Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ/2018/02740

 

 

 

 

 

 

      2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/02926

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: ...  дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар байранд оршин суух Б..Т... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ...дүүрэг, ...дугаар хороо, ... гудамж-3, Н... газарт холбогдох

Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У..., нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Т..н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 9 дүгээр сарын 17-ны 4-179/16807 дугаар мэдэгдэл хүлээн аваад Б.Т миний бие дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь Т.Б эзэмшлийн №000540921 гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүрэг, ... гэх газар байрлах 20 827 м.кв газрын мөн хаягт байрлах 2 давхар дүнзэн байшин, 2 тал модон хашаа, 2 тал блокон хашааны хамт тус газраас зохион байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 119 205 000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Гэтэл төлбөр авагч Ё ХХК нь Б.Тгийн нэр дээр байх үл хөдлөх хөрөнгийг дундын өмч гэж шүүхээр шийдүүлсэн байхад Т.Б нэр дээр байх бүх үл хөдлөх хөрөнгө нь мөн Б.Тгийн дундын өмч болох учиртай. Иймд 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож тус хөрөнгөөс Бд оногдох хэсгээс төлбөрийн барагдуулах нь зүйтэй юм. Тус нэхэмжлэлийн 2020 оны 09 дүгээр сарын 13-нд гаргасан боловч 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10726 дугаартай захирамжаар нэхэмжлэлд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан эсэх талаар баримт авагдаагүй байна гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэлийг засан холбогдох бичиг баримтыг бүрдүүлж дахин нэхэмжлэл гаргаж байна. Т.Б, Б.Т нар нь эхнэр, нөхөр бөгөөд гэр бүлийн баталгаатай гэр бүл гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ушүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Т.Баас 433 149 920 төгрөг гаргуулж Ё ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 399  тоот тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч Т.Б эд хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас тодруулахад Хан-Уул дүүргийн газар зохион бхйгуулалтын албанаас 2021 оын 03 дугаар сарын 25-ны өдрийн 16/400 дугаар албан бичгээр Т.Б эзэмшил /нэг иргэний эзэмшил/ №000540921 гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Гавжийн шанд гэх газар байрлах 20 827 мкв газар бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч Т.Бд шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул Т.Б эзэмшлийн 14 дүгээр хороо, Гавжийн шанд гэх газар байрлах 20 827 мкв газрыг мөн хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй 2 давхар дүнзэн байшингийн хамт 2021 оны 02 сарын 25-ны өдөр 15290774/10 тогтоолоор битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 15290774/11 тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй, төлбөр авагч Ё ХХК-аас шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан тул 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 6/87 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход хөрөнгийн үнэлгээний СХХК хөрөнгийг 234 407 885 төгрөгөөр үнэлсэн болохыг талуудад  2021 оны 6 сарын 23-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Т.Б үнэлгээг зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан боловч төлбөр төлөгдөөгүй. Дээрх хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлуулагдаагүй. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд 119 205 000 төгрөгөөр худалдсан борлогдсон бөгөөд тус хөрөнгө нь дундын өмчлөлийн хөрөнгө болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4-179/16807 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр шүүгчийн захирамжаар Т.Баас 433 149 920 төгрөгийг 2015 оны 06 сарын 01-ны өдрийн дотор Ё ХХК-д төлж барагдуулахаар  талуудын харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  

Төлбөр төлөгч Т.Б нь 443 149 920 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 6 сарын 28-ны өдрийн 399 тоот гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2015 оны 9 дүгээр сарын 09-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Т.Б өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ... гэх газар байрлах №000540921 гэрчилгээний дугаартай 20827м.кв газрын мөн хаягт байрлах 2 давхар дүнзэн байшин, 2 тал модон хашаа, 2 тал блокон хашааг 2021.02.25-ны өдрийн 15290774/10 эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 15290774/11 тогтоолоор хурааж, 2021 оны 5 сарын 27-ны өдрийн 4-179/9404 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Т.Бд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг даалгасан байх ба хэрэв тогтоосон хугацаанд үнэ тогтоогоогүй тохиолдолд үнэлгээчнээр үнэлүүлэхийг мэдэгдсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд /2002 оны хууль/ заасны дагуу төлбөр төлөгч, авагч нар нь үнийн санал авахад тохиролцоогүй байх тул 2021 оны 6 сарын 08-ны өдрийн 6/87 дугаар тогтоолоор СХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хөрөнгө хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

СХХК нь 2021 оны 6 сарын 11-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргаж, тус барьцаа хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын, орлогын хандлагын, өртгийн хандлагын аргаар тус үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг нийт 234 407 885 төгрөгөөр үнэлжээ./хх-ийн 45/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 4-179/10974 тоот мэдэгдлээр Т.Б, Ё ХХК нарт “...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 234 407 885 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч Т.Б уг мэдэгдлийг хүлээн авчээ. /хх-ийн 46-47/

 

Түүнчлэн тус газраас 2021 оны 7 сарын 20-ны өдрийн 8/53 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гаргаж анхны дуудлага худалдааг 2021 оны 8 сарын 06-ны өдөр зохион байгуулсан боловч үнийн санал ирээгүй байх ба 2021 оны 8 сарын 17-ний өдрийн 9/39 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол гарч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 234 407 885 төгрөгийг ...50 хувь буюу 117 203 943 төгрөгөөр тогтоон 2021 оны 9 сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон байх ба уг тогтоол болон мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одод 2021 оны 9 сарын 01-ний өдөр гардуулан өгсөн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 71 дүгээр зүйлүүдэд заасан журмын дагуу 2021 оны 9 сарын 03-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах дуудлага худалдаа зохион байгуулагдсан байх ба Б.О нь дээрх хөрөнгийг 119 205 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Т.Б, Б.Т бид албан ёсны гэр бүл эхнэр, нөхөр. Ё ХХК нь Б.Тгийн нэр дээр байх үл хөдлөх хөрөнгийг дундын өмч гэж шүүхээр шийдүүлсэн байхад Т.Б нэр дээр байх бүх үл хөдлөх хөрөнгө нь мөн Б.Тгийн дундын өмч болох учиртай.” гэж тайлбарлаж байх хэдий ч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж, иргэн Б.Тгийн өмчлөлийн зүйлээс төлбөр барагдуулсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4-179/16807 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Тгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

                                         

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ