Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/шш2020/01812

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ..., хариуцагчийн өмгөөлөгч... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ...шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ...тай Зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. ... нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг 10 хоног тутам төлөх ёстой байсан боловч огт төлөлгүй янз бүрийн үнэн худал нь мэдэгдэхгүй шалтаг тоочсоор зээлийн хүү төлөх хугацааг 287 хоногоор, үндсэн зээл төлөх хугацааг 236 хоногоор хэтрүүлсэн. Зээлийн гэрээний 4-т заасны дагуу зээлийн нийт хүү 3,000,000 төгрөгийн 287 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги нь 4,305,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн үндсэн зээлийг 236 хоног хэтрүүлсний алданги 10,205,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги нь нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 5,000,000 төгрөгийн үндсэн зээлийн алдангийг 2,500,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн зээлийн хүүгийн алдангийг 1,500,000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 12,000,000 төгрөгийг ...аас гаргуулахаар нэхэмжилж байна.

... ...д зээлийн мөнгийг хүлээлгэж өгсөн нь үнэн. Үүнийг гэрч ... өөрөө нотолдог тул ...оос ...д зээлдүүлсэн зээлийн мөнгийг ...гаас тусдаа авсан мэтээр ойлгож болохгүй. Энэ мөнгийг ... хүлээлгэж өгөөд, дараа нь ... өөрийн хүсэл зоригийг илэрхийлж ... зээлийн гэрээ байгуулчихаад, үүнийгээ үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бараа хүлээлгэж өгсөн тухай баримт хэрэгт байдаг. Зээлийн хүү төлөхөөсөө өмнө бараа өгнө гэж байхгүй. Би чамаас мөнгөнийхөө оронд бараа авчихъя гэж тохирсон зүйл байхгүй. Иргэн ... 5,000,000 төгрөгөө буцааж өгье гэж зээл авсан. Гэтэл ...д надад мөнгө өгч байсан учраас бараагаар ... өрийг төлж байсан гэдэг нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд оролцсон гэрч ...гийн тайлбараас үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаас 2,599,845 төгрөгийг хасч, үлдэх 9,400,155 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн зээл болох 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, хүүнд 3,000,000 төгрөгөөс гэрчийн мэдүүлгээр 7 удаагийн санхүүгийн баримтаар 1,733,230 төгрөгийг хасч 1,266,770 хүүгээ нэхэмжилнэ. Хүүний алдангид үүний 50 хувь болон 633,385 төгрөгийг нэхэмжилж байгаа. ... нь ...гаас мөнгө авсан гэж тайлбарлаад байгаа боловч ... гэрээ хийсэн. ... гэрээ байгуулсан нь ... мөнгийг зээлж байгаагаа ойлгож гэрээ байгуулсан гэж үзэж байна... гэв.

Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч ... хамт гаргасан тайлбартаа:

... би ямар ч мөнгө зээлж аваагүй. Харин түүний дотны хүн болох ... овогтой ... 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг зээлсэн. Би архи, пиво, ус, ундааны бөөний цэг ажиллуулдаг байсан. ... нь .. захын хажууд караоке паб ажиллуулдаг ба, түүнд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь өгдөг байсан. Одоо надад ..., .. нарт өгөх өр байхгүй. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлсэн мөнгөө энэ өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 26 удаагийн баримтаар архи, пиво, ус, ундаа болон бусад бараа бүтээгдэхүүнээр 6,542,510 төгрөг болгон төлж барагдуулсан. ... нь эдгээр бараа бүтээгдэхүүнийг авснаа хүлээн зөвшөөрч, өөрийн гарын үсгийг зурж баталгаажуулсан. ... нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зээлсэн 13,500,000 төгрөгийн гэрээгээ ... хийлгүүлж, дараа нь 5,000,000 төгрөгийн гэрээгээ мөн ... хий гэснээр 4 дүгээр сарын 10-ны өдөр нөхөн гэрээ хийлгүүлсэн. ... нь 5,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр тохирч, энэ мөнгөө манай худалдагч ... цаасан дээр гарын үсэг зуруулж хүлээлгэн өгөөд, тэр мөнгийг нь .. надад дамжуулж өгсөн. Ингэхдээ цаасан дээр бичүүлсэн баримтаа өөрөө аваад, хуулбарлаж өгөөгүй. Энэ мөнгийг ... худалдагч ... зээлсэн гэж гүтгэн, .. дүүргийн цагдаагийн байгууллагад шалгуулсан. Мөрдөн байцаагч шалгаж үзээд ... нийт 10,000,000 төгрөг аваагүйг нотолж, эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй хэмээн үзэж, өргөдлийг хаасан. ... нь цаасан дээр нэг бичүүлээд, мөн ... нэг зээлийн гэрээ байгуулуулаад, нэг үйл явдалд хоёр бичиг баримт бүрдүүлсэн. Би ... ямар ч мөнгө гардаж аваагүй. Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. ... өөрөө мөнгө өгөөгүй байж, ...г олон удаа бараа бүтээгдэхүүнээр мөнгөө авч байсныг мэдсээр байж хүү, зээлийг төлөөгүй мэтээр намайг гүтгэж байна.

Энэ 5,000,000 төгрөгийг хэний мөнгө гэдгийг тогтоож байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. ... Цагдаагийн хэлтэст гомдол гаргахдаа энэ миний мөнгө гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн гэрчээр мэдүүлэг өгөхдөө бас миний мөнгө гэж мэдүүлсэн байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны Цагдаад өгсөн мэдүүлэг дээрээ ... гэдэг хүн 5,000,000 төгрөг өгөөгүй гэж мэдүүлсэн байдаг. Эндээс харахад энэ 5,000,000 төгрөг ...х биш ...гийн мөнгө гэж харагдаж байна. Гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар ийм үйл баримт тогтоогдож байна. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй байгуулсан. Зээлийн гэрээний 8 дээр зээл авагчид 5,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр өгсөн гэж бичигдсэн байгаа. Гэрч тус тусдаа 5,000,000 төгрөгийн асуудал байхгүй гэж мэдүүлсэн. Гэрчийн зүгээс 10 хоногийн хугацаанд 1 хувийн хүүтэй гэж хэлсэн. Иргэний хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. ...г ...д 5,000,000 төгрөгийг өгснөөр буюу амаар зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ мөнгийг авсан гэдгээ мэдүүлсэн байгаа. ... байгуулсан зээлийн гэрээг үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш мөнгө аваагүй. ... болон ... нарын хооронд хийсэн зээлийн гэрээний харилцаанд өөр этгээд орж ирж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаас2,599,845 төгрөгийг хасч багасган, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,266,770 төгрөг, алданги 3,133,385 төгрөг, нийт 9,400,155 төгрөгийг ...аас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч зээлийн мөнгө 5,000,000 төгрөгийг ...оос бус ... гэгчээс хүлээн авч, төлбөрийг бараа материалаар төлж барагдуулсан учир нэхэмжлэгчид төлөх төлбөргүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ..., ... нарын хооронд Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ... нь зээлдэгч ...д 5,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар, нэг сарын 30 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэг тус тус хүлээж, зээлийн мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгчид бэлнээр өгсөн болохыг тусган, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-4/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн, гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр Зээлийн гэрээ байх бөгөөд, зохигчид уг гэрээ бичгээр байгуулагдсан талаар маргаагүй.

Харин зээлийн гэрээний мөнгө 5,000,000 төгрөгийг зээлдэгчид зээлдүүлэгчээс шилжүүлсэн эсэх, тухайн зээл эргэн төлөгдсөн эсэх талаар зохигчид өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд гэрээг бичгээр байгуулахаас өмнө 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлэгч нь зээлдэгчид 5,000,000 төгрөгийг бусдаар дамжуулан хүлээлгэж өгсөн учраас зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгө шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж, гэрээний дагуу шаардах эрхээ тодорхойлсон.

Харин хариуцагч тал тухайн 5,000,000 төгрөгийг иргэн ...гаас хүлээн авсан талаар маргахгүй боловч, уг мөнгийг зээлдүүлэгч ...оос аваагүй учир зээл бодитоор олгогдоогүй, ...гаас авсан 5,000,000 төгрөгийг буцааж 6,542,510 төгрөг болгон бараа материалаар төлж барагдуулсан... хэмээн маргаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд, ... зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө өөрийн ажилтан ...гаар дамжуулан ...д 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан ...гийн тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрч ...мэдүүлэг, хариуцагч ...ын Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн мөнгийг ... нь ...оос хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. /1-р хх-4, 76, 91/

Түүнчлэн хариуцагч зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд тооцон ...д бараа материал бөөний үнээр хүлээлгэн өгч байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан, хэрэгт нотлох баримтаар авагдсан Зарлагын баримтуудад зээлийн хүү гэж бичсэн зэргийг харьцуулан дүгнэвэл хариуцагчийн ...оос 5,000,000 төгрөг зээлээгүй гэх татгалзал үгүйсгэгдэж байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ... нь ...д зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдэгч нь үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан боловч, уг гэрээгээр зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор буюу зээлийн хүүгийн хэмжээг нэг сарын 30 хувийн хүүтэй байхаар заасан нь хэт өндөр байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шүүх зээлийн хүүг сарын 10 хувь болгож багасган, үндсэн зээл 5,000,000 төгрөг, 2 сарын зээлийн хүүгийн төлбөр 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгөөс төлбөрийг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь маргаан бүхий зээлийн болон зээлийн хүүгийн төлбөрт тооцон нийт 6,542,510 төгрөгийн бараа материалаар ...д төлж дуусгасан хэмээн тайлбарлаж, бараа материалуудыг иргэн ...д хүлээлгэн өгсөн ..ХХК-ийн Зарлагын баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргасан байна. /1-р хх 21-33/

.. ХХК нь нэг гишүүнтэй, хүнсний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд ба, хариуцагч ... тус компанийн захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, гэрч ... эдгээр зарлагын баримтуудаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ...оос олгосон зөвшөөрлийн дагуу ...аас зээлийн гэрээний үүрэгт зээлийн болон зээлийн хүүгийн төлбөрт тооцон бараа материал авч, зээлдүүлэгч ...д олгож байсан талаар мэдүүлсэн тул тэдгээр зарлагын баримтаар олгосон бараа материалаар зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцож төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,599,845 төгрөгийг хасч нэхэмжлэлийг багасгахдаа, зээл олгогдсон 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн болон үүнээс өмнөх төлбөрийн баримтуудыг ..., ... нарын зээлийн гэрээний үүрэгт хамаарахгүй гэж тайлбарлан, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны 1,733,230 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт тооцсон байна.

Хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар хариуцагч нийт 6,542,510 төгрөг төлсөн гэх боловч, уг зээлийн гэрээнд хамаарах 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны баримтуудаар нийт 5,837,230 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон ба, хариуцагч ... нь уг төлбөрт гэрч ...д төлөх 1,200,000 төгрөгийн төлөлт орсон хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул хариуцагчийн нийт төлсөн 5,837,230 төгрөгөөс ...д тусад нь төлсөн 1,200,000 төгрөгийг хасч, 4,637,230 төгрөгийг ...д зээлийн гэрээний дагуу төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Талууд зээлийн гэрээг мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш 10 хоногийн дараа нөхөж бичгээр байгуулсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч уг гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүг тооцон шаардсан тул 3 дугаар сарын 31-ний өдөр төлөгдсөн 306,220 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт тооцох нь зүйтэй. /1-р хх-21/

Хариуцагч ... зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг төлөхөөс 4,637,230 төгрөгийг төлж, 1,362,770 төгрөгийн үндсэн зээл төлөлгүй, шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Зээлийн гэрээний 4 дэх хэсэгт зохицуулснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй.

Хууль болон гэрээнд зааснаар алданги тооцвол алдангийн хэмжээ нийт гүйцэтгээгүй үүрэг 1,362,770 төгрөгөөс хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцон 681,385 төгрөгийг зээлийн үлдэгдэлд нэмж, нийт 2,044,155 төгрөгийг хариуцагч ...аас гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,356,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...аас 2,044,155 /хоёр сая дөчин дөрвөн мянга нэг зуун тавин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,356,000 /долоон сая гурван зуун тавин зургаан мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,656 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА