Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01800

 

2021 оны 07 сарын 27 өдөр                         Дугаар 102/ШШ2021/01800                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, О ын Б гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** өөрийн байранд оршин байрлах, М т холбогдох,

 

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай шийдвэрийг биелүүлж байгаа мэтээр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай тушаалыг дүр үзүүлж намайг болон төрийг хуурах, мэхлэх үйл ажиллагаа явуулсан байна. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн хуулийг илт буруу хэрэглэсэн хууль хэрэглээний илэрхий алдаатай байх бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай тушаалаар байхгүй орон тоонд ажилд авч буюу *** байгуулах тухай 1949 оны хэлэлцээр, 1968 онд баталсан одоо хүчин төгөлдөр үйлчилж буй *** гийн дүрэм зэргийг зөрчиж дээрх тушаалыг гаргасан байна. Намайг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цагт ирж тушаал гарсан ирж ажлаа хий одоо ир гэж *** -ын Хүний нөөцийн албанаас над руу утсаар ярьсан. Ингээд 15:00 цагт *** -ын Хүний нөөцийн албанд *** гэдэг хүнтэй очиж уулзахад “*** даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай “О.Б г ажилд авах тухай” гэсэн тушаалын хуулбарыг өгөхөд хууль хэрэглээний илэрхий алдаа байна түүнийгээ засаж өг гэж хэлэхэд тушаалын алдаагаа олж харах тушаалыг хуульд нийцүүлэн засахын оронд ямар ч үр дүнгүй 17:30 хүртэл суулгасан болно. Холбогдох баримт бичиг болон ажлын байрны тодорхойлолт гэх зүйлийг албажуулан өгч танилцуулахыг хүсэхэд албажуулаагүй хуулбар баримт өгөх бөгөөд шүүхээс хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр эргүүлэн тогтоосон байхад худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчаар гэсэн тушаал гаргасан байна. Иймд *** *** даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Хариуцагч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг удирдлага болгон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага нэмж гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай шийдвэрт миний ажилгүй байсан хугацааны нэг өдрийн цалинг тогтоосон хэмжээгээр шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаанд тооцон нөхөн олговор гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ажлаас бүтэц орон тооны цомхотголоор халсан тэр тушаал хууль бус болох нь шүүхээр тогтоогдоход, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** өдрийн тушаал гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлж намайг ажилд авсан. Уг замын даргын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгүүдийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зайлшгүй баримтлах ёстой байсан. Ажилгүй байсан хугацааг тушаал хууль бус гэж тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас буюу 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тооцох нь зүйтэй. Шалтгаан нь шүүхийн шийдвэрийг одоог хүртэл *** биелүүлээгүй, дүр эсгэж хууль зөрчсөөр байгаа. Иймд *** *** даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Улмаар *** Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд томилогдох боломжтой, би энэ ажлыг анхнаасаа хийж байсан. Дээрээс нь *** *** даргын эзгүйд нэгдүгээр орлогч дарга тушаал гаргаж бүтэц орон тоог өөрчилсөн нь хууль бус. Ийм учраас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Б нь *** даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч  О.Б гийн ажиллаж байсан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс нь Замын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалаар татан буугдсан тул мөн даргын тухайн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнийг эс зөвшөөрч тэрээр “*** ” ХНН-т холбогдуулан хуучин ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдол шүүхэд гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр түүнийг Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, олговорт 5,029,636 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэснийг хариуцагч талаас эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 411 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд: “ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэснийг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй” гэсний дагуу ажил олгогчоос Замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дүгээр тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо нэмсэн. Үүнийг үндэслэн мөн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус үндэслэн О.Б г Хууль зүйн албаны мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажилд томилсон. Энэхүү маягт итгэмжлэлийн хамт хүчин төгөлдөр байна.

3. Замын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр тушаалаар Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Хууль зүйн албаны дүрмийг өөрчилсөн бөгөөд уг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Хууль зүйн албаны дарга-1, орлогч дарга-1, мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс /5 хуульч/, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэс /5/, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс /3/, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн-1 нийт 16 ажилтантай байхаар шийдвэрлэсэн. Уг тушаалаар өмнө нь “хуулийн зөвлөх” гэсэн нэршлийг “хуульч” гэж өөрчилсөн бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалт болон Хуульчийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1-д “хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг ойлгоно” гэсэн заалтуудтай нийцэж байна. Одоогийн байдлаар тус Хууль зүйн албаны мэргэжлийн үйл ажиллагааны хэлтэс, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэст /хэлтсийн дарга нараас гадна/ хуульчаар 7 ажилтан ажиллаж байна.

4. *** -ын Хүний нөөцийн албаны 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18/136 тоотоор О.Б д Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Санхүүгийн аудиторын ажлын байрыг санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Үүний дараа мөн албанаас түүнд 01 дүгээр сарын 29-ний өдөр *** тоот, 02 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот албан бичгээр Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажиллуулахаар томилсон талаар болон уг тушаалыг гардан авсан атлаа ажилдаа ирээгүй, цахим мэдээллийн эйбл системд ажил тасалснаар бүртгэгдэж байгаа тул холбогдох журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэж, ажил таслахгүй байхыг тус тус мэдэгдсэн.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “Замын даргын 2021 оны *** дугаар тушаал нь дүр үзүүлсэн, хуурч мэхэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг илт буруу хэрэглэсэн, хууль хэрэглээний илэрхий алдаатай, *** байгуулах тухай 1949 оны хэлэлцээр болон *** -ХНН-ийн дүрмийг зөрчсөн” гэжээ. Ажил олгогчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлж, түүнийг Хууль зүйн албанд хуульчаар ажилд авсан байхад уг тушаалыг дүр үзүүлсэн, хууль бус, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэж байгаа үндэслэл нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрт түүнийг Хууль зүйн албанд хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд дээр дурдсанаар тус албанд өмнө нь хуулийн зөвлөх гэсэн нэршлээр ажиллаж байсан хуульчид одоо “хуульч” гэсэн албан тушаалаар ажиллаж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-08/-д хуулийн зөвлөх гэсэн нэршил байхгүй, энэ нь эрх зүйч /хуульч/, эрх зүйн мэргэжилтэн гэснээр үгүйсгэгдэж байх бөгөөд мөн түүнчлэн ажил олгогч нь өөрийн ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөх эрхийг тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд хуулийн зөвлөх гэдэг нь хуульчийн буюу эрх зүйн мэргэжилтний ажил, мэргэжлийн ангилалд хамаарагдаж байна. Иймд *** даргын 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч   О.Б нь нэмэгдүүлсэн шаардлагадаа “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага нэмж гаргаж байна. Тус шүүхийн шийдвэрт миний ажилгүй байсан хугацааны нэг өдрийн цалинг тогтоосон хэмжээгээр шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаанд тооцон нөхөн олговор гаргуулах болно” гэжээ. Ингэхдээ хэдийнээс хэдий хүртэлх хугацааны хичнээн төгрөгийг олговорт гаргуулах талаар тодорхой бичээгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрөө тодорхойлох ёстой. Иймд нэмэгдүүлсэн шаардлагын тухайд тодорхой хариу тайлбар бичих боломжгүй байна.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар шийдвэрээр О.Б г Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, олговорт 5,029,636 төгрөгийг, мөн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар шийдвэрээр олговорт 28,484,333 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр олговорт 9,520,284 төгрөг тус тус хариуцагчаас гаргуулж, олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу сар тутам төлсөн гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч О.Б г *** *** Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

  

Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу *** *** даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалаар О.Б г Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын байцаагчаар авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.

 

*** *** даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалыг О.Б “...шүүхийн шийдвэрийн дагуу хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд томилоогүй, мэргэжлийн бус албан тушаалд томилсон” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч “...замын даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр О.Б гийн дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигчид маргаангүй байна.  

 

Улмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдтэй холбоотойгоор *** , *** даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 411 дүгээр магадлал, *** , *** дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалтуудыг тус тус үндэслэн О.Б г 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажилд томилсон байна.  

 

2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч О.Б хариуцагч *** , *** д холбогдуулж “*** ”-ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд ханджээ. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...намайг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажилд томилсон...” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг “ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэж ихэсгэсэн. Тэрээр энэхүү шаардлагын үндэслэлээ “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүгээр шийдвэрээс хойш өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэнэ” гэж тайлбарласан.  

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах, түүнчлэн ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь өөрчлөгдсөн тохиолдолд адил чанарын албан тушаалаар хангах үүргийг ажил олгогч хүлээхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, 36.2 дахь хэсгүүдэд заасан. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан “...адил чанарын өөр ажил, албан тушаал...” гэдэгт ажилтныг эгүүлэн авах үед түүний урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал цомхотголд орсон бол ажиллуулах адил чанарын ажил, албан тушаал гэдэг нь өмнөх хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлтэй аль болох ойролцоо шинж чанартай гол нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг ажилтантай урьдчилан тохирсны үндсэн дээр түүнтэй шинээр байгуулах явдал юм.

  

Хариуцагч *** *** болон нэхэмжлэгч О.Б нарын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг шүүхээс хянан шийдвэрлэх явцад хариуцагч байгууллагын даргын тушаалаар Хууль албаны бүтэц, зохион байгуулалт, ажилтны тоонд өөрчлөлт орж байжээ. 

 

Мөн хариуцагч байгууллагын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 тоот “Орон тоо нэмэх тухай” тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 орон тоо шинээр нэмж, хавсралтаар баталжээ.

 

Үүний үндсэн дээр *** *** даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгч О.Б г Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст худалдан авах үйл ажиллагаа хариуцсан хуульчийн албан тушаалд авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ажил олгогчийн зүгээс түүнд *** дугаар шийдвэрээр тогтоосон ажлын байр байхгүй болсныг сануулсан ба ижил чанарын ажил албан тушаалыг удаа дараа санал болгож байжээ. Мөн нэхэмжлэгчийг хуульчийн албан тушаалд томилсон нь түүний өмнө нь эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажлаас өөр, үүний улмаас түүний эрх зүйн байдал дордсон, хариуцагч байгууллага хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Ийм учраас хариуцагчид холбогдуулан гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Б гийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр өөрийн шаардлагыг ихэсгэсэн. 

 

Гэвч 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хангаагүйтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгч О.Б г ажилд томилсон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааны цалинг гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд нийцнэ. 

 

2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгч О.Б г ажилд томилсон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаа нь 87 хоног ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгч О.Б гийн 1 өдрийн цалин хөлсийг 89,814 төгрөгөөр тооцсон байгаа. Ийнхүү тооцоход хариуцагч 7,813,818 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан *** *** даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Б гийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,813,818 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б д олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч *** *** д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 139,971 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

  

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ