Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 03292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Б -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, гэрч Д.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Би тус компанид 2014 оны 09 дүгээр сараас хойш жолоочийн албан тушаалд ажиллаж байсан. Анх ажилд ороход н.Хувьсгалт гэж хүнтэй гэрээ байгуулж байсан. Түүнээс хойш 3 сар, 1 сар гэх мэтээр гэрээ сунгагдаж явж байгаад сүүлд 2018 оны 03 дугаар сард 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. 2018 оны 06 сарын 01-ний өдөр 3 сараар хийсэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Хоёр тал харилцан тохиролцож ямар нэгэн шийдэлд хүрээгүй учраас хөдөлмөрийн гэрээ сүүлийн хийгдсэн хугацаагаар сунгагдах боломжгүй болсон. Миний ажлын байр байнгын ажлын байр байсан. Байнгын ажлын байран дээр хугацаатай хөдөлмөрийн гэрээг сар болгон хийж, сар болгон сунгаж байсан. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны 2005 оны 55 дугаар тушаалын 7А-д зааснаар сүүлийн гурван сарын цалингийн дунджаар бодож гаргасан. Ажилгүй байсан цалин хөлсийг 2018 оны 6 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 6,337,397 төгрөг гэж тооцож байна. 07 дугаар сарын 16-ны тушаалыг миний хүсэлтээр бичиж өгсөн юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариутайлбартаа: Хариуцагч Ш ХХКнь ажилтан Т.Бтэй 2015 оноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулан, Мон Энко ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусч, хамгийн сүүлд Мон Энко ХХК нь Ш- ХХК-тайнэмэлт гэрээ байгуулж, 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хэдий ч нөхцөл байдлын улмаас талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байнгын ажлын байранд гэрээ байгуулж хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулж болохоор заасан. Маргаан Т.Б ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсгэхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарсан тушаалыг 07 дугаар сарын 16-ны өдрөөр гаргаж өгөөч гэж хүссэн. Энэ хүн өөртэйгөө хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, тушаал 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон талаар мэдэж байсан. Бид хүсэлтийг нь хүлээн авч тэр өдрөөр огноотой тушаал гаргаж өгсөн. Надтай 07 дугаар сарын 06-ны өдөр яриад эхнэр амаржсан, хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тул тушаалаа гардан авч чадаагүй байж байгаад 7 дугаар сард ирж байна. Надад тушаалын огноог хойшоо гаргаж өгөөч гэж өмгөөллийн зөвлөгөө хүссэн. Би тэр үед 7 дугаар сарын 06, 07-ны үед байх тушаалыг хойш гаргах эрх зүйн үндэс байхгүй, 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зай байна. Эсвэл хүсэлт гаргаад өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү материалаа хүнээр дамжуулж гаргаж өг гэж хэлж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн 7 дугаар сарын 16-ны өдрийн тушаалтай холбож гаргасан. Нэхэмжлэгч 7 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халсан гээд 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг ярихгүй байна. Хэрвээ 7 дугаар сарын 16-ны өдрийн тушаалыг ярьж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тушаал 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарсан. 07 дугаар сарын 16-ны өдөр зөвхөн Т.Бийн хүсэлтээр тушаал гарснаар гаргаж өгсөн юм. Энэ нь 06 дугаар сарын 22-ны өдрийн тушаалын 2, 3 дахь заалт дээр 6 дугаар сарын 29-ний өдөр ажил дуусгавар болов гэсэн байгаагаас харагдаж байгаа. Хөдөлмөрийн гэрээг 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд 3 сарын хугацаатай байгуулсан. Тэр дагуу хэрэгт хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг нь нэхэмжлэгчийн өөрийнх нь бичиж өгсөн хүсэлтээс харагдаж байна. Тухайлбал хэрэгт авагдсан баримтаар 5 дугаар сарын 27-ны өдөр ажлаас гарах хүсэлт гарган, хүсэлтийг хүлээн авч чөлөөлж өгнө үү гэж байгаа боловч доод талын огноо нь 6 дугаар сарын 27-ны өдрөөр гарсан байна. 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар 6 дугаар сарын 29-ний өдөр ажил тасалбар болж, дуусгавар болж байна гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байна. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Шинжиан лю ди ван ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ш- ХХК-тай2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай, Ховд аймгийн цэцэг суманд даргын жолоочоор ажиллахаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байна. Ажил олгогчийн зүгээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндслэлээр ажилтны ажиллах хугацааг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.

 

Зохигч 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тушаалын талаар, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг Т.Бэд 2018 оны 07 дугаар сарын 08-10-ны өдрийн хооронд гардуулсан тухай маргаагүй тул ажил олгогч ажилтанд тушаалыг танилцуулан гардуулах үүрэгтэй. Гардуулан өгсөн өдрөөс хойш годмол гаргах хугацааг тоолох учир нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх асуудлаар маргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар, 23.2.3-т улирлын болон түр ажилд  тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаар зохицуулсан.

 

Хариуцагч Ш ХХКнь МоЭнко ХХ-тай 2014 оны 04 дүгээр сарын 28-ны уул уурхайн чиглэлийн ажилд гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээний хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дуусч талууд гэрээний хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байна.

 

Хариуцагч Ш ХХКнь МоЭнко ХХ-д туслан гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд нэхэмжлэгч Т.Б нь уг ажлыг хариуцсан даргын жолоочийн ажил буюу түр ажлын байранд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ш ХХКнь МоЭнко ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа буюу түр ажлын байрын хугацаа 2018 оны 06 дугаар сард дуусан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болгохоор хүсэлтээ гаргасан байх тул үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хөдөлмөрийн гэрээ цуцлах санал гэж үзэх боломжтой.

 

 Иймд хариуцагч Шинжиан лю ди ван ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Шинжиан лю ди ван ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР