Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Т- нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02216 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Т- нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “И-” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Т-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н, 

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Н,0

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бнар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “И-” ХХК нь Монгол Улсад цахилгаан станц барих зорилгоор үүсгэн байгуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд “И-” ХХК нь санхүү мөнгөний бэрхшээлд орж үйл ажиллагаа нь удаа дараа доголдож байсан. Энэ үедээ Монгол Улсын иргэн Ч.О-ээс “И-” ХХК болон компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү Тэ Гуан нар 20 000 ам.доллар түр хугацаанд зээлээч гэсэн гуйлтын дагуу 2017 оны 1 сарын 16-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Будда виста” хотхон 100-117 тоотод хувьцаа эзэмшигч буюу ерөнхий захирал Ү Тэ Гуан, Монгол талын гүйцэтгэх захирал Ц.Х- нарт 20 000 ам.доллар бэлнээр хүлээлгэн өгсөн. Компани гаднаас хөрөнгө оруулалтаа авч үйл ажиллагаа хэвийн болонгуут зээлсэн 20 000 ам.долларыг 3 сарын дотор буцаан өгнө гэж тохиролцсон. Гэтэл тохирсон хугацаа өнгөрснөөс хойш одоог болтол 20 000 ам.долларыг буцаан өгөөгүй өдий хүрээд байна. Иргэн Ч.О- нь иргэн Г.Т- надад иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлж өгсөн талаар мэдэгдэж, 20 000 ам.долларыг өгөх талаар “И-” ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү Тэ Гуан, Монгол талын гүйцэтгэх захирал Ц.Х- нарт удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө төлж барагдуулахгүй байна. Иймд “И-” ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү Тэ Гуан нараас 2017 оны 1 сарын 16-нд зээлдүүлсэн 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул захирал Ү Тэ Гуанаас татгалзаж, компаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “И-” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү Тэ Гуан нар нь Ч.О-ээс 2017 оны 1 сарын 16-ны өдөр компанийн үйл ажиллагаа доголдож, мөнгөний бэрхшээлд орсон тул 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөгийг зээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм. “И-” ХХК нь нэхэмжлэгч Ч.О-ээс 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөгийг зээлээгүй талуудын хооронд аливаа байдлаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нь дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан “И-” ХХК-иас 52 831 600  төгрөг гаргуулах тухай Г.Т- нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор баримт сэлт гаргаж өгснөөс гадна, хариуцагч “И-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Х-ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангасан. Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө Ц.Х-ыг гэрчээр асуух хангалттай хоног хугацаа байсаар байтал /1 сар гаран/ асуугаагүй, шүүх хурал дээр гэрчээр асууна гээд дуудсан. Шүүх хурал эхлэхээс өмнө миний бие шүүхэд эхлээд гэрчээр Ц.Х-ыг асуулгая, түүний юу ярихаас шалтгаалж, миний хүсэлт гаргах эсэх нь шийдвэрлэгдэхээр байна гэсэн саналыг гаргасан боловч, шүүгч хүлээн авалгүй шүүх хуралдааныг дэгийн дагуу нотлох баримт шинжлэн судлахаас өмнө Ц.Х-ыг гэрчээр асуухаар болж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Гэрч Ц.Х- ярихдаа  “И-” ХХК нь иргэн Ч.О-ээс түхайн өдөр 20 000 ам доллар зээлж авсан нь үнэн, харилцан итгэлцээд зээлийн гэрээг бичгээр хийгээгүй, тухайн үед компанийн данс хаасан байсан тул бэлнээр нь авсан, тухайн зээлж авсан 20 000 ам.доллараас маргааш өдөр нь би талыг нь буюу 10 000 ам.долларыг компанийн өрийг төлөхөөр БНСУ-руу гадаад гуйвуулга хийсэн, энэ тухай банкны баримтыг эх хувиар нь шүүхэд өгөхөөр авч ирсэн” гэсэн мэдүүлэг өгсөн. Би тэр дариуд нь гэрч Ц.Х-ы авч ирсан баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд   чухал ач холбогдолтой баримт гэдгийг ойлгоод шүүхэд хандан гэрч Ц.Х-ы авч ирсэн баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл   шүүх   нэхэмжлэгч   таны   хүсэлт   гаргах   шат   дууссан,   шүүх   хуралдааны хэлэлцүүлгийн шат эхэлсэн гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзан цааш шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, миний эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Гэрч Ц.Х-ы авч ирсэн баримтыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан бол “И-” ХХК нь 20 000 ам.доллар зээлсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдох байсан юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд зүйлсийг бусдын өмчлөлд шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор зохицуулсан. Үүний дагуу мөнгө бодитоор шилжсэн болох нь гэрч Ц.Х-ы мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкнаас 20 000 ам.доллар бэлнээр гаргасан баримт, мөн гэрч Ц.Хүдэрчулуүны мэдүүлэг өгөхдөө авч ирсэн гадаад улс руу шилжүүлсэн гуйвуулгын баримт, дараа нь Ч.О-д хандан бичиж байсан 2017 оны 12 сарын 08-ны өдрийн албан бичиг, надад хандаж байсан мэйлүүдээр нотлогдож байгаа. Энэ бүх баримтуудаас өөрөөр хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нэг ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дэх хэсэгт “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан. Шүүхэд нотлох баримтаар үнэлэгдсэн дээрх баримтууд нь “И-” ХХК-ийн зээлийн гэрээ хийгдсэнийг хүлээн зөвшөөрч байгааг нотлох баримтууд юм. Хэрэв хариуцагч “И-” ХХК нь 20 000 ам.доллар зээлж аваагүй бол иргэн Ч.О-д тийм бичиг хийж өгөхгүй, надтай мэйлээр харилцахгүй байх байсан болно. Гэтэл шүүх зээлийн гэрээ байгуулсан нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна гэж үзсэнд гомдолтой байна. Мөн “И-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Х-ы Ч.О-д “зээлсэн 20 000 ам.долларыг удахгүй буцаан өгөх” тухай албан бичгийг эргэлзээгүй баримт биш гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ц.Х- нь “И-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар зэрэг баримт хэрэгт хавсаргагдсан байснаас гадна компанийн бүх албан бичгүүд Ц.Х-ы гарын үсэг зурагдан явдгийг, бусад байгууллагаас ирэх албан бичгүүд “И-” ХХК-ийн гүйцэтгэх захирал    Ц.Х-д хандаж, ирдгийг нотолсон баримтууд хэрэгт байсан. Гэтэл шүүх  эдгээр баримтүудыг хэрхэн үнэлж байгааг шийдвэртээ дурдаагүй. Хариуцагч тал Ц.Х- компанийн бүх бичгүүдийг бичиж компанийн тамга дарж, явагддаг байсан талаараа мөн зөвшөөрч мэдүүлсэн, өөрөөр хэлбэл энэ талаар маргаагүй. Ч.О- болон миний бие Ц.Х- компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж ойлгож явж ирснээс гадна /Ц.Х-ы урьд гаргаж байсан албан бичгүүд, үйлдлүүдээс мөн тэгж ойлгоно/. “И-” ХХК нь улсын бүртгэлд Ц.Х-ыг гүйцэтгэх захирлаар бүртгүүлээгүй нь нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэл болохгүй. Хэрэгт “И-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх эрх мэдлийг олгосон хөдөлмөрийн гэрээ иргэн Ц.Х-тай байгуулсан байсныг шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хэрэв Ц.Х- “И-” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байсан бол түүнд тамга мөн байхгүй байсан байж таарах байтал энэ хүн дээр бүх эрх мэдэл байсан болох нь тодорхой байгаа юм. Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд гүйцэтгэх удирдлагыг тодорхойлсон бөгөөд 83.1-д зааснаар “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.8-д зааснаар “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан байдаг. Хуулийн дээрх шаардлагаар Ц.Х- гэрээгээр гүйцэтгэх захирал хийж байсан байх бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь түүнийг гүйцэтгэх захирал биш, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд биш гэж үзэх үндэслэлгүй юм. Хуульд зааснаар хэргийн талаар мэдэх хүнийг гэрч гэж томъёолсон байдаг. Гэтэл зээлийн гэрээ байгуулж, 20 000 ам.доллар хүлээн авах үед байгаагүй, энэ хэргийн талаар огт мэдэхгүй Б.Амарсанаа гэгчийг гэрчээр   шүүх хуралдаанд оролцуулсан. Гэрч Б.Амарсанаа нь 2018 оны 11 сард “И-” ХХК-д менежерээр ажилд орсон тул энэ хэргийн талаар бодитой мэдэх зүйл байхгүй. Гэтэл шүүхэд хэрэг болох үед байгаагүй байж манай компани Ч.О-ээс мөнгө зээлээгүй гэж худал мэдүүлж, шүүх түүний мэдүүлгийг үнэлсэнд гомдолтой байна. Шүүх гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг гаргаж байгаа тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нэг үндэслэл  нь  болсон  гэсэн.  Гэтэл  гэрч  Ц.Х-ы мэдүүлгийг  тухайн үед   байгаагүй,   хэргийн   талаар   мэдэхгүй   Б.Амарсанаагийн мэдүүлэгтэй харьцуулж шийдвэр гаргаж байгаа нь илт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, гэрч Ц.Х-д байгаа баримтыг нотлох баримтаар гаргуулж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Т- нь хариуцагч “И-” ХХК, Ү Тэ Гуан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү Тэ Гуанаас татгалзаж, хариуцагч “И-” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 50-р тал/

 

Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 7 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Г.Т- нь Ц.Х-аас гэрчийн мэдүүлэх авахуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. Шүүх тухайн өдөр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч Ц.Х-ыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан байна. /хх-ийн 47, 49-р тал/

 

Гэрч Ц.Х- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... Ү Тэ Гуан захирал Ч.О-ээс 20 000 ам.доллар аваад 1-2 хоногийн дараа 10 000 ам.долларыг Солонгос Улс руу шилжүүл гэснийг би шилжүүлсэн. Тухайн мөнгө шилжүүлсэн баримтыг шүүх хуралдаанд авч ирсэн” гэжээ. /хх-ийн 105-р тал/

 

Бичгийн нотлох баримт байгаа талаар гэрч Ц.Х- мэдүүлэг өгсөнтэй холбогдуулж нэхэмжлэгч Г.Т- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. /хх-ийн 106-р тал/

 

Түүнчлэн цахим хаягт үзлэг хийлгэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч үзлэгийг 2019 оны 10 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд тэмдэглэх байдлаар хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэснийг зөрчжээ. /хх-ийн 47, 49, 103-р тал/   

 

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 108 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ТУЯА                

 

                              ШҮҮГЧИД                                        Ш.ОЮУНХАНД       

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ