| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01359/И |
| Дугаар | 183/ШШ2021/03067 |
| Огноо | 2021-12-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2021/03067
2021 оны 12 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2021/03067 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт дамдинбазарын гудамж, 00 дугаар байрны 14 тоот хаягт оршин суух, Чонос овогт ын /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, товер 000 тоот хаягт байрлах, энержи ХХК /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 52 831 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н гэрч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай ********ХХК нь Монголд цахилгаан станц барих зорилгоор үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа. ********ХХК нь санхүү мөнгөний бэрхшээлд орж үйл ажиллагаа удаа дараа доголдож байсан. Энэ үедээ Монгол улсын иргэн Ч.********ээс ********ХХК болон компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал ******н нар 20 000 ам.доллар түр хугацаанд зээлээч гэсэн гуйлтын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 16-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Будда виста хотхон 100-*** тоотод хувьцаа эзэмшигч буюу ерөнхий захирал ******н, монгол талын гүйцэтгэх захирал Ц. нарт 20 000 ам.доллар бэлнээр хүлээлгэн өгсөн. Компани гаднаас хөрөнгө оруулалтаа авч үйл ажиллагаа хэвийн болонгуут зээлсэн 20 000 ам.долларыг 3 сарын дотор буцаан өгнө гэж тохиролцсон. Гэтэл тохирсон хугацаа өнгөрснөөс хойш одоог болтол 20 000 ам.долларыг буцаан өгөөгүй өдий хүрээд байна. Иргэн Ч.******** нь иргэн Г. надад иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлж авсан талаар мэдэгдэж, 20 000 ам.долларыг өгөх талаар ********ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал ******н, монгол талын гүйцэтгэх захирал Ц. нарт удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө төлж барагдуулахгүй байна. Иймд ********ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал ******н нараас 2017 оны 01 дүгээр сарын 16-нд зээлдүүлсэн 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул захирал ******наас татгалзаж компаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч ********ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ********ХХК болон түүний хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал ******н нар нь Ч.********ээс 2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр компанийн үйл ажиллагаа доголдож, мөнгөний бэрхшээлд орсон тул 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөгийг зээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм. ********ХХК нь нэхэмжлэгч Ч.********ээс 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөгийг зээлээгүй талууд хооронд аливаа байдлаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлага нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. нь хариуцагч ********ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Ч.********ээс 2019 оны 07 сарын 30-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу Ч.******** болон хариуцагч ********ХХК нарын хооронд 2017 оны 01 сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардаж байна. гэж,
Хариуцагч ...иргэн Ч.********тэй зээлийн гэрээ байгуулаагүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй ... гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.
Ч.******** болон Г. нарын хооронд 2019 оны 07 сарын 30-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ч.******** нь ********ХХК-д 2017 оны 01 сарын 16-ны өдөр бэлнээр зээлдүүлсэн 20 000 ам.долларыг шаардан авах эрхийг Г.т шилжүүлсэн байна. /хх-52/
Иргэний хуулийн 123 дугаар зүйлий 123.2 дахь хэсэгт ...шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно." гэж заасантай дээрх гэрээ нийцжээ.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан.
Хэрэгт авагдсан Ч.********ийн Худалдаа хөгжлийн банк дахь ам.долларын *********** тоот дансны хуулгаар 2017 оны 01 сарын 16-ны өдөр 21 470 ам.долларын зарлага гарсан, ********ХХК-иас 2017 оны 12 сарын 08-ны өдөр Ч.********д ... ********ХХК-ийн хөрөнгө оруулагч бөгөөд ерөнхий захирал ******ны үүрэг болгосны дагуу 2017 оны 01 сарын 16-нд 3 сарын хугацаатай иргэн Ч.******** таниас авсан 20 000 ам.долларыг удахгүй буцаан өгөх болохыг үүгээр дамжуулан мэдэгдэж байна. Удаасан учир шалтгаан нь тус компанийн Монгол улсын банкуудад байх бүх данс болон эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр битүүмжлэн, ямар ч гүйлгээ хийх боломжгүй болсон бөгөөд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсье. гэсэн албан бичиг хүрүүлсэн. Тус албан бичигт гүйцэтгэх захирал Ц. гэж гарын үсэг зурж тамга дарсан байна.
Хариуцагч ********ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******н бүртгэлтэй байх бөгөөд ******н, Ц. нарын хооронд 2018 оны 01 сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдан, Ц.ыг ********ХХК-ийн гадаад харилцааны хэлтэс, гүйцэтгэх захирлын албан тушаалд, сарын 1 000 000 төгрөгийн цалин хөлстэй ажиллуулахаар тохирчээ. /хх-74-82, 99/
Хэрэгт, ********ХХК гүйцэтгэх захирал гэх нэрийн хуудас /хх45/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 11/21 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгч ********ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Ц. оролцсон талаарх тэмдэглэл /хх-41/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 02 сарын 22-ны өдрийн ********ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. танаа үүрэг өгөх тухай гэх 5/275 дугаар албан бичиг, ********ХХК-иас 2018 оны 07 сарын 17-ны өдөр Эрчим хүчний сайд Ц.*******д зөвшөөрөл олгож, туслалцаа үзүүлэх талаар 16/18 тоот албан бичигт гүйцэтгэх захирал Ц. гарын үсэг зурсан зэрэг эдгээр баримтаас үзэхэд Ц. нь хариуцагч ********ХХК-ийг төлөөлөн хэлцэл хийдэг байсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж тус тус заасан.
Хариуцагч ********ХХК-иас 2017 оны 12 сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирал Ц.ы гарын үсэгтэй иргэн Ч.********д хүргүүлсэн зээл төлөх хугацааг хойшлуулах агуулга бүхий албан бичгийг ********ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн гэрч Ц. шүүх хуралдаанд ...Компанийн үйл ажиллагаа 2016 оны 10 дугаар сараас доголдож, 12 сард цалин тавьж чадахгүй хэмжээний эдийн засгийн хүнд байдалд орсон. ********компанийн хувьцаа эзэмшигч ******н намайг дуудаад 20-50 мянган доллар яаралтай зээлэх үүрэг надад өгсөн. Ингээд би ********ХХК-ийн хажуу өрөөнд суудаг н.******** гэх хүнээс асуутал тийм их хэмжээний мөнгө байхгүй 20 000 ам.доллар зээлүүлж болно гэсний дагуу тохиролцон, н.******** , ******н захирал, бид 3 Худалдаа хөгжлийн банкнаас очиж бэлнээр аваад Будда виста дахь *** тоотод ам.долларыг бэлнээр хүлээж авсан. Тухайн зээлсэн ам.долларын 10 000 ам.долларыг ******н захирал Солонгос улс руу шилжүүл гэсний дагуу би шилжүүлсэн. Үлдсэн 10 000 ам.долларыг ажилчдын цалин тавьсан... гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгавар гэх баримт авагдсан ба уг баримтаас үзэхэд Ц. нь 10 000 ам.долларыг түрээсийн төлбөр, түрээсийн барьцаа гэх утгаас Woo Dong Myn гэх этгээдэд шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр хариуцагчийн татгалзал няцаагдаж байх бөгөөд Ц.******** болон хариуцагч ********ХХК нарын хооронд 2017 оны 01 сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч Ц.******** нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 20 000 ам.долларыг зээлдэгч ********ХХК-д шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 20 000 ам.долларыг шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т ...гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...тооцно. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2019 оны 05 сарын 05-ны өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 641,58 төгрөгөөр тооцож 52 831 600 төгрөгийг хариуцагч ********ХХК-иас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ********ХХК-иас 52 831 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г. /РД:/-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 422 108 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ