Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 265

 

 

 

 

 

 

 

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр ҮД:13-38,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хорлоо,

хохирогчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,

иргэдийн төлөөлөгч  В.Лхагвадулам  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын харьяат, Улаанбаатар хотод 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр  төрсөн, 37 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл- 2, хүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр  хороо, Шар хадны 56-р гудамжны 782 /б/ тоотод оршин суудаг, улсаас авсан  гавьяа  шагналгүй , ял шийтгэлийн хувьд: Баянзүрх дүүргийн 2001 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 538 дугаартай4 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3, 138, 240.3-т зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овгийн Нацагдоржийн Ганхуягт /ЦЗ80102111/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 2609 дугаартай, 105/2017/0049/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Яллагдагч Н.Ганхуяг нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Гантулгатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганхуяг мэдүүлэхдээ: Би  2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр  аавынх руугаа очоод архи уугаад буцаад гэр рүүгээ явж байхдаа талийгаачтай таарсан. Тэгээд би баяр ёслол болж байна, хашаа хороо барихад туслачихаарай гэсэн. Тухайн үед хохирогч бас архи уусан байдалтай байсан. Тэгээд бид хоёр  маргалдаад барьцалдаж авсан. Тэгтэл хохирогч миний доод шүд рүү мөргөж, доод уруул хэгзэрсэн байсан. Тухайн үед бид хоёр  газар  унасан. Тэгээд би түрүүлээд босох гэхэд миний цээж рүү жийсэн. Надад 2 удаагийн хөхрөлт илэрсэн байгааг шинжээчийн дүгнэлт дээр байгаа. Тэгээд намайг хойшоо болох хооронд хохирогч босоод цаашаагаа гүйгээд явсан. Би араас нь гүйх гээд чадаагүй. Тэгээд бид хоёр  холоос хэрэлдэж байгаад бид салж  явцгаасан. Үүнээс өөр зүйл бид  хоёрын хооронд болоогүй. Тэгтэл хохирогчид учирсан гэмтэл нь дандаа дэвссэн, өшиглөсөн, цохисон гэсэн байсан. Гэрч Оргилболд авч шидсэн гэх мэтээр мэдүүлэг болгондоо зөрүүтэй мэдүүлээд байгаа. Түүнээс биш бид  хоёрын хооронд дэвссэн, өшиглөсөн, цохисон зүйл байхгүй гэв.

 2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хорлоо мэдүүлэхдээ: Миний хүүхдийг хохироочихоод ийм олон юм яриад байж байна. Шүүгдэгч хохирол төлөөгүй. Хохирлоо авмаар байна. Надад хэцүү байна. Шүүгдэгчийн ярьж байгаа зүйл худал. Чи миний хүүхдийг дэвсээд, цээж рүү нь дэвсэж байсан талаар найз чинь хэлж байсан. Найзууд нь надад хүүхдийг чинь чулуу дээр унагаагаад дээрээс нь дэвсээд байсан талаар хэлдэг. Миний хүүхдэд эрүүл юм байхгүй байсан. Хүүхдийг минь чулуун дээр авч шидээд дээрээс нь дэвссэн гэж хэлээд байгаа. Танай аав чинь ирээгүй. Би бүх оршуулгын зардлаа өөрөө гаргасан. Дуулж байхад шүүгдэгчийн аав гэж настай хүн байдаг гэсэн. Миний хүүхэд эрүүл саруул, ажил хөдөлмөр хийх чадвартай хүн байсан. Үхсэн хүн үг хэлэхгүй гээд өөрийгөө тойруулж яриад байна. Миний хүүхэд ажилгүй муу байж болно, муухай байж болно.Авч шидээд цээжин дээр нь дэвссэн гэж байгаа.Би хохирлын зардлаа бүгдийг нь гаргасан. Би гомдолтой байна. Оршуулагын  зардал  болон сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү  гэв.

           Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Хорлоогийн: ... 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр утсаар надад талийгаач хүүг нас барсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. ...Би бол тэд нартай уулзаад байдаггүй. Талийгаач хүү маань хааяа над дээр ирж очдог байсан. Талийгаачийн ахуй амьдралын би бас сайн мэдэхгүй байна. Тусдаа амьдардаг байсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 19-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч С.Орхоны: …30 минутын дараа Х.Гантулга гаднаас хүнд зодуулчихлаа гээд хувцас нь шороо болсон орж ирсэн. Би хэнд зодуулчив гэхэд Х.Гантулга би Гааяа гэх шар хадны залууд зодуулсан. Гааяа намайг газар дагзаар унагаагаад 2-3 удаа өшиглөсөн гэж хэлсэн. ...2016 оны 07 дугаар сарын 12, 13, 14-нд Гантулга гэрээсээ гараагүй архи уугаагүй бие нь өвдөөд халуураад юм идэж ууж чадахгүй өнжсөн. Гэрээс гарч явсанаасаа хойш 20-30 минутын дараа уйлчихсан, хувцас хунар нь шороо болчихсон орж ирсэн. Талийгаачийг харахад нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, өөрийнх нь ярьсанаар дагзаар нь савж унагаагаад 2-3 удаа өшиглөсөн гэж хэлсэн. ...Би тэгэхээр нь талийгаачтай зөрөөд ганцаараа явж Гааяатай уулзаж 2-3 удаа өшиглөсөн. ...Би Гааяад хандаж чи яахлаараа талийгаачийг зодож байгаа юм бэ гэж асуухад Гааяа би нэг л удаа  хавсарч унагаасан шүү гэж хэлсэн. Яагаад хавсарч унагаасан юм бэ гэхэд би мэдэхгүй байна гээд байсан. ...Дээгүүрх хувцасыг нь тайлаад үзэхэд зүүн гарын бугалаг, баруун суганы гадна хэсэг, баруун гарын тохой орчим, зүүн хөхний дээд хэсэг тус тус хөхөрсөн харагдахаар нь хөх орчим нь дарж үзэхэд бага зэрэг товойсон харагдсан. 2016 оны 07 дугаар сарын 14-ны өдөр үдээс өмнө Гааяаг дуудаж ирээд талийгаачийн байгаа байдлыг харуулахад Орхон эгчээ би савж унагаасан болохоос биш ингэт л зодоогүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал түргэн над руу яриад танай гэрийг олохгүй байна гэж хэлсэн. Энэ үед Гааяа Орхон эгчээ та намайг битгий цагдаад хэлээрэй би хэрэгтэй байгаа гэртээ очоод байж байя  гэж хэлсэн. Би чи хэнтэй зодолдож байсан юм бэ гэхэд Гааяа би согтуу байсан учир мэдэхгүй байна гэж хэлсэн. Талийгаач ходоод, элэг хавьцаа цанхайж тулж өвдөөд байна л гээд байсан. Талийгаач өвдөж байна гэхдээ огиулаад байсан. Хоол ид гээд өгөхөөр хоолны үнэр авч чадахгүй огиулаад байсан...гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 20-23-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баянжаргалын:...2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд манай ээж Орхоны хамтран амьдрагч Гантулга нь согтуу явж байгаад Гааяа гэх хүнд зодуулсан гээд ээж дээр очсон байсан. ...Тэгээд би 07 дугаар сарын 14-ний өдөр очоод түргэн дуудаж талийгаачийг үзүүлэхэд биед ил харагдах шарх, өвчин зовиур байхгүй архины хордлого юм шиг байна шингэн хийлгэ, тархины бичлэг хийлгээрэй гэж үзээд явсан. Тэгээд тухайн үед хүнд бэртэж гэмтсэн зүйлгүй байна гэж тайвшраад явцгаасан. Тэгээд өнөөдөр 10 цагийн үед ээж Орхон, Гантулга ахтай  хамт манайд ирээд гэрт тоггүй юм чинь танайд байж байгаад түргэн дуудаж үзүүлнэ гэсэн. Тэгэхэд Гантулга ах манайд хэвтэж байгаад олон удаа огиулаад гарч бөөлжих гээд чадахгүй байсан. Тэгээд юм ч идэж чадахгүй ус, хүйтэн хар цай л ууж байсан. Тэгээд 16 цагийн үед байх ёолоод биеийн шөрмөс татах гээд байна гэхээр нь би сандраад 103 дуудаж үзүүлсэн чинь яаралтай  авч явна гээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр авч ирсэн. Тэгээд 103-аар эмнэлэг дээр ирээд 30- 40 минутын дараа нас барсан. Би юунаас болж нас барсанг мэдэхгүй байна. ...Тэр Гааяа гэх хүн талийнгаачийг хашааны банз түлээд дууслаа гэж маргалдан зодсон гэсэн. Гэхдээ яаж цохисоныг хэлж мэдэхгүй байна, ээжид тэр талаар хэлсэн гэсэн. ...Талийгаач надад өөрөө бол хэлээгүй ээж надад 07 дугаар сарын 10-ны өглөө Гааяа гуай өчигдөр орой Тулгааг цохиж цээж рүү өшиглөсөн байна лээ би очиж хэрэлдээд Тулгаа өөрөө хая хая гээд байхаар нь орхичихлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-26-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Оргилболдын:...2016 оны 07 дугаар сарын 14, 15-ны үеэр хувцасаа солих гээд гэртээ очсон юм. Тэгэхэд талийгаач Гантулга ээжийн хамтаар гэрт байсан бөгөөд бие нь өвдсөн байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Талийгаач байс гээд л ойр ойрхон гарч огиж бөөлжөөд байсан. Та яасан юм бэ гэж асуухад өөрөө юм хэлээгүй. Тэгтэл манай Орхон, Тулгаа ахыг чинь дүү нар ирнэ гээд мах аваад ир гээд шар хадны эцэс рүү явуулсан чинь замд нь Гааяа /Ганхуяг/ гэх манай урд байдаг залуу замд нь тааралдаад барьж аваад өргөж шидээд дээрээс нь дэвсэж зодсон махаа ч аваагүй уйлчихсан орж ирсэн тэрнээс хойш орноосоо ч босоогүй, хоол унд ч идэхгүй, хүнтэй ч юм ярихгүй, архи уух уу гэхээр уухгүй хэвтээд байгаа гэж ярьсан. Сүүлдээ цусаар бөөлжөөд байгаа гэж ярьсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 40-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1321 тоот шинжээчийн дүгнэлтэнд:  

1.Талийгаач нь цээж хэвлийн битүү гэмтэл уушиг, нойр  булчирхайн эдийн няцралын улмаас уушигны хатгаа, нойр булчирхайн үхжил олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй

 4.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно.

 5.Талийгаач нь цусны ABO системээр A2-р бүлгийн цустай байна. Шинжээч эмч Т. Амартүвшин гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 49-51-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр  сарын 24-ны өдрийн 1498  тоот нэмэлтээр хийсэн  шинжээчийн  дүгнэлтэнд:

1.Талийгаачийн биед учирсан цээж, хэвлийн битүү гэмтэл, уушиг, нойр булчирхайн эдийн няцралын улмаас үүссэн уушигны хатгаа, нойр булчирхайн үхжил бүхий өөрчлөлт нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар тус бүрдээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  

2.Талийгаачид учирсан дээрхи цээж хэвлийн хавсарсан уушиг, нойр булчирхайн няцрал гэмтлүүд нь нас барах шалтгаан болжээ.

3.Талийгаач нь цээж, хэвлийн битүү гэмтэл, уушиг, нойр булчирхайн эдийн няцралын улмаас үүссэн уушигны хатгаа, нойр булчирхайн үхжил олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

4.Талийгаач нь учирсан цээж, хэвлийн битүү хавсарсан гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд тухайлбал 2,3,7 хоногийн хугацаанд амьд явах боломжтой.

5.Түргэн тусламжийн эмч Н.Золжаргал нь онош тавьсан гэх эмнэлэгийн баримт хэргийн материалд авагдаагүй байна. Талийгаачид учирсан цээж, хэвлийн битүү гэмтэл, уушиг, нойр булчирхайн эдийн няцралын улмаас үүссэн ууүшигны хатгаа, нойр булчирхайн үхжил олон эрхтний дутагдалд орсныг эмч Н.Золжаргал нь оношлох боломжгүй. Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт /1-р хх-ийн 155-157-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 385  тоот хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ:

1.Талийгаач Х.Гантулгын биед уушиг, нойр булчирхайн эдийн няцрал, цээж зүүн бугалга, тохой баруун суга, зүүн мөрний ард цус хуралт гэмтэл учирсан байна.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Учирсан гэмтэлүүдээс уушиг, нойр булчирхайн эдийн няцрал нь үхэлд хүргэжээ. Бусад цээж, зүүн бугалга, тохой баруун суга, зүүн мөрний ард цус хуралт гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй ба гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5.Талийгаач уушги, нойр булчирхайн эдийн няцралын улмаас уушигны хатгаа, нойр булчирхайн үхжилээр нас баржээ.

6.Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ.

7.Шинжээч эмч Т.Амартүвшингийн гаргасан 1321 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

8.Талийгаач цээж хэвлийн битүү гэмтэл уушиг, нойр булчирхайн эдийн няцрал гэмтэлийг авсанаас хойш тодорхой хугцаанд тухайлбал 7 хоног хүртэлх хугцаанд амьд явах боломжтой.

9.Талийгаачийн биед учирсан гэмтэл нь цохих, өшиглөх дэвсэх үед үүсгэгдэнэ.

10.Уушиг, нойр булчирхайн няцрал гэмтэл нь цохих, өшиглөх дэвсэх үйлчлэлээр үүсч уушигны хатгаа, нойр булчирхайн үхжлээр хүндэрчээ.  Шинжээч эмч Ө.Сарангэрэл, Т.Номинцэцэг,  Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /1-р хх-ийн 225-227-р тал/ 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-17-р тал/ зэрэг  хуульд  заасан  журмын дагуу бэхжүүлж  цуглуулж авсан  нотлох  баримтуудыг шинжлэн  судлав.

            Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой , үнэн зөвд тооцож  шийтгэх тогтоолын үндэслэл  болголоо.

            Хэрэгт цугларсан болон шүүхийн  хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан  нотлох баримтуудаас үзэхэд  Н.Ганхуяг нь согтуугаар  2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Гантулгыг  хашааны банз түлж дууслаа  гэж  маргаж, түлхэж   газарт унагаан  дээрээс нь хөлөөрөө  дэвслэн зодсоны улмаас  Х. Гантулга    биедээ  хүнд гэмтэл авч   амь нас нь хохирсон  байна. Хохирогч  Х.Гантулгын  үхэлд  хүрсэн шалтгаан нь  Н.Ганхуягын  үйлдэлтэй шалтгаант холбоотой  байна.

           Иймд шүүгдэгч Н.Ганхуяг нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Гантулгатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар зодож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож  байх тул  түүнийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  91 дүгээр зүйлийн  91.1-д зааснаар ял  шийтгэл  оногдуулах үндэстэй байна.

            Прокуророос  Н.Ганхуяг гэм буруугийн  үйлдлүүдийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл ангиудыг  тохирсон гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  Шүүгдэгч Н.Ганхуяг нь Баянзүрх дүүргийн 2001 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 538 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3, 138, 240.3-т зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь түүний таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 81, 162-163-р тал/

  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн 78.2.1-т … тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор хуульчилсан ба  Н.Ганхуяг нь Баянзүрх дүүргийн 2001 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 538 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3, 138, 240.3-т зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлсэн  боловч  шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаанд  гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүй  болсон байна.

Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн  497.1-т зааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар  санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/- ээр  гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг  хариуцан арилгах  үүрэгтэй.

   Шүүгдэгч Н.Ганхуяг нь гэм буруутай үйлдлийн улмаас  учруулсан хохирлоос   нэг ч төгрөгийг нөхөн төлөөгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Хорлоогийн шүүхэд  ирүүлсэн  нотлох баримтын  хэмжээнд  гаргуулж  шийдвэрлэх  нь зүйтэй байна.  

   Хохирогч Ц.Хорлоо нь оршууллагын зардалд  4.500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд  25.000.000 төгрөг нийт   29.500.000 төгрөгийг  нэхэмжилж байгаагаас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг  үндэслэн доорхи  хохирлыг гаргуулан шийдвэрлэх  үндэслэлтэй   гэж үзлээ.

Үүнд  550.000+682.300=1.232.300/ хх-н 97-р тал/

10.000+21.100+36.000+37.300+10.000+15.000=129.400 / хх-ийн 98-р тал/

67.500 / хх-ийн 99-р тал/

291.000 / хх-ийн 100-р тал/

10.400 / хх-ийн 101-р тал/

17.000 / хх-ийн 102-р тал/

25.400  хх-ийн 103-р тал/

363.000  /хх-ийн 104-р тал/

779.500 /хх-ийн 105-р тал/

73.060 /хх-ийн 106-р тал/

34.000 /хх-ийн 107-р тал/

17.800 /хх-ийн 108-р тал/

121.300 /хх-ийн 109-р тал/

10.000+10.000+5000+15.000=40.000 / хх-ийн 110-р тал/

20.000+16.000+7000+20.000+20.000+10.000+20.000+14.500=127.500 /хх-ийн 111-р тал/

401.500  /хх-ийн 112-р тал/,

112.000  /хх-ийн 113-р тал/,

125.500  / хх-ийн 114-р тал/

10.400 / хх-ийн 115-р тал/

128.000 / хх-ийн 116-р тал/

нийт  4.106.560 төгрөгийг   хохирогч  Ц.Хорлоод  төгрөгийг гаргуулан  олгох нь зүйтэй гэж үзлээ./ хх-н 97-116-р тал/

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч  Ц. Хорлоо нь  сэтгэл санааны хохиролд  25.000.000 хорин таван сая  төгрөгийг нэхэмжилж  байгаа  боловч  түүнтэй  холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул  шүүгдэгч  Н.Ганхуягаас   гаргуулж  шийдвэрлэх  боломжгүй гэж үзлээ.

            Шүүгдэгч  Н.Ганхуяг нь 2016 оны 07 дугаар сарын  17-ны өдрөөс  сэжигтнийг  баривчлах тогтоолоор  баривчилсан,  2016 оны  07 дугаар сарын 19-ний өдрөөс  сэжигтнээр  14 хоног цагдан  хоригдож,  2016 оны 07  дугаар сарын  29-ний  өдрөөс яллагдагчаар цагдан  хоригдсон,  нийт 304 хоног хоригдсон болох нь сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол, сэжигтнийг цагдан хорих шүүгчийн захирамж, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай болон шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна. /хх-н 64, 67-73, 122-123, 147-148, 171-172-р тал/

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Боржигон овгийн Нацагдоржийн Ганхуягийг хүндрүүлэх  нөхцөл байдалгүйгээр  бусдыг санаатай алсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Н.Ганхуягийг 11/арван  нэгэн  / жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Н.Ганхуягийн  эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.Ганхуягийн  2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 304 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Н.Ганхуягаас 4.106.560 /дөрвөн сая нэг зуун зургаан мянга таван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Хорлоод /РД:ЦЕ59061061/ олгосугай.

6. Хохирогч  өөрт учирсан сэтгэл  санааны  хохирлын талаархи  нотлох  баримтуудаа бүрдүүлж  Иргэний  Хэрэг Шүүхэд  Хянан Шийдвэрлэх  тухай хуульд заасан журмын  дагуу  жич нэхэмжлэх эрхтэйг  дурьдсугай. 

7. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний  өмгөөлөгч  нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

                       

                              ШҮҮГЧИД                                   Т. ШИНЭБАЯР

 

                                                                                     Э. ЧИНГИС.