Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00670

 

   

 

Т.Дашцэрмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01297 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1652 дугаар магадлалтай,

 Т.Дашцэрмаагийн нэхэмжлэлтэй,

Прогресс транс ХХК-д холбогдох,

7,649,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 Хариуцагчийн төлөөлөгч Б.Батцацралтын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямзул, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.12.04-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрээр Т.Дашцэрмааг 2018.08.15-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халсан нь тогтоогдож ажилд нь эгүүлэн тогтоосон. Тус байгууллага нь 3 шатны шүүхээр маргаж 2019.05.28-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэн боловч ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хүүхэд асрах чөлөө олгох хүсэлтийг бичүүлж авсан. Миний бие үндэслэлгүйгээр халагдах үедээ жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах ёстой листээ бичүүлмээр байна гэхэд ажилд маань авахгүй дараагийн шатны шүүхүүдэд гомдол гаргаж явсаар нийгмийн даатгалаас тэтгэмж авах боломжгүй болж хохирсон. 2019.01.09-ний өдөр ТҮЦ машинаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа автал 2018.12.05-ны өдрөөс 2019.08.31-ний өдрийг дуустал эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байсан. Т.Дашцэрмаа нь 1,400,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан. Ажил олгогч 2018.08.15-ны өдрөөс мөн оны 12 сарын 04-ний өдөр хүртэлх цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. 2018.12.05-ны өдрөөс 2019.01.31-ний өдөр хүртэлх цалингийн зөрүү 1,269,768 төгрөг, 2019.01.01-ний өдрөөс 01 сарын 15-ны өдрийг хүртэл жирэмсний чөлөө авах хүртэлх цалин 700,000 төгрөг өгөөгүй. Нийт цалинд 1,969,768 төгрөгийг аваагүй. Нэхэмжлэгч тасралтгүй 12 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн бөгөөд тус байгууллага ажлаас үндэслэлгүй халсанд нь шүүхэд хандан явсаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжгүй болгож хохироосон тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж нийт 5,600,000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд Прогресс транс ХХК-аас 2018.12.05-ны өдрөөс 2019.08.31-ний өдрийг дуустал эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах, 2018.12.05-ны өдрөөс 2019.01.15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1,969,768 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүйн хохирол 5,600,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 80,000 төгрөг, нийт 7,649,768 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: 2019.05.28-ны өдөр Улсын Дээд шүүхийн шийдвэрийг сонссоны дараа Т.Дашцэрмааг удаа дараа ажилдаа ирэх, цаашид ажиллах талаар дуудаж, уулзах санал гаргасан ч ирээгүй. Т.Дашцэрмаад холбогдох шүүхийн шийдвэрийг 2019.09 дүгээр сард гүйцэтгэсэн. Хариуцагч байгууллага нэхэмжлэлд дурдсан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй. Учир нь нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу 2019.09.02-ны өдөр ажилдаа орсон. 2019.05.11-ний өдрөөс тооцож ажлын чөлөө олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019.09.04-ний өдөр дууссан. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Цалингийн хувьд мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 5,600,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч өөрөө нийгмийн даатгалын байгууллагад зохих бичиг баримтаа бүрдүүлээд хандах боломж байсан. Нэхэмжлэгч эхэлж нийгмийн даатгалын байгууллагад хандаад дараа нь манай байгууллагад хандах ёстой байсан. Энэ үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 80,000 төгрөгийн хувьд холбогдох баримт хэрэгт авагдаагүй тул зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 102/ШШ2020/01297 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Прогресс транс ХХК-аас нийт 7,649,768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дашцэрмаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар 2018.12.05-ны өдрөөс 2019.08.31-ний өдөр хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Прогресс транс ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Прогресс транс ХХК-аас 207,547 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.27-ны өдрийн 1652 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 102/ШШ2020/01297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200601581287 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020.06.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,547 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батцацралт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.04-ний өдрийн 102/ШШ2018/03640 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.15-ны өдрийн 280 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2019.05.28-ны өдрийн тогтоолоор Т.Дашцэрмааг хуучин эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Прогресс транс" ХХК-д даалган шийдвэрлэж байсан. Манай компаниас шүүхийн шийдвэрт заасан хариуцлагаа хүлээж, Ц.Дашцэрмааг хуучин ажилд нь эгүүлж авсан. Харин тус хэргийн нэхэмжлэлийн тухайд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор дахин шүүхэд хандаагүй болох нь тогтоогдсон юм. Шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан биелүүлж, 2019.09.04-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож нэхэмжлэгч Т.Дашцэрмаад мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэнээр Т.Дашцэрмаагийн хувьд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэх эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Т.Дашцэрмаа нь 2019.09.02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өмнөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргаж байсан ба тухайн шүүхийн шийдвэртэй холбоотой нэхэмжлэл гаргахад 2019.12.12-ны өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан гэж үзнэ. Тэрээр 2020.01.15-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2020.01.22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 1 сар гаруй хугацаанд хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж маргасан боловч шүүхээс хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлээгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй байх ба давж заалдах шатны шүүхээс мөн адил хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж буйд гомдолтой байна. Нэхэмжлэгч жирэмсний болон нийгмийн даатгалын шимтгэл авах тухай хүсэлтээ харьяалах дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргаж байгаагүй гэдэг нь нотлогдсон. Шүүхэд хандахаас өмнө нийгмийн даатгалын байгууллагад хандах тэтгэмж олгогдох боломжтой эсэх талаар хариу аваагүй гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн тэтгэмжийн хохирол шаардсан нэхэмжлэл нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэж үзэлгүйгээр хэргийг хэт нэг талыг баримталж хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Дашцэрмаа, Прогресс транс ХХК-д холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,969, 768 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүй хохиролд 5,600,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80,000 төгрөг бүгд 7,649,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... ажилд оруулахаар удаа дараа дуудсан боловч ирээгүй... гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтанд үндэслэн хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах хуулийн үндэслэл тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ажил олгогч 2018.08.15-ны өдөр нэхэмжлэгч Т.Дашцэрмааг ажлаас үндэслэлгүй халсан талаарх маргаан 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж Улсын Дээд шүүхийн 2019.05.28-ны өдрийн 001/ХТ2019/00804 дүгээр тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 2019.09.02-ны өдөр ажилдаа орсон тухайд талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,969, 768 төгрөг, жирэмсний амаржсаны тэтгэмж авч чадаагүй хохиролд 5,600,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80,000 төгрөг тус тус гаргуулахыг шаардаж буй нь хууль зүйн үндэслэлтэй Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191, 192 дугаар зүйлд заасан эрх нь зөрчигдсөн байна.

Нэхэмжлэгч ажлаас халагдах үед жирэмсэн байсан боловч буруу халагдсаны улмаас хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авч чадаагүй, мөн шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсны зардал төлсөн нь тогтоогдсон тул хоёр шатны шүүх нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хангаж хохирол, зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв, маргааны харилцаанд холбогдох хуулийг нийцүүлэн хэрэглэжээ.

Харин урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжилсэн 1,969,768 төгрөгийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргаагүй гэж үзэв. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааны дагуу 2019.09.02-ны өдөр ажилд орсноос хойш 3 сарын дотор уг маргааныг үүсгэх боломжтой байсан боловч нэхэмжлэлийг шүүхэд 2020.01.15-нд гаргасан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, энэ үндэслэлээр нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлээс 1,969,768 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1652 дугаар магадлалын нэг дэх, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01297 дугаар шийдвэр нэг дэх заалтын "... 7,649,768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дашцэрмаад олгосугай. гэснийг "... 5,680,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дашцэрмаад олгож, нэхэмжлэлээс 1,969, 768 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын ...хариуцагч Прогресс транс ХХК-аас 207,547 төгрөгийг... гэснийг ...хариуцагч Прогресс транс ХХК-аас 96,230 төгрөгийг... гэж, тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 207,547 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.УНДРАХ

                            ШҮҮГЧИД                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД