Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2021/03067

 

2021 оны 12 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2021/03067 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч:  дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт дамдинбазарын гудамж, 00 дугаар байрны 14 тоот хаягт оршин суух, Чонос овогт ын  /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, товер 000 тоот хаягт байрлах,  энержи ХХК /РД:/-д холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний үүрэг 52 831 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, гэрч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай  Эжиа энержи ХХК нь Монголд цахилгаан станц барих зорилгоор үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа.  Эжиа энержи ХХК нь санхүү мөнгөний бэрхшээлд орж үйл ажиллагаа удаа дараа доголдож байсан. Энэ үедээ Монгол улсын иргэн Ч.Одгэрэлээс  Эжиа энержи ХХК болон компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү Тэ Гуан нар 20 000 ам.доллар түр хугацаанд зээлээч гэсэн гуйлтын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 16-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Будда виста хотхон 100-117 тоотод хувьцаа эзэмшигч буюу ерөнхий захирал Ү Тэ Гуан, монгол талын гүйцэтгэх захирал Ц. нарт 20 000 ам.доллар бэлнээр хүлээлгэн өгсөн. Компани гаднаас хөрөнгө оруулалтаа авч үйл ажиллагаа хэвийн болонгуут зээлсэн 20 000 ам.долларыг 3 сарын дотор буцаан өгнө гэж тохиролцсон. Гэтэл тохирсон хугацаа өнгөрснөөс хойш одоог болтол 20 000 ам.долларыг буцаан өгөөгүй өдий хүрээд байна. Иргэн Ч.Одгэрэл нь иргэн Г. надад иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлж авсан талаар мэдэгдэж, 20 000 ам.долларыг өгөх талаар  Эжиа энержи ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү Тэ Гуан, монгол талын гүйцэтгэх захирал Ц. нарт удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө төлж барагдуулахгүй байна. Иймд  Эжиа энержи ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү Тэ Гуан нараас 2017 оны 01 дүгээр сарын 16-нд зээлдүүлсэн 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул захирал Ү Тэ Гуанаас татгалзаж компаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

 

 

Хариуцагч  эжиа энержи ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан  Эжиа энержи ХХК болон түүний хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү Тэ Гуан нар нь Ч.Одгэрэлээс 2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр компанийн үйл ажиллагаа доголдож, мөнгөний бэрхшээлд орсон тул 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөгийг зээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм.  Эжиа энержи ХХК нь нэхэмжлэгч Ч.Одгэрэлээс 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөгийг зээлээгүй талууд хооронд аливаа байдлаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлага нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч  эжиа энержи ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 000 ам.доллар буюу 52 831 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

 

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Ч.Одгэрэлээс 2019 оны 07 сарын 30-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу Ч.Одгэрэл болон хариуцагч  эжиа энержи ХХК нарын хооронд 2017 оны 01 сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардаж байна. гэж,

 

Хариуцагч ...иргэн Ч.Одгэрэлтэй зээлийн гэрээ байгуулаагүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй ... гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.

 

 

 

Ч.Одгэрэл болон Г. нарын хооронд 2019 оны 07 сарын 30-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ч.Одгэрэл нь  эжиа энержи ХХК-д 2017 оны 01 сарын 16-ны өдөр бэлнээр зээлдүүлсэн 20 000 ам.долларыг шаардан авах эрхийг Г.т шилжүүлсэн байна. /хх-52/

 

 

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлий 123.2 дахь хэсэгт ...шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно." гэж заасантай дээрх гэрээ нийцжээ.

 

 

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан.

 

 

 

Хэрэгт авагдсан Ч.Одгэрэлийн Худалдаа хөгжлийн банк дахь ам.долларын 452577684 тоот дансны хуулгаар 2017 оны 01 сарын 16-ны өдөр 21 470 ам.долларын зарлага гарсан,  Эжиа энержи ХХК-иас 2017 оны 12 сарын 08-ны өдөр Ч.Одгэрэлд ... Эжиа энержи ХХК-ийн хөрөнгө оруулагч бөгөөд ерөнхий захирал Ү Тэ Гуаны үүрэг болгосны дагуу 2017 оны 01 сарын 16-нд 3 сарын хугацаатай иргэн Ч.Одгэрэл таниас авсан 20 000 ам.долларыг удахгүй буцаан өгөх болохыг үүгээр дамжуулан мэдэгдэж байна. Удаасан учир шалтгаан нь тус компанийн Монгол улсын банкуудад байх бүх данс болон эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр битүүмжлэн, ямар ч гүйлгээ хийх боломжгүй болсон бөгөөд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсье. гэсэн албан бичиг хүрүүлсэн. Тус албан бичигт гүйцэтгэх захирал Ц. гэж гарын үсэг зурж тамга дарсан байна.

 

 

Хариуцагч  эжиа энержи ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ү Тэ Гуан бүртгэлтэй байх бөгөөд Ү Тэ Гуан, Ц. нарын хооронд 2018 оны 01 сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдан, Ц.ыг  эжиа энержи ХХК-ийн гадаад харилцааны хэлтэс, гүйцэтгэх захирлын албан тушаалд, сарын 1 000 000 төгрөгийн цалин хөлстэй ажиллуулахаар тохирчээ. /хх-74-82, 99/

 

 

 

Хэрэгт,  эжиа энержи ХХК гүйцэтгэх захирал  гэх нэрийн хуудас /хх45/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 11/21 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгч  эжиа энержи ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Ц. оролцсон талаарх тэмдэглэл /хх-41/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 02 сарын 22-ны өдрийн  эжиа энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. танаа үүрэг өгөх тухай гэх 5/275 дугаар албан бичиг,  эжиа энержи ХХК-иас 2018 оны 07 сарын 17-ны өдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд зөвшөөрөл олгож, туслалцаа үзүүлэх талаар 16/18 тоот албан бичигт гүйцэтгэх захирал Ц. гарын үсэг зурсан зэрэг эдгээр баримтаас үзэхэд Ц. нь хариуцагч  эжиа энержи ХХК-ийг төлөөлөн хэлцэл хийдэг байсан үйл баримт тогтоогдож байна.

 

 

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж тус тус заасан.

 

 

 

Хариуцагч  Эжиа энержи ХХК-иас 2017 оны 12 сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирал Ц.ы гарын үсэгтэй иргэн Ч.Одгэрэлд хүргүүлсэн зээл төлөх хугацааг хойшлуулах агуулга бүхий албан бичгийг  эжиа энержи ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 

 

Түүнчлэн гэрч Ц. шүүх хуралдаанд ...Компанийн үйл ажиллагаа 2016 оны 10 дугаар сараас доголдож, 12 сард цалин тавьж чадахгүй хэмжээний эдийн засгийн хүнд байдалд орсон.  эжиа энержи компанийн хувьцаа эзэмшигч Ү Тэ Гуан намайг дуудаад 20-50 мянган доллар яаралтай зээлэх үүрэг надад өгсөн. Ингээд би  эжиа энержи ХХК-ийн хажуу өрөөнд суудаг н.Одгэрэл гэх хүнээс асуутал тийм их хэмжээний мөнгө байхгүй 20 000 ам.доллар зээлүүлж болно гэсний дагуу тохиролцон, н.Одгэрэл , Ү Тэ Гуан захирал, бид 3 Худалдаа хөгжлийн банкнаас очиж бэлнээр аваад Будда виста дахь 117 тоотод ам.долларыг бэлнээр хүлээж авсан. Тухайн зээлсэн ам.долларын 10 000 ам.долларыг Ү Тэ Гуан захирал Солонгос улс руу шилжүүл гэсний дагуу би шилжүүлсэн. Үлдсэн 10 000 ам.долларыг ажилчдын цалин тавьсан... гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгавар гэх баримт авагдсан ба уг баримтаас үзэхэд Ц. нь 10 000 ам.долларыг түрээсийн төлбөр, түрээсийн барьцаа гэх утгаас Woo Dong Myn гэх этгээдэд шилжүүлсэн байна.

 

 

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан.

 

 

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр хариуцагчийн татгалзал няцаагдаж байх бөгөөд Ц.Одгэрэл болон хариуцагч  эжиа энержи ХХК нарын хооронд 2017 оны 01 сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч Ц.Одгэрэл нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 20 000 ам.долларыг зээлдэгч  эжиа энержи ХХК-д шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдож байна.

 

 

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 20 000 ам.долларыг шаардах эрхтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т ...гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...тооцно. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2019 оны 05 сарын 05-ны өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 641,58 төгрөгөөр тооцож 52 831 600 төгрөгийг хариуцагч  эжиа энержи ХХК-иас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

 

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч  эжиа энержи ХХК-иас 52 831 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г. /РД:/-т олгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 422 108 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ