Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.О даргалж, шүүгч А.М, А.Онарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03292 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Оилтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч компанид 2014 оны 9 дүгээр сараас хойш жолоочоор ажиллаж байсан бөгөөд анх н.Х хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 3 сар болон 1 сараар гэрээ сунгагдаж байсан. 2018 оны 3 дугаар сард 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 3 сараар байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж талууд харилцан тохиролцоогүй тул хөдөлмөрийн гэрээ сунгагдах боломжгүй болсон. Би байнгын ажлын байранд ажиллаж байсан тул хөдөлмөрийн гэрээг сар бүр байгуулж, гэрээгээ сунгаж байсан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны 2005 оны 55 дугаар тушаалын 7А-д зааснаар сүүлийн гурван сарын цалингийн дунджаар тооцсон бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 6 337 397 төгрөгийн цалинтай байхаар тооцож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь Т.Бтэй 2015 оноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулан, “МоЭнКо” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусч, хамгийн сүүлд “М” ХХК нь “Ш” ХХК-тай нэмэлт гэрээ байгуулж, 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна, харин нөхцөл байдлын улмаас харилцан тохиролцсоны үндсэн дээр талууд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулж болохоор заасан. Нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан тушаалыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөр гаргаж өгөхийг хүссэн. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, тушаал 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан гэдгийг мэдэж байсан. Бид хүсэлтийг хүлээж авч тухайн өдрөөр огноотой тушаал гаргасан. Эхнэр амаржсан гэсэн шалтгаанаар тушаалаа гардаж аваагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тушаалтай холбож гаргасан. Нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халсан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг яриагүй. Тушаал 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зөвхөн Т.Бийн хүсэлтээр тушаал гаргаж өгсөн нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалын 2, 3 дахь заалт дээр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажил дуусгавар болов гэснээс харагдаж байна. Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд 3 сарын хугацаатай байгуулсан нь хариуцагч талын гаргасан баримт, нэхэмжлэгчийн өгсөн хүсэлт зэргээс харагдана. 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажлаас гарах хүсэлт гарган, хүсэлтийг хүлээн авч чөлөөлж өгнө үү гэж байгаа боловч доод талын огноо нь 6 дугаар сарын 27-ны өдөр гэсэн байгаа нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажил дуусгавар болж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Т.Б-тэй жолоочийн байнгын ажлын байранд 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх талуудын байгуулсан энэхүү хөдөлмөрийн гэрээний хугацааг "2018 оны 06 дугаар сард дууссан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь зохигчдын хооронд байгуулсан 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг уг гэрээ байгуулсан өдрөөс хуанлийн он, cap, өдрөөр тооцвол гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан гэж үзэхээр байна. 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл хугацаанд нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ цуцлах санал гаргаагүй бөгөөд ажлаа үргэлжлүүлэн хийж байсан нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрээр нотлогддог. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт "хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно" гэж заасны дагуу талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 тоот тушаалын 1-д "Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу Т.Б-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан” гэх зэрэг баримтуудаас нэхэмжлэгч нь жолоочийн байнгын ажлын байранд ажиллаж байсан талаар хариуцагч маргаагүй атал анхан шатны шүүх нэхэмжлэгчийг түр ажлын байранд ажиллаж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 7-д дээрх гэрээг ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэж заажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “МоЭнКо” ХХК-тай байгуулсан гэх уурхайн чиглэлийн гүйцэтгэгчээр ажиллах гэрээнд нэмэлт, оруулах тухай гэрээг шүүхэд баримтаар гаргаж өгсөн боловч энэ нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах бодит шаардлага, шалтгаан болохгүйгээс гадна тухайн үед Т.Бтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчид “МоЭнКо” ХХК-тай ямар хугацаатай гэрээ байгуулсан талаараа мэдэгдээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тодорхой тусгаагүй. Иймд нэхэмжлэгчтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т "байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн түүнчлэн ажил олгогчийн нэхэмжлэгч Т.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 тоот тушаал нь эрх зүйн актын хувьд ажлаас халах үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй. Учир нь Т.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 "хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон" үндэслэл нь тушаалд тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цаашид сунгагдахгүй болсон үндэслэл, шалтгааныг тодорхой зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох заалтыг удирдлага болгон ажлаас чөлөөлөх тушаал гаргах ёстой байсан боловч хуулийн энэхүү шаардлагыг хангалгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу юм. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, хуулийн шаардлага хангаагүй тушаал гаргасан атал анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч “Ш” ХХК эс зөвшөөрч маргажээ. /хх24/

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Цэцэг суманд байрлах хариуцагч компанид даргын жолоочоор ажиллахаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. /хх27-32/ Энэхүү гэрээг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн цуцалж 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлжээ./хх34/

Талууд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх5/, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг /хх34/ 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гардуулан өгсөн талаар маргаагүй. Тушаалыг гардуулан өгсөн өдрөөс гомдол гаргах хугацааг тоолох тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хугацаагүй, харин мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар байгуулахаар заасан бөгөөд талууд байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх талаар маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн түр ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй байна. Хариуцагч компани “МоЭнКо” ХХК-тай гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажилласан, уг гэрээний хугацаа дуусч нэмэлт гэрээгээр 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан энэ хугацаанд нэхэмжлэгч жолоочоор ажиллаж байсан гэх нөхцөл байдал нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “МоЭнКо” ХХК-тай байгуулсан гэрээ, /хх26/ Д.М гэрчийн мэдүүлэг /хх62-63/ зэргээр нотлогдож байна.

Түр ажлын байранд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сард дууссан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасныг /хх35/ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гэж үзэх нь зүйтэй.

Иймд хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.О

                                            ШҮҮГЧИД                               А.М

                                                                                            А.О