Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01133

 

,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02216 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,000 ам.доллар буюу 52,831,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, , хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “,,,,,,,,,,,,,,” ХХК нь Монгол Улсад цахилгаан станц барих зорилгоор үүсгэн байгуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд “,,,,,,,,,,,,,,” ХХК нь санхүү мөнгөний бэрхшээлд орж үйл ажиллагаа нь удаа дараа доголдож байсан. Энэ үедээ Монгол Улсын иргэн Ч.О-ээс “,,,,,,,,,,,,,,” ХХК болон компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал ,,,,, ,,,, ,,,,, нар 20,000 ам.доллар түр хугацаанд зээлээч гэсэн гуйлтын дагуу 2017.1.16-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Будда виста хотхон 100-117 тоотод хувьцаа эзэмшигч буюу ерөнхий захирал ,,,,, ,,,, ,,,,, , Монгол талын гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,, нарт 20,000 ам.доллар бэлнээр хүлээлгэн өгсөн. Компани гаднаас хөрөнгө оруулалтаа авч үйл ажиллагаа хэвийн болонгуут зээлсэн 20,000 ам.долларыг 3 сарын дотор буцаан өгнө гэж тохиролцсон. Гэтэл тохирсон хугацаа өнгөрснөөс хойш одоог болтол 20,000 ам.долларыг буцаан өгөөгүй өдийг хүрээд байна. Иргэн ,,,,,,,,,,,,,,,, нь иргэн ,,,,,,,,,,,,,,,, надад Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлж өгсөн талаар мэдэгдэж, 20,000 ам.долларыг өгөх талаар “,,,,,,,,,,,,,,” ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал ,,,,, ,,,, ,,,,, , Монгол талын гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,, нарт удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө төлж барагдуулахгүй байна. Иймд “,,,,,,,,,,,,,,” ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал ,,,,, ,,,, ,,,,, нараас 2017.1.16-нд зээлдүүлсэн 20,000 ам.доллар буюу 52,831,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул захирал ,,,,, ,,,, ,,,,, аас татгалзаж, компаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “,,,,,,,,,,,,,,” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал ,,,,, ,,,, ,,,,, нар нь Ч.О-ээс 2017.1.16-ны өдөр компанийн үйл ажиллагаа доголдож, мөнгөний бэрхшээлд орсон тул 20,000 ам.доллар буюу 52,831,600 төгрөгийг зээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм. “,,,,,,,,,,,,,,” ХХК нь нэхэмжлэгч Ч.О-ээс 20,000 ам.доллар буюу 52,831,600 төгрөгийг зээлээгүй талуудын хооронд аливаа байдлаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нь дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02216 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан “,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 52,831,600  төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,, /РД:ХЕ80,,,,,,,,,,,/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,108 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг болон өмгөөлөгч Э.Нарангарав нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн 102 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. ,,,,,,,,,,,,, нь анхан шатны шүүх хуралдааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн, 10,000 ам.доллар Солонгос руу шилжүүлсэн гэх дээрх баримт надад байна гэсэн боловч ямар баримтын талаар ярьж байгааг шүүхээс тодруулахад өөрийн нэрээр БНСУ-руу мөнгөн гуйвуулга хийсэн мөнгөний баримт байсан ба хэргийн оролцогч нарт хамааралгүй, хувь хүний мөнгөн гуйвуулгын баримт байсан тул шүүхээс хэрэгт ач холбогдолтой гэж үзээгүй, хүсэлтийн шат нэгэнт өнгөрсөн тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болж буй Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 “... Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэх заалт нь хүсэлтийн шатанд буюу мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасан “...Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэх зохицуулалтад хамааралтай, хэргийн оролцогч нарын зүгээс хэн аль нь эрх зүйч мэргэжилтэй, хэргийн баримтаас харахад эрх, үүрэгтэйгээ танилцсан атал хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзсэн магадлал үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны үед үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “...Шүүх гэрч, шинжээчээс мэдүүлэг авах цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг энэ хуулийн 110-112 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна” гэж заасны дагуу үзлэг явуулах ба хэргийн оролцогчид бүгд байсан, үзлэгээр авагдсан баримтыг эргэлзээтэй, хуурамч гэх байдлаар ямар нэгэн маргаан гараагүй атал шүүх хуралдааны бус үед үзлэг, туршилт хийх үеийн хуулийн зохицуулалтыг буюу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн “...Хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг оролцуулан үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэсэн заалтыг үндэслэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг судлан давж заалдах шатны шүүхийн  магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал, “...Бичгийн нотлох баримт байгаа талаар гэрч ,,,,,,,,,,,,,, мэдүүлэг өгсөнтэй холбогдуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, цахим хаягт үзлэг хийлгэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч үзлэгийг 2019.10.16-ны өдрийн шүүх хуралдаанд тэмдэглэх байдлаар хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, эдгээр нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй...” гэснийг буруутгахгүй.

 Учир нь, ,,,,,,,,,,,,,, нь анхан шатны шүүх хуралдааны үеэр гэрчийн мэдүүлэг өгөх явцад 10,000 ам.доллар Солонгос улс руу шилжүүлсэн баримт байгаа талаар мэдүүлсэн, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тухайн баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг “нэхэмжлэгч уг баримтыг анхнаасаа мэдэж байсан, нэгэнт хүсэлт гаргах үе шат өнгөрсөн тул хүлээн авах боломжгүй” гэж үзэх нь учир дутагдалтай. Түүнчлэн, шүүх уг баримтыг нотлох баримтаар аваагүй байж хэрэгт ач холбогдолтой эсэхийг үнэлэх боломжгүй, иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 “... Анхан шатны шүүх хуралдааны үед үзлэг хийх үед хэргийн оролцогчид бүгд байсан, үзлэгээр авагдсан баримтыг эргэлзээтэй, хуурамч гэх байдлаар ямар нэгэн маргаан гараагүй атал давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны бус үед үзлэг, туршилт хийх үеийн хуулийн зохицуулалтыг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. “...Хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан, хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна...” гэсэн заалтыг үндэслэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...” гэх гомдлын тухайд, хуулийн дээрх зохицуулалт нь нотлох баримтыг бүрдүүлэхтэй холбоотой нийтлэг зохицуулалт тул уг журам шүүх хуралдааны үед ч хамааралтай, хэрэв шүүх хуралдааны үед үзлэг хийх боломжгүй бол хуралдаанаас өмнө хийх учиртай.

Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 422,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ЦАГААНЦООЖ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Б.МӨНХТУЯА