Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/01348

 

 

Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03143 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 289 дүгээр магадлалтай,

 

Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй,

А.Далайжаргал, А.Ариунаа нарт холбогдох,

 

Арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууц, дулаан зогсоол, тоосгон гараашийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Пүрэвдорж миний өмчлөлийн Ү-2205028138 дугаартай гэрчилгээтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Цоглог хотхоны 63 дугаар байрны 2 тоот 77 м.кв орон сууц, нэг дулаан гарааш, нэг тоосгон гараашийг хариуцагч Б.Далайжаргал, А.Ариунаа нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13 дугаар байрны 13 тоот 47 м.кв орон сууцаар сольё, байрны зөрүү, 2 ширхэг гараашийн төлбөрт 78,000,000 төгрөг өгнө гэж хэлээд миний өмчлөлийн 77 м.кв орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд өнөөдрийг хүртэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Бидний хооронд байрыг өөр байраар солилцох, гарааш худалдах талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч нар байрны зөрүү, 2 гараашийн төлбөрийг төлөөгүй, хууран мэхэлж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа болно. Иймд хариуцагч Б.Далайжаргал, А.Ариунаа нартай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, маргаан бүхий 77 м.кв орон сууц, дулаан зогсоол, тоосгон гарааш зэргийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл аливаа эрх зүйн харилцааг тодорхойлоход талуудын анхны тохиролцоо чухал байдаг. Нэхэмжлэгчийн ярьсан шиг тохиролцоо талуудын хооронд үүсээгүй. Б.Далайжаргал, А.Ариунаа нар Д.Пүрэвдоржийг танихгүй. Д.Пүрэвдоржийн ах Д.Пүрэвдаваа Б.Далайжаргалыг залилсан асуудал мөрдөн байцаах газраар шалгагдаж байгаа. Б.Далайжаргал Солонгост ажиллаж ирээд авто ломбард ажиллуулдаг, мөнгөтэй гэдгийг Д.Пүрэвдаваа мэдээд барьцаагүйгээр олон удаагийн үйлдлээр мөнгө авч өгөлцсөн байдаг. Б.Далайжаргал Д.Пүрэвдаваагаас зээлсэн мөнгөө нэхээд өгөхгүй болохоор цагдаад хандахад Д.Пүрэвдаваа шүүх, цагдаа гэж яваад яах вэ гээд маргаан бүхий байрыг өгч, гал намжаах зорилгоор асуудалд хандсан байдаг. Тухайн үед байр Д.Пүрэвдоржийн нэр дээр байсан. Байрны эх үүсвэрийг яривал Д.Пүрэвдаваа бусдыг залилж байрыг өрөндөө авсан. Олон хүн залилсан, бусдад их хэмжээний өглөгтэй байсан учраас дүүгийнхээ нэр дээр байрыг шилжүүлсэн. Б.Далайжаргал мөнгөө өгчихөөд хоосон хоцрохгүй гэж байранд орсон. Д.Пүрэвдорж Б.Далайжаргалаас байрны нэр шилжүүлэхгүй зугтаж явсаар Иргэний шүүхэд хандсан байна. Үл хөдлөх худалдахад заавал нотариатаар орж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Гэтэл урьдчилгаа төлбөр ч авахгүйгээр хүнд байраа өгнө гэж байхгүй. Нэхэмжлэгч 2019.3.02-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргачихаад 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаад гомдол гаргасан байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал Б.Далайжаргалыг цагдаад залилангийн хэргээр өгсөн, өөрөө олдохгүй байна гэж ярьдаг. Цагдаагаас шүүлгэж, хаана шалгагдаж байгааг олоход Д.Пүрэвдаваа нь Б.Далайжаргалыг 78,000,000 төгрөг өгөх ёстой, байр, цаг, мөнгө аяга зэргийг залилсан гэж гомдол гаргаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа. Манай талаас Д.Пүрэвдорж, Д.Пүрэвдаваа нарыг байрны бичиг баримт шилжүүлж өгнө гэж төөрөгдөлд оруулж, Б.Далайжаргал, А.Ариунаа нарыг Иргэний хэргийн шүүхэд өгч зохиомол байдал бий болгож, залилсан асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. Прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би прокурорын тогтоолд дээд шатны прокурорт гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг эрүүгийн журмаар давхар шалгагдаж, эцэслэн шийдэгдээгүй байгаа. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар нэхэмжлэгч талын гомдлоор нэг нь миний гомдлоор Баянгол дүүргийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа. Иймд эрүүгийн журмаар хэргийг шалгаж дууссаны дараа Иргэний маргаан шийдэгдэх ёстой. Прокурорын Иргэний журмаар шийдвэл зохих маргаан гэж үзсэн тогтоолыг иргэний хэрэг үүсгэсэн нь эрүүгийн журмаар шалгах нөхцөлийг үгүйсгэхгүй, эрүүгийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах ёстой гэж эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03143 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг баримтлан Д.Пүрэвдорж, Б.Далайжаргал нарын хооронд байгуулагдсан арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 63 дугаар байр, 2 тоот хаягт байрлах, 76.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028138 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 64 дугаар байр, 53 тоот хаягт байрлах, 17.82 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037026 дугаарт бүртгэлтэй, автозогсоол, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 56 дугаар байрны хажууд байршилтай, 9 дугаартай тоосгон гараашийг хариуцагч Б.Далайжаргал, А.Ариунаа нарын эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 547,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 289 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03143 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1 гэж, мөн шийдвэрийн ...Б.Далайжаргал, А.Ариунаа нарын эзэмшил, ашиглалтаас чөлөөлсүгэй гэснийг ...хариуцагч Б.Далайжаргал, А.Ариунаа нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр даалгасугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Далайжаргал, А.Ариунаа нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа би Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн 289 дүгээр магадлалыг ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдээр тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасан. Гэтэл миний гомдолд дурдсан асуудалд бүрэн гүйцэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Учир нь: Анхан шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл тогтоогдсоор байтал хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн болох талаар миний бие гомдолд тодорхой дурдсаар байтал давж заалдах шатны шүүх энэ талын нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь огт дүгнэлт хийсэнгүй. Хэрэгт нэхэмжлэгч тал 2019.3.20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаад нэхэмжлэлд дурдсан асуудлаар давхар гомдол гарган уг гомдлын дагуу хариуцагч Б.Далайжаргалд холбогдуулан эрүүгийн хэрэг нээсэн байгаа баримтууд, мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс Баянгол дүүргийн цагдаагийн газарт хандан нэхэмжлэгч Д.Пүрэвдоржийг ах Д.Пүрэвдаваагийн эрүүгийн 201626022471 тоот хэрэгт хамтатган шалгуулахаар гомдол гаргасан талаарх нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Хэрэв эрүүгийн журмаар бүрэн гүйцэд шалгагдаж тухайн орон сууцны өмнөх өмчлөгч нар болох Бат-Ирээдүй, Үрэлмаа нар нь Пүрэвдаваад өгөх өглөгтөө шилжүүлснийг дүү Пүрэвдоржийнхоо нэр дээр гэрээ хийсэн болох нь тогтоогдвол бид бүртгэлийн асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой болно. Иймд нэхэмжлэлд дурдсан асуудалтай холбоотой хэрэг маргаан эрүүгийн журмаар давхар шалгагдаж байхад иргэний хэргийн шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдорж нь хариуцагч Б.Далайжаргал, А.Ариунаа нарт холбогдуулан арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууц, автомашины зогсоол, тоосгон гараашийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдорж нь маргаж буй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 63 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 76.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 64 дүгээр байрны 53 тоот хаягт байршилтай, 17.82 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгч, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо 56 дугаар байрны хажууд байршилтай 9 дугаартай тоосгон гараашийн эзэмшигч, мөн хариуцагч Б.Далайжаргал нь Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 13 дугаар байрны 63 тоот хаягт байрлах, 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч байна.

 

Хариуцагч Б.Далайжаргал А.Ариунаа нар нь нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшлийн дээрх орон сууц, авто зогсоол, гараашийг эзэмшиж, ашиглаж буй нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагч нартай арилжааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууц, авто зогсоол, гарааш зэргийг Б.Далайжаргал, А.Ариунаа нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцаар сольж, нэмж 78,000,000 төгрөг авахаар тохиролцсон. ...гэтэл хариуцагч нар байрны зөрүү, гараашийн төлбөрийг төлөхгүй, хууран мэхэлж миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байна... гэж тодорхойлсон, хариуцагч нар ...Д.Пүрэвдоржийн ах Д.Пүрэвдаваа ...зээлсэн мөнгөндөө маргааны зүйл болох байр, авто зогсоол, гараашийг өгсөн, арилжааны гэрээ байгуулагдаагүй гэсэн тайлбар гарган маргаж байна.

 

Анхан шатны шүүх ...зохигчийн хооронд арилжааны гэрээ төлөөлөгчөөр дамжуулж байгуулагдсан, ...уг хэлцэл Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хуульд нийцэхгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх үүрэг хүлээнэ, 275 дугаар зүйлийн 275.1-д Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж зааснаар гэрээний талууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг харилцан шилжүүлэхдээ гэрээг хуульд тусгайлан зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх учиртай.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т бичгээр хийх хэлцлийг, хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн үеэс хийсэн гэж үзэхээр заасан, хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар зохигчийн хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл талууд арилжааны гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй байна.

 

Иймд уг хэлцлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд талууд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Пүрэвдорж нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Б.Далайжаргал, А.Ариунаа нарын эзэмшил, ашиглалтаас өөрийн өмчлөлийн орон сууц, автозогсоол, тоосгон гараашийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нарын эзэмшил, ашиглалтаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь зөв, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч эд хөрөнгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Дээрх байдлаар анхан болон давж заалдах шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн зарим зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, магадлалын тогтоох хэсэгт чөлөөлүүлэхээр шаардсан үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн тусгаагүй зэрэг алдаа гаргасныг залруулж, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 289 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03143 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан Д.Пүрэвдорж, Б.Далайжаргал нарын хооронд байгуулагдсан арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 63 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 76.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028138 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 64 дугаар байрны 53 тоот хаягт байршилтай, 17.82 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037026 дугаарт бүртгэлтэй автозогсоол, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 56 дугаар байрны хажууд байршилтай, 9 дугаартай тоосгон гараашийг хариуцагч Б.Далайжаргал, А.Ариунаа нарын эзэмшил, ашиглалтаас буцаан гаргуулж Д.Пүрэвдоржид шилжүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН