Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00636

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03292 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 107 дугаар магадлалтай, 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

ШЛДВ ХХК-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор  гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ШЛДВ ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, жолоочоор ажиллаж эхэлсэн. Тухайн газар нь хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд түүнээс хойш гэрээ сунгагдаж ажлаа хийж байсан. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэнэт ажлаас халсан тушаал танилцуулж, ажлаа хүлээлгэж өг гэсэн. Би ямар шалтгааны улмаас ажлаас халагдсаныг мэдээгүй тул шалтгааныг тодруулахад манай компани ажилгүй болсон цаашид хийх ажил байхгүй гэсэн. Гэтэл компани үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд миний барьдаг прадо 120 микро нь одоо ч гэсэн компанийн ажлаар үйлчилгээнд явсаар байна.  Миний бие байнгын ажлын байранд ажиллаж байсан тул хөдөлмөрийн гэрээг сар бүр байгуулж, гэрээгээ сунгаж байсан. Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Т.Б-тэй 2015 оноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулан, МоЭнКо ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусч, хамгийн сүүлд МоЭнКо ХХК нь ШЛДВ ХХК-тай нэмэлт гэрээ байгуулж, 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна, харин нөхцөл байдлын улмаас харилцан тохиролцсоны үндсэн дээр талууд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулж болохоор заасан. Нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан тушаалыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөр гаргаж өгөхийг хүссэн. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, тушаал 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан гэдгийг мэдэж байсан. Бид хүсэлтийг хүлээж авч тухайн өдрөөр огноотой тушаал гаргасан. Эхнэр амаржсан гэсэн шалтгаанаар тушаалаа гардаж аваагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тушаалтай холбож гаргасан. Нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халсан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг яриагүй. Тушаал 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зөвхөн Т.Б-ийн хүсэлтээр тушаал гаргаж өгсөн нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалын 2, 3 дахь заалт дээр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажил дуусгавар болов гэснээс харагдаж байна. Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд 3 сарын хугацаатай байгуулсан нь хариуцагч талын гаргасан баримт, нэхэмжлэгчийн өгсөн хүсэлт зэргээс харагдана. 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажлаас гарах хүсэлт гарган, хүсэлтийг хүлээн авч чөлөөлж өгнө үү гэж байгаа боловч доод талын огноо нь 6 дугаар сарын 27-ны өдөр гэсэн байгаа нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажил дуусгавар болж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03292 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 107 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.Б-ийн ажиллаж байсан жолоочийн ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан “улирлын болон түр ажлын байранд ажиллаж байсан гэж дүгнэсэн нь зохигчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн төдийгүй нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 40.3 дах заалтыг зөрчиж нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Тухайлбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018.08.25-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар болон 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 тоот тушаалын 1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу Т.Б-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан” зэрэг баримтуудаар Т.Б- нь жолоочийн байнгын ажлын байранд ажиллаж байсан талаар хариуцагч маргаагүй. Түүнчлэн хариуцагчаас Т.Б-тэй байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан шалтгаанаа МонЭнко ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэж тайлбарладаг боловч тухайн үедээ Т.Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаатай байгуулах болсон энэ үндэслэл, шаардлагаа гэрээндээ тодорхой тусгаагүйгээс гадна нэхэмжлэгчид энэ тухай мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцэхгүй байгаа. Тиймээс хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн МоЭнко ХХК-тай байгуулсан гэрээ нь Т.Б-ийг түр ажлын байранд ажиллаж байсан гэх нөхцөл байдал болохгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нөхцөл байдлыг улирлын болон түр ажилд ажилласан гэж шууд дүгнэх үндэслэлгүй юм. 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Т.Б-тэй байгуулсан 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр тооцвол энэхүү гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан байгаа. Нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан боловч ажил олгогчоос хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар болон Т.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдах боломжгүй болсон талаар урьдчилан мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд ажлаа үргэлжлүүлэн хийж гаргасан хүсэлтээ дэмжээгүй болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүй Т.Б-ийн 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гэж үзсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Б- нь ШЛДВ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх  олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Т.Б- нь ШЛДВ ХХК-д 2018 оны 3 дугаар сараас  эхлэн 3 сарын хугацаатай даргын жолоочоор ажиллахаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд ажил олгогчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

Талууд гэрээг хугацаатай байгуулсан, уг хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хариуцагч  ШЛДВ ХХК нэхэмжлэгч Т.Б-тэй хугацаатай гэрээ байгуулсан, уг хугацааг дахин сунгах боломжгүй байсан нөхцлийг тус компанийн МонЭнКо ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэгчийн буюу Ховд аймгийн нутагт гүйцэтгэх ажлын хугацаа дууссан гэж тайлбарлан энэ үндэслэлтэй холбоотой баримт гаргасан нь хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Б- ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчид 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан, уг хугацаанаас хойш 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн, хүсэлтээсээ татгалзаагүй нөхцөл, мөн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тушаалыг,  ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа өнгөрсөнтэй холбоотой ажилтны хүсэлтээр ажил олгогч 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөр огноолж дахин гаргасан гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Эдгээр нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03292 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 107 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ