Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 685

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00451 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ю.Ч-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Ю.Ч-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Ч- нь З.Э-гаас мөнгө зээлэхийг хүссэн ба З.Э- нь Ц.С-оос мөнгө авч өгөхөөр тохирсон. Үүний дагуу З.Э- нь Ц.С-оос 5 000 000 төгрөг авч, Ю.Ч-д дамжуулж өгсөн. Улмаар Ц.С- 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ю.Ч-тай зээлийн гэрээг нөхөн байгуулсан. Уг гэрээгээр 5 000 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэрээний арын хуудас дээр 5 000 000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ Ю.Ч- бичиж, гарын үсэг зурсан. Гэтэл Ю.Ч- нь үндсэн зээл болон хүүг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй. Энэ талаар Ю.Ч- нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ Ц.С-оос мөнгө зээлсэн гэж мэдүүлсэн. Харин З.Э- болон Ю.Ч- нарын хооронд зээлийн болон бараа материал өгч, авалцсан гэх асуудал уг зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй. Зээлийн хүү төлөх хугацааг 287 хоногоор, үндсэн зээл төлөх хугацааг 236 хоногоор хэтрүүлсэн тул гэрээнд зааснаар хүү 3 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 4 305 000 төгрөг, мөн 5 000 000 төгрөгийн үндсэн зээлийг 236 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 5 900 000 төгрөг, нийт алданги 10 205 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас алданги хэтэрч болохгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, 2 сарын хүү 3 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ю.Ч- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Ч- нь З.Э-гаас мөнгө зээлүүлэх талаар асуухад тэрээр хүнээс асууж өгье гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг З.Э-гаас  зээлсэн. Ц.С-той байгуулсан зээлийн гэрээг тэрээр дарамталж байгаад сүүлд нөхөн байгуулсан. Уг гэрээний дагуу мөнгө зээлж аваагүй.  З.Э-гаас зээлж авсан 5 000 000 төгрөгийг 6 500 000 төгрөг болгон буцаан төлсөн. Өмнө нь З.Э-гаас хэд хэдэн удаа зээлсэн бөгөөд нийт 45 500 000 төгрөг зээлсэн зээл, зээлийн хүүгийн хамт нийт 67 250 000 төгрөг болгон буцаан төлсөн. Уг зээлсэн мөнгөний хүүд бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүн оролцуулж, 21 750 000 төгрөгийн архи, пиво, ус, ундааг үйлдвэрийн үнээр өгсөн. З.Э- нэг үйлдэлд хоёр зээлийн төлбөр өгсөн мэтээр бичиг баримт бүрдүүлсэн. З.Э-гаас авсан мөнгийг Ц.С-оос авсан мөнгө болгож, намайг дарамталж байгаад зээлийн гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн хууран мэхэлж хэлцэл хийсэн. Тухайн үед дарамтанд орж, зээлийн гэрээг байгуулсан тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Ч-аас 8 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 150 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлоогүй, хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/00793 дугаартай шийдвэрийг хуулбарлах байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц.С-, хариуцагч Ю.Ч- нарын хооронд аливаа байдлаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагч талаас аливаа байдлаар Ц.С-той холбогдож мөнгө зээлэх талаар огт харилцаж байгаагүй байдаг. Учир нь З.Э- гэх хүнээс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг зээлж авахаар тохиролцсоны дагуу З.Э- нь 5 000 000 төгрөгийг авч ирж өгсөн. З.Э- нь Ю.Ч-д зээлдүүлсэн 5 000 000 төгрөгөө авч чадахгүй байна, миний мөнгийг залилаад авчихлаа гэх утга бүхий өргөдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан бөгөөд өргөдлийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ “... 5 000 000 төгрөгийнхөө хүүд нь бодуулж 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлээд бараа буюу архи пиво, ус ундаа өгсөн юм. Тэгээд би одоо өөрийн үндсэн мөнгө болох 5 000 000 төгрөгөө авья гэхэд өгөхгүй зугатаад байгаа юм” гэж мэдүүлсэн байдаг.  Энэхүү мэдүүлгээс харахад дээрх 5 000 000 төгрөгийг З.Э- нь миний мөнгө хэмээн тайлбарласан байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйн сацуу гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр З.Э-гаас авсан 5 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 26 удаагийн үйлдлээр архи, пиво, ус ундаа болон бусад бараа бүтээгдэхүүнээр 6 542 510 төгрөг болгон төлж барагдуулсан талаарх баримтыг нотлох баримтаар гарган өгсөн хэдий ч шүүх уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй хэргийг шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан  атал хариуцагч талаас гарган өгсөн баримтуудыг огт үнэлээгүйн сацуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч Ю.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн зээлд 5 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, адинги 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1, 9-10 дугаар тал/

Талууд зээлийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нөхөж байгуулсан үйл баримтын талаар маргаагүй байх ба нэхэмжлэгч нь 5 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэй хариуцагчид зээлүүлэх, алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тохирч, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг бэлнээр хариуцагчид өгсөн талаар гэрээнд зааж, үүнийг хариуцагч гэрээний арын хэсэгт бичиж баримтжуулсан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ./хэргийн 4 дүгээр тал/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, зээлийн гэрээг дарамтанд орж хожим байгуулсан тул хүчин төгөлдөр бус, ...З.Э-гаас 5 000 000 төгрөг зээлсэн, төлбөрийг бүрэн төлсөн, уг төлбөрийг нэхэмжлэгч дахин шаардаж байна” гэж тайлбарлажээ.

Гэтэл хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч З.Э-, Б.Бадамгарав нарын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөг авсан гэдэг нь тогтоогдож байна./хэргийн 91 дүгээр тал ар/

Хэрэгт авагдсан 3 удаагийн зээлиййн гэрээ, хариуцагчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын падаанаар хариуцагч Ю.Ч- нь З.Э-гаас зээл авч, мөнгө болон хүнсний бараа өгч байсан үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Ц.С-той байгуулсан зээлийн гэрээний төлбөрт төлж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хэргийн 21-33, 46-54 дүгээр тал/ Тодруулбал, Ц.С-той байгуулсан зээлийн гэрээний үүрийг З.Э-д хүлээлгэн өгөхийг хариуцагчид мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул мөнгө, бараа зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Хэрвээ хариуцагчид З.Э-тай холбоотой зээлийн маргаан байгаа бол тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Шүүхээс зээлийн гэрээний хүү 30 хувь байгааг хэт өндөр гэж үзэж хүүгийн хэмжээг 10 хувь болгож бууруулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. Харин хариуцагчаас зээлийн хүүд 1 000 000 төгрөг гаргуулсан нь буруу болжээ. Учир нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нөхөж хүү тооцох боломжгүй. Хүү тохиролцсон гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан үеэс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрх үүснэ. Тиймээс талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, мөн өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хүү 800 000 төгрөг болж байна.

 

Хариуцагч нь зээл, хүүгийн үүрэгт нийт 5 800 000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги шаардахаар гэрээндээ заасан учраас мөн хуулийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтад нийцүүлэн алданги 2 900 000 төгрөг болж байна. Гэвч давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан 2 900 000 төгрөгийн алдангийг хэт их гэж үзсэн болно. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдал, талууд зээлийн гэрээг нөхөж байгуулсан, түүнчлэн хүүний хэмжээг буулгасан боловч өндөр байгаа, богино хугацаатай гэрээ байгуулсан зэргийг харгалзан үзэж алдангийг 50 хувиар бууруулж 1 450 000 төгрөг болгох үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 800 000 төгрөг, алданги 1 450 000 төгрөг, нийт 7 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00451 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “8 500 000” гэснийг “7 250 000” гэж, “3 500 000” гэснийг “4 750 000” гэж,

2 дахь заалтын “150 950” гэснийг “130 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 151 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                   

                                                                                                С.ЭНХТӨР