Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02328

 

 

 

 

Б И Н Д ХХК ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02976 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б И Н Д ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг даалгах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1952 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 001/ХТ2017/00144 дугаар тогтоолоор Л.Мандахаас 35 848 687 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, 337 193 төгрөг, нийт 36 185 880 төгрөг гаргуулж Бизнес инвест девелопмент ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Л.Мандах нь өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 55 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн санал өгсөн. Энэ үед Л.Мандах нь бидэнд хандан 3 сарын дотор уг үл хөдлөх хөрөнгөө зараад, төлбөрөө төлж барагдуулъя. Тиймээс миний барьцаа хөрөнгөнд шинжээч тогтоолгохгүйгээр санал болгосон үнэлгээгээр тогтооч гэсэн хүсэлтийг гаргасны дагуу түүний хэлсэн 160 000 000 төгрөгийн үнэлгээн дээр маргахгүй явахаар болсон. Гэвч бид 3 сар хүлээсэн ч төлбөрөө төлөөгүй. Тэрхүү санал болгосон 160 000 000 төгрөгөөс нь албадан дуудлага худалдаа зарлаж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар зарагдаагүй. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр санал болгох хуралдаан хийж үл хөдлөх хөрөнгийг төлбөрт авч, санал болгосон 160 000 000 төгрөгөөс өөрийн төлбөрийг тооцож суутгаад, зөрүү төлбөрийг Л.Мандахад өгөхөөр шийдвэрлэсэн. Бид энэ үнийн саналыг анх дэмжсэн нь үнэн. Гэвч тэр хугацаанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байсан учир бид барьцаа хөрөнгөнд шинжээч томилж өгөхийг хүссэн боловч хүлээж аваагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад хүсэлтийг хүлээж аваагүй. Иймд барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 тоот шийдвэрээр Л.Мандахаас 46 838 200 төгрөгийг гаргуулж Бизнес днвест девелопмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Мандахын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 55 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон 160 000 000 төгрөгийн 70 хувь буюу 112 000 000 төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул харилцан тохиролцсон үнийн 50 хувь буюу 80 000 000 төгрөгөөр 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй уг үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч 10 хоногийн хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагч харилцан тохиролцсон үнэ 160 000 000 төгрөгөөр дээрх орон сууцыг санал болгож, зөрүү 123 814 120 төгрөгийг төлбөр авагч Б И Н Д ХХК ХХК-аас гаргуулан төлбөр төлөгч Л.Мандахад олгохоор шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх нь зүйтэй гэжээ.

 

Гуравдагч этгээд Л.Мандахын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн хүсэлтээр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул талуудын харилцан тохиролцсон үнэ болох 160 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 80 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ 80 000 000 төгрөг бол 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнэ юм. Нэхэмжлэгч тухайн үед үнийн саналыг харилцан тохиролцсон учраас дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Гэтэл одоо харилцан тохиролцсон үнийн саналаа үгүйсгэн, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, барьцаа хөрөнгийг шинжээчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг нь эсэргүүцэн тайлбар гаргаж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар талууд харилцан тохиролцсон гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 55 тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг шинжээч томилон тогтоолгохыг хариуцагч НШШГГт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн хүсэлтээр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул талуудын харилцан тохиролцсон 160 000 000 төгрөгийн 50 хувь 80 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Талууд үнийн талаар харилцан тохиролцсон учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч нь 160 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууцны үнэ нь зах зээлийн ханшнаас хэтэрхий өндөр гэх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна өөрөө үнийн саналыг зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх барьцаа хөрөнгийг шинжээч томилон үнэлүүлэх ажиллагааг хийх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Б И Н Д ХХК ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн санал болгох хурлын шийдвэр, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохоос бусад шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч НШШГГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрсөн атлаа шинжээчээр үнэлгээг тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/005356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1952 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2018/00174 дугаар тогтоолоор хариуцагч Л.Мандахаас 35 848 687 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б И Н Д ХХК ХХК-д олгож, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 52 дугаар байрны 55 тоотод байрлах 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205019540 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-34-40/

 

Дээрх шийдвэрийг үндэслэн НШШГГ шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу явуулсан байна. /хх-42-44/

 

Харин төлбөр төлөгч Л.Мандах нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 52 дугаар байрны 55 тоотод байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдах үнийн санал ирүүлжээ. /хх-45/

 

Төлбөр авагч Б И Н Д ХХК ХХК нь дээрх үнийн саналыг зөвшөөрөөгүй байна. Хэргийн 47 дугаар талд авагдсан төлбөр авагч талаас ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичигт ...төлбөр төлөгч Л.Мандах нь барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 55 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэтэрхий өндөр, бодит байдалд нийцэхгүй байна гэснээс үзэхэд талууд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн талаар харилцан тохиролцсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байхад хариуцагч НШШГГ төлбөр авагч төлбөр төлөгчийн ирүүлсэн үнийг зөвшөөрсөн гэж 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/21 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнэ 160 000 000 төгрөгийн 70 хувь буюу 112 000 000 төгрөгөөр, мөн оны 6 дугаар сарын 21-ний өдөр 160 000 000 төгрөгийн 50 хувь буюу 80 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар дуудлага худалдаанд оруулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, НШШГГ нь төлбөр төлөгч Л.Мандахын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналыг талууд харилцан тохиролцсон гэж үзэхдээ төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч Б И Н Д ХХК ХХК зөвшөөрсөн эсэх байдлыг бодитойгоор дүгнээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар шинжээч томилж үнэлүүлэх ажиллагааг хийх шаардлагатай гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Хэрэг авагдсан баримтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.БАЙГАЛМАА