Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2018/03707/И |
Дугаар | 102/ШШ2019/01851 |
Огноо | 2019-06-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2019/01851
2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2019/01851 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Хандгайтын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Б овогт М Г /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, С овогт Б-ийн Б /РД: .../-д холбогдох,
Гэрээг хүчингүйд тооцож, 57,154,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагчийн худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 48,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгч өмгөөлөгч С.Тэгшжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн М.Г би 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б.Боос 61-59 УБА улсын дугаартай, ... арлын дугаартай, Howo ZZ4257 N3241V загварын 2015 онд үйлдвэрлэсэн, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсад орж ирсэн өөрөө буулгагч, ачааны зориулалт бүхий улаан өнгийн тээврийн хэрэгслийг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн билээ. Худалдагч тал уг тээврийн хэрэгслийг надад худалдахдаа 2015 онд үйлдвэрлэсэн, 2018 онд Монголд орж ирсэн шинэ машин учир ямар ч асуудал байхгүй гэж тайлбарласан. Ингээд 52,000,000 төгрөг урьдчилгаанд өгч, үлдсэн 48,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор өгөхөөр тохиролцож, уг машины 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшилд авсан. Ингээд маргааш нь буюу 17-ны өдөр Өмнөговь аймагт байрлах Таван толгой-н уурхай руу ажилд явуулсан бөгөөд маргааш нь тус газартаа очиж эхний ачилтаа хийх гэтэл хойд чулакны баруун хойд хэсэг нь хагархай, мөн дээд хэсэгтээ бяцралт цууралттай байсны улмаас маш их хэмжээний тос алдалттай байсныг тухайн үед худалдагч тал болох Б.Бод мэдэгдэхэд машин чинь хаана байна, үзэх хэрэгтэй байна гэхэд нь уг машиныг Улаанбаатар хотод авч ирээд Б.Бод үзүүлэхээр уулзах гэтэл зугтаасаар байгаа билээ. Үүнээс гадна эхний ажлыг хийх гэтэл хороп-д эвдрэл гарсан бөгөөд холбогдох сэлбэгийг явуулж засуулсан боловч машин үндсэн чиг үүргийн дагуу ажиллах боломжгүй байсан учир машиныг Улаанбаатар хотод Сонор трак ХХК-ийн Монгол засвар-ын газар үзлэг, оношилгоо засвар хийлгэхэд уг машиныг хуучин машин /капитал/, мөн хороп хойд чулак нь Норд бенз загварын машины эд ангийг орлуулан хийж будаж янзалаад танд зарсан байна гэж хэлсэн. Үүнээс гадна бусад эд ангиуд нь ихэнх нь хуучин, ашиглалтын шаардлага хангахгүй болохыг нь мэдсэн. Б.Б нь уг тээврийн хэрэгслийг хуучин, хулхи гэдгийг мэдсээр байж намайг хуурч мэхэлж, биет байдлын доголдолтой эд зүйл зарсан. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Бтой 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчингүйд тооцож, гэрээний урьдчилгаанд төлсөн 52,000,000 төгрөг, тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардалд 5,154,000 төгрөг, нийт 57,154,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд тайлбар хэлэхэд: Аливаа зүйлийг зарж байгаа хүн эвдрэлгүй, ашиглах боломжтой зүйлийг бусдад борлуулах ёстой. Гэтэл Б.Б нь энэ эвдрэлийг мэдсээр байж надад зарж, миний эрхийг ашгийг хохироосон тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 189, 243, 262, 263 дугаар зүйлийг үндэслэж гэрээ хийсэн. Гэрээний үндсэн стандарт шаардлагыг хангасан байх ёстой. Гэрээний 3.5 дэх хэсэгт худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол худалдан авагч тал хариуцахгүй гэж заасан. Мөн 3.2 дэх хэсэгт худалдаж байгаа тээврийн хэрэгсэл нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслүүлээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байх ёстой гэсэн заалт байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн доголдол нь нэхэмжлэгчийг худалдан авахад илтэд ил харагдах доголдол биш гэж үзэж байна. Учир нь гадна талаасаа хүний нүдэнд ил харагдах хэмжээний доголдол байсан бол тухайн үед худалдан авагч хараагүй авсан тохиолдолд өөрийнх нь буруутай үйлдэл хэмээн тайлбарлах боломжтой. Уг тээврийн хэрэгсэл хөрс хуулалтын ажилд явж эхлээгүй, явах замдаа эвдэрсэн. Анх 800 км явсан гэж байсан. Завсарын газар байхад нь очиж харсан 1455 км явсан байгаа. Уг тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч, тээврийг хэрэгслийг задалсан засварчин, гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 638 тоот шинжээчийн дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн HOWO маркийн автомашин болон харьцуулах загвараар ирүүлсэн HOWO маркийн автомашины хурдны хайрцагны хөшүүргийн байрлал, хойд тэнхлэгийн хагас голын таг хэлбэр загварын хувьд харилцан өөр өөр байна гэж тодорхойлсон. Хариуцагч талаас импортоор оруулж ирээд шууд зарсан хуурамч гэдгийг нь мэдээгүй гэж байна. Энэ нь хариуцагч талын өөрсдийнх нь асуудал. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заалтыг хариуцагч талаас үгүйсгэж чадахгүй байна гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 253, 254 дугаар зүйлд заасан гэрээний стандарт заалтуудыг зөрчсөн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэсэн заалт байгаа. Тухайн үед тээврийн хэрэгслийг худалдсан Б.Бтой удаа дараа холбогдож, уулзаж, ярилцъя гэсэн шаардлагыг тавьж байсан. Ингээд эцсийн шат буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардах эрхээ хангаж оролцож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд: М.Ггийн гаргасан нэхэмжлэлд дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээ-г байгуулж, Хово маркийн машиныг худалдсан. Машины ямар нэгэн эд ангийг хариуцагчийн зүгээс засч янзалсан, сольсон зүйл байхгүй. Импортоор оруулж ирсэн тэр байдлаар нь өгсөн. Уг машиныг нэхэмжлэгч нь үзэж харж шалгасны үндсэн дээр худалдан авсан бөгөөд ямар нэгэн шаардлага гаргаагүй болно. Иймд гэрээг хүчингүй болгуулж, 57,154,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Б.Б, М.Г нар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б.Боос 61-59 УБА улсын дугаартай, ... арлын дугаартай, Howo ZZ4257 N3241V загварын 2015 онд үйлдвэрлэсэн, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсад орж ирсэн өөрөө буулгагч, ачааны зориулалт бүхий улаан өнгийн тээврийн хэрэгслийг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Ингээд 52,000,000 төгрөг урьдчилгаанд авсан, үлдсэн 48,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Г 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор өгөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байдаг. Б.Бын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эрхийн болон биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгслийг М.Гд 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн. М.Г нь гэрээний урьдчилгаанд 52,000,000 төгрөг өгсөн, харин үлдэгдэл 48,000,000 төгрөгийг төлөх хугацаа нь хэтэрсэн тул нэхэмжлэгч М.Ггаас 48,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хуурч мэхэлнэ гэдэг нь мэдсээр байж үйлдэж байгаа үйл явдал юм. Шинжээчийн дүгнэлтээр хороп HOWO загварын автомашиных биш гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас нэг ч удаа хөрс хуулалтын ажил хийгээгүй гэж байна. Гэтэл 1 сарын хугацаанд ажил хийх гэсэн явахгүй байсан, засвартай байсан гэдэг. Тэгэхээр ажил хийсэн гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлгийг нөгөө тал маань дурдаж байна. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож Таван толгой явсан жолооч, гэрчийн мэдүүлэг бодит байдалтай нийцэхгүй. Засварын газраас хороп нь эвдэрсэн тул хоропоо соль гэсэн зүйл байдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг хууран мэхэлсэн үйл баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Б.Бод холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, тээврийн хэрэгслийн урьдчилгаанд төлсөн 52,000,000 төгрөг, завсарлахад гарсан зардалд 5,154,000 төгрөг, нийт 57,154,000 гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
А.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч М.Г, хариуцагч Б.Б нар нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 61-59 УБА улсын дугаартай, ... арлын дугаартай, Howo ZZ4257 N3241V загварын 2015 онд үйлдвэрлэсэн, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсад орж ирсэн өөрөө буулгагч, ачааны зориулалт бүхий улаан өнгийн тээврийн хэрэгслийг 100,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах, урьдчилгаанд 52,000,000 төгрөг төлж, үлдэх 48,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор өгөхөөр тохиролцож худалдах-худалдах авах тухай гэрээ байгуулсан болох нь тухайн гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Талууд гэрээ байгуулсанд болон урьдчилгаанд нэхэмжлэгч М.Г 52,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй болно.
Зохигчид Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж байгуулсан боловч гэрээг шинжлэн судалбал уг гэрээгээр талууд хүү тохироогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. Гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч шүүхэд ... 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б.Б биет байдлын доголдолтой машиныг мэдсээр байж, намайг хуурч, мэхлэн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авсан тул уг гэрээг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчингүйд тооцож, 57,154,000 төгрөг гаргуулах гэх шаардлагыг гаргажээ.
Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэдэг. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад болон нэхэмжлэгч гэрээний урьдчилгаанд төлсөн 52,000,000 төгрөг, засварын зардал 5,154,000 төгрөг, нийт 57,154,000 төгрөгөө авахаар шаардаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Б.Бтой 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэжээ.
Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 638 дугаар Шинжээчийн дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн ... арлын дугаартай, Howo маркийн тээврийн хэрэгсэлд засвар хийсэн байх боломжтой, тухайн тээврийн хэрэгсэл бүхэлдээ угсармал эсэхийг тодорхойлох боломжгүй, шинжилгээнд ирүүлсэн Howo маркийн автомашин болон харьцуулах загвараар ирүүлсэн Howo маркийн автомашины хурдны хайрцагны хөшүүргийн байрлал, хойд тэнхлэгийн хагас голын таг хэлбэр загварын хувьд харилцан өөр өөр байна гэжээ, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Өлзий-Оршихын ... Ховоны хоропны сэлбэг хайж ирсэн. Тэгэхээр нь би Хово-ны туслах хороп өгөөд явуулсан, маргааш нь таарахгүй байна гээд аваад ирэхээр нь таарахгүй байгаа хоропоо тайлаад аваад ир гэхэд маргааш нь тайлаад аваад ирсэн. Харсан чинь Бенз-ны хороп байсан гэх мэдүүлэг, мөн Монгол засвар газрын засварчин, гэрч Н.Лхагвадоржийн ...61-59 УБА улсын дугаартай Хово маркийн автомашин манай засварын газар 2018 оны 6 дугаар сард Хороп эвдрэлтэй, араа шилжихгүй, моторын тос гоожсон, сальник солиулна гэж ирсэн. Засварын явцад үзэхэд эд ангиуд нь өөрийнх нь биш, Норд бенз машины эд ангиуд байсан, өөрөөр хэлбэл угсармал /капитал/ машин байсан гэх мэдүүлэг, мөн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан, гэрч И.Батмөнхийн ... цоо шинэ Хово авсан гэхээр нь тухай машиныг унаад Таван толгой руу явсан. Замдаа 5 дугаар араандаа орохоо больсон, очсон хойноо тэндэхийн засварчингаар үзүүлэхэд хоропны араанууд нь хугарсан байсан, угсармал /капитал/ тэрэг байна гэж хэлсэн гэх мэдүүлгүүдээс үзэхэд хариуцагч Б.Б нь биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул гэрээний урьдчилгаанд төлсөн 52,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Эвдрэлтэй тээврийн хэрэгслийг хуурч мэхэлж хэлцэл хийсэн тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчингүйд тооцож өгнө үү гэх шаардлагыг гаргасан ба нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан байна. Гэвч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хуурч мэхэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Г нь тухайн тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардалд 5,154,000 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээ нотлохоор /хавтаст хэргийн 8-20 дугаар тал/-д зарлагын баримт, нэхэмжлэх зэрэг баримтуудыг гаргаж өгчээ. Гэвч 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 80,000 төгрөгийн, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 153,000 төгрөгийн, 2018 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 15,000 төгрөгийн, мөн өдрийн 781,000 төгрөгийн, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 460,000 төгрөг, мөн өдрийн 60,000 төгрөгийн, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 100,000 төгрөгийн, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 20,000 төгрөгийн зарлагын баримтууд дээрх бичвэр нь бүдгэрч ямар эд зүйл худалдан авсан нь тодорхойгүй болсон, гарын үсэг, тэмдэггүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй эд зүйл худалдан авсан байх тул эдгээр баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж дүгнэх боломжгүй байна. Харин 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гол, сальник, сэрээ, хүнд араа зэрэг сэлбэг хэрэгсэл худалдан авсан 2,110,000 төгрөгийн, мөн өдөр сэрээ зэрэг сэлбэг худалдан авсан 180,000 төгрөгийн, 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 40,000 төгрөгөөр шланк зэрэг сэлбэг худалдан авсан гэх зарлагын баримтууд нь хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангаж байх тул хариуцагчаас тухайн тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардалд 2,330,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 2,824,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Б.Хариуцагч Б.Бын сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Б.Б нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 48,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Б.Б өөрөө зохих ёсоор биелүүлээгүй буюу биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч М.Г нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б.Бтой байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул хариуцагч Б.Б гэрээний үүрэг нэхэмжлэх эрхгүй гэж шүүх үзлээ.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Боос 54,330,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Гд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2,824,000 төгрөгт холбогдох хэсгийг, мөн хариуцагчийн нэхэмжлэгчээс 48,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Боос 54,330,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Гд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэх хэсгийг, мөн 2,824,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчээс 48,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,720 төгрөгийг, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 429,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 94,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР