Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2020/01297

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 102 дугаар байр, 0тоотод оршин суух, Б овогт Т... /РД:-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, үйлдвэрийн тойруу-75 0тоотод оршин байх, “п” ХХК /РД:д холбогдох

 

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг “п” ХХК-д даалгах, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1,969,768 төгрөг, жирэмсэний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүй хохиролд 5,600,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80,000 төгрөг, нийт 7,649,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.От иргэдийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Зулаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.... миний бие “п” ХХК-д  олон жил үр бүтээлтэй ажилласан байсан. Гэтэл намайг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож, намайг ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч байгууллага нь 3 шатны шүүхээр маргасан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж ажилгүй байсан үеийн эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр болсон. Шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэн боловч тус байгууллага нь намайг ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргаж цалин нийгмийн даатгалыг маань төлөхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ надаар хүүхэд асрах чөлөө олгох хүсэлтийг маань бичүүлж авсан болно. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдах үедээ жирэмсэн байсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хүний нөөцийн ажилтан н.Нарансүрэнд “ажилд эргүүлж томилооч, би жирэмсэн болон амарсны тэтгэмжээ авах ёстой. Листээ бичүүлмээр байна” гэж хэлсэн боловч намайг ажилд маань авахгүй дараагийн шатны шүүхүүдэд гомдол гаргаж явсаар би нийгмийн даатгалаас тэтгэмж авах боломжгүй болж хохирсон. Миний бие тус байгууллагаас 2019 оны 9 сараас хойш удаа дараа “...нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийсэн үү, дэвтэрээ авъя, ажилд томилсон болон хүүхэд асрах чөлөө олгосон тушаалуудаа авъя” гэж шаардахад өгөхгүй шалтаг тоочсоор өдийг хүрсэн. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ТҮЦ машинаас НДШ төлөлтийн лавлагаа автал 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байсан. Төлүүлэхээр байгууллагадаа хандахад “...төлж чадахгүй шүүхдээ ханд” гээд одоог хүртэл намайг хохироосоор байгаа болно. Миний бие тус байгууллагад үндсэн цалин 1,400,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Тус байгууллагаас 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болно. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл жирэмсний чөлөө авах хүртэлх цалин 700,000 төгрөгийг өгөөгүй. Нийт цалинд 1,969,768 төгрөгөө аваагүй байгаа болно. Миний бие тасралтгүй 12 жил НДШ төлж ирсэн бөгөөд тус байгууллага ажлаас үндэслэлгүй халж шүүхдэж явсаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжгүй болгож хохироосон тул жирэмсний болон амаржсны тэтгэмж нийт 5,600,000 төгрөгөө нийгмийн даатгалаас явах ёстой байснаа авч чадаагүй хохирсон учир хохиролд нэхэмжилнэ. Иймд “п” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1,969,768 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүйн хохиролд 5,600,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80,000 төгрөг нийт 7,649,768 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Мөн урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны ямар ч журмыг нэхэмжлэгч зөрчөөгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “п” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн шийдвэрийг сонсгосны дараа Т....г удаа дараа ажилдаа ирэх, цаашид ажиллах талаар дуудаж, уулзах санал гаргаж байсан ч Т.... нь ирээгүй болно. Т....д холбогдох шүүхийн шийдвэрийг 2019 оны 9 дүгээр сард гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үүнд:

1/ Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлд дурдсан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй. Учир нь нэхэмжлэгч шүүхийн шийдвэрүүдийн дагуу 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа орсон. 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс тооцож ажлын чөлөө олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дууссан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2/ Цалингийн хувьд мөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

3/ 5,600,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч өөрөө нийгмийн даатгалын байгууллагад зохих бичиг баримтаа бүрдүүлээд хандах боломж байсан. Нэхэмжлэгч өөрөө эхэлж хандаад дараа нь манай байгууллагад хандах ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч өөрөө бичиг баримтаа бүрдүүлээд хандаагүй бөгөөд энэ явдалд хариуцагч буруу хүлээх боломжгүй. Энэ үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй. Энэ үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4/ 80,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Энэ талаар холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/шш2018/03640 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Т....г хариуцагч “п” ХХК-ийн хяналтын талбай хариуцсан эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 79 хоногийн хугацааны цалинд 5,144,164 төгрөгийг хариуцагчаас гаргуулан түүнд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэмэлт өөрчлөлт орсон ба уг магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

 

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Т.... нь хариуцагч “п” ХХК-д холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд ханджээ. Үүнд:

1/ 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1,969,768 төгрөг гаргуулах;

2/ 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх;

3/ Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүйн хохиролд 5,600,000 төгрөг гаргуулах;

4/ Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 80,000 төгрөг гаргуулах;

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг хянаж үзээд дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Ажилгүй байсан хугацааны цалин 1,969,768 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага:

 

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1,969,768 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон. Миний бие ажилгүй байсан хугацаагаа 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15 буюу жирэмсний амралт авах өдрөөр тооцсон” гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/шш2018/03640 дүгээр шийдвэрээр Т....г “п” ХХК-ийн хяналтын талбай хариуцсан эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон ба уг шийдвэр 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч “п” ХХК нь нэхэмжлэгч Т....г 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авч тушаал гаргасан болон хариуцагч байгууллага анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэгчид цалин өгөөгүй байгаа талаар зохигчид маргаангүй байна. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон шүүхийн  шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргийг ажил олгогч хүлээдэг. Харин ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ нь сэргээгдсэн ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль бус шийдвэр гаргаж халсан ажил олгогч нөхөн олгох ёстойг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааж өгчээ.

 

Иймд нэхэмжлэгч Т.... хариуцагч “п” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс жирэмсний амралтаа авах хүртэл буюу 2019 оны  01 дүгээр сарын 15-ний өдрийг хүртэл хугацааны 1,969,768 төгрөгийн цалинг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд нийцнэ. 

 

5,600,000 төгрөгийн шаардлага:

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж, 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т....гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа”, “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч”, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн нэхэмжлэгчийн хүү Б.Сэргэлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 281 тоот албан бичиг зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т....гийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан буюу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь нээгдсэн боловч түүнд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Харин бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх ёстойг мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгээр зохицуулжээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй байдаг.

 

Нэхэмжлэгч Т.... нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болон талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаанаас шалтгаалж тэрээр жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/шш2018/03640 дүгээр шийдвэрээр Т....гийн 1 сарын дундаж цалинг 1,400,000 төгрөгөөр тогтоосон.

 

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 192 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно” гэж заасныг үндэслэн хариуцагч байгууллагаас 5,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

80,000 төгрөгийн шаардлага:

 

Хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн орлогын баримт авагдсан. Уг баримтаар нэхэмжлэгч Т.... нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 80,000 төгрөгийг “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал” гэсэн утгаар тушаасан байна.

 

Уг 80,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс би шийдвэр гүйцэтгэх байгууллагын зардлыг төлж, шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн” гэж тайлбарлав. 

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Т....г ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр нь Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 001/хт2019/00804 дүгээр тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

  

Харин шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс уг шийдвэрийг холбогдох байгууллагаар албадан гүйцэтгүүлж, улмаар нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 80,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна. Иймд дээрх 80,000 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “п” ХХК-иас 7,649,768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т....д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч “п” ХХК-д даалгасугай.

 

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “п” ХХК-иас 207,547 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ