Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/03143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, Б овогт Д.П /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, Т овогт Б.Д /РД:00000000/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, С овогт А.А РД:00000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууц, дулаан зогсоол, тоосгон гараажийг чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П миний өмчлөлийн Ү-0000000000 дугаартай гэрчилгээтэй Баянгол дүүргийн ................ тоот 77 м.кв орон сууц, нэг дулаан гарааш, нэг тоосгон гараашийг хариуцагч Б.Д , А.А нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн .......... тоот 47 м.кв орон сууцаар сольё, байрны зөрүү, 2 ширхэг гараашийн төлбөрт 78.000.000 төгрөг өгнө гэж хэлээд миний өмчлөлийн 77 м.кв орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Маргааны бүхий үл хөдлөх хөрөнгүүд өнөөдрийг хүртэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Бидний хооронд байрыг өөр байраар солилцох, гарааш худалдах талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч нар байрны зөрүү, 2 гараашийн төлбөрийг төлөөгүй, хууран мэхэлж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа болно. Иймд хариуцагч Б.Д, А.А нартай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, маргаан бүхий 77 м.кв орон сууц, дулаан зогсоол, тоосгон гарааш зэргийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авагч тал харилцан тохирсны дагуу үнийн зөрүү төлөх, худалдагч тал гэрээнд зааснаар үл хөдлөхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Үл хөдлөх хөрөнгө бусдын өмчлөлд шилжүүлэх хэлцлийн хуулийн шаардлагыг талуудын байгуулсан хэлцэл хангаагүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч А.А, Б.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл аливаа эрх зүйн харилцааг тодорхойлоход талуудын анхны тохиролцоо чухал байдаг. Нэхэмжлэгчийн ярьсан шиг тохиролцоо талуудын хооронд үүсээгүй. Б.Д, А.А нар Д.П-ийг танихгүй. Д.П-ийн ах Д.Пү Б.Д-ыг залилсан асуудал мөрдөн байцаах газраар шалгагдаж байгаа. Б.Д Солонгост ажиллаж ирээд авто ломбард ажиллуулдаг, мөнгөтэй гэдгийг Д.Пү мэдээд барьцаагүйгээр олон удаагийн үйлдлээр мөнгө авч өгөлцсөн байдаг. Б.Д Д.Пү-гаас зээлсэн мөнгөө нэхээд өгөхгүй болохоор цагдаад хандахад Д.Пү шүүх, цагдаа гэж яваад яах вэ гээд маргаан бүхий байрыг өгч, гал намжаах зорилгоор асуудалд хандсан байдаг. Тухайн үед байр Д.П-ийн нэр дээр байсан. Байрны эх үүсвэрийг яривал Д.Пү бусдыг залилж байрыг өрөндөө авсан. Олон хүн залилсан, бусдад их хэмжээний өглөгтэй байсан учраас дүүгийнхээ нэр дээр байрыг шилжүүлсэн. Б.Д мөнгөө өгчихөөд хоосон хоцрохгүй гэж байранд орсон. Д.П Б.Д-аас байрны нэр шилжүүлэхгүй зугтаж явсаар Иргэний шүүхэд хандсан байна. Үл хөдлөх худалдахад заавал нотариатаар орж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Гэтэл урьдчилгаа төлбөр ч авахгүйгээр хүнд байраа өгнө гэж байхгүй. Нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэрэг шүүхэд нэхэмжлэл гаргачихаад 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаад гомдол гаргасан байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б Б.Дыг цагдаад залилангийн хэргээр өгсөн, өөрөө олдохгүй байна гэж ярьдаг. Цагдаагаас шүүлгэж, хаана шалгагдаж байгааг олоход Д.Пү нь Б.Д-ыг 78.000.000 төгрөг өгөх ёстой, байр, цаг, мөнгө аяга зэргийг залилсан гэж гомдол гаргаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа. Манай талаас Д.П, Д.Пү нарыг байрны бичиг баримт шилжүүлж өгнө гэж төөрөгдөлд оруулж, Б.Д, А.А нарыг Иргэний хэргийн шүүхэд өгч зохиомол байдал бий болгож, залилсан асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. Прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би прокурорын тогтоолд дээд шатны прокурорт гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг Эрүүгийн журмаар давхар шалгагдаж, эцэслэн шийдэгдээгүй байгаа. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар нэхэмжлэгч талын гомдлоор нэг нь миний гомдлоор Баянгол дүүргийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа. Иймд Эрүүгийн журмаар хэргийг шалгаж дууссаны дараа Иргэний маргаан шийдэгдэх ёстой. Прокурорын Иргэний журмаар шийдвэл зохих маргаан гэж үзсэн тогтоолыг иргэний хэрэг үүсгэсэн нь эрүүгийн журмаар шалгах нөхцөлийг үгүйсгэхгүй, эрүүгийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах ёстой гэж эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Б.Д, А.А нарт холбогдуулан арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууц, автомашины дулаан зогсоол, тоосгон гараажийг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй арилжааны хэлцэл хийгээгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлах, 76.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Д.П худалдан авч, 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өмчлөх эрх нэр дээр нь шилжсэн байна.

Баянгол дүүрэг, .................... тоот хаягт байрлах, 17.82 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, автозогсоолыг өмчлөх эрх нэхэмжлэгч Д.Пид 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шилжиж иржээ.

Баянгол дүүрэг, ............... тоот хаягт байрлах, 47 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны өмчлөх эрх хариуцагч Б.Дд 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шилжиж ирсэн байна.

Харин Баянгол дүүрэг, ........... дугаартай тоосгон гараажид өмчлөх эрх бүртгэгдээгүй, хэний эзэмшлийнх болох нь баримтаар тогтоогдохгүй боловч зохигчдын тайлбараар нэхэмжлэгчийн эзэмшлийнх мөн гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууц, автозогсоол, тоосгон гараажийг хариуцагчид худалдах, хариуцагч нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг нэхэмжлэгчид худалдах, нэмж 78.000.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож арилжааны гэрээ байгуулсан боловч гэрээ бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл болж, мөн зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсний дагуу шаардаж байгаа гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц, автозогсоол, тоосгон гараажийг хариуцагч нар нь 2016 оноос одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа нь зохигчдын тайлбараар, харин хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн ах Д.Пү нь цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгагдаж байгаа нь тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцны үнийн зарим хэсгийг Хаан банк ХХК-ийн ипотекийн зээлээр авсан байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа асуудлыг шийдэх, орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлж авсан, гэмт хэрэг үйлдэж олсон байх боломжтой гэх тайлбар нотлогдохгүй, зээлийн дансны хуулга, орон сууцны хувийн хэрэг, хариуцагчийн Цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар үгүйсгэгдэж байна.

Хэдийгээр хариуцагч Б.Д арилжааны хэлцэл хийгээгүй гэж маргаж байгаа боловч 2017 онд Цагдаагийн байгууллагад өгсөн Д.Пү-тай дээрх орон сууц, автозогсоол, тоосгон гараажийг өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаар арилжиж, зөрүү болох 74.000.000 төгрөгийг өр төлбөртөө суутгахаар болсон гэх мэдүүлгээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан арилжааны гэрээ төлөөлөгчөөр дамжуулж байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нар надад нэмж 78.000.000 төгрөг өгнө гэсэн, хариуцагч талаас нэхэмжлэгчийн ах 74.000.000 төгрөгийн өр төлбөрийг өөрийнхөө төлбөрөөс хасуулна гэсэн гэж зөрүүтэй тайлбар гаргаж, энэ талаар нотлох баримтаар мэтгэлцээгүй, хэн зөрүү мөнгө авах нь тодорхойгүй байна.

Арилжааны гэрээний зүйл болох орон сууц, автозогсоол нь үл хөдлөх хөрөнгө тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан.

Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Д.П нь төрсөн ах Д.Пүгаар дамжуулж хэлцэл хийсэн байх боловч түүнд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан итгэмжлэл олгоогүй, Д.Пү, Б.Д нар нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй байна.

Иймд Д.Пүгаар төлөөлүүлж хийсэн гэх Д.П, Б.Д нарын арилжааны хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул зөрүү мөнгийг хэн төлөх нь хэрэгт ач холбогдолгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Энэхүү хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх тул хэлцулийн дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Зохигчид нь дээрх хэлцлийн дагуу үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй байх бөгөөд эзэмшил, ашиглалтыг шилжүүлсэн талаар хэн аль нь маргахгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Пү нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Б.Д, А.А нарын эзэмшил ашиглалтаас өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлах, 76.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууц, Баянгол дүүрэг, ................  тоот хаягт байрлах, 17.82 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, автозогсоол, Баянгол дүүрэг, ............ дугаартай тоосгон гараажийг эзэмшил, ашиглалтаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч нарын эзэмшил, ашиглалтаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг баримтлан Д.П, Б.Д нарын хооронд байгуулагдсан арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлах, 76.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууц, Баянгол дүүрэг, .......... тоот хаягт байрлах, 17.82 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, автозогсоол, Баянгол дүүрэг, ........  дугаартай тоосгон гараажийг хариуцагч Б.Д, А.А нарын эзэмшил, ашиглалтаас чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 547.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.МӨНХЦЭЦЭГ