Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/02029

 

 

 

 

 

  2022         05         02                                      101/ШШ2022/02029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь суманд Б.Мр газар шорооны ажил хийлгэхээр 14 хоногийн хугацаатай 20 сая төгрөг өгөхөөр тохирч уг мөнгийг Б.Мрын Хаан банк дахь өөрийнх нь данс руу хийсэн. Тухайн үедээ талууд гэрээ байгуулаагүй, утсаар ярьж тохирсон. Б.М хэлсэн хугацаанаас хоцорч 9 дэх өдрөө ирсэн учраас цаг агаарын байдлаас болж ажиллах боломжгүй болсон учраас ажиллуулаагүй. Тэр газар нь өндөр уулын бүс учраас хүйтэн, цас ордог зэрэг учраас ажил явагдах боломжгүй байсан. Буцахад нь 1 сая гаруй төгрөгийн 500 литр түлш хийж өгч байсан. Харин урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаагаад өгчихөөрэй гэхэд Б.М за гэсэн боловч өгөөгүй. Тэгээд ажиллуулахгүй гээд надаа мөнгийг 10 дугаар сард буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй. Утсаа авахгүй, худлаа ярьсаар өнөөг хүрсэн. Цагдаад гомдол гаргасны дараа хариуцагч надад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ажил хийж өгөхөөр болсон учраас би гомдлоосоо татгалзсан. Хэрэг бүртгэлтийн ажлаас эхлээд өнөөг хүртэл хариуцагч мөнгийг өгнө гэдэг байсан. Хариуцагч нэхэмжлэгчийн өгсөн мөнгийг замын зардалд зарцуулсан гэдэг боловч түлшийг нь нэхэмжлэгч хийж өгөөд явуулсан тул хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М шүүхэд болон төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр ажил гүйцэтгэхээр тохиролцож, өөрийн техникийг аваад Увс аймгийн Өмнөговь суманд 2017 оны 09 дүгээр сард газар шорооны ажил хийхээр очсон. Гэтэл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хөрс хуулах, ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгогдоогүйн улмаас хуулийн байгууллага шаардлага тавьсны дагуу буцаад явсан. Хэсэг хугацааны дараа нэхэмжлэгч асуудал байхгүй болсон, ажлыг гүйцэтгэж өгөөч гэсэн тул ажлыг гүйцэтгэхээр очиж ажлаа эхлүүлээд байж байтал нэхэмжлэгч нь хариуцагчид худал хэлж, хууль зөрчиж ажил гүйцэтгүүлж байсан нь тогтоогдож, гэрээ үргэлжлэх боломжгүй болж буцсан. Ингэхдээ О.Гт удаа дараа мэдэгдэж, урьдчилгаанд төлсөн төлбөрийг төлж чадахгүй гэдгийг хэлж буцаад хот руу явсан. Хэрэв О.Г зөвшөөрөлтэй байгаад хөөгдөөгүй бол ажлыг хийж дуусгах байсан. Төлсөн 20,000,000 төгрөгийг замын зардал, хоол хүнс, материалд зарцуулсан. Тэр газар шорооны ажил нь алт ухах ажил юм шиг байна лээ, одоо л нөхөн сэргээлт гээд яриад байна. Ингээд О.Гийн хийлгэх гэсэн газар шорооны ажил нь зөвшөөрөлгүй байсныг аймгаас нь зогсоосон учраас хүмүүсээ авч буцсан. Ажлаа гүйцэтгээгүйд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Г, хариуцагч Б.Мт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс шалтгаалан тохиролцсон ажлыг гүйцэтгэж чадаагүй, нэхэмжлэгчийн заасан газарт очиход тухайн мөнгийг зарцуулсан гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр газар шорооны ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 20,000,000 төгрөгийн хөлс авч нэхэмжлэгчийн заасан газар буюу Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Орлогын гол гэх газарт 2017 оны 09 дүгээр сард очсон талаар болон тухайн тохиролцооны хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй тохиролцсон хугацаандаа ирээгүй, хоцорч ирсэн учир гэрээг цуцалж урьдчилан шилжүүлсэн ажлын хөлсийг буцаан гаргуулахыг нэхэмжлэгч хүссэн бол хариуцагч нь тодорхой өдөр тохироогүй, ажил гүйцэтгэхээр ирсэн ч нэхэмжлэгч газар шорооны ажил явуулах зөвшөөрөлгүйн улмаас эрх бүхий этгээдийн шаардлагаар ажил явуулах боломжгүй болж буцсан, ажил хийгдээгүй нь хариуцагчаас болоогүй тул ажлын хөлсийг төлөхгүй гэж татгалзжээ.

Талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Орлогын гол гэх газарт газар шорооны ажил гүйцэтгүүлэхээр хариуцагчтай тохиролцсон, 20,000,000 төгрөг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх боловч 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 20-ны өдрийн хугацаанд ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тохиролцсон цаг хугацаанд заасан газарт хүрэлцэн ирээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар буюу Цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газраас тус тус шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд 2017 оны 09 дүгээр сард цаг агаарын нөхцөл олон жилийн дундаас огцом сэрүүссэн, хур тунадас орсон болон хэт хуурайшилт үүссэн гэх байдалгүй байна. Мөн Увс аймгийн Өмнөговь суманд үйл ажиллагаа явуулж байсан М групп ХХК буюу нэхэмжлэгч О.Гийг зөвшөөрөлгүй үндэслэлээр 2017 оны 09 дүгээр сард газар шорооны үйл ажиллагааг нь зогсоосон үйл баримт авагдаагүй, тийм үйл ажиллагаа явагдаагүй болох нь тогтоогдож байна. Харин нэхэмжлэгчийн М ХХК-ийг 2017 оны 08 дугаар сард Увс аокймгийн Тариалан, Өмнөговь сумдад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбоотой зохих арга хэмжээ авсан, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилласан тухай Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын баримт шүүхэд ирсэн нь зохигчийн маргаж буй цаг хугацаанд хамааралгүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь шаардлага, татгалзлын үндэслэлээ шүүхэд нотлоогүй гэж үзнэ.

Хариуцагчийн зүгээс 20,000,000 төгрөгийн ажлын хөлстэйгээр Увс аймгийн Өмнөговь суманд газар шорооны ажил гүйцэтгэхээр тохиролцсон ажлыг гүйцэтгээгүйн төлөө өөр ажил гүйцэтгэхээр нэхэмжлэгчтэй тохиролцон 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэлцэл хийсэн, талууд ажлын хөлсийг 15,000,000 төгрөг байхаар тохиролцсон үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Өөрөөр хэлбэл хариуцагч дээрх ажлыг гүйцэтгээгүйн төлөө нэхэмжлэгчид 15,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн, төлбөрийг ажил гүйцэтгэн төлөхөөр тохиролцжээ. Ийнхүү тохиролцсон нь дээрх 20,000,000 төгрөгийн ажлын хөлснөөс 15,000,000 төгрөгийг хариуцагч, нэхэмжлэгчид тодорхой ажлаар төлбөрийг тооцон барагдуулах зорилготой байжээ. Гэвч тус гэрээний дагуу хариуцагч тодорхой ажил, үүргийг гүйцэтгээгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар нэхэмжлэгч 2018 онд байгуулсан гэрээг цуцлан шилжүүлсэн ажлын хөлсийг буцаан шаардах эрхтэй ба хариуцагч шинээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй учир хөлсийг буцаан төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Б.Маас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гт олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М /ВЙ81082410/-аас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г /ОЮ82092210/-т олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Б.Маас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭБИШ