Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00289

 

Д.Пийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03143 дугаар шийдвэртэй

Д.Пийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д нарт холбогдох арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууц, дулаан зогсоол, тоосгон гараашийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.П, түүний өмгөөлөгч Л.Батжаргал хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Пийн өмчлөлийн Ү-2205028138 дугаартай гэрчилгээтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Цоглог хотхоны 63 дугаар байрны 2 тоот 77 м.кв орон сууц, нэг дулаан гарааш, нэг тоосгон гараашийг хариуцагч Б.Днар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13 дугаар байрны 13 тоот 47 м.кв орон сууцаар сольё, байрны зөрүү, 2 ширхэг гараашийн төлбөрт 78 000 000 төгрөг өгнө гэж хэлээд миний өмчлөлийн 77 м.кв орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Дээрх бүхий үл хөдлөх хөрөнгөнүүд өнөөдрийг хүртэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Бидний хооронд байрыг өөр байраар солилцох, гарааш худалдах талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч нар байрны зөрүү, 2 гараашийн төлбөрийг төлөөгүй, хууран мэхэлж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа болно. Иймд хариуцагч Б.Д нартай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, миний өмчлөлийн 77 м.кв орон сууц, дулаан зогсоол, тоосгон гарааш зэргийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.А, Б.Днарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьсан шиг тохиролцоо талуудын хооронд үүсээгүй. Б.Д нар Д.Пийг танихгүй. Д.Пийн ах Д.Пүрэвдаваа Б.Далайжаргалыг залилсан асуудал мөрдөн байцаах газраар шалгагдаж байгаа. Б.ДСолонгост ажиллаж ирээд авто ломбард ажиллуулдаг, мөнгөтэй гэдгийг Д.Пүрэвдаваа мэдээд барьцаагүйгээр олон удаагийн үйлдлээр мөнгө авч өгөлцсөн байдаг. Б.ДД.Пүрэвдаваагаас зээлсэн мөнгөө нэхээд өгөхгүй болохоор цагдаад хандахад Д.Пүрэвдаваа шүүх, цагдаа гэж яваад яах вэ гээд маргаан бүхий байрыг өгч, гал намжаах зорилгоор асуудалд хандсан байдаг. Тухайн үед байр Д.Пийн нэр дээр байсан. Байрны эх үүсвэрийг яривал Д.Пүрэвдаваа бусдыг залилж байрыг өрөндөө авсан. Б.Дмөнгөө өгчихөөд хоосон хоцрохгүй гэж байранд орсон. Д.П Б.Далайжаргалаас байрны нэр шилжүүлэхгүй зугтаж явсаар Иргэний шүүхэд хандсан байна. Үл хөдлөх худалдахад заавал нотариатаар орж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Гэтэл урьдчилгаа төлбөр ч авахгүйгээр хүнд байраа өгнө гэж байхгүй. Бид Д.П, Д.Пүрэвдаваа нарыг байрны бичиг баримт шилжүүлж өгнө гэж төөрөгдөлд оруулж, Б.Д нарыг Иргэний хэргийн шүүхэд өгч зохиомол байдал бий болгож, залилсан асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. Прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би прокурорын тогтоолд дээд шатны прокурорт гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг Эрүүгийн журмаар давхар шалгагдаж, эцэслэн шийдэгдээгүй байгаа. Иймд Эрүүгийн журмаар хэргийг шалгаж дууссаны дараа иргэний маргаан шийдвэрлэгдэх ёстой. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг баримтлан Д.П, Б.Днарын хооронд байгуулагдсан арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 63 дугаар байр, 2 тоот хаягт байрлах, 76.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028138 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 64 дугаар байр, 53 тоот хаягт байрлах, 17.82 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037026 дугаарт бүртгэлтэй, авто зогсоол, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 56 дугаар байрны хажууд байршилтай, 9 дугаартай тоосгон гараашийг хариуцагч Б.Д нарын эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 547 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх арилжааны гэрээг төлөөлөгчөөр дамжуулж байгуулагдсан байна гэж дүгнэсэн. Гэтэл ямар ч төлөөлөгчийн асуудал яригдаагүй, түүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудлыг ийнхүү өрөөсгөл дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа баримт, эрүүгийн хэрэг нээсэн баримт, хэрэгт хамтатган шалгуулахаар гомдол гаргасан талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Гэтэл шүүх дээрх баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл тогтоогдсоор байтал хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Мөн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол үр дагаврыг хэрхэн тооцсон талаараа шийдвэрт огт тусгаагүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн ах Д.Пүрэвдаваа нь хариуцагчаас сольж авсан орон сууцыг гуравдагч этгээдэд “гэрчилгээг нь удахгүй гаргаж өгнө” гэж хэлээд 50 000 000 гаруй төгрөгөөр зарсан хэрэг шалгагдаж байгаа талаарх баримт мөн хэрэгт авагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Б.Д нарт холбогдуулан арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууц, автомашины зогсоол, тоосгон гараашийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.П нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 63 дугаар байрны 2 тоот 76,88 м.кв орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 64 байр, 53 тоот хаягт байршилтай 17.82 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгч, хариуцагч Б.Днь Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамжны 13 дугаар байрн, 63 тоот хаягт байрлах 47 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь  болох нь  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээрээр тус тус тогтоогдсон байна. /1хх.9, 71/

Харин Баянгол дүүрэг, 6 дугаар хороо 56 дугаар байрны хажууд байршилтай 9 дүгээр тоосгон гарааш нь зохигчдын тайлбараар нэхэмжлэгчийн эзэмшлийн эд хөрөнгө болохыг талуудын хэн аль нь үгүйсгээгүй байна.  

Нэхэмжлэгч “...хариуцагчтай арилжааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн дээрх орон сууц, авто зогсоол, гараашаа түүний өмчлөлийн 2 өрөө орон сууцаар сольж, нэмж 78 000 000 төгрөгөөр тохиролцсон” гэсэн, хариуцагч Далайжаргал, А.А нар “...Пүрэвдоржийн ах Д.Пүрэвдаваа надаас зээлсэн мөнгөндөө маргааны зүйл болж буй байр, гарааш, авто зогсоолыг өгсөн, арилжааны гэрээ байгуулагдаагүй” гэсэн зөрүүтэй тайлбаруудыг гаргасан байна.

Харин хариуцагч Б.ДА.А нар нэхэмжлэгч Д.Пийн өмчлөлийн орон сууц, авто зогсоол, гараашийг эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээж, арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцохоор тохиролцож болох боловч хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэх байдал хэргийн баримтаар  тогтоогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл, талууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг харилцан шилжүүлэх гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа хийгээгүй байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлтэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн үеэс хийгдсэнд тооцогддог, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан хэлцлийн хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг учир зохигчдын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан, энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.

Талуудын тайлбарлаж байгаа арилжааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэр дээр байгаа бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зарцуулах эрх нь зөвхөн өмчлөгчид хадгалагдаж байдаг тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.