Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/00193

 

Б.Т-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/02740 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Т-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

2 дахь албадан дуудлага худалдаа, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Анхбаяр,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжтай гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч Б.Т надаас “Ориент инвест ББСБ” ХХК-д 926 653 724 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Элит хаус 7 тоот хаягт байрлах 600 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцыг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2 дахь дуудлага худалдаанд оруулсан. Анхны дуудлага худалдаа явуулах талаар буюу шинжээчийн гаргасан дүгнэлттэй 2017 оны 9 сарын 13-нд танилцаад урьдах үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байхад дахин уг алдааг давтаж хувийн сууц өргөтгөлийг оруулж тооцоогүй. Миний бие анхны дуудлага худалдаанд оруулах тогтоол, шинжээчийн бодит бус үнэлгээ, хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 06-нд хууль бусаар дуудлага худалдаанд оруулах гээд байгаа талаар гомдлыг хүлээж аваагүй ба 2018 оны 6 сарын 11-нд хууль бус болсон дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг ахин гаргахад гомдлын агуулгад огт хамааралгүй ойлгомжгүй хариу мэдэгдэх хуудсаар өгсөн. Ийнхүү барьцаа хөрөнгийг 2018 оны 6 сарын 08-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар 906 550 000 төгрөгөөр буюу бодит бус үнэлгээгээр буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг үл ойшоож маш доогуур үнэлгээ тогтоосон үнээс тооцож худалдсан байна. Иймд 2018 оны 6 сарын 08-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилсон тогтоолыг үндэслэн “Хөрөнгө-эстимэйт” ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ мөн өмнөх үнэлгээ хийсэн компанийн алдааг давтаж уг барилгын өргөлтгөлийг оруулж тооцолгүйгээр үнэлгээг гаргасан. Өөрөөр хэлбэл иргэн Б.Т-ийн  үл хөдлөх эд хөрөнгийг илт үнэгүйдүүлж, хуульд заасны дагуу үнэлгээ тогтоогоогүй тул “Хөрөнгө-эстимэйт” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү. Энэ үнэлгээн дээр хийгдсэн дуудлага худалдаа ч бас хууль зөрчсөн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4703 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20780 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Т нь 921 886 334 төгрөгийг “Ориент инвест ББСБ” ХХК-д 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Б.Т нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр биелүүлэх газраар барьцаалсан хөрөнгө болох Ү-2206008409 улсын бүртгэлийн дугаартай, 000012841 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Элит хаус 7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууц, уг хаягт байрлах 649 м.кв талбай бүхий газраас үүргийг хангуулж, “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа, мэдэгдэл удаа дараа гардуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-дүүргийн 15 дугаар хороо, /хуучнаар 1-р хороо/ Элит хаус 7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий 2 давхар орон сууц, уг хаягт байрлах 649 м.кв талбай бүхий газрын хамтаар битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар 2017 оны 2 дугаар 15-ны өдөр 3/5943 дугаар албан бичгээр үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн саналаа 2015 оны 2 дугаар сарын 22-ны дотор ирүүлэх мэдэгдлийг биечлэн төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2017 оны 2 сарын 22-ны өдөр гардуулахад талууд харилцан тохироогүй тул 2017 оны 6 дугаар 05-ны өдрийн 182 тоот тогтоолоор “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 1 809 027 600 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээ тогтоох ажиллагааг “Хөрөнгө эстимейт” ХХК-ийн үнэлгээчин 3 хүн тус үл хөдлөх эд хөрөнгөнд очиж хийсэн бөгөөд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. Мөн дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд төлбөр төлөгч Б.Т нь үндэслэлгүйгээр удаа дараа гомдол гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4703 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20780 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Т    нь 921 186 334 төгрөгийг “Ориент инвест ББСБ” ХХК-д 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Б.Т нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр биелүүлэх газраар барьцаа хөрөнгө болох Ү-2206008409 улсын бүртгэлийн дугаартай, 000012841 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Элит хаус 7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууц, уг хаягт байрлах 649 м.кв талбай бүхий газраас үүргийг хангуулж, “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эхлүүлсэн боловч төлбөр төлөгч Б.Т нь өмнөх ажиллагааг хууль зөрчсөн үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж хүчингүй болгосон. Ингээд 2017 оны 2 сараас дахин уг ажиллагаа эхэлсэн боловч мөн өнөөдрийн байдлаар гомдол гаргаад уг ажиллагаа түдгэлзсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн, нэхэмжлэгч Б.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн тул үнэлгээний талаар гомдол гаргах эрхээ алдсан. Мөн хөрөнгийн үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг 654 м.кв гэж тогтоон, үнэлгээ хийж үнэлсэн нь бодитой хийгдсэн ажиллагаа бөгөөд хоёр дахь дуудлага худалдаагаар уг эд хөрөнгийн үнийг 50 хувиар тогтоож “Ориент инвест ББСБ” ХХК нь 906 550 000 төгрөгөөр худалдан авахаар ялагч болсон. Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70, 71 дүгээр зүйлд заасан ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 56 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Элит хаус 7 дугаар байр хаягт байрлах 600 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг албадан борлуулсан 2018 оны 6 сарын 08-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасныг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дах дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагын тухай хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, өөр хуулийг хэрэглэсэн. НШШГГ нь Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо Элит хаус 7 дугаар байр хаягт байрлах 600 м.кв давхар хувийн сууцыг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2 дах дуудлага худалдаанд оруулсан. 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд дуудлага худалдааг зохион байгуулах талаар зохицуулсан байдаг. НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулахдаа дээрх зохицуулалтын хүрээнд ажиллагаа явуулах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо Элит хаус 7 дугаар байр хаягт байрлах 600 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцанд явагдсан 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2 дах дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24-т заасныг тус тус зөрчсөн байна. Тодруулбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71.10-т заасныг НШШГГ нь дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг дуудлага худалдааны ялагчид болон төлбөр төлөгч этгээдэд танилцуулсан эсэх, мөн хуулийн 71.11-т заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулагч буюу эрхлэн хөтлөгчийн шийдвэр бүхий дуудлага худалдаанд ялсан ялагчид худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх, төлбөр төлөгчид эд хөрөнгийг чөлөөлөх хугацаа тогтоосон албан бичиг үйлдээгүй. Үүнийгээ дуудлага худалдаанд ялагч болон төлбөр төлөгчид танилцуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.11-т заасны дагуу дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн шийдвэр нь төлбөр төлөгчид танилцуулах заавал шаардлагатай ажиллагаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71.10-т заасан дуудлага худалдаанд ялагчид худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх хугацааг заасан хугацаанд мөн төлбөр төлөгч нь төлбөрөө бүрэн төлсөн бол ялагчид өмчлөх эрх үүсэхгүй байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн эд хөрөнгө нь дуудлага худалдаа амжилттай явагдсанаар ялагчид шилжих бус, эрхлэн хөтлөгчийн шийдвэрт тогтоосон хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд шилжихээр байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасны дагуу гомдол гаргах боломж олгоогүй. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөх хугацааг заасан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн шийдвэр гаргаагүй, хуульд заасан ажиллагааг хийгээгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.26, 197.24-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 12 сарын 7-ны өдрийн дугаар 183/ШШ2018/02740 шийдвэрийн үнэлгээ тогтоосон дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд 2018 оны 12 сарын 7-ны өдрийн 183/ШШ2018/02740 шийдвэрийн холбогдох хэсэг болох 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                              

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдаа болон үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4703 дугаар захирамжаар Б.Т нь 921 886 334 төгрөгийг “Ориент инвест ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг баталж, тус шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20780 дугаар захирамжаар Б.Т-ийн  өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Элит хаус 7 дугаар байрны 404 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууц, 649 м.кв талбай бүхий газрыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /хх-ийн 48-49, 50-51 дүгээр тал/

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох Ү-2206008409 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Элит хаус 7 дугаар байрны 404 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууц, 649 м.кв талбай бүхий газрыг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр битүүмжлэн, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргажээ. /хх-ийн 91-92, 96-97 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Т-ийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн саналд талууд тохиролцоогүй байх тул хариуцагч НШШГГ нь “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Элит хаус 7 дугаар байрны 404 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууц, 649 м.кв талбай бүхий газрыг 1 809 027 600 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 56-59 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь шаардлага болон давж заалдах гомдолдоо хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан гэх боловч хариуцагч нь албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/22390 дугаар албан бичгээр, /хх-ийн 158 дугаар тал/

Анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4/25819 дугаар албан бичгээр, 2 дах албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4/9387 дугаар албан бичгээр тус тус нэхэмжлэгч Б.Т-д мэдэгдэж, дуудлага худалдааны тэмдэглэлийг үйлдсэн байх тул хариуцагчийг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. /хх-ийн 160, 175 дугаар тал/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/02740 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                        

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                                                Г.ДАВААДОРЖ