар талууд маргадаггүй ба хэн аль нь хүсэл зоригоо амаар илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол хэлэлцэн тохиролцоод амаар болон бичгээр байгуулж болно”, 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно” гэж заасанчлан талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, уг хэлцэл хүчин төгөлдөр болно. 

 

Нэхэмжлэгч тал сэлбэгийг зээлээр худалдсан гэх хэдий ч тухайн гэрээний харилцаанд заавал тусгагдах гол нөхцлийн талаар буюу Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан төлбөл зохих хүүгийн талаар талууд тохиролцоогүй тул талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах харилцаа үүсээгүй гэж  үзнэ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талын шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг буюу сэлбэгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь эд хөрөнгийн буюу сэлбэгийн үнийг төлөх үүрэгтэй байх тул сэлбэгийн үнийг төлөх үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Харин доголдолтой эд хөрөнгө нийлүүлснээс учирсан хохирлыг хариуцагч тал Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан “Зээлээр сэлбэг худалдах худалдан авах маягт” гэх хэлцлээр нэг талаас “М ХХК” ХХК-ийн Өлзий дэлгүүрийн эрхлэгч Б.Ганбаатар /худалдагч/, нөгөө талаас С.А /худалдан авагч/ нар нь ...мотор, кропны сэлбэгийн үлдэгдэл төлбөр 3,799,200 төгрөгийг 2015 оны 10 сарын 25-нд дэлгүүрийн кассанд тушаана, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.3% алданги тооцож авлагыг барагдуулж авна гэж талууд харилцан тохиролцсон ба хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, компанийн салбарын тамга тэмдгээ дарсан байна.

 

Дээрх хэлцэлд талууд хүсэл зоригоо илэрхийлэн худалдан авсан сэлбэгийн үнийн үлдэгдлийг тодорхойлж төлөх хугацаа, төлөөгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг зааж өгсөн нь худалдагч, худалдан авагч нараас тооцоо нийлсэн утга агуулга бүхий хэлцэл байх бөгөөд нэхэмжлэгч талын ...худалдаж авсан сэлбэгийн үлдэгдэл төлбөр дээр баримт үйлдсэн гэх тайлбар үндэслэлтэй болно.

 

Хариуцагч талаас ...Өлзий дэлгүүрийн эрхлэгч гэрээ байгуулсан “М ХХК” ХХК нь нэхэмжлэх эрхтэй эсэх нь эргэлзээтэй гэх тайлбарыг гаргадаг ч нэхэмжлэгч талаас ирүүлсэн сэлбэгийн дэлгүүрийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, “М ХХК” ХХК-ийн захирлын сэлбэг борлуулалтын журам батлах тухай тушаал, сэлбэг борлуулалтын журам зэрэг баримтаар “М ХХК” ХХК нь шаардлага гаргах эрхтэй байна. 

 

Мөн ...худалдан авсан сэлбэгийн үнийг бүрэн төлсөн, үлдэгдэл төлбөрийн талаарх баримтыг үйлдээгүй, миний гарын үсгийг сайн дуурайлгасан байх гэх тайлбарыг хариуцагчаас гаргадаг хэдий ч ...”Зээлээр худалдах, худалдан авах маягт”-д худалдан авагчийг төлөөлөн зурсан гарын үсэг нь хариуцагч С.Аийн гарын үсгийн загваруудтай тохирч байна гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 94 дугаартай дүгнэлтээр хариуцагчийн ...худалдан авсан сэлбэгийн үнээс үлдэгдэл төлбөр байхгүй гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

 

Нэхэмжлэгч талаас 55 нэр төрлийн сэлбэгийг нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдох ба түүний үнийг бүрэн төлсөн, эсхүл зарим сэлбэгийг аваагүй нэмсэн байх гэх тайлбараа хариуцагч тал нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр болох 3,799,200 төгрөгийг, мөн 2015 оны 12 сарын 25-нд төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлснээс тооцож буй /1 хоногийн 3,799,000х0.3%=11,397 төгрөг/ алданги 1,899,600 төгрөгийг, нийт 5,698,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байх бөгөөд алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 буюу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтад нийцэж байна.

 

Хариуцагч талаас ...доголдолтой эд хөрөнгө буюу сэлбэг худалдсанаас 2 ковш ажлаагүй. Гомдол гаргах хугацаандаа удаа дараа засварчныг нь дуудаж засуулж байсан. Чанаргүй сэлбэг тавиулснаар тухайн машин маань ажилд яваагүй, хийх ёстой ажлуудаа алдсан, хохирол учирсан тул хохирол болон олох ёстой байсан орлогоо нэхэмжилнэ гэдэг ба ...худалдсан сэлбэгийн чанар доголдлын талаар гомдол бичгээр гаргаж байгаагүй бөгөөд асуудал байвал засварчин н.Хадбаатараас засварын ажлын гүйцэтгэл чанарын талаар шаардлага гаргах боломжтой, манай засварын газар биш тул бид хариуцахгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал гаргаж улмаар үндэслэлээ ...засварчин Б.Хадбаатартай байгуулсан “Техникийн засвар, үйлчилгээний гэрээ”-ээр нотолно, гэрээний нарийвчилсан заалтад бусдын өмчид хохирол учирвал гүйцэтгэгч өөрөө хариуцна, зассан техникийн төлбөрийг гүйцэтгэгч өөрөө авна гэж заасан тул “М ХХК” ХХК-ийн нэрийн өмнөөс засварын үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй гэдэг.

 

Дээрх гэрээний 1.1 “Захиалагч нь даалгавар өгч, харин гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр “М ХХК” ХХК-ийн эзэмшлийн болон гаднаас засвар үйлчилгээ хийлгэхийг хүсэгчдийн хүнд машин механизмуудад техникийн засвар үйлчилгээг “М ХХК” ХХК-ийн нэрийн өмнөөс явуулах ажлыг өөртөө хүлээн авна”, 1.2 ”Гүйцэтгэгч нь засвар үйлчилгээг хийхдээ захиалагч талаас сэлбэгийн менежерийг байлцуулан захиалагчийн бүрэн бүтэн ашиглалтад байгаа болон хэвийн ажиллагаатай бусад техникийг хүлээн авч эвдрэл гэмтэл гарвал захиалагчийн нийлүүлсэн сэлбэгээр засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэн хийнэ” гэж заасан байх ба гэрч Б.Хадбаатараас ...дэлгүүрийн сэлбэгийг борлуулахад туслах, захиалгыг үнэ төлбөргүй гүйцэтгэх, ажлын байрыг ашиглах, засварын хөлсөө өөрөө авахаар харилцан ашиг олох зорилготой байсан, дэлгүүрээс нь үйлчлүүлэгч нар сэлбэг худалдан авсаныг сольж тавьдаг гэсэн мэдүүлгээс үзэхэд хариуцагч тал сөрөг шаардлагаа “М ХХК” ХХК-д холбогдуулан гаргасан нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Сөрөг шаардлагадаа гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гаргуулна, “М ХХК” ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрээс авсан сэлбэгийг тавьж засварт оруулсан 2 ковш хэвийн ажлаагүйгээс буюу чанарын шаардлага хангаагүй доголдолтой сэлбэгээс болж бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж чадаагүй. Дахин дахин засварчныг нь дуудаж засуулсан. Уг засварын ажилд шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмж худалдаж авахад 13,000,000 төгрөг, засварын үйлчилгээний хөлс, засварчдын тээврийн зардалд 27,000,000 төгрөг төлсөн ба бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд 2 ковшоо тээвэрлэсний хөлс 18,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 360,000,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг.

 

Хариуцагч тал доголдолтой сэлбэг худалдаж, засварын ажил чанаргүй гүйцэтгэснээс нийт 418,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2 “...эсрэг талын тайлбар, татгалзалтай танилцах, тайлбар өгөх, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан эрх, үүргийн хүрээнд доголдолтой сэлбэг худалдсан, засварын ажил чанаргүй хийсэн, хохирол учирсан гэх үйл баримт, шаардлага тогтоогдохгүй байна.

 

Гомдол гаргах хугацаанд буюу баталгаат засварын хугацаанд “М ХХК” ХХК-ийн засварчныг нь дуудан тухайн 2 ковшдоо засвар үйлчилгээг хийлгэсэн гэдэг ба гэрч Б.Хадбаатарын ...2 ковшийн нэгд нь мотор, нөгөөд нь кропыг бүтэн сольсон. Засварын ажил биш худалдаж авсан шинэ сэлбэгийг сольж тавьж өгсөн. Сэлбэгийн үнийг бүрэн төлсөн эсэхийг мэдэхгүй байна. Засварын дараа сэлбэг тавиад шалгахад хэвийн ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Э.Цэмбэлдоржийн ...Би кроп янзалдаг. Архангайд очихдоо өмнө тавьсан сэлбэгээ задалж үзээд буцаагаад тавьсан, солиогүй. Намайг очиход ажлаагүй байсан, задлаад угсарсны дараа явж байсан гэх мэдүүлэг, гэрч Г.Ганбаатарын ...Багануурт 2, Архангайд 2 удаа засуулсан. Задлаад эргээд угсардаг. Сүүлд өөр газраас сэлбэг аваад тавьсан, одоо хэвийн ажиллаж байгаа гэх мэдүүлгээр “М ХХК” ХХК-ийн сольж тавьсан сэлбэг чанарын шаардлага хангаагүй, биет байдлын доголдолтой байсан нь нотлогдохгүй.

 

Тодруулбал, 55 нэр төрлийн сэлбэг доголтой байсан, улмаар дараа нь засвар үйлчилгээг хийхэд “М ХХК” ХХК-иас худалдан авсан сэлбэг чанарын шаардлага хангаагүй тул өөр газраас сэлбэг сольж тавиад хэвийн ажиллаж байгаа гэх хариуцагч талын тайлбарууд нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч тал хууль болон гэрээнд заасны дагуу биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нийлүүлсэн гэж үзэх тул хариуцагч талын худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гаргуулах шаардлага үндэслэлгүй болно.

 

Нөгөө талаар ...худалдан авагч С.А нь худалдан эд хөрөнгө болох сэлбэгийн биет байдлын доголдлын талаарх гомдлоо хууль болон гэрээнд заасан баталгаат хугацаанд худалдагч “М ХХК” ХХК-д бичгээр тавьж байгаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан хөрөнгөө хүлээн аваад чанарын шаардлага хангаагүй ашиглах боломжгүй эд хөрөнгө авсан бол хүлээн авахаас татгалзах, эсхүл мөн хуулийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, гэрээ цуцлах шаардлагыг гаргах эрхтэй гэж заасан байна. Мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2 дахь хэсэгт “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасны дагуу биет байдлын доголдолтой эд хөрөнгө нийлүүлснээс учирсан хохирлыг шаардах эрхээ алдсан гэж дүгнэв. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.

 

Иймд “М ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч С.Аээс 5,698,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 418,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Аээс 5,698,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 418,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн нэхэмжлэгчийн 106,150 төгрөгийг, хариуцагчийн 2,248,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Аээс улсын тэмдэгтийн хураамж 106.150 төрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ХХК” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ