Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00422

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00422

 

 

хххххХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02944 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч хххххХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч хххххт холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлж, олох ёстой орлого, үр шимд 16,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-эрдэнэ, Б.Энхтулга, хариуцагч ххххх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

1.Нэхэмжлэгч хххххХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ххххх нь ******* ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж тоот хаягт байршилтай 68.17 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 122,706,000 төгрөгөөр худалдан авахаар захиалгын гэрээ байгуулсан. ******* ХХК болон хххххХХК-ийн хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний дагуу, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр уг хөрөнгийг *** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хххххХХК-ийн нэр дээр бүртгэгдсэнээр хөрөнгийг захиран зарцуулах эрх хххххХХК-д шилжин ирсэн.

Бид хххххт гэрээний төлбөрөө төлөх эсвэл үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгөх талаар мэдэгдсэн боловч үр дүнд хүрээгүй.

1а.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хххххХХК-ийн өмч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж тоот  өрөө орон сууцыг хххххийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

1б. 2017 оны 07 сарын 06-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ны хүртэл 1 сарын 350 000 төгрөг, нийт 48 сар амьдарч байсан хугацааны түрээсийн төлбөр болох 16,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч хххххийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Уг маргаантай холбоотой ххххх миний нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын тамгын газарт холбогдох захиргааны хэргийн маргаан Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа. Би хххххХХК-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Би Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд хамрагдахаар өөрийн өмчлөлийн газар болох Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамжны тоот хашааны газрыг Нийслэлийн газрын санд өгч, тухайн үеийн Засаг даргаас орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлнө гэж, надад байрны түлхүүрийг гардуулж өгсөн учир орон сууцыг эзэмшиж байгаа. Мөн төслийн хүрээнд хххххХХК-аас надад 80,000,000 төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан. Гэтэл газрын кадастрын зураг зөрүүтэй гэдгээр надад урьдчилгаа 30 хувийг олгоогүй. Би бичиг баримтын зөрчлөө арилгаад материалаа дахин өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053863 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж  өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч хххххийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,013,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 771,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хххххХХК-д олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч хххххийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч надад батламж, түлхүүр гардуулан өгсөн бөгөөд би тус орон сууцанд гэрээний үндсэн дээр орж амьдарсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Надаас үл хамаарах шалтгаанаар гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны шийдвэр гараагүй. Мөн уг маргаантай холбоотой ххххх миний нэхэмжлэлтэй иргэний хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байхад анхан шатны шүүх хэргийг түдгэлзүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Түүнчлэн намайг бусдын зөвшөөрөлгүй дур мэдэн орон сууцанд амьдарсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч хххххХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь төслийн хүрээнд шилжүүлсэн гэх газар нь н.Бүжин гэдэг хүний нэр дээр байдаг. Анх газрын хэмжээг бүртгэхэд 641 м.кв талбайтай байсан гэтэл төсөл хэрэгжүүлэхэд 493 м.кв хэмжээтэй болсон. Үүнээс үүдэн урьдчилгаа мөнгийг олгоогүй. Мөн төсөл хэрэгжүүлж байсан ******* ХХК-ийн зээлийн чанар муудаж, төсөл болон эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хххххХХК-д шилжүүлсэн. Маргаан бүхий орон сууцны төлбөрийг 2017 оноос хойш төлөөгүй. Хариуцагчийн давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч хххххХХК нь хариуцагч хххххт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлж, олох ёстой орлого, үр шимд 16,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1,2, 28/

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч хххххийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч хххххХХК-ийн өмчлөлийн орон сууцыг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

3а.хххххХХК, ***** ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ГБ/68 дугаартай гэрээний дагуу маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж  өрөө орон сууцны өмчлөгчөөр хххххХХК бүртгэгдсэн үйл баримт хэргийн 6, 48-59 дэх талд авагдсан бичгийн баримтуудаар тогтоогджээ.

3б.ххххх нь ******* ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 350 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулан, дээрх орон сууцыг 122,706,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээний үнийн 30 хувийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хххххХХК дах тоот дансанд, мөн оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор үлдэгдэл 70 хувийг төлөх урьдчилсан нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх-10-12/

3в.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар батлагдсан орон сууцны ипотекийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох тухай журмын дагуу иргэн М.Б-ийн өмчлөлийн 641 м.кв талбай бүхий газрыг нийслэлий газрын санд авч, орон сууцны урьдчилгаа 30 хувийг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх нөхцөлтэй байжээ. Уг журмыг хэрэгжүүлэх үеэр Нийслэлийн Засаг дарга болзол хангасан иргэдийн төлөөлөл М.Б-д маргаан бүхий 9 тоот орон сууцны түлхүүрийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гардуулан өгсөн байна.

Хариуцагч хххххийн охин М.Б-ийн өмчлөлийн газрын хэмжээ өөрчлөгдсөн, газрын кадастрын мэдээлэлтэй зөрүүтэй байсны улмаас Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны хурлаар М.Б-ийн асуудал хэлэлцэгдээгүй улмаас дээрх орон сууцны урьдчилгаа 30 хувийн санхүүжилт олгогдоогүй үйл баримт хариуцагч хххххийн тайлбар, Орон сууцны дэд бүтцийн газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02/781 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-17,60,61/

Дээрх нөхцөл байдлын улмаас ххххх, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 350 дугаартай орон сууц захиалгын гэрээ хэрэгжих боломжгүй болсон байх тул хариуцагч хххххийг 09 тоот орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй.

Иймээс нэхэмжлэгч хххххХХК нь өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлэхээр хариуцагч хххххээс шаардах эрхтэй.

4.Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцэх тул хуулийг буруу хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

5.Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой орлого, үр шимд 16,800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир энэ талаар эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

6.Хариуцагч тал уг маргаантай холбоотой хэрэг Улсын Дээд шүүхээр хянагдаж байхад хэргийг түдгэлзүүлээгүй гэх давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02944 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ч.ЦЭНД