Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00778

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/02740 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

2 дахь албадан дуудлага худалдаа, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжтай гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч Б.Т- надаас “ОИ ББСБ” ХХК-д 926 653 724 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Элит хаус 7 тоот хаягт байрлах 600 мкв талбайтай 2 давхар хувийн сууцыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2 дахь дуудлага худалдаанд оруулсан. Анхны дуудлага худалдаа явуулах талаар буюу шинжээчийн гаргасан дүгнэлттэй 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр танилцаад урьдах үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байхад дахин уг алдааг давтаж хувийн сууц өргөтгөлийг оруулж тооцоогүй.

Миний бие анхны дуудлага худалдаанд оруулах тогтоол, шинжээчийн бодит бус үнэлгээ, хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар дуудлага худалдаанд оруулах гээд байгаа талаар гомдлыг хүлээж аваагүй ба 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хууль бус болсон дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг ахин гаргахад гомдлын агуулгад огт хамааралгүй ойлгомжгүй хариуг мэдэгдэх хуудсаар өгсөн.

Ийнхүү барьцаа хөрөнгийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар 906 550 000 төгрөгөөр буюу бодит бус үнэлгээгээр буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг үл ойшоож маш доогуур үнэлгээ тогтоосон үнээс тооцож худалдсан байна.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан үнэлгээ хийлгэсэн ажиллагаа буюу шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4703 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Т- нь 921 886 334 төгрөгийг “ОИ” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан.

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, /хуучнаар 1 дүгээр хороо/ Элит хаус 7 дугаар байр хаягт байрлах 404 мкв талбай бүхий 2 давхар хувийн сууц, уг хаягт байрлах 649 мкв талбай бүхий газрын хамтаар битүүмжлэн, хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3/5943 дугаар албан бичгээр үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн саналаа 2015 оны 02 дугаар сарын 22-ны дотор ирүүлэх мэдэгдлийг биечлэн төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гардуулахад талууд харилцан тохироогүй тул 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182 тоот тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 1 809 027 600 төгрөгөөр үнэлсэн.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ тогтоолгосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/02740 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 56 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Элит хаус 7 дугаар байр хаягт байрлах 600 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг албадан борлуулсан 2018 оны 6 сарын 08-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/02740 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд дуудлага худалдааг зохион байгуулах талаар зохицуулсан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулахдаа дээрх зохицуулалтын хүрээнд ажиллагааг явуулах ёстой.

Гэтэл нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Элит хаус 7 дугаар байр хаягт байрлах 600 мкв талбай бүхий 2 давхар хувийн сууцанд явагдсан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2 дахь дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24, 197.26-т заасныг тус тус зөрчсөн.

Иймд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 193 тоот магадлалыг хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Элит хаус 7 дугаар байр хаягт байрлах 600 мкв талбай бүхий 2  давхар хувийн сууцыг худалдан борлуулсан 2 дахь албадан дуудлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Т- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, хоёр дахь дуудлага худалдаа, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Т- нь гуравдагч этгээд “ОИ ББСБ” ХХК-д төлбөрөө барагдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээс татгалзсаны эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгч ойлгосон болохыг шүүхэд мэдэгдсэн, нэхэмжлэлээс татгалзсан үндэслэл, нөхцөл хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Б.Т-гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/02740 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, хоёр дахь дуудлага худалдаа, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг хүчингүй болгуулах тухай Б.Т-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

         ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН