Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2022/01352

 

 

 

 

 

 

2022 07 22 210/МА2022/01352

 

 

О.Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/02029 дугаар шийдвэртэй, О.Г ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М т холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь суманд Б.М аар газар шорооны ажил хийлгэхээр 14 хоногийн хугацаатай 20,000,000 төгрөг өгөхөөр тохирч уг мөнгийг Б.М ын Хаан банк дахь өөрийнх нь данс руу хийсэн. Тухайн үедээ талууд гэрээ байгуулаагүй, утсаар ярьж тохирсон. Б.М хэлсэн хугацаанаас хоцорч 9 дэх өдрөө ирсэн учраас цаг агаарын байдлаас болж ажиллах боломжгүй болсон учраас ажиллуулаагүй, буцахад 1,000,000 төгрөгийн 500 литр түлш хийж өгч байсан. Харин урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаагаад өгчихөөрэй гэхэд Б.М за гэсэн боловч өгөөгүй. Цагдаад гомдол гаргасны дараа хариуцагч надад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ажил хийж өгөхөөр болсон учраас би гомдлоос татгалзсан. Өнөөг хүртэл хариуцагч мөнгийг өгнө гэдэг байсан. Хариуцагч нэхэмжлэгчийн өгсөн мөнгийг замын зардалд зарцуулсан гэдэг боловч түлшийг нь нэхэмжлэгч хийж өгөөд явуулсан тул хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр ажил гүйцэтгэхээр тохиролцож, өөрийн техникийг аваад Увс аймгийн Өмнөговь суманд 2017 оны 09 дүгээр сард газар шорооны ажил хийхээр очсон. Гэтэл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хөрс хуулах, ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгогдоогүйн улмаас хуулийн байгууллага шаардлага тавьсны дагуу буцаад явсан. Хэсэг хугацааны дараа нэхэмжлэгч асуудал байхгүй болсон, ажлыг гүйцэтгэж өгөөч гэсэн тул ажлыг гүйцэтгэхээр очиж ажлаа эхлүүлээд байж байтал нэхэмжлэгч нь хариуцагчид худал хэлж, хууль зөрчиж ажил гүйцэтгүүлж байсан нь тогтоогдож, гэрээ үргэлжлэх боломжгүй болж буцсан. Ингэхдээ О.Г т удаа дараа мэдэгдэж, урьдчилгаанд төлсөн төлбөрийг төлж чадахгүй гэдгийг хэлж буцаад хот руу явсан. Хэрэв О.Г зөвшөөрөлтэй байгаад хөөгдөөгүй бол ажлыг хийж дуусгах байсан. Төлсөн 20,000,000 төгрөгийг замын зардал, хоол хүнс, материалд зарцуулсан. Ажлаа гүйцэтгээгүйд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М аас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г т олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Б.М аас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг үндэслэж гараагүй 2017 оны 09 дүгээр сард байгуулсан гэрээг үндэслэж гаргасан байхад шүүх шийдвэрийн үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх гэрээтэй холбоотой талуудад эрх, үүрэг хариуцлага үүсээгүй, хэлбэрийн төдий байгуулсанд талууд маргаагүй болно. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байхын тулд гэрээний үүргийн зөрчлийг аль нэг тал нь гаргасан болох нь тогтоогдсон байх ёстой. Гэтэл хариуцагч талаас гэрээний үүргийн зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй, бодит байдалд дээр нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдсан болох нь гэрч Ц.Лхамжав, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06/106 тоот албан бичиг, Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/1131 дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичиг, Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 тоот албан бичгийн хавсралт, Увс аймаг Засаг даргын Тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/385 тоот албан бичиг зэрэг баримтаар тогтоогддог. Шүүх гэрээ цуцлагдсан болохыг анхаарч үзэлгүй гүйцэтгэгч буюу хариуцагчийг үүргийн зөрчил гаргасан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Дээрх баримтуудыг шүүх үнэлээгүй. Хууль бус зөвшөөрөлгүй газар ажил хийлгэхээр худал мэдээлэл өгч дуудсан, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй захиалагч буюу нэхэмжлэгчийн үйлдэл гэрээ цуцлагдах нөхцөл байдалд хүргэсэн байхад хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Гомдолд дурдсан тус асуудлуудыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1292 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдаж, анхан шатны шүүхэд буцаагдсаны дараагаар хийгдсэн ажиллагаанууд байдаг. Гомдолд дурдаж буй цаг уурын орчны дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хариу хүргүүлэх тухай албан бичгүүдэд дурдсан үйл баримтын он, сар дугаар байдаггүй. Хариуцагч 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тус 20,000,000 төгрөгөө өгөх боломжгүй, боломжтой болохоор өгнө гэж хэлсэн нь хэрэгт авагдсан утсанд хийлгэсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст залилангийн үйлдлээр шалгагдаж, 15,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэл хийхээр тохирсон боловч үүргээ биелүүлээгүй. 15,000,000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа 10,000,000 төгрөгөөр гүйцэтгэж эвлэрэх саналыг өнөөдрийг хүртэл хариуцагч талаас тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс 15,000,000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэрийг биелүүлэх байр суурьтай байна. 10,000,000 төгрөгөө авч ирвэл эвлэрэх боломжтой гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл ирээгүй. Хариуцагч талаас гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.М т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...газар шорооны ажил хийлгүүлэхээр 20,000,000 төгрөг шилжүүлсэн боловч цаг агаарын байдлаас болж ажиллах боломжгүй болсон учраас ажиллуулаагүй, хугацаандаа ирээгүй тул мөнгөө буцаан гаргуулна гэж, хариуцагч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчид ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгогдоогүйн улмаас ажлаа зогсоож хот руу буцаж явсан, хэрэв зөвшөөрөлтэй байсан бол ажлыг дуусгах байсан, 20,000,000 төгрөгийг замын зардал, хоол хүнс, материалд зарцуулсан, ажил гүйцэтгээгүйд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд О.Г , Б.М нар 2017 оны 09 дүгээр сард харилцан тохиролцож, Б.М нь Увс аймгийн Өмнөговь сумын нутагт ажил гүйцэтгэх, О.Г нь 20,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож уг мөнгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь дээрх ажлыг гүйцэтгэлгүй буцсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх5-6, 50, 173-180/

 

Хариуцагч Б.М нь ...газар шорооны ажил хийгдээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл болсон, цаг агаарын байдлаас шалтгаалсан гэж тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт гаргуулсан боловч уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч Б.М нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй зөрчсөн байх тул захиалагч О.Г нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээнээс татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Б.М нь тохиролцсон ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас өөр ажил гүйцэтгэхээр нэхэмжлэгч О.Г той тохиролцон 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь эксковатороор газар шорооны ажлыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд 15,000,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцжээ. /хх164-166/

 

Анхан шатны шүүх хариуцагч Б.М дээрх ажлыг хийж гүйцэтгээгүйг хүлээн зөвшөөрч шилжүүлэн авсан ажлын хөлсөнд дахин 15,000,000 төгрөгийн хөлстэйгөөр ажил гүйцэтгэхээр тохиролцсон байдал нь өмнөх авсан мөнгөө буцаан төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэн хариуцагч Б.М аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Г т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцож 5,000,000 төгрөгийг зардалд суутган авч, үлдэх 15,000,000 төгрөгт ажил гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...нэхэмжлэгч 2017 оны гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх 2018 оны гэрээг дүгнэсэн нь үндэслэлгүй мөн нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдсан, цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдөж ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч Б.М нь 2018 онд зөвшөөрч гэрээ байгуулсан, гэрээний талаар маргаагүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар гэрээ хэрэгжээгүй нөхцөл байдалд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байсан нь нотлогдоогүй, тухайн цаг хугацаанд хамаарах баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/02029 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ЦОГТСАЙХАН