Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00901

 

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00901

 

 

Б ХХК-ийн

гэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00893 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулж, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Жамъяндорж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Энхтуяа

Гуравдагч этгээд: Л.Мандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 тоот шийдвэрээр Л.Мандахаас 46 838 200 төгрөг гаргуулан тус ББСБ-д олгох, төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/00144 тоот тогтоолоор хариуцагчаас гаргуулах төлбөрийг 35 848 687 төгрөг болгон өөрчилсөн. Гэвч Л.Мандах төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Улмаар Л.Мандахын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 55 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан. Энэ үед Л.Мандах нь бидэнд хандан ...би 3 сарын дотор уг үл хөдлөх хөрөнгөө зараад, төлбөрөө төлж барагдуулья. Тиймээс миний барьцаа хөрөнгөнд шинжээч тогтоолгохгүйгээр санал болгосон үнэлгээгээр тогтоогооч гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. ББСБ-ын зүгээс түүнд итгэн түүний хэлсэн 160 000 000 төгрөгийн үнэлгээн дээр маргахгүй явахаар болсон. Гэвч бид 3 сар хүлээсэн ч төлбөрөө төлөөгүй. Тэрхүү санал болгосон 160 000 000 төгрөгөөс нь албадан дуудлага худалдаа зарлаж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар зарагдаагүй.

Ингээд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр санал болгох хуралдаан хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг тус ББСБ-ыг төлбөрт авч, санал болгосон 160 000 000 төгрөгөөс өөрийн төлбөрийг тооцож суутгаад, зөрүү төлбөрийг Л.Мандахад өгөхөөр шийдвэрлэсэн. Бид энэ үнийн саналыг анх дэмжсэн нь үнэн. Гэвч тэр хугацаанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байсан учир бид барьцаа хөрөнгөнд шинжээч томилж өгөхийг хүссэн боловч хүлээж аваагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн учраас бид арга буюу шүүхэд хандсан.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагчийн зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дуудлага худалдааны үнийн саналаар хариуцагч байгууллагад төлбөр төлөгч Л.Мандахын дээрх санал болгосон үнэ нь зах зээлийн ханшнаас хэтэрхий өндөр үнэлсэн, үл хөдлөх хөрөнгийн үнийн ямар нэгэн судалгаа, баримжаагүй, бодит байдалд нийцэхгүй талаарх саналаа хүргүүлсэн. Энэ агуулгаар бид төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Гэтэл уг хуулийн зохицуулалт 2017 оны шинэчлэн найруулсан хууль үйлчилж, уг хуулиар төлбөр авагчаас төлбөр мөнгө авах бус, эсрэгээрээ мөнгөн төлбөрт унагааж, төлбөр авагчийн эрх, ашгийг хохироож байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ын өдрийн шийдвэр, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийг шинжээчээр тогтоолгуулахаар даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 тоот шийдвэрээр Л.Мандахаас 46 838 200 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Мандахын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019540 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 55 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 160 000 000 төгрөгийн 70 хувь буюу 112 000 000 төгрөгөөр 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул үнийн 50 хувь буюу 80 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй уг үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч 10 хоногийн хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагч харилцан тохиролцсон үнэ 160 000 000 төгрөгөөр дээрх орон сууцыг санал болгож, зөрүү 123 814 120 төгрөгийг төлбөр авагч Б ХХК-иас гаргуулан төлбөр төлөгч Л.Мандахад олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн төлбөр авагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бичгээр албан ёсоор хүсэлт гаргаагүй учир ажиллагааг цааш нь үргэлжлүүлсэн гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өмчлөлийн орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул талуудын харилцан тохиролцсон үнэ болох 160 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 80 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ 80 000 000 төгрөг бол 2 өрөө орон сууцны зах зээлийн дундаж үнэ юм. Нэхэмжлэгч тухайн үед үнийн саналыг харилцан тохиролцсон учраас дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Гэтэл одоо харилцан тохиролцсон үнийн саналаа үгүйсгэн, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, барьцаа хөрөнгийг шинжээчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчид хандан 3 сарын хугацаа хүсч, шинжээч томилуулалгүйгээр үнийн саналыг тогтоохыг гуйсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, шийдвэр гүйцэтгэгчтэй, гурвуулаа сууж байгаад л үнийн санал дээр тохиролцсон гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, тус газрын зохион байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн санал болгох хурлын 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг ханган, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулахыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Л.Мандахын төлбөрт хураагдсан өрөө орон сууцад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, худалдан борлуулах доод үнийн санал өгсөн өдрөөс хойш илтэд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар ...анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэсэн байхад хөрөнгийн үнэлээгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх үнэлгээг хийгээгүй байхад 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь дуудлага худалдаа явуулсан байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхааралгүй шийдвэр гаргасан.

Мөн тус ББСБ-ын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/13/02 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан боловч хариу ирүүлээгүй. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн буюу төлбөр авагч тал нь өөрөө албан ёсоор дахин хөрөнгийг үнэлэх талаар хүсэлт гаргаагүй байна гэсэн үзсэн байгаа нь өөрөө хэргийг бүхэлд нь нарийвчилж хянаагүй болох нь харагдаж байгаа тул тус шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Л.Мандахын зүгээс хураан авсан үд хөдлөх эд хөрөнгийн үнийг 160 000 000 төгрөгөөр үнэлж төлбөр авагч "Б" ХХК нь санал болгосон үнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий албан бичгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэттэх газарт хүргүүлж улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн саналын талаар тохиролцсон гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь хуульд нийцсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон үнэ 160 000 000 төгрөгөөр дээрхи орон сууцыг санал болгож зөрүү 123 814 120 төгрөгийг төлбөр авагчаас гаргуулж Л.Мандах надад олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Нэгэнт төлбөр төлөгч төлбөр авагч нар хоорондоо үнийн саналаа хүлээн зөвшөөрч тохиролцсон байхад заавал шинжээч томилох шаардлагагүй юм. Мөн төлбөр авагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн санал болгох хурлын шийдвэр, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулж, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/005356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1952 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/00144 дүгээр тогтоолоор Л.Мандахаас 35 848 687 төгрөг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Л.Мандахын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205019540 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 55 тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр битүүмжилж, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд зохигч гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй байна.

 

Төлбөр төлөгч Л.Мандах нь орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 160 000 000 төгрөгөөр санал гаргасан, төлбөр авагч Б ХХК нь төлбөр төлөгчийн санал болгосон үнийг хүлээн зөвшөөрсөн агуулгаар 2017 оны 04 дүгээр сарын 21ий өдрийн албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн тул хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудын тохиролцсон үнэ болох 160 000 000 төгрөгийн 70 хувь буюу 112 000 000 төгрөгөөр оруулах болсныг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдсэн талаар маргаагүй /хх 46-48/

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг авснаар нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор гаргаагүй байна.

 

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/21 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт тогтоож, төлбөр төлөгчид хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар зүйлийн 43.3, 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд нийцжээ. /хх 49-50/

 

Орон сууц нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах үндэслэл болох тул үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар тогтоож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны дуудлага худалдааг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 51-56/

 

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан бөгөөд анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шинэ хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө хийгдсэн тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах учиртай, хариуцагч байгууллагын холбогдох ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг ханшийн өсөлтөөс шалтгаалан талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгохоор хариуцагчид хүсэлт гаргасанд хариу өгөөгүй, дахин шинжээч томилуулахаар хандаагүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө анхны болох хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох комиссын хурлыг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өдөр зохион байгуулж, төлбөр авагч Б ХХК-д төлвөл зохих 35 848 687 төгрөгийн төлбөрийг төлөх 10 хоногийн боломжит хугацааг төлбөр төлөгч Л.Мандахад олгож, үл хөдлөх эд хөрөнгийг талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 160 000 000 төгрөгөөр санал болгож, зөрүү 123 814 120 төгрөгийг төлбөр төлөгчид төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

 

Энэ ажиллагааг хариуцагч байгууллага нь явуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан ...дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгох ... ажиллагааг явуулсны дараа мөн зүйлийн 73.3 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч уг эд хөрөнгийг авах талаар эрхээ хэрэгжүүлэх, мөн зүйлийн 73.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гаргах ёстой.

 

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон тохиолдолд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасан ажиллагаа хамаарах юм. Харин талуудын тогтоосон үнэлгээнд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасан ажиллагаа хамаарахгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч болон гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА