Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00749

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/2564 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 233 дугаар магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.Аэд холбогдох

”Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн үлдэгдэл төлбөр 5 698 600 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Гэрээний үүргээ зөрчиж, доголдолтой хөрөнгө худалдснаас учирсан хохиролд 418 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.А, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.А нь манай компанийн сэлбэгийн дэлгүүрээс 2015 оны 10 дугаар сард 55 нэр төрлийн олон тооны сэлбэг худалдан авсан. Тухайн үед худалдан авсан сэлбэгийн үнийн дүнгээс 3 799 200 төгрөгийг төлөх боломжгүй байна гэсэн тул уг үнийн дүнгээр 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 087 тоот зээлээр сэлбэг худалдан авах маягт үйлдэн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр болсон.

Гэвч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй манай компанийг хохироож байна. Өнөөдрийн байдлаар сэлбэгийн үлдэгдэл төлбөрт 3 799 200 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0.3 хувийн алданги төлнө гэсний дагуу алдангийн 50 хувь болох 1 899 600 төгрөг, нийт 5 698 800 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд зээлээр сэлбэг худалдах, худалдан авах маягтын дагуу сэлбэгийн үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 5 698 800 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2015 оны 10 дугаар сард Багануурт уурхайн хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан бөгөөд 8910 УБ, 9956 УБ дугаартай 2 ковшийг уг ажлыг гүйцэтгэхэд ашиглахаар болсон. Ингээд “М” ХХК-д хандахад 8910 УБ дугаартай ковшны кропыг засварлуулах, 9956 УБ ковшны моторыг сайжруулах шаардлагатай юм байна, манай дэлгүүрт шаардлагатай бүх сэлбэг байгаа, манайхаар үзлэг оношилгоо хийлгээд манай дэлгүүрээс сэлбэгээ аваарай, дээрх засваруудыг гүйцэтгэсний дараа ямар ч асуудалгүй гэсний дагуу тэдний засварын газарт өгч засварлуулсан.

Гэтэл засварласан дээрх 2 ковш ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй болж Багануурт орших уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж чадаагүй. Үүний дараа “М” ХХК-д хандан өмнө засварласан 2 ковш ажил гүйцэтгэх боломжгүй байна, гүйцэтгэсэн ажлын үр дүнд нь гараагүй тухай хэлэхэд тэдний засварчин Б.Хадбаатар ирж үзэн дахин сэлбэг, тоног төхөөрөмж авах, дахин засварлах талаар хэлж дахин засварын ажил гүйцэтгэсэн. Ингээд бүх зүйл сайн чанартай болсон, одоо хаана ч ямар ч ажил гүйцэтгэж болно гэж хэлсэн тул Архангай аймагт газар шорооны ажил гүйцэтгэхээр “Булган майнинг” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан сарын 45 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон 2 ковшийг Архангай аймагт тээвэрлэж, ажил эхлэх болтол уг 2 ковш урьдынхаас улам муудсан байсан тул гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж чадаагүй.

Ингээд мөн л “М” ХХК-д хандахад дахин ирж үзэн өмнө нь завсарласан кроп, моторын шинээр тавьсан сэлбэг нь болохгүй байна, дахин шинээр сэлбэг авч тавиул гэж хэлсний дагуу дахин шинээр сэлбэг авч засварлуулсан. Энэ мэтээр 5 удаа “М” ХХК-ийн засварчин Б.Хадбаатарыг дуудаж үзүүлээд үр дүн гараагүй тул “Булган майнинг” ХХК нь гэрээгээ цуцалж, гэрээнд заасны дагуу өөр ковш ажиллуулж Архангай аймаг руу тээвэрлэсэн зардлыг би төлсөн.

Уг засварын ажилд шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авахад 13 000 000 төгрөг, засвар үйлчилгээний хөлс, засварчдын тээврийн зардалд 27 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг “М” ХХК-д төлснөөс гадна 2 ковшоо Архангай аймаг руу тээвэрлэсний хөлс болон “Булган майнинг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2 ковшийг нь тээвэрлэсний хөлс нийт 18 000 000 төгрөгийг бодит хохирол, олох ёстой орлого 360 000 000 төгрөгийн хохирол хүлээгээд байна.

Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 418 000 000 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хавтаст хэрэгт 55 нэр төрлийн сэлбэг хэрэгслийн баримтууд авагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гарын үсэг мөн байна гэдэг. Хариуцагчийн ярьж байгаа 13 000 000 төгрөг төлсөн баримт хавтаст хэрэгт байдаггүй. С.А нь “М” ХХК-иас авсан сэлбэг хэрэгсэл чанарын доголдолтойг баримтаар нотлоогүй. Тухайн эд хөрөнгөд 6 сарын дотор гомдол гаргах, шаардах эрхтэй. “Булган майнинг” ХХК-иас ирүүлсэн албан бичиг 2016 оны 07 дугаар сар гэсэн байдаг. Сэлбэг худалдсанаас хойш 6 сарын хойно байна. Өнөөдрийг хүртэл хариуцагч С.А нь “М” ХХК-д хандан бичгэн хэлбэрээр гомдол гаргаж байгаагүй. “М” ХХК-иас засварын үйлчилгээний хөлс нэхэмжилсэн байдаг.

Техникийн гэрээнд н.Хадбаатар нь манай компанийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй ашиглаж, үйлчлүүлэгчийн засварын ажлын хөлсийг нь өөрөө авч ажилладаг. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний зүйл ойлгомжгүй бол ерөнхий агуулгыг хамаарна гэдэг. Гэрээнд маш тодорхой зааж өгсөн байдаг. Эрх, үүрэг хэрхэн хүлээхийг тодорхой заасан байна. Архангай аймагт тээвэрлэж очсон зардал болон олох ёстой байсан орлогыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь баримтаар нотлогдоогүйгээс гадна сэлбэг хэрэгслийг чанаргүй байсан гэсэн баримт байдаггүй. Засварчин Хадбаатар болон “М” ХХК-ийн хоорондын харилцаа гэрээ хэлцлийн дагуу тодорхой байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/2564 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Аээс 5 698 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 418 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 106 150 төгрөгийг, хариуцагчийн 2 248 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Аээс улсын тэмдэгтийн хураамж 106 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 233 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/02564 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.4, 232.6” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 248 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.А, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/02564 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 233 дугаар магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч талаас 55 нэр төрлийн сэлбэгийг нийлүүлсэн болох нь хэрэг авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдох ба...” гэж хэт нэг талыг барин, нотлох баримтуудыг бүрэн судлалгүйгээр шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч тал өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан байдаг бөгөөд тухайн үед нэхэмжлэлд хавсаргасан зардлын баримтууд, сүүлд нэхэмжлэлдээ хавсаргасан зарлагын баримтууд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Гэтэл шүүхээс чухам аль зарлагын баримтуудыг үндэслэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргасан зарлагын баримтууд дээр худалдан авагч болох миний гарын үсэг байхгүй байхад шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үндэслэж шийдвэр гаргасан.

Зээлээр сэлбэг худалдах-худалдан авах 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 087 дугаартай гэрээн дээр “М” ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрийн эрхлэгч Ганбаатар гарын үсэг зурах эрх олгогдоогүй байсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 014/49 дугаартай Сэлбэг борлуулалтын журам гэх зүйл нь батлах үед гарын үсэг зурсан Уранчимэг нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Гүйцэтгэх захирлаар томилогдож, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хэрэгт авагдсан “...Зээлээр сэлбэг худалдах-худалдан авах маягт...” гэх хэлцлээр нэг талаас “М” ХХК-ийн Өлзий дэлгүүрийн эрхлэгч Ганбаатар, нөгөө талаас С.А нар нь ... гэж талууд харилцан тохиролцсон ба хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, компанийн салбарын тэмдэг дарсан байна...” дүгнэсэн нь хэргийн үйл баримт, хариуцагчийн хариу тайлбар, татгалзлыг харгалзан үзээгүй гэдгийн илрэл болжээ. Учир нь хариуцагч тухайн зээлийн баримт дээр гарын үсэг зураагүй, минийх биш гэж маргасан байтал шүүхээс хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж дүгнэж байгаа нь хэт өрөөсгөл дүгнэлт юм. Нөгөө талаас үнийг төлсөн төлөөгүйгээ хариуцагч талаас нотлоогүй гэж үзсэн байна. Гэтэл шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Ганбаатар, Б.Хадбаатар нарын тайлбар сэлбэгийн үнийг төлөөгүй тохиолдолд засварын хэсгээс гаргадаггүй тиймээс төлбөр төлсөн байх гэсэн тайлбар, мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхдээ хэргийн бодит байдлын үйл баримтыг шүүхээс буруу ойлгож дүгнэсэн байна. “М” ХХК-иас сэлбэг худалдаж авсны дараа доголдолтой холбоотой шаардлага гаргаж байгаагүй гэж мөн хэргийн үйл баримтыг дутуу үнэлсэн. Тухайн үед засвар үйлчилгээ хийхдээ “М” ХХК-ийн засварчид зарим сэлбэгийг буцаан сольж байсан, доголдолтой сэлбэг зарсан, засвар үйлчилгээг чанар стандарт хангахгүй доголдолтой хийсэн. Мөн удаа дараа “М” ХХК-иас ирж сэлбэгийг сольж байсан.

Мөн шүүхээс хууль буруу хэрэглэсэн бөгөөд Сэлбэг худалдан авах нь Худалдах-худалдан авах гэрээний харилцаа боловч 2 ковшт сэлбэг сольж байгаа засвар үйлчилгээ үзүүлж 3 800 000 төгрөг төлсөн байгаа нь Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байтал шүүхээс сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан харилцаа үүссэн гэдэг нь үндэслэлгүй. Засвар үйлчилгээ үзүүлэн сэлбэг хэрэгсэл солих ажиллагаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан харилцаа байна.

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр С.А хэргийн материалтай танилцсан бөгөөд нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулсны дараа 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр хэргийн материалтай танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасныг зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч нь танилцсан, шүүх хуралдаанд оролцсон байх ба нотлох баримттай танилцах хүсэлт гаргаагүй байна гэсэн нь хариуцагчийн зүгээс өмгөөлөгчийг танилцуулаагүй гээгүй өөрийг нь танилцуулаагүй гэж гомдол гаргаж байхад үндэслэлгүй тайлбар болжээ.

Мөн шүүхээс нотлох баримтаар авсан гэрчийн мэдүүлэг, болон шинжээчийн дүгнэлт ирэхдээ гэрч болон шинжээчид хууль сануулсан баримтгүй байхад шүүх нотлох баримтыг үнэлжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/02564 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 233 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М” ХХК нь С.Аэд холбогдуулан ”Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн үлдэгдэл төлбөр 5 698 600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчиж, доголдолтой хөрөнгө худалдснаас учирсан хохиролд 418 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн заалтыг нэмж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

“М” ХХК нь хариуцагчаас худалдан авсан сэлбэгийн үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт, нийт 5 698 600 төгрөг шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С.А нь 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “М” ХХК-ийн Өлзий сэлбэгийн дэлгүүрээс сэлбэг худалдан авч, тус дэлгүүрийн дэргэд байрлах засварын газарт өөрийн өмчлөлийн 8910 УБ дугаартай ковшийн кропыг янзлуулах, 9956 УБ дугаартай ковшны моторт ээлж хийлгэхдээ худалдан авсан сэлбэгийн үнийн үлдэгдэл 3 799 200 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр Зээлээр сэлбэг худалдах, худалдан авах маягт үйлдэж, гарын үсэг зурсан үйл баримт тогтоогджээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцсэн байна.

Хариуцагчаас “...худалдан авсан сэлбэг хэрэгсэл доголдолтой байсны улмаас автомашин ажиллаагүй, улмаар хохирол учирсан...” гэж тайлбарлах боловч хариу тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр худалдан авсан сэлбэгийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Худалдан авсан сэлбэгийн төлбөрийг хугацаандаа барагдуулахгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3%-ийн алданги төлөхөөр талууд бичгээр тохиролцсон нь хуульд заасан алданги нэхэмжлэх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч алдангийн хэмжээг үлдэгдэл төлбөрийн 50%-иар хязгаарлаж нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэн шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.4. дэх заалтад нийцжээ.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч С.А нь худалдан авсан сэлбэг чанаргүй, доголдолтой байснаас засвар хийсэн ковш ажиллаагүй, засварчин Б.Хадбаатарыг Багануур дүүрэгт, Архангай аймагт дуудан ирүүлж, машиныг дахин засварлуулсан боловч үр дүн гараагүй тул сэлбэг хэрэгсэл худалдаж авсан 13 000 000 төгрөг, засварын үйлчилгээний хөлс, засварчдын тээврийн зардал 27 000 000 төгрөг, гэрээний үүрэг гүйцэтгэхээр 2 ковшоо Архангай аймаг руу тээвэрлүүлсэн хөлс 18 000 000 төгрөг, ковш ажиллаагүй үндэслэлээр үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс олох ёстой орлого 360 000 000 төгрөг, нийт 418 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д худалдагч биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж, 254 дүгээр зүйлийн 254.1.-д худалдан авагч нь доголдолтой эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6.-д ...баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор шаардлага гаргах эрхтэй гэж заасан.

Хариуцагч нь худалдан авсан сэлбэг доголдолтой талаар худалдагчид гомдол гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй, “...хариуцагчийн ковшид засвар үйлчилгээ хийхдээ худалдан авсан сэлбэгийг сольж тавьсан, засварын дараа шалгахад хэвийн ажиллаж байсан, ...Архангайд очихдоо өмнө тавьсан сэлбэгээ задалж үзээд буцаагаад тавьсан, солиогүй, задлаад буцаагаад угсарсны дараа ковш явж байсан...” гэх гэрчийн мэдүүлгээс техникийн эвдрэл сэлбэгийн доголдолтой холбоогүй, худалдагч биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас худалдан авсан эд хөрөнгийн үнийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтыг заалгүй орхигдуулсан байсныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар нэмж, зөвтгөсөн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Худалдан авсан сэлбэг доголдолтой болох нь тогтоогдоогүй боловч хариуцагч нь засуулсан ковш ажиллахгүй байсантай холбогдуулан засвар үйлчилгээ хийсэн засварчдыг дуудан ирүүлж, техникүүдийг удаа дараа засварлуулсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд Өлзий сэлбэгийн дэргэд байрлах засварын газар ажиллуулдаг Б.Хадбаатар нь “М” ХХК-ийн ажилчин биш, тухайн компанид хамааралгүй, “М” ХХК-тай “Техникийн засвар, үйлчилгээний гэрээ”-ний үндсэн дээр нэхэмжлэгчийн байрыг ашиглаж засварын үйл ажиллагаа явуулдаг, биеэ даасан хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч нь техникийн засвар үйлчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй бөгөөд хариуцагчийн техникийн засвар үйлчилгээтэй холбоотой нэхэмжлэл гаргахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 233 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч С.А, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 248 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД