Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00601

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00601

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02944 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 422 дугаар магадлалтай,

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Одончимэгт холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж, олох байсан орлого, үр шимд 16,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагч Н.Одончимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Санчирдорж, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Н.Одончимэгт  холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж, олох байсан орлого, үр шимд 16,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02944 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053863 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 619 байрны 9 тоот 68,17 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Одончимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,013,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 771,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 422 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02944 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.13-ны өдрийн 183/ШШ2021/02944 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.09-ний өдрийн 422 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль бус эзэмшлээс чөлөөлөх, Голомт банкийг миний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж үндэслэх хэсэгт заасан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч олон нийтийн өмнө надад орон сууцны батламж болгож түлхүүр гардуулж хүлээлгэн өгсөн. Голомт банк миний материалыг үзээд зээл өгөхөөр зөвшөөрсөн. Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны шийдвэр гацсаны улмаас урьдчилгаа 30 хувиа авч чадаагүй учир маргаж байхад надаас шалтгаалах ямар нэг шалтгаан байхгүй байхад намайг орон сууцанд бусдын зөвшөөрөлгүй дур мэдэн орж амьдарсан мэтээр дүгнэж хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Би хууль бусаар орж амьдарсан зүйл огт болоогүй, намайг амьдарч байх хугацаанд Голомт банк нь миний гэрээ хийсэн компанитай надад мэдэгдэлгүйгээр өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байдаг бөгөөд орон сууцнаас албадан гаргуулах шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Би тухайн орон сууцанд гэрээний үндсэн дээр орж амьдарсан. Энэ гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэхдээ тухайн орон сууцанд гэрээний үндсэн дээр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч түлхүүр гардуулж өгсний үндсэн дээр орж амьдарсан, дараа нь Н.Одончимэг надаас үл хамаарах шалтгаанаар Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны шийдвэр гараагүй, ГХХСантай хийж буй маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Н.Одончимэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй, хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэсэн тайлбар гаргасан.

 

6. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Н.Одончимэгт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053863 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 619 байрны 9 тоот 68,17 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаас албадан чөлөөлүүлэх, тус орон сууцанд оршин суусан хугацааны түрээсийн төлбөрт 16,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053863 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 619 байрны 9 тоот 68,17 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Одончимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

 

8. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.04.29-ний өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүхээр шийдвэрлэсэн байна.

 

9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргааны зүйл болох орон сууцыг Голомт банк ХХК нь 2017.03.16-ны өдрийн Тооцоо нийлэх замаар зээлийн төлбөр барагдуулах гэрээ-г үндэслэн төсөл хэрэгжүүлэгч Ар Ий Си ХХК-тай 2017.09.18-ны өдөр 90 дугаартай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэн 000601264 дугаар гэрчилгээ авсан байна.

 

10. Хариуцагч Н.Одончимэг нь Гэр хорооллын дэд бүтцийн газраас санаачлан явуулсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд хамрагдахаар өөрийн өмчлөлийн газар болох Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамжны 493 тоот хашааны газрыг Нийслэлийн газрын санд өгч, тухайн үеийн Засаг дарга орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлнө гэж, байрны түлхүүрийг надад гардуулж өгснөөр тухайн орон сууцыг эзэмшиж байгаа гэж тайлбарлажээ.

 

11. Хэрэгт авагдсан 2017.07.06-ны өдрийн 350 дугаартай орон сууц захиалгын гэрээг Юу Эс Эс Трейд ХХК-ийг төлөөлж борлуулалтын албаны менежер Ганхуягийн Баатарцогт, нөгөө талаас Нацагдоржийн Одончимэг нар Шинэ өргөө орон сууцны хорооллын 68,17 м.кв талбай бүхий 619-9 тоот орон сууцыг захиалагч нийт 122,706,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, төлбөрийг Ар Ий Си ХХК, Юу Эс Эс Трейд ХХК болон Голомт банкны 2017.03.16-ны өдөр байгуулсан Тооцоо нийлэх замаар зээлийн төлбөр барагдуулах гэрээ-ний хүрээнд Голомт банк дахь 9140126006045 тоот дансанд 2017.07.26-ны өдөр 30 хувийг, 2017.08.16-ны өдрийн дотор үлдэгдэл 70 хувийг төлнө гэж тохиролцсон байх бөгөөд захиалагч талыг төлөөлж Н.Одончимэг гарын үсэг зурсан, харин бусад нь гарын үсэг зураагүй байна.

 

12. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны дэд бүтцийн газрын 2019.10.11-ний өдрийн 02/781 дугаар албан бичгээс үзэхэд Нийслэлийн газрын санд шилжүүлэх Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 гудамж, 493 тоот 641 м.кв газрыг 2017.09.08-ны өдөр 400 м.кв болгон өөрчилсөн буюу газрын кадастрын мэдээлэл зөрүүтэйгээс Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны хурлаар хэлэлцэгдээгүй, орон сууцны урьдчилгаа 30 хувийг олгох боломжгүй болсон, хариуцагч Н.Одончимэг нь тухайн байрны төлбөрт огт төлөлт хийгээгүй үйл баримтын талаар маргаагүй байна.

 

13. Анхан болон давж заалдах шатны шүүх ...өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба маргаан бүхий орон сууцны өмчлөгч Голомт банк ХХК болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс тухайн орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053863 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 619 байрны 9 тоот 68,17 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Одончимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

 

14. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан ...Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны шийдвэр гацсаны улмаас урьдчилгаа 30 хувиа авч чадаагүй, надаас шалтгаалах ямар нэг шалтгаан байхгүй байхад намайг орон сууцанд бусдын зөвшөөрөлгүй дур мэдэн орж амьдарсан мэтээр дүгнэж хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ...анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ тухайн орон сууцанд гэрээний үндсэн дээр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч түлхүүр гардуулж өгсний үндсэн дээр орж амьдарсан, дараа нь Н.Одончимэг надаас үл хамаарах шалтгаанаар Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны шийдвэр гараагүй, ГХХСантай хийж буй маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна гэсэн гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

 

15. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагчийг хууль бус эзэмшигч гэж үзэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад шүүх Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийг хэрэглэснийг буруу гэж үзнэ.

 

16. Нийслэлийн Засаг даргын 2017.06.16-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар батлагдсан орон сууцны ипотекийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох тухай журмын дагуу иргэн М.Бүжингийн өмчлөлийн 641 м.кв талбай бүхий газрыг нийслэлийн газрын санд авч, орон сууцны урьдчилгаа 30 хувийг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх нөхцөлтэй байсан бөгөөд Нийслэлийн Засаг дарга болзол хангасан иргэдийн төлөөлөл гэж хариуцагчийн охин М.Бүжинд маргаан бүхий 9 тоот орон сууцны түлхүүрийг 2017.07.06-ны өдөр гардуулан өгсөн байх бөгөөд М.Бүжингийн өмчлөлийн газрын хэмжээ өөрчлөгдсөн, газрын кадастрын мэдээлэлтэй зөрүүтэй гэсэн үндэслэлээр Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны хурлаар М.Бүжингийн асуудал хэлэлцэгдээгүй тул орон сууцны урьдчилгаа 30 хувийн санхүүжилт олгогдоогүйгээс Н.Одончимэг болон Юу эс эс трейд ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ хэрэгжээгүй байна.

 

17. Орон сууц захиалгын гэрээ нь захиргааны байгууллагын шийдвэрээс хамааралтайгаар хэрэгжих боломжгүй болсон хэмээн хариуцагч тайлбарласан, энэ талаар шүүхэд хандсан байх тул хариуцагчийг хууль бус эзэмшигч гэж үзэх буюу хяналтын шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02944 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 422 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН