Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00079

 

 

О.Баясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/01800 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1548 дугаар магадлалтай,

О.Баясгалангийн нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох  

2021.01.25-ны өдрийн Б-1-57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2020.09.23-ны өдрөөс 2021.07.27-ны өдрийг хүртэл хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. О.Баясгалан нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан тус замын даргын 2021.01.25-ны өдрийн Б-1-57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2020.09.23-ны өдрөөс 2021.07.27-ны өдрийг хүртэл хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/01800 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021.01.25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Баясгалангийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2020.09.23-ны өдрөөс 2021.01.25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,813,818 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Баясгаланд олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 139,971 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1548 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/01800 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021.01.25-ны өдрийн Б-1-57 дугаар тушаалыг хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын ...2020.09.23-ны өдрөөс 2021.01.25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,813,818 төгрөгийг... гэснийг ...2020.09.23-ны өдрөөс 2021.10.25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,076,454 төгрөгийг... гэж, 3 дахь заалтын 139,971 төгрөгийг гэснийг 283,332 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.  

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШХТ2021/00959 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. О.Баясгаланг Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст худалдан авах үйл ажиллагаа хариуцсан хуульчийн албан тушаалд авсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй, ажил олгогчоос түүнийг хуульчийн албан тушаалд томилсон нь түүний өмнө нь эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажлаас өөр, үүний улмаас түүний эрх зүйн байдал дордсон, хариуцагч байгууллага хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн гэх үндэслэл байхгүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, УБТЗ-ын даргын Б-1-57 дугаар тушаалыг хүчингүй болгож, олговорт нийт 25,076,454 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан 36.2-т заасан адил чанарын өөр албан тушаал гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшний ажлын байр албан тушаалыг ойлгоно гэжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бодитой авч үзээгүй төдийгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй. О.Баясгалангийн өмнөх ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, одоогийн хуульчийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан судлаагүй, түүний ажлын байр, хөдөлмөрийн үндсэн нөхцөл, цалингийн хэмжээ ижил байхад энэ бүгдэд дүгнэлт хийлгүйгээр тохиролцох ёстой гэсэн үндэслэл зааж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. О.Баясгалангийн шинээр бий болгосон гэх /хуульч-3, мэргэжилтэн 2/ 5 орон тоо нь түүнийг ажлаас халснаас хойш 10 сарын дараа буюу Замын даргын 2019.05.21-ний өдрийн А-251 тоот тушаалаар бий болсон. Эдгээр орон тоон дээр тохиролцон ажиллуулах ёстой байсан нь тухайн ажилтнуудын эрх ашгийг давхар хөндөх болохыг шүүх анхаарч үзсэнгүй.

3.1. Мөн шүүхээс Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэст ажиллаж байсан хуулийн зөвлөх А.Цэндзаяа, П.Ариунаа, О.Баясгалан нарын тушаал хүчингүй болгуулах тухай хэргийг 3 өөр байдлаар шийдвэрлэсэн. Тухайлбал, А.Цэндзаяагийн тушаал хүчингүй болгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, П.Ариунаагийн уг гомдлыг УБТЗ-ын бүтэц зохион байгуулалтын аль түвшинд хамаарах, ямар бүтэц орон тоотой, үйл ажиллагаа нь ямар чиглэл хүрээг хамаардаг болохыг тодруулах гэсэн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Ийнхүү шүүх хуулийг нэг мөр ойлгож, тайлбарлах үндсэн зарчим алдагдаж байна.

3.2. О.Баясгалангийн ажиллаж байсан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс нь Замын даргын 2018.08.15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар татан буугдсан тул мөн даргын тухайн оны 10.10-ны өдрийн Б-1-282 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнийг эс зөвшөөрч түүнээс шүүхэд гаргасан гомдлыг 3 шатны шүүхээс хянан хэлэлцээд түүний гомдлыг хангаж, Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, хариуцагчийн давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр ажил олгогчоос О.Баясгаланд олговорт нийт 43,034,253 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу сар тутам төлсөн.

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэснийг тус тус үндэслэн ажил олгогчоос Замын даргын 2021.01.22-ны өдрийн А-84 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо нэмсэн. Ийнхүү мөн даргын 01.25-ны өдрийн Б-1-57 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар О.Баясгаланг Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажилд томилсон. Гэтэл нэхэмжлэгч ...Энэ нь миний ажлын байр биш, би суурь бүтцийн аюулгүй байдал, хөдөлгөөний аюулгүй байдал, шүүхэд төлөөлөх, хөдөлмөрийн дотоод дүрэм, журам хариуцан ажилладаг байсан гэж маргадаг. Хууль зүйн албанд өмнө нь ажиллаж байсан бүх хуульчид нь шүүхэд төлөөлөх, суурь бүтцийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцан ажилладаг байсан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтсийн хуульчид нь ихэвчлэн хөдөлмөрийн маргаанд болон албаны даргын цохолтоор өөр эрх зүйн маргаанд шүүхэд төлөөлөн оролцох, хөдөлмөрийн дотоод журам, тушаал шийдвэрт санал өгөх, боловсруулах ажлыг хариуцан ажиллаж байсан. Замын даргын 2019.05.21-ний өдрийн А-251 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад болон мөн Хууль зүйн албаны дүрэмд тус тус өөрчлөлт оруулсан. ...нийт 16 ажилтантай байхаар шийдвэрлэсэн төдийгүй өмнө нь хуулийн зөвлөх гэсэн албан тушаалын нэрийг хуульч гэж нэрлэн, энэхүү өөрчлөлттэй холбогдуулан Замын даргын 2019.05.24-ний өдрийн Б-1-211 дүгээр тушаал гаргаж, Хууль зүйн албаны ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд ажиллаж байсан ажилтнуудын албан тушаалын нэрийг хуульч болгон өөрчилсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалт болон Хуульчийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1-д хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг ойлгоно гэсэн заалтуудтай нийцнэ.

3.4. Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтсийн хуульчид нь суурь бүтэц, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал, шүүхэд төлөөлөх зэрэг ажлыг хариуцдаг. Уг ажлын хүрээнд худалдааны салбар нэгжийн үйл ажиллагаа багтдаг. Тухайлбал, тухайн худалдааны салбар нэгжийн өдөр тутмын тушаал, шийдвэр, дүрэм журмыг хянах, шинэ тутам зохион байгуулагдаж буй тендер шалгаруулалтад хууль зүйн зөвлөгөө өгч оролцох, гэрээ хэлцэл хянах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, шүүхэд төлөөлөх гэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Одоо тус Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэст /хэлтсийн дарга нараас гадна/ 7 хуульч ажиллаж байна.

3.5. Ажил олгогчийн зүгээс хуульд заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, О.Баясгаланг Хууль зүйн албанд хуульчаар ажилд авсан. Ажил олгогч нь өөрийн ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөх эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуульд ажилд авч байгаа тушаалд ажилтны цалин хөлсний хэмжээг заавал тусгах талаар заалт байхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээнд гол нөхцөл болох ажлын байр, албан тушаал, үндсэн цалин буюу албан тушаалын цалин, хөдөлмөрийн нөхцөлийг тодорхой тусгасан. Иймээс ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээндээ нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээг тодорхой заасан байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийг зөвхөн шинээр ажилд орж байгаа ажилтныг ажилд авахад баримталдаг гэсэн нэхэмжлэгчийн тайлбар ойлгомжгүй байна. Түүний өмнө нь ажиллаж байсан хэлтэс татан буугдсан тул түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулах талаар тухайн зүйл заалтыг баримталсан нь хууль зөрчөөгүй. Түүнчлэн тухайн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үндэслэл нь шүүхийн шийдвэрийн дагуу тухайн ажилтныг ажилд эгүүлэн авч байгаа нөхцөл байдлыг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан хэлтэс нь татан буугдсан учраас Хууль зүйн албанд хуулийн зөвлөхөөр ажилд оруулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс ажлын байрыг шинээр бий болгоход төлөвлөгөө эдийн засгийн алба болон Хүний нөөцийн албанаас ажлын зураг авалт хийх ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй. Түүнийг ажиллаж байх үед ч ажлын зураг авалт хийж байсан удаа байхгүй. Ажил олгогчоос байгууллагын бүтэц зохион байгуулалтад нийцүүлэн шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд авсныг үгүйсгэж байгаа нь нэхэмжлэгч ажил хийх сонирхол байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. ...Өмнөх Хууль зүйн алба нь 3 хэлтэстэй, 15 ажилтан ажилладаг байсан. Үүнийг тодруулбал: УБТЗ ХНН-ийн даргын 2017.11.24-ний өдрийн Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай А-464 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны /албаны дарга, орлогч дарга, гэрээ эрх зүйн хуулийн зөвлөх, дотоод ажлын хуулийн зөвлөх гэсэн 12 орон тоотой/ бүтцийг өөрчлөн, мөн оны 12.01-нээс эхлэн Хууль зүйн албанд Соён гэгээрүүлэх хэлтэс /3 орон тоо/, Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтэс /3 орон тоо/ -ийг тус тус шинээр байгуулсан байх бөгөөд ингэснээр тус алба нь Албаны дарга, орлогч дарга, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга 1, инженер 3, Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтэс дарга 1, хөдөлмөрийн харилцаа хариуцсан хуулийн зөвлөх 2, Гэрээ, хэлцлийн эрх зүйн хэлтэс дарга 1, гэрээ, хэлцэл хариуцсан хуулийн зөвлөх 2, Соён гэгээрүүлэх хэлтэс дарга 1, хуулийн зөвлөх 2 гэсэн нийт 15 орон тоогоор ажиллах болсон. Үүний дагуу Замын даргын 2017.12.22-ны өдрийн Б-1-538 дугаар тушаалаар мөн сарын 25-ны өдрөөс эхлэн Соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар О.Баясгалан, хуулийн зөвлөхөөр П.Ариунаа, А.Цэндзаяа нар томилогдон ажиллажээ. Замын даргын 2018.03.28-ны өдрийн А-137 дугаар тушаалаар Хууль зүйн албаны дүрмийг өөрчлөн уг дүрэмд /4/ хэлтэс тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг баталсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Соён гэгээрүүлэх хэлтсийг УБТЗ-ын даргын 2018.08.15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар татан буулгаснаар үлдэх 3 хэлтсээс хуульчид ажилладаг 2 хэлтэс болох Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэс, Гэрээ хэлцлийн эрх зүйн хэлтэс хэвээр үлдсэн. Одоо Хууль зүйн алба нь Замын даргын 2019.05.21-ний өдрийн А- 251 дүгээр тушаалаар баталсан 3 хэлтэстэй, нийт 16 ажилтан ажиллаж байна. Эдгээрээс 2 орон тооны ажилтан хуульч мэргэжилтэй боловч хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэст төрийн болон албаны нууцын асуудал хариуцсан мэргэжилтнээр /1/, Хууль зүйн албанд дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн /1/ гэх ажлын байранд тус тус хамаарагддаг. Хууль зүйн албанд 19 ажилтан ажиллаж байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. ...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан заалтуудыг зөрчөөгүй, хуульд нийцсэн. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй. 

5. Анхан шатны шүүх Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021.01.25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Баясгалангийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2020.09.23-ны өдрөөс 2021.01.25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,813,818 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Баясгаланд олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна.  

6. О.Баясгалан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа мэтээр ажилд томилсон тушаал дүр үзүүлж, намайг болон төрийг хуурч, мэхэлсэн, Хөдөлмөрийн хууль хэрэглээний илэрхий алдаатай, 1949 оны хэлэлцээр, 1968 онд баталсан одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрэм зэргийг зөрчиж гаргасан... гэж тодорхойлсон байна. 

Хариуцагч ...Замын даргын 2019.05.21-ний өдрийн А-251 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Хууль зүйн албаны дүрмийг өөрчилсөн, ...2021.01.22-ны өдрийн А-84 дүгээр орон тоо нэмэх тухай тушаалаар 3 орон тоо нэмсэн. Үүнийг үндэслэн мөн даргын 2021.01.25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаалаар О.Баясгаланг Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажилд томилсон. ...шүүхийн шийдвэрийг биелүүлсэн... гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн дээрх маргаанаас үзвэл шүүхийн шийдвэр гарснаас хойш ажил олгогч орон тоо бүтцийн өөрчлөлт хийсэн, нэхэмжлэгчийн албан тушаал байхгүй болсон тул О.Баясгаланг хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн албан тушаалд томилсон нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх эсэх нь маргааны зүйл болжээ. 

7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дүгээр шийдвэрээр О.Баясгаланг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон байх ба уг шийдвэрийн дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020.06.10-ны өдрийн Б-I-272 дугаар тушаалаар О.Баясгаланг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын байцаагчаар томилсон, уг тушаалыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02740 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2400 дугаар магадлалаар хүчингүй болгож, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.  

Эдгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоосон уг үйл баримтыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж зохицуулан хуульчилсан. 

8. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах, түүнчлэн ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь өөрчлөгдсөн тохиолдолд адил чанарын албан тушаалаар хангах үүргийг ажил олгогч хүлээхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, 36.2 дахь хэсгүүдэд заасан ба 2021.01.25-ны өдрийн Б-I-57 дугаар ажилд томилсон ажил олгогчийн тушаалыг зөвшөөрөх, санал болгосон ажил албан тушаалд ажиллах эсэх нь нэхэмжлэгчийн эрх юм.  

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020.12.30-ны өдрийн А-906 тоот тушаалаар 2021 оны Орон тоо, албан тушаалын жагсаалтад өөрчлөлт оруулахдаа шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосон Хууль зүйн албыг албаны удирдлага, мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэс, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс гэж өөрчилсөн байна.

Хариуцагч байгууллагын даргын 2021.01.22-ны өдрийн А-84 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчийн орон тоог нэмжээ.  

Ажил олгогчийн энэ тушаал хүчин төгөлдөр, нэхэмжлэгчийн ...хариуцагч дүр үзүүлж тушаал гаргасан... гэх үндэслэлийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.  

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021.01.25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаалаар О.Баясгаланг тус хэлтэст худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажилд томилжээ. 

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан тушаалууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул тус байгууллагад шүүхийн шийдвэрт тусгагдсан ...хуулийн зөвлөх... гэх нэршилтэй орон тоо, ажлын байр байдаг гэж үзэх боломжгүй.

9. Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь өөрчлөгдсөн тохиолдолд адил чанарын албан тушаалаар хангах үүргийг ажил олгогч хүлээнэ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан ...адил чанарын өөр ажил, албан тушаал... гэдэгт ажилтныг эгүүлэн авах үед түүний урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал цомхотголд орсон бол ажиллуулах адил чанарын ажил, албан тушаал гэдэг нь өмнөх хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлтэй аль болох ойролцоо шинж чанартай гол нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг ажилтантай урьдчилан тохирсны үндсэн дээр түүнтэй шинээр байгуулах явдал юм.

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ. 

Тодруулбал, нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрт тусгагдсан хуулийн зөвлөхийн ажлын байр байхгүйн улмаас түүнийг хуульчийн албан тушаалд томилсон нь өмнө нь эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажлаас өөр, үүний улмаас түүний эрх зүйн байдал дордсон, хариуцагч байгууллага хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.  

Хариуцагч байгууллага нь 2021.01.25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаалаар О.Баясгаланг Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Худалдааны салбарын үйл ажиллагаа хариуцсан хуульчийн албан тушаалд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль шаардлагыг хангасан, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

10. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021.01.25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хангаагүйтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020.09.23-ны өдрөөс О.Баясгаланг ажилд томилсон 2021.01.25-ны өдөр хүртэл хугацааны цалинг гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна.  

11. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тогтоосны улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021.01.25-ны өдрийн Б-I-57 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ. 

Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1548 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/01800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,263 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Г.АЛТАНЧИМЭГ 

                                                      ШҮҮГЧИД                     Г.БАНЗРАГЧ 

                                                                                            Б.МӨНХТУЯА 

                                                                                            П.ЗОЛЗАЯА 

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ