Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01652

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01297 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Д хариуцагч П ХХК -д холбогдуулан гаргасан, нийт 7 649 768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Д, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2018 оны 12 сарын 04-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрээр Т.Дашцэрмааг 2018 оны 08 сарын 15-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халсан нь тогтоогдож ажилд нь эгүүлэн тогтоосон. Тус байгууллага нь 3 шатны шүүхээр маргаж 2019 оны 05 сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэн боловч ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хүүхэд асрах чөлөө олгох хүсэлтийг бичүүлж авсан. Миний бие үндэслэлгүйгээр халагдах үедээ жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах ёстой листээ бичүүлмээр байна гэхэд ажилд маань авахгүй дараагийн шатны шүүхүүдэд гомдол гаргаж явсаар нийгмийн даатгалаас тэтгэмж авах боломжгүй болж хохирсон. 2019 оны 01 сарын 09-ний өдөр ТҮЦ машинаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа автал 2018 оны 12 сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байсан. Т.Дашцэрмаа нь 1 400 000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан. Ажил олгогч 2018 оны 08 сарын 15-ны өдрөөс мөн оны 12 сарын 04-ний өдөр хүртэлх цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. 2018 оны 12 сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 сарын 31-ний өдөр хүртэлх цалингийн зөрүү 1 269 768 төгрөг, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 01 сарын 15-ны өдрийг хүртэл жирэмсний чөлөө авах хүртэлх цалин 700 000 төгрөг өгөөгүй. Нийт цалинд 1 969 768 төгрөгийг аваагүй. Нэхэмжлэгч тасралтгүй 12 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн бөгөөд тус байгууллага ажлаас үндэслэлгүй халсанд нь шүүхэд хандан явсаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжгүй болгож хохироосон тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж нийт 5 600 000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд П ХХК -аас 2018 оны 12 сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах, 2018 оны 12 сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1 969 768 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүйн хохирол 5 600 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 80 000 төгрөг, нийт 7 649 768 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2019 оны 05 сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхийн шийдвэрийг сонссоны дараа Т.Дашцэрмааг удаа дараа ажилдаа ирэх, цаашид ажиллах талаар дуудаж, уулзах санал гаргасан ч ирээгүй. Т.Дашцэрмаад холбогдох шүүхийн шийдвэрийг 2019 оны 09 сард гүйцэтгэсэн. Хариуцагч байгууллага нэхэмжлэлд дурдсан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй. Учир нь нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 09 сарын 02-ны өдөр ажилдаа орсон. 2019 оны 05 сарын 11-ний өдрөөс тооцож ажлын чөлөө олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 09 сарын 04-ний өдөр дууссан. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Цалингийн хувьд мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 5 600 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч өөрөө нийгмийн даатгалын байгууллагад зохих бичиг баримтаа бүрдүүлээд хандах боломж байсан. Нэхэмжлэгч эхэлж нийгмийн даатгалын байгууллагад хандаад дараа нь манай байгууллагад хандах ёстой байсан. Энэ үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 80 000 төгрөгийн хувьд холбогдох баримт хэрэгт авагдаагүй тул зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч П ХХК -аас нийт 7 649 768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дашцэрмаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 12 сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч П ХХК -д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК -аас 207 547 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Манай компани шүүхийн шийдвэрт заасан хариуцлагаа хүлээж, Ц.Дашцэрмааг хуучин ажилд нь эгүүлэн авсан. Харин тус хэргийн нэхэмжлэлийн тухайд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор дахин шүүхэд хандаагүй болох нь тогтоогдсон юм. Шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан биелүүлж, 2019 оны 09 сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгож нэхэмжлэгч Т.Дашцэрмаад мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэнээр Т.Д хувьд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэх эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Т.Дашцэрмаа нь 2019 оны 09 сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргаж байсан ба тухайн шүүхийн шийдвэртэй холбоотой нэхэмжлэл гаргахад 2019 оны 12 сарын 12-ны өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан гэж үзнэ. Тэрээр 2020 оны 01 сарын 15-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2020 оны 01 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 1 сар гаруй хугацаанд хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч талаас анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргасан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй байна. Нэхэмжлэгч жирэмсний болон нийгмийн даатгалын шимтгэл авах тухай хүсэлтээ харьяалах дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргаж байгаагүй гэдэг нь нотлогдсон. Шүүхэд хандахаас өмнө нийгмийн даатгалын байгууллагад хандан тэтгэмж олгогдох боломжтой эсэх талаар хариу аваагүй гэж үзэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн тэтгэмжийн хохирол шаардсан нэхэмжлэл нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Т.Дашцэрмаа нь 2018 оны 12 сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулж, 2018 оны 12 сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1 969 768 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүйн хохирол 5 600 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг, нийт 7 649 768 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч П ХХК хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигч талууд дараах үйл баримтын талаар маргаагүй. Үүнд:

 

а/. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03640 дугаар шийдвэрээр Т.Дашцэрмааг П ХХК -ийн хяналтын талбай хариуцсан эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 5 144 164 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 280 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00804 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

б/. Өмнө дурдсан шүүхийн шийдвэрийг хариуцагч П ХХК 2019 оны 09 сарын 02-ны өдөр гүйцэтгэж, 2019 оны 09 сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

 

Нэг. 2018 оны 12 сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах шаардлагын тухайд.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй учир шүүх холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байсан тухай ТҮЦ машинаас лавлагаа авахдаа мэдсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан 2020 оны 01 сарын 09-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оор нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс хойш гурван сарын дотор гомдлоо гаргах эрхтэй.

 

Хоёр. 2018 оны 12 сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1 969 768 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч Т.Дашцэрмаа нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс жирэмсний амралт авах байсан хугацаатай холбон тодорхойлжээ.

Хэрэгт Т.Дашцэрмаа нь жирэмсний хяналтад орж эмчийн заавраар эм, бэлдмэл хэрэглэж байсан, улмаар 2019 оны 03 сарын 11-ний өдөр амаржсан талаар баримт авагджээ. /хх 23-24, 25/

Шүүхэд нэхэмжлэл гаргах үед Т.Дашцэрмаа нь нэг ой хүрээгүй буюу 10 сартай нялх хүүхэдтэй байсан болох нь тогтоогдож байх тул холбогдох шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэг сар гаруй хугацаагаар хэтрүүлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан үзэх боломжтой.

 

Гурав. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүйн хохирол 5 600 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Ажил олгогч П ХХК ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Т.Дашцэрмаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д заасан Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэсэн болзол, шалгуурыг хангахгүй нь илт байх тул нийгмийн даатгалын байгууллагад эхлээд хандаагүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэсэн хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дөрөв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч Т.Дашцэрмаагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал утгатайгаар 80 000 төгрөгийг шилжүүлсэн тухай Улаанбаатар хотын банкны орлогын ордероор хариуцагч талын гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал баримтаар нотлогддоггүй гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна. Талуудын хооронд үүссэн маргаанд хөндлөнгийн этгээд болох Улаанбаатар хотын банкны теллерийн дардас бүхий баримтыг үнэлэх боломжтой юм.

 

Иймд нэхэмжлэгч Т.Д хариуцагч П ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байхаас гадна шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, холбогдох мөнгөн дүнг зөв тооцоолон гаргасан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200601581287 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 547 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР