Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/01131

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01131

 

Ц.Содномын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/00793 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Содномын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ю.Чимэддуламд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бат-Эрдэнэ

Хариуцагч: Ю.Чимэддулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Содном шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ю.Чимэддуламтай зээлийн гэрээг байгуулж, 5 000 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагч зээлийн хүүг 10 хоног тутамд төлөх ёстой байсан боловч хүү болон үндсэн зээлээ төлөөгүй. Гэтэл зээлдэгч Ц.Содномоос 5 000 000 төгрөгийг аваагүй, З.Энхтуяагаас авсан гэж маргадаг. Үнэн хэрэгтээ хариуцагч гэрч З.Энхтуяагаас мөнгө зээлэхийг хүсэхэд надад байхгүй, захирлаас асууж өгье гэж хэлээд З.Энхтуяа нь нэхэмжлэгчээс бэлнээр 5 000 000 төгрөгийг аваад Ю.Чимэддуламын дэлгүүр дээр хүргэж өгсөн байдаг. Дараа нь нэхэмжлэгч, хариуцагч хоёр уулзаад гэрээг бичгээр байгуулж, гэрээний арын хуудсан дээр 5.000.000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ Ю.Чимэддулам бичиж, гарын үсгээ зурсан. Эдгээр үйл баримтууд хариуцагчийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр асуугдсан Ю.Чимэддулам, З.Энхтуяа нарын мэдүүлгээр тогтоогддог. Хариуцагч энэ мөнгийг З.Энхтуяад бараа материалаар төлсөн гэж хэлдэг ч Ю.Чимэддулам, З.Энхтуяа нарын хоорондын асуудлыг тусад нь шийдвэрлэх нь зүйтэй. Зээлийн хүү төлөх хугацааг 287 хоногоор, үндсэн зээл төлөх хугацааг 236 хоногоор хэтрүүлсэн тул гэрээний 4 дэх хэсэгт зааснаар хүү  3 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 4 305 000 төгрөг мөн 5 000 000 төгрөгийн үндсэн зээлийг 236 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 5 900 000 төгрөг, нийт алданги 10 205 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас алданги хэтэрч болохгүй тул 2.500.000 төгрөг, 1 500 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, 2 сарын хүү 3 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

          Хариуцагч Ю.Чимэддулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ц.Содномоос ямар ч мөнгө аваагүй. Харин түүний танил З.Энхтуяагаас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч тэрээр дарамталж байгаад байгуулсан. Би З.Энхтуяагаас мөнгө асуухад надад одоо алга, өөр хүнээс асууж өгье гэж хэлсэн. Дараа нь над руу залгаж мөнгө олсон гэж хэлсэн бөгөөд би тухайн үед гадуур ажлаар явж байна, дэлгүүр дээр аваачаад худалдагчид өгчих гэхэд 5 000 000 төгрөгийг өгсөн байсан. З.Энхтуяагаас энэ үед авсан мөнгөө 6 500 000 төгрөг болгож буцаан төлсөн. Мөн өмнө нь З.Энхтуяагаас хэд хэдэн удаа зээлсэн бөгөөд нийт 45 500 000 төгрөг зээлснээ зээл, зээлийн хүүгийн хамт нийт 67 250 000 төгрөг болгон буцаан төлсөн. Уг зээлсэн мөнгөний хүүд бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүн оролцуулж, 21 750 000 төгрөгийн архи, пиво, ус, ундааг үйлдвэрийн үнээр өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дэлгүүрийн худалдагчид өгсөн 5 000 000 төгрөгт гэрээ хий гэж дарамтлаад сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Содномтой зээлийн гэрээ нөхөж хийсэн. З.Энхтуяа нэг үйлдэлд хоёр зээлийн төлбөр өгсөн мэтээр бичиг баримт бүрдүүлсэн. Би нэхэмжлэгч Ц.Содномоос ямар ч мөнгө аваагүй, түүнд төлөх өр төлбөр байхгүй. З.Энхтуяагаас авсан мөнгийг Ц.Содномоос авсан мөнгө болгож, намайг дарамталж байгаад зээлийн гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн хууран мэхэлж хэлцэл хийж, хүү алдангийг их хувиар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Тухайн үед дарамтанд орж, зээлийн гэрээг байгуулсан тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус юм. иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 282 пугаар зүйлийн 282.2, 282.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Монгол овогт Юмжирдуламын Чимэддуламаас 8 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хүсэн түг овогт Цэндээхүүгийн Содномд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 150.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ю.Чимэддулам давж заалдах гомдолдоо:

... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмьн дагуу үнэлээгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт З.Энхтуяагийн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн байдлыг үнэлдэг. З.Энхтуяа өөрөө манай дэлгүүрийн худалдагч Б.Бадамгаравт мөнгө өгчихөөд Ц.Содномыг өгсөн болгож надтай гэрээ хийлгүүлсэн. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2076 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд нь 3.Энхтуяа нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг өгсөн боловч одоо болтол өгөхгүй байна гээд цагдаад гомдол гаргасан. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр З.Энхтуяа цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...надад 5 000 000 төгрөгийн хүүд нь тооцож 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлээд архи, пиво, ус, ундаа өгсөн. Одоо зээлийн үндсэн төлбөр болох 5 000 000 төгрөгийг авах гэтэл зугтаад байгаа гэж мэдүүлсэн. Түүнчлэн цагдаагийн ажилтан та Ю.Чимэддуламд 5 000 000 төгрөг, Ц.Содном гэх хүн энэ мөнгөнөөс тусдаа 5 000 000 төгрөг өгсөн юм уу гэж асуухад ... үгүй ээ Ц.Содном бид хоёр 5 000 000 төгрөг өгсөн. Тус тусдаа мөнгө өгөөгүй гэж хэлсэн байхад уг байдлыг анхан шатны шүүх анхааралгүй З.Энхтуяаг зуучлалын үүрэг гүйцэтгэсэн гэж буруу дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох тул шүүх хуралдааны товыг надад мэдэгдэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Содном нь хариуцагч Ю.Чимэддуламд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.Содном нь Ю.Чимэддуламд 5 000 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцсон бичгийн гэрээ хэрэгт авагдсан байна. /хх-ийн 4 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу бичгээр байгуулагдсан гэрээ байх тул нэхэмжлэгч Ц.Содном нь хариуцагч Ю.Чимэддуламаас уг гэрээний үүргийг шаардах эрхтэй. Хариуцагч Ю.Чимэддулам нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд нэхэмжлэгч Ц.Содном нь хариуцагч Ю.Чимэддуламд гэрээний зүйл болох 5 000 000 төгрөгийг З.Энхтуяагаар дамжуулан өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрч З.Энхтуяа, Б.Бадамгарав нарын мэдүүлэгээр тогтоогдож байх тул уг гэрээг бодитоор биелэгдсэн гэрээ гэж үзнэ. /хх-ийн 74-76, 85-89 тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул хариуцагч Ю.Чимэддулам зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй болно.

 

Хариуцагч Ю.Чимэддулам нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...З.Энхтуяагаас авсан 5 000 000 төгрөгийг Ц.Содномоос авсан мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан, зээлж авсан 5 000 000 төгрөгийг 6 500 000 төгрөг болгон буцааж төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, зээлийн төлбөрийг буцаан төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Анхан шатны шүүх Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын сарын хүү 1,7-3,5, 5-10 хувь байгааг харгалзан үзэж зээлийн хүүг 10 хувь болгон багасгасныг буруутгах боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Гэрээний 4-д гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээл олгогчид төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Содном хариуцагч Ю.Чимэддуламаас алданги нэхэмжлэх эрхтэй юм. Анхан шатны шүүх алдангийг үндсэн зээлийн төлбөрөөс тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч Ю.Чимэддуламаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 1 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 8 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/00793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ю.Чимэдуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО