Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/02944

 

2021 оны 12 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2021/02944 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч:  дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай 5,  банкны төв өөрийн байранд байрлах,  банк ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч:  дүүргийн 4 дүгээр хороо,  наадамдын зам гудамж, Шинэ өргөө хороолол 619 байр, 9 тоот хаягт оршин суух, Жарантайн овогт ийн  /РД /-т холбогдох,

 

 

 

 дүүргийн 4 дүгээр хороо, , Наадамчдын зам гудамж, Шинэ өргөө хороолол 619 байр, 9 тоот хаягт байрлах, 68.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, 16 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Н., түүний өмгөөлөгч Н. /ШТЭҮД-0580/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Н. нь Юу Эс Эс Трейд ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр  дүүргийн 4 дүгээр хороо,  /17110/ Наадамчдын зам гудамж 619 байр 9 тоот хаягт байршилтай 68.17 м.кв, 2 өрөө орон сууцыг 122 706 000 төгрөгөөр худалдан авахаар захиалгын гэрээ байгуулсан байх бөгөөд Юу Эс Эс Трейд ХХК болон  банкны хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний дагуу, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр уг хөрөнгийн Ү-2206053863 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ  банкны нэр дээр бүртгэгдсэнээр хөрөнгийг захиран зарцуулах эрх  банкинд шилжин ирсэн болно. Бид иргэн Н.т захиалгын гэрээний төлбөрөө төлөхийг эсвэл Банкны хөрөнгийг суллаж өгөхийг удаа дараа утсаар болон биечлэн уулзалтаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч үр дүнд хүрэхгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу  банк ХХК-ийн өмч, улсын бүртгэлийн Ү-2000000000003 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн  дүүргийн 4 дүгээр хороо,  /17110/ Наадамчдын зам гудамж 619 байр 9 тоот хаягт байршилтай 68.17 м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг иргэн Н.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2017 оны 7 сарын 6-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 06-ны хүртэл 1 сарын 350 000 төгрөг, нийт 48 сар амьдарч байсан хугацааны түрээсийн төлбөр болох 16 800 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг маргаантай холбоотой миний гаргасан нэхэмжлэлтэй Засаг даргын тамгын газарт холбогдох захиргааны хэргийн маргаан хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Би  банктай ямар нэгэн орон сууц хөлслөх гэрээ байгуулж, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Намайг энэ байрыг авахад Засаг дарга нь өөрөө түлхүүр гардуулж өгөөд байрандаа орж байсан. Үлдсэн хувийг нь  банкны зээлээр авах байсан. Гэтэл Засаг даргын тамгын газар урьдчилгааг өгөөгүйгээс болоод миний зээл бүтээгүй. Үүнээс хойш би маргаантай явж байгаа. Миний амьдарч байсан газрыг аваад оронд нь надад орон сууцны урьдчилгаа өгөх ёстой байсан. Засгийн газраас 2017 онд гарсан гэр хорооллыг орон сууцжуулах талаар мэдээ үзээд материалаа өгөхөд тэнцсэн. Тэгээд журамд нь нийцүүлээд 400 м.кв болгоод газраа шилжүүлж өгсөн. Тэгээд  банк ХХК-иас надад 80 000 000 төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан. Банкнаас зээл болон кадастрын зураг зөрүүтэй байна гэсэн. Тэгээд шалгуулж үзэхэд манай нөхрийн зөрүүтэй мэдээллийг олж тогтоосон. Үүнээс болоод хойшлогдож эхэлсэн. Би Засаг даргын тамгын газраас тодруулж байгаад эрхийн талаарх асуудлаа тодруулаад бичиг баримтын зөрчлөө арилгаад тэр дор нь материалаа өгсөн гэтэл надад шийдвэрлэж өгөөгүй. Би бүх бичиг баримтаа ном журмынх нь дагуу бүрдүүлээд зээл олгох нь хүртэл батлагдсан байсан. Банк ч мөн адил миний бүх баримтыг шалгаад зээл олгох шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч  банк ХХК нь хариуцагч Н.т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053863 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг, 4 дүгээр хороо,  /17110/ Наадамчдын зам гудамж 619 байрны 9 тоот 68,17 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаас албадан чөлөөлүүлэх, тус орон сууцанд оршин суусан хугацааны түрээсийн төлбөрт 16 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

 

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 

 

Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох орон сууцыг  банк ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Тооцоо нийлэх замаар зээлийн төлбөр барагдуулах гэрээг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч Ар Ий Си ХХК-тай 2017 оны 09 сарын 18-ны өдөр 90 дугаартай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, улмаар маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053863 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг, 4 дүгээр хороо,  /17110/ Наадамчдын зам гудамж 619 байрны 9 тоот 68,17 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэн 000601264 дугаар гэрчилгээ авсан байна.

 

 

 

Хариуцагч Н. нь Гэр хорооллын дэд бүтцийн газраас санаачлан явуулсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд хамрагдахаар өөрийн өмчлөлийн газар болох  дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамжны 493 тоот хашааны газрыг Нийслэлийн газрын санд өгч, тухайн үеийн Засаг дарга орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлнө гэж, байрны түлхүүрийг надад гардуулж өгснөөр тухайн орон сууцыг эзэмшиж байгаа гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны дэд бүтцийн газрын 2019 оны 10 сарын 11-ны өдрийн 02/781 дугаар албан бичгээс үзэхэд Нийслэлийн газрын санд шилжүүлэх  дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 гудамж, 493 тоот 641 м.кв газрыг 2017 оны 09 сарын 08-ны өдөр 400 м.кв болгон өөрчилсөн буюу газрын кадастрын мэдээлэл зөрүүтэйгээс Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны хурлаар хэлэлцэгдээгүй, орон сууцны урьдчилгаа 30 хувийг олгох боломжгүй болсон байна.

 

 

 

Хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 350 дугаар орон сууц захиалгын гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээг Юу Эс Эс Трейд ХХК-ийг төлөөлж борлуулалтын албаны менежер Ганхуягийн Баатарцогт, нөгөө талаас ийн  нар Шинэ өргөө орон сууцны хорооллын 68,17 м.кв талбай бүхий 619-9 тоот орон сууцыг захиалагч нийт 122 706 000 худалдан авахаар тохиролцон, төлбөрийг Ар Ий Си ХХК, Юу Эс Эс Трейд ХХК болон  банкны 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Тооцоо нийлэх замаар зээлийн төлбөр барагдуулах гэрээний хүрээнд  банк дахь 9140126006045 тоот дансанд 2017 оны 07 сарын 26-ны өдөр 30 хувийг, 2017 оны 08 сарын 16-ны өдрийн дотор үлдэгдэл 70 хувийг төлнө гэжээ. Уг гэрээнд захиалагч талыг төлөөлж Н. гарын үсэг зурсан, бусад гэрээний оролцогч нар гарын үсэг зурж, хүсэл зоригийн илэрхийллээ баталгаажуулаагүй байна.

 

 

 

Хариуцагч Н. нь тухайн байрны төлбөрт огт төлөлт хийгээгүй үйл баримтын талаар маргаагүй ба хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь тухайн орон сууцыг хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхтэй гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

 

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба маргаан бүхий орон сууцны өмчлөгч  банк ХХК болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс тухайн орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

 

 

Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053863 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг, 4 дүгээр хороо,  /17110/ Наадамчдын зам гудамж 619 байрны 9 тоот 68,17 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

 

 

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцаан өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

 

 

Нэхэмжлэгч ...орон сууцад суусан хугацааны төлбөрт 16 800 000 төгрөг гаргуулна... гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх боловч банк маргаан бүхий орон сууцнаас шаардаж буй хэмжээний үр шимийг олох ёстой байсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 237 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053863 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг, 4 дүгээр хороо,  /17110/ Наадамчдын зам гудамж 619 байрны 9 тоот 68,17 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 013 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 771 480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  банк ХХК-д олгосугай.

 

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ