Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/02976

 

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/02976

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** дугаар давхарт байрлах, Б ББСБ ХХК /РД: *** /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***, өөрийн байранд байрлах, *** т холбогдох,

 

Барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А , гуравдагч этгээд Л.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн *** дугаар тогтоолоор хариуцагч Л.М аас 35,848,687 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, 337,193 төгрөг, нийт 36,185,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Улмаар Л.М ын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох *** тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан. Энэ үед Л.М нь бидэнд хандан би 3 сарын дотор уг үл хөдлөх хөрөнгөө зараад, төлбөрөө төлж барагдуулъя. Тиймээс миний барьцаа хөрөнгөнд шинжээч тогтоолгохгүйгээр санал болгосон үнэлгээгээр тогтооч гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Манай зүгээс үнэхээр энэ 3 сарын хугацаанд зарна гэдэгт нь итгээд, түүний хэлсэн 160,000,000 төгрөгийн үнэлгээн дээр маргахгүй явахаар болсон. Гэвч бид 3 сар хүлээсэн ч төлбөрөө төлөөгүй. Тэрхүү санал болгосон 160,000,000 төгрөгөөс нь албадан дуудлага худалдаа зарлаж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар зарагдаагүй. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр санал болгох хуралдаан хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг манайхыг төлбөрт авч, санал болгосон 160,000,000 төгрөгөөс өөрийн төлбөрийг тооцож суутгаад, зөрүү төлбөрийг Л.М ад өгөхөөр шийдвэрлэсэн. Бид энэ үнийн саналыг анх дэмжсэн нь үнэн. Гэвч тэр хугацаанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байсан учир бид барьцаа хөрөнгөнд шинжээч томилж өгөхийг хүссэн боловч хүлээж аваагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн учраас бид арга буюу шүүхэд хандсан. Бид төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Гэтэл уг хуулийн зохицуулалт 2017 оны шинэчлэн найруулсан хууль үйлчилж, уг хуулиар төлбөр авагчаас төлбөр мөнгө авах бус, эсрэгээрээ мөнгөн төлбөрт унагааж, төлбөр авагчийн эрх, ашгийг хохироож байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох хурлын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгуулахыг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага бид анхлан шүүхэд гаргасан.

 

Гэвч Улсын Дээд шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Өөрөөр хэлбэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох хурлын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэх шаардлагаасаа татгалзах замаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд одоо манай байгууллагын нэхэмжлэлийн шаардлага бол барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэх шаардлага үлдсэн тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А гийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот шийдвэрээр Л.М аас 46,838,200 төгрөгийг гаргуулж Б ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.М ын өмчлөлийн *** тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 160,000,000 төгрөгийн 70 хувь буюу 112,000,000 төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177.4-т зааснаар харилцан тохиролцсон үнийн 50 хувь буюу 80,000,000 төгрөгөөр 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй уг үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч 10 хоногийн хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагч харилцан тохиролцсон үнэ 160,000,000 төгрөгөөр дээрх орон сууцыг санал болгож, зөрүү 123,814,120 төгрөгийг төлбөр авагч Б ББСБ ХХК-иас гаргуулан төлбөр төлөгч Л.М ад олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч зарим шаардлагаасаа татгалзаж одоо барьцаа хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж өгнө үү гэх шаардлага үлдсэнийг хариуцагчийн зүгээс зөвшөөрч байна, барьцаа хөрөнгийг шинжээч томилон үнэлүүлэх нь зүйтэй гэв.

 

Гуравдагч этгээд Л.М ын шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт: Миний өмчлөлийн уг орон сууцыг нэхэмжлэгч талын хүсэлтээр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул талуудын харилцан тохиролцсон үнэ болох 160,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 80,000,000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ 80,000,000 төгрөг бол 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнэ юм. Нэхэмжлэгч тухайн үед үнийн саналыг харилцан тохиролцсон учраас дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Гэтэл одоо харилцан тохиролцсон үнийн саналаа үгүйсгэн, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, барьцаа хөрөнгийг шинжээчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг нь эсэргүүцэн тайлбар гаргаж байна. Урьд нь би 2006, 2007 оноос хойш энэ нэхэмжлэгч байгууллагаас олон удаа зээл авч байсан. Сарын 5 хувь, жилийн 60 хувийн хүүтэй зээл авдаг байсан. Энэ хугацаанд зөвхөн хүүгийн төлбөрт л гэхэд 40,000,000 орчим төгрөг төлсөн байдаг учир миний хувьд гомдолтой байдаг юм. Өмнө нь н.Ганхуяг гэдэг захирал байсан. Тэр хүнтэй, шийдвэр гүйцэтгэгчтэй, гурвуулаа сууж байгаад л үнийн санал дээр тохиролцсон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч *** т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох хурлын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулж, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд хандан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох хурлын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж, *** т барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцэж байна.

 

 Хариуцагч ... Барьцаа хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх нь зүйтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.М ... миний өмчлөлийн дээрх барьцаа хөрөнгийг хариуцагч талтай хамт сууж байгаад үнэлгээг гаргасан, хариуцагч үнэлгээг хүлээн зөвшөөрсөн атлаа одоо шинжээчээр үнэлүүлэх шаардлагатай гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шийдвэрээр хариуцагч Л.М аас 46,838,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хянан шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны *** тогтоолоор төлбөрийн хэмжээг 35,848,687 төгрөг болгон багасгаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, уг шийдвэрт 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр *** тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр *** шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн *** тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч Л.М ын өмчлөлийн *** тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 171/02 дугаар эд хөрөнгийг хураах тогтоолоор уг хөрөнгийг хураан авсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Л.М ын зүгээс хураан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг 160,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч *** ББСБ ХХК нь санал болгосон үнийг зах зээлийн ханшаас хэт өндөр үнэлсэн, ...бодит байдалд нийцэхгүй хэмээгээд, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс санал болгосон үнийг хүлээн зөвшөөрсөн гэх агуулга бүхий албан бичгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр *** т хүргүүлж, улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн саналын талаар харилцан тохиролцсон гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилоогүй. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/21 дүгээр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг талуудын тохирсон 160,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 112,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй тул талуудын тохиролцсон үнийн 50 хувь 80,000,000 төгрөгөөр үнийг тогтоон, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мөн талуудад мэдэгдэж, албадан дуудлага худалдааг мөн өдөр явуулсан боловч худалдан борлогдоогүй байна.

 

Улмаар 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр *** т төлбөр авагч Б ББСБ ХХК, төлбөр төлөгч Л.М нарыг оролцуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдаан хийж, төлбөр төлөгч Л.М ад төлбөр авагч Б ББСБ ХХК-д төлвөл зохих 35,848,687 төгрөгийн төлбөрийг төлөх 10 хоногийн боломжит хугацаа олгож, төлбөр авагч Б ББСБ ХХК-д албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, төлбөр төлөгч Л.М ын өмчлөлийн *** тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 160,000,000 төгрөгөөр санал болгож, зөрүү 123,814,120 төгрөгийг төлбөр төлөгчид төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 04/21 дүгээр албан бичигт ... төлбөр төлөгч Л.М нь барьцаа хөрөнгө болох *** тоот 29 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцаа 160,000,000 төгрөгөөр үнэлсэн байна, төлбөр төлөгчийн энэхүү үнэ нь зах зээлийн ханшаас хэтэрхий өндөр, ямар нэгэн судалгаа, баримжаагүй, бодит байдалд нийцээгүйг дурдаж байна. Гэхдээ бид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай явуулах үүднээс үнийг зөвшөөрч байна гэжээ. Өөрөөр хэлбэл төлбөр авагч Б ББСБ ХХК нь төлбөр төлөгч Л.М ын барьцаа хөрөнгийг 160,000,000 төгрөгөөр үнэлснийг тухайн үед зах зээлийн ханшаас хэт өндөр, бодит байдалд нийцээгүй талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай явуулах аргагүй нөхцөл байдалд орсны улмаас төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрсөн байдалд шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй дүгнэлт хийлгүй талууд барьцаа хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцсон гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Дээрх баримтаар төлбөр авагч, энэ хэргийн нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь барьцаа хөрөнгийг 160,000,000 төгрөгөөр үнэлсэн төлбөр төлөгч, энэ хэргийн гуравдагч этгээд Л.М ын үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө., мөн 55.2-д Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, мөн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө; гэж зааснаар барьцаа хөрөнгийг шинжээч томилон үнэлүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасныг баримтлан хариуцагч *** тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг шинжээч томилон тогтоолгохыг хариуцагч *** т даалгасугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР