Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01548

 

 

 

 

 

 

 

 

 

О.Бнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/01800 дугаар шийдвэртэй, О.Бнгийн нэхэмжлэлтэй “М” нийгэмлэгт холбогдох, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Бн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаартай шийдвэрийг биелүүлж байгаа мэтээр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-57 дугаартай тушаалыг дүр үзүүлэн гаргасан.

Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг илт буруу хэрэглэсэн илэрхий алдаатай байх бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-57 дугаартай тушаалаар байхгүй орон тоонд ажилд авч буюу М нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай 1949 оны хэлэлцээр, 1968 онд баталсан одоо хүчин төгөлдөр үйлчилж буй М нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрэм зэргийг зөрчиж гаргасан байна.

Надад 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цагт “тушаал гарсан, ирж ажлаа хий, одоо ир” гэж Хүний нөөцийн албанаас утсаар мэдэгдсэн ба очиход Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаалын хуулбарыг өгсөн. Би тэр үед “хууль хэрэглээний илэрхий алдаа байна түүнийгээ засаж өг” гэж хэлэхэд тушаалын алдаагаа олж харах, тушаалыг хуульд нийцүүлэн засахын оронд ямар ч үр дүнгүй 17:30 цаг хүртэл хүлээлгэсэн болно.

Холбогдох баримт бичиг болон ажлын байрны тодорхойлолтыг албажуулан өгч танилцуулахыг хүсэхэд албажуулаагүй, хуулбар баримт өгсөн бөгөөд шүүхээс хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр эргүүлэн тогтоосон байхад худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчаар гэсэн тушаал гаргасан байна.

Иймд Мнийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-57 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаартай шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч  О.Бнгийн ажиллаж байсан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс нь Замын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар татан буугдсан тул мөн даргын тухайн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-282 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Үүнийг эс зөвшөөрч тэрээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 411 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00923 дугаар тогтоолоор О.Бнг хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, олговорт 5,029,636 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

Ажил олгогчоос 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо нэмсэн. Үүнийг үндэслэн мөн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн О.Бнг Хууль зүйн албаны мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажилд томилсон.

Замын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-251 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Хууль зүйн албаны дүрмийг өөрчилсөн бөгөөд уг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр тус албаны дарга-1, орлогч дарга-1, мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс-5 хуульч, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэс-5, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс-3, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн-1 нийт 16 ажилтантай байхаар шийдвэрлэсэн.

Уг тушаалаар өмнө нь “хуулийн зөвлөх” гэсэн нэршлийг “хуульч” гэж өөрчилсөн.  бөгөөд одоогийн байдлаар тус Хууль зүйн албаны мэргэжлийн үйл ажиллагааны хэлтэс, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэст /хэлтсийн дарга нараас гадна/ хуульчаар 7 ажилтан ажиллаж байна.

Мнийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албаны 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18/136 тоот албан бичгээр О.Бнд Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Санхүүгийн аудиторын ажлын байрыг санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй.

Үүний дараа мөн албанаас түүнд 01 дүгээр сарын 29-ний өдөр 18/53 тоот, 02 дугаар сарын 02-ны өдрийн 18/89 тоот албан бичгээр Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажиллуулахаар томилсон. Тэрээр уг тушаалыг гардан авсан атлаа ажилдаа ирээгүй, цахим мэдээллийн системд ажил тасалснаар бүртгэгдэж байгаа тул холбогдох журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэж, ажил таслахгүй байхыг тус тус мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэрт түүнийг Хууль зүйн албанд хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд дээр дурдсанаар тус албанд өмнө нь хуулийн зөвлөх гэсэн нэршлээр ажиллаж байсан хуульчид одоо “хуульч” гэсэн албан тушаалаар ажиллаж байна.

Иймд Улаанбаатар төмөр замын даргын 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэхдээ хэдийнээс хэдий хүртэлх хугацааны хичнээн төгрөгийг олговорт шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрөө тодорхойлох ёстой.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрээр олговорт 5,029,636 төгрөгийг, мөн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/01047 дугаар шийдвэрээр олговорт 28,484,333 төгрөгийг, мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02740 дугаар шийдвэрээр олговорт 9,520,284 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг зохих журмын дагуу сар тутам төлсөн гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан Мнийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Бнгийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,813,818 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бнд олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Мнийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 139,971 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: М нийгэмлэгт нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны 102/ШШ2018/03690 шийдвэрийг биелүүлж байгаа мэтээр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Б-1-57 дугаар тушаал гаргасан. Энэ тушаал нь М нийгэмлэгт Хууль зүйн албанд хуулийн зөвлөх ажилтай байсан намайг тус нийгэмлэгийн нэг цехийн хуулийн мэргэжилтэн болгож худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульч болгосон байдаг.

Энэ нь миний ажлын байр биш бөгөөд би тус нийгэмлэгт хууль зүйн албанд “суурь бутцийн аюулгүй байдал”, “хөдөлгөөний аюулгүй байдал”, “шүүхэд төлөөлөх”, “хөдөлмөрийн эрх зүй”, “дотоод дүрэм журам” хариуцан ажиллаж байсан, мэргэшсэн, төмөр замын тээврийн эрх зүйч юм.

Намайг орон тооны цомхотголоор ажиллаас чөлөөлж, улмаар миний орон тоог 5 хуулийн зөвлөхийн ажлын байр болгон нэмэгдүүлж, тус нийгэмлэгийн хууль зүйн албыг 12 орон тоотой байхад 19 орон тоотой болгосон.

Миний бие шүүхийн шийдвэр эргэн ажилд орвол энэ 5 ажлын аль нэг дээр очих ёстой бөгөөд урьд нь огт хийж байгаагаагүй хуучин нэрээр “гэрээний хэлтэс” байгаад одоо “мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс” гэх болсон хэлтэст хамаарах гэх худалдааны салбар хариуцсан хуульчийн ажилд томилох ёсгүй болохыг шүүх анхаарсангүй.

Шинэ ажлын байр санал болгож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар надтай тохиролцоогүй байж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б-1-57 дугаар тушаал гаргасан байгааг шүүх анхаарсангүй.

Миний ажлын байрыг цомхотгосон гэх боловч 5 ажлын байр болгож хуваасан бөгөөд энэ 5 ажлын байрны аль нэгэнд эсвэл харилцан тохиролцож байж адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах болохыг шүүх анхаарсангүй.

Мөн худалдааны салбар хариуцсан хуульч нь 2 хоногийн хугацаатай ажлын байр бөгөөд тэнд хуулийн зөвлөх эсхүл хуульч хүн хийх ямар ч ажил байхгүй.

Тэгээд ч энэ ажлын байрыг бий болгох шийдвэр гэх зүйлд тухайн ажлын байр шаардлагатай болохыг тогтоосон төлөвлөгөө эдийн засгийн алба, хүний нөөцийн албаны ажлын зураг авалт хийсэн баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч О.Бн хариуцагч М нийгэмлэгт холбогдуулан тус нийгэмлэгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрээр О.Бнг Мнийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон байх ба уг шийдвэрийн дагуу М нийгэмлэгийн даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-I-272 дугаар тушаалаар О.Бнг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын байцаагчаар томилсон, уг тушаалыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/шш2020/02740 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2400 дугаар магадлалаар хүчингүй болгож, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх204-206/

 

Хариуцагч байгууллагын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-906 тоот тушаалаар 2021 оны Орон тоо, албан тушаалын жагсаалтад өөрчлөлт оруулахдаа шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосон Хууль зүйн албыг албаны удирдлага, мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэс, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс гэж өөрчилжээ. /хх77-79/

 

Мөн хариуцагч байгууллагын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дугаар тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчийн орон тоог нэмсэн байна. /хх46/ М нийгэмлэгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаалаар О.Бнг тус хэлтэст худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажилд томилжээ.

 

Байгууллагын бүтцэд Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн албан тушаал үгүй болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалыг цомхотгогдсон гэж дүгнэвэл ажил олгогч нь ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй юм.

 

Ажил олгогч нь О.Бнг Б-I-57 дугаар тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажилд томилохдоо түүнтэй тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байх тул ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч О.Бнг Мнийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр билэгдээгүй байна.

 

Иймд М нийгэмлэгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-57 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрийг үндэслэн О.Бнгийн нэг өдрийн дундаж цалинг 89,814 төгрөгөөр тооцов.

 

Б-1-57 дугаар тушаалыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан хариуцагч байгууллагаас 102/ШШ2020/02740 дугаар шийдвэр гарсан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдрийг хүртлэх 13 сарын хугацааны олговор 25,076,454 төгрөгийг гаргуулж О.Бнд олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/01800 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Мын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-57 дугаар тушаалыг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “...2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,813,818 төгрөгийг...” гэснийг “...2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,076,454 төгрөгийг...” гэж,

3 дахь заалтын “139,971 төгрөгийг” гэснийг “283,332 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА