Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01292

 

 

 

 

 

 

 

 

 

О.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01533 дугаар шийдвэртэй, О.Ггийн нэхэмжлэлтэй Б.Мрт холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Гг, түүний өмгөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Мрт Увс аймгийн Өмнөговь суманд газар шорооны ажил гүйцэтгүүлэхээр 20,000,000 төгрөгийг данснаар шилжүүлсэн.

Гэтэл Б.Мр нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд ирэхээр тохирсон боловч 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн ба уг суманд 7 хоноогүй 1 хоноод буцсан. Иймд миний бие хугацаандаа ирсэнгүй гэдэг шаардлага тавьсан бөгөөд цаашид өөрөөр чинь ажил хийлгэхгүй байхаар боллоо гээд 500 литр буюу 1,000,000 төгрөг үнэ бүхий түлш хийж өгөөд Б.Мрыг буцаасан. Харин Б.Мр нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй.

2018 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст Б.Мрыг залилан хийсэн гэж өргөдөл гаргасан боловч тус дүүргийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4955 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хаасан.

Иймд Б.Мраас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу мөнгийг авсан. Би Увс аймгийн Өмнөговь суманд өөрийн бригадын хамт О.Ггийн саналыг дагуу ажил хийх гэж 1000 гаран км зам туулж очсон. О.Ггийн урьдчилгаанд өгсөн мөнгөн хөрөнгөөс 18,000,000 төгрөгийг замын зардалд зарцуулж дуусгасан. Ирж очихын 3000 гаруй км газар талдаа 4 хоног явсан. О.Гг ажил хийх зөвшөөрөл аваагүй, Увс аймгийн Өмнөговь сумын эрх бүхий албан тушаалтан хориг тавьж, техник хэрэгслүүдийг хурааж улсын орлого болгоно гэсэн учраас арга буюу ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй хот руу буцсан.

О.Гг нь намайг ажил хийлгэх гэж дуудахдаа “зөвшөөрөлд санаа зоволтгүй, бүх асуудлыг зохицуулсан байгаа” гэж хэлсэн ба тухайн үед “хэрвээ өмнөх явсан шигээ хөөгдвөл 20,000,000 төгрөг буцааж өгч чадахгүй” гэж хэлэхэд О.Гг нь “санаа зовох зүйлгүй, хэрвээ янз бүрийн асуудал гарсан бол би чамд өгсөн мөнгөө буцааж авахгүй” гэж хэлсэн.

Увс аймгийн Өмнөговь суман дахь Орлогын гол гэх алтны уурхайд дахин ажил хийхээр очиход Увс аймгаас цагдаа, Байгаль орчны газраас хөөж машин техникийг улсын орлого болгоно гэж ажил хийлгэхгүй, хориг тавьсан. Тэр үед арга буюу хүмүүсээ аваад буцсан.

Манайхаас буруутай үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Мраас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ггт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мраас улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ггт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч Б.Мөнх-Отгоны мэдүүлгийг үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Баянзүрх дүүргийн прокурорын газар, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажил гүйцэтгэх боломжгүй болсон баримтыг шүүх бүрэн тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Миний хувьд О.Ггтой байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил хийхээр тохиролцсон цаг хугацаандаа очиж, ажлыг хоёр хоногийн турш гүйцэтгэж байсан боловч биднээс шалтгаалаагүй, тухайн ажил гүйцэтгэх газар “зөвшөөрөлгүй” гэх шалтгаанаас болж зогссон. Иймд харилцагч миний эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч О.Гг нь хариуцагч Б.Мрт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

О.Гг, Б.Мр нар 2017 оны 09 дүгээр сарын үед харилцан тохиролцож, Б.Мр нь Увс аймгийн Өмнөговь сумын нутагт ажил гүйцэтгэх, О.Гг нь хөлс төлөх талаар тохиролцсон ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.

 

О.Гг нь урьдчилгаанд 20,000,000 төгрөгийг Б.Мрт шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлалын үндэслэлээ нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж, ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих боломжгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоно гэж тайлбарласан.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4955 дугаар тогтоолд “...О.Гг нь иргэн Б.Мртай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улс аймгийн Өмнөговь суманд газар шорооны ажил гүйцэтгүүлэхээр 20,000,000 төгрөг шилжүүлсэн боловч тус аймгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр дээрх ажлыг гүйцэтгэлгүй буцсан болох нь тогтоогджээ” гэсэн байх ба Увс аймгийн Өмнөговь сумын эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт баримтаар авагдаагүй тул гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхэд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээний эсрэг талын зөвшөөрлөөс хамаарах юм.

Иймд хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх тогтоогоогүй байна гэж үзнэ.

 

Уг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА