Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/03814

 

 

 

 

 

 

    2021        11          22                                      101/ШШ2021/03814

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгчид З.Баярмаа, Г.Бямбажаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж. Б

Хариуцагч: Д.О

Хариуцагч: Р.О

Хариуцагч: БХЯХЦТ  эмнэлэг холбогдох,

 

Гэм хорын хохиролд 88,813,408 төгрөг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 449,393 төгрөгийг сар бүр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэндмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Ж.Сэлэнгэ, хариуцагч Цэргийн төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамжид, хариуцагч Д.Олын өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Нэхэмжлэгч Ж.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэндмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр болох Б.Баатархүү нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БХЯХЦТ  эмнэлгийн хордлогын тасагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч эмчилгээ хийгдэж байгаад дотрын тасгийн жижүүр эмч Д.Ол, сувилагч Р.О  нар нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жижүүр эмч, сувилагчаар ажиллаж байх хугацаанд эмчилгээ сувилгааг зохих стандартын дагуу хийж чадаагүй, эмнэлэг нь шаардлагатай үед багаар ажиллах ямар ч арга хэмжээ аваагүйн улмаас нас барсан гэж үзэж байна. 

Эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн очихдоо шил арчигч шингэн уусан гэдгээ хэлсэн боловч жижүүр эмч Д.Ол нь өвчтөний биед бодит үзлэгийг хийгээгүй, эмч өвчтэй учир өвчтөнийг үзэх боломжгүй гэдгийг сувилагч Р.О  мэдэгдээд эмч бус сувилагч өөрөө истори нээж, эмчийн зааваргүйгээр ходоодыг нь угаасан. Р.О  ходоодыг нь бүлээн усаар угаасан гэж байгаа боловч уг усных нь температур хэд байсныг хэн ч мэдэхгүй, хэн ч шалгаж үзээгүй.    Гэтэл эмч өвчтөний ходоодыг угаах үед нь хажууд байлцаж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй юм.

Эмнэлгийн зүгээс энэ хүн гайгүй байна, эмнэлэгт хэвтүүлэхгүй гэж байхад нь манай ээж хэвтүүлнэ гэсээр байж хэвтүүлсэн, сувилагч нь талийгаачийн биеийн байдлын талаар үнэн бодитой мэдээлэл хэлж байгаагүй.

Эмч сувилагчийн харилцаа хандлага маш муу, ганцхан та нарт үйлчилдэггүй гэж муухай харьцаж, өвчтөний биеийн байдлын талаар тайлбарлах биш загнаж харьцаж байсан.

Сувилагч нь утсаар зөвлөгөө авч эмчилгээ хийж байсан. Эрүүл мэндийн стандартад заасан өвчтөний дэргэд байнга байж 2-4 цаг тутамд үзлэг хийх, биеийн дулааныг тогтмол үзэх ёстой байтал үзээгүй, хэрэв биеийн дулааныг тогтмол үзсэн бол хүйтэн усаар ходоодыг угааснаас даарч чичрээд байгааг нь мэдэх боломжтой байсан, гэтэл шууд тасалгааны температурт байгаа усаар ходоодыг угааж дуусангуут шууд дусал хийсэн зэрэг алдаануудыг сувилагч Р.О  гаргасан.

Эмч хүлээн авах дээр байгаагүй, ходоод угаахад байгаагүй, өвчтөнд бодит үзлэг хийгээгүй, үзлэг хийгээгүй хирнээ үзсэн мэтээр өвчтөний түүх дээр бичилт хийсэн, истори болон яаралтай тусламжийн хуудсыг зассан, нэмэлт бичилт хийсэн байсан.

Истори зассан гэдгийг кримналистикийн шинжилгээгээр 250 мл гэдгийг 750 мл гэж хоёр удаа,  Мөн шөнийн 01.50 цагаас өглөөний 05.50 цагийн хооронд огт үзлэг хийгээгүй мөртлөө үзлэг хийсэн мэтээр бичсэн байгааг тогтоосон. Энэ нь сувилагчийн мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно.

 Эмч Д.Ол нь хордлогын нарийн мэргэжлийн эмч биш дотрын тасгийн эрхлэгч хүн байсан учраас өвчтөнийг зөв эрэмбэлж чадаагүй, яг юунд хордсоныг тодорхойлоогүй, юугаар хорыг саармагжуулахыг мэдэхгүй байсан. Энэ алдаагаа засахын тулд дараа нь историд засвар хийсэн байсан. Мөн дуслыг ар араас нь залгуулж хийсэн.

Цэргийн төв эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд байдаг ганц хордлогын төв хирнээ хордлогын нарийн мэргэжлийн эмч байхгүй, дотрын эмчийг ажиллуулж байснаараа буруутай юм. Мэргэжлийн эмч биш учраас хордлогын нарийн шалтгааныг тогтоогоогүй, зүгээр энгийн эмчилгээ хийсэн, ямар хүндрэл үүсэхийг мэдэхгүйгээс гадна тухайн үед жижүүр эмч өвчтэй байсан бол дараагийн ажиллах боломжтой эмчийг томилж  ажиллуулах  байсан    ч тийм арга  хэмжээ  аваагүй.   Өвчтөн  хүндрэхэд  жижүүр эмч н.Янжмааг дуудах боломжтой байсан ч энэ талаар эмнэлгийн зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй.

22 цагийн үед Б.Баатархүү өөрийн ухаантай эмнэлэг рүү алхаад орсон ч шөнийн 01.50 цагт хүндрэл өгөхөд шаардлагатай арга хэмжээ авч, багаар ажиллах ямар ч ажил хийгдсэнгүй. 

Бидний гаргасан гомдлын дагуу Жанжин штабын генерал н.Доржсүрэн нь тус эмнэлэгт шалгалт явуулж, нарийн мэргэжлийн эмч томилоогүйгээс хүний амь нас хохирсон, үүнд эмч Д.Ол буруутай гэж үзсэн бөгөөд 2017 оны 12 сард Батлан хамгаалах яамны Хяналт шалгалтын үнэлгээний хэлтсээс сахилгын шийтгэл ногдуулах үүрэг өгсөн байдаг.

Хэрвээ нарийн мэргэжлийн эмч эмчилгээг зөв хийсэн бол өөр хэрэг, тэгээд ч бид ухаангүй хүн авч очоод эмчилгээ хийлгээд нэмэргүй байсан бол бидний зүгээс гомдох зүйл алга. Гэтэл зүгээр өөрийн ухаантай, хөлөөрөө алхаж орсон хүн байтал эдгээр хүмүүс, эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болоод хүний амь нас хохирсон тул үнэхээр их гомдолтой байна

Дээрх хүмүүс, эмнэлэг мэргэжлийн үйл ажиллагаагаа зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж амь нас нь хохирсон үйл баримтыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Гэсэн ч цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзснийг хяналт тавьж буй прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон гэж шийдвэрлэсэн.

Бидний гомдлыг Баянзүрх дүүргийн прокурор хянан үзээн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 5/465 дугаар хариу мэдэгдэх хуудсанд “...хохирогчид учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болно.” гэсэн. 

Үүнээс болж манай гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирсан. Түүнчлэн бид Төрийн банкнаас орон сууцны 8 хувийн  зээлтэй байсан бөгөөд уг зээлийн төлбөрийг миний нөхөр Б.Баатархүү нь цалингаараа төлдөг байсан ба нас барах үедээ амь насны даатгалаа сунгуулж амжаагүй байсан учраас орон сууцны зээлээс нэг ч төгрөг хасагдаагүй.

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-иар талийгаач Б.Баатархүүгийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгож,  эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайланг гаргаж, нотлох баримтаар шүүхэд өгсөн. Уг үнэлгээний тайлангаар талийгаачийн хохирлын үнэлгээг  322.561.920 төгрөг гэж үнэлсэн.

Миний бие бага насны 3 хүүхэдтэй, сарын цалин маань дээр дурдсан зээлийг төлөхөд хүрэлцэхгүй нөхцөл байдалд орсон.

Ж.Б  нь Б.Баатархүүтэй 2002 онд гэр бүл болж, тэдний дундаас 2005 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.Лутбаяр, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Агиймаа, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Маралмаа нар төрсөн.

 Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжинд байсан хүүхэд тус тус авах эрхтэй тул миний хүү Б.Лутбаяр, охин Б.Агиймаа, охин Б.Маралмаа нарыг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг талийгаач нөхрийн минь сард авч байсан дундаж цалин хөлснөөс тооцож сар тутам гаргуулах шаардлага гаргасан.

Талийгаач нөхрийн минь сард авч байсан дундаж цалин хөлсийг тооцоолохдоо Б.Баатархүүгийн сүүлийн 1 жилийн цалингийн дунджаар буюу 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх 12 сарын дундаж цалин 1.140.839 төгрөг болж байгаа тул үүнээс сард Нийгмийн даатгалын сангаас авч буй Тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 541.648 төгрөгийг хасч тооцоход зөрүү 599.191 төгрөг болно. 3 хүүхдэд нийт 449.393 төгрөг. Сард нэг хүүхэд тус бүрт 149.797 төгрөг болж байна.

Иймд ажлын хариуцлага алдаж миний нөхрийн амь насыг хохироосон эмч Ж.Ол, сувилагч Р.О  болон БХЯХЦТ  эмнэлгээс оршуулгын зардалд 9.787.564 төгрөг, гэм хорын хохиролд 79.025.844 төгрөг, нийт 88.813.408 төгрөгийг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 449.393 төгрөгийг сар бүр гаргуулахаар тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Цэргийн төв эмнэлэг стандарт хангасан усаар ходоодыг угаасан гэж хэлж байна. Үүргээ зохих ёсны дагуу гүйцэтгэсэн гээд шинжээчийн дүгнэлтийг ярьж байна. 5 эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, 1 эмчийн задлангийн дүгнэлт байдаг. Ийм 2 шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад гарсан байдаг. 1 эмчийн шинжилгээний хариу дээр этиленгликоль илрэхгүй, спирт илэрсэн зүйл байдаг. Нас барсан шалтгаан бол тархи хавагнасан гэж байгаа. Эмчийн хэлж байгаагаар амьсгалахад хүнд болно гэж хэлдэг. Гэвч Б.Баатархүү хоёр хөлөөрөө эмнэлэг рүү явж орсон байдаг. Шүүх гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээгээд авчихлаа. Монгол Улсын хэмжээнд ганц л хордлогын төв байгаа. Энэ байгууллагын гол үйл ажиллагааны онцлог нь ямар нэгэн химийн бодисонд хордсон хүнийг эмчилж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх явдал юм. Шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн баримтыг харахаар өмнө нь хордлогын төв гэж байгаагүй, манайх эмчгүй байсан гэж тайлбарладаг. Шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхөд тайлбараа өөрчилж байна. Хордлогын төвийн тэмдэглэл дээр тухайн өдөр гарч байсан эмч, сувилагч зохих ёсоор эмчилгээ, үйлчилгээг хийж гүйцэтгээгүй, энэ стандартын дагуу эмчилгээ, үйлчилгээг хийж гүйцэтгээгүйн улмаас энэ хүний амь нас хохирсон гэдэг нь тодорхой байгаа. Өвчтөний түүхийг бичихдээ засварласан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Жижүүр эмч бүх тасгуудаараа хамтарч эмчилгээ хийх ёстой. Тухайн өдөр н.Янжмаа, Д.Ол гээд 2 эмч байсан. Д.Ол эмч тухайн өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлээгүй гэдэг нь ажилтнуудын хурлын тэмдэглэл болон цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Талийгаачийн ээж н.Цэрмаа гэж хүн хамт байсныг нотолсон. Тухайн үед Р.О  ингэж ажилласан гэдгийг камерын бичлэгээр нотолж, үзлэг хийлгэсэн. Энэ үзлэгт Д.Ол гэж эмч эмчилгээ, үйлчилгээг үзүүлээгүй, өвчтөний түүхийг нөхөж бичсэн гэдэг нь нотлогдож байгаа. Ходоодыг угаасан талаар ярьж байна. Стандарт, температурыг баримталж хийсэн гэх баримт нь байхгүй. Бидний шүүхэд гаргаж өгсөн баримтан дээр ходоодыг угаах стандарт байгаа. Ходоод угаах усыг хийхдээ хүний биеийн температурт тааруулах ёстой. Тухайн хүний биеийн температурт тааруулаагүй бол хариу урвал үзүүлдэг гэж бичсэн байгаа. Ходоодыг хүйтэн усаар угаасан тул тухайн хүн даарна. Даарсан байдалтай байхад нь дулаанаар хучих ёстой байтал дулаанаар хучаагүй, ам нь хөхөрч, чичирсэн байдалтай байсан. Энэ талаар сувилагч нь эмчдээ хэлтэл дусал хий гэж хэлсэн. Гемодезийн аппарат нь тухайн хүний биеийг хоргүйжүүлэх аппарат байдаг.            Дэлхий нийт ямар стандартаар явж байна гэдгийг эмч нар судлаад хийх ёстой. Энэ хүн ийм бодис уусан учраас үхсэн, эмчийн буруугаас болоогүй юм гэж хэлж байгаад харамсаж байна. Эмч зохих ёсны эмчилгээ, үйлчилгээгээ хийчихсэн бол энэ хүн аврагдах боломжтой байсан. Би үүнтэй төстэй эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд гарсан үр дагаврын тоо баримтыг гаргаж өгөөч гэж шүүхэд хүсэлт тавьж байсан. ЭМЯ-ны эмч нар ордог шинжээч нарыг томилж өгөөч гэж хүсэлт гаргаж байсан болов шүүх миний хүсэлтийг хангаагүй. Би энэ талаар судалж үзэхэд энэ эмнэлэг энэ чиглэлээр маш сайн эмнэлэг байсан. Хордсон хүмүүсийг эмчилж байсан туршлагатай эмнэлэг байсан. Харамсалтай нь тэр баримтыг энэ эмнэлэг гаргаж өгөөгүй. Бид өөр захирал ажиллаж байхад энэ тоо баримттай холбоотой баримтыг авч, гаргаж өгч байсан. Тухайн хурлын тэмдэглэл дээр Д.Ол гэж эмч ирээгүй, үзээгүй гэж байна. Дотоод утсаар нь Д.Ол эмч рүү залгахад миний утас руу залга гэж хэлсэн, өвчтөний түүхийг дараа нь нөхөж бичсэн асуудал байгаа. 5 цаг 30 минут гээд өрөөнд нь очиход өрөөндөө унтаж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалд байсан бол дарга, удирдлагадаа хэлж өөр бүрэлдэхүүн томилуулж болох байсан. Тухайн үед хордлогын эмч н.Цэнгэлмаа гэж хүнийг дуудах эрх, үүрэг нь өөрт байж л байсан. Сая итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад астрологийн эмч гээд гол эмч байдаг юм байна. Энэ хүн курст суугаад хордлогын эмч болсон гэдэг баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. Хариуцагч нарын хэлээд байгаа зүйл нотлох баримтаар нотлогдоогүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэндмаа нь Зэвсэгт хүчний хяналт шалгалтын үнэлгээний газар өргөдөл өгч, тайлбар гаргасан байдаг. Энэ тайлбар дээрээ мэргэжлийн эмч нарыг дуудаж, жижүүрт гаргадаг гэж байна. Цэргийн төв эмнэлэг мэргэжлийн эмчийн шаардлага гарвал дууддаг байсан. Ээж нь хүүхдээ 5 хоног уусан гэж хэлдэг боловч 5 хоног уугаагүй. Тухайн нөхцөл байдалд Б.Баатархүү гэртээ бантан идэж байгаад ийм нөхцөл байдалд хүрсэн гэдгийг ээж н.Цэрмаа нь нотолдог. Сувилагч 10 литр усаар ходоодыг угаасан гэж хэлдэг. Ходоодыг угаасны дараа хүнд, хөнгөн гэж ангилаад тасаг руу оруулдаг. Сувилагч нь хэлэхдээ танай хүүхэд эрүүл байна, хэвтэх шаардлага байхгүй гэж хэлдэг. 200-250 грамм уусан гэдгийг Д.Ол хордлогын төвд өгсөн бичиг дээрээ тодорхой бичиж өгсөн байдаг. Тэрнийг 750 грамм болгож засаж бичсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Шинжээчийн дүгнэлтэн дээр этиленгликоль гэдэг бодисонд Мэргэжлийн хяналтын харьяа Газрын тосны лабораториор шинжлүүлэхэд этиленгликоль 0 гэж байдаг. Шүүх эмнэлгийн эмч, шинжээч нарын дүгнэлт бодит байдлаас зөрчихсөн байгаа. Тэр бодисонд юу байгааг нотолж чадаагүй мөртлөө хөнгөмсөгөөр дүгнэлт хийсэн байгаа. Ж.Б  нөхрийгөө архи уугаагүй байж архины цочмог хордлогонд орох ёсгүй гэж хэлдэг. Миний бодлоор Цэргийн төв эмнэлэг ходоодыг нь 10 литр орчим хүйтэн крантны усаар угаагаад чичрээд даараад байна гэхээр нь дусал залгасан гэж хэлдэг. Үүнийг ээж н.Цэрмаа болон Б.Сэндмаагийн нөхөр бас хэлдэг. н.Энхзаяа гэж асрагч ирээд болсон нөхцөл байдал дээр тайлбар хэлсэн байдаг. Бид хүний хийгээгүй зүйлийг хийчихсэн мэтээр шүүхэд өгч байгаа зүйл байхгүй. Ерөнхий үзлэг дээр хүндэвтэр гэж бичээд ард нь хүнд гэж байдаг. Би өмгөөлөгчийн зүгээс 2017 онд уг хэрэгт орж ирсэн. Хэрэг хэрэгсэхгүй болчихсон байхад өмгөөлөгчөөр орж ирээд тухайн шатны Прокурорт хүсэлт гаргахад эмчилгээ, үйлчилгээ жижүүрийн томилгоо буруу                                                                     хийгдсэн гэж үзсэн. Хордлогын тасагт мэргэжлийн бус эмчийг ажиллуулсан, өвчтөнд үзүүлэх анхны тусламж үйлчилгээг хэрэглээгүй гэж үзсэн байдаг. Тэгээд бас болоогүй өвчтөний түүхийг засварласан зүйл байдаг. 2013 оны Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргын тушаал гэж байдаг. Жижүүр эмч нарыг ажиллуулах бүрэлдэхүүнийг хавсралтаар баталж, ажиллуулдаг. Энэ хавсралтын дагуу жижүүр эмч нар ажилласан. Энэ журмын 1.4, 1.8, 2.3, 2.9, 2.12, 4.1, 4.3, 6.2, 6.3 гэсэн нөхцөл байдлууд байдаг. Энэ журмын 2.12-д эмч бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд нарийн мэргэжлийн эмчийг дуудан ажиллуулна гэж заасан байгаа. Өвчтөний байдлыг ялган дугаарлаад эмчилгээний асуудлыг зохион байгуулах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. 4.1-д зааснаар сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнд холбогдох стандартын дагуу шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй байсан. 4.3-д зааснаа мөн тойруу үзлэг хийх ёстой байсан. Өвчтөн эмчилгээний зардлыг өгч сэхээн амьдруулах тасгийн эмчилгээ, үйлчилгээг авах ёстой байсан. Д.Ол нь дотрын жижүүр эмч байсан. Эмчийн хувьд хүндэрсэн, анхаарал татсан өвчтөнд багаар эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ёстой байсан. 6.3-д зааснаар сэхээн амьдруулах эмчилгээний арга хэмжээг авах ёстой байсан ба бидний зүгээс гемодезийн аппаратад оруулах ёстой байсан гэж үзэж байгаа. Жижүүр эмчийн эрх, үүрэг гэж байгаа. Үүнд жижүүр эмч ажиллаж байх хугацаандаа рентгений эмч, зөвлөх эмч, нарийн мэргэжлийн эмч, лабораторийн бусад шаардлагатай эмч нарыг дуудаж шинжилгээ хийх, онош тавих, хамтарсан эмчилгээ хийх үүрэгтэй байсан. н.Цэнгэлмаа эмч болон бусад дарга, эмч нарыгаа дуудаж эмчилгээ хийх ёстой байсан гэж үзэж байгаа. 9.2-д гэнэтийн нөхцөл байдал үүсэх юм бол ерөнхий мэргэжлийн эмчийг томилуулах ёстой гэж заасан боловч томилуулаагүй. 9.4-д эм тариа, оношлуурыг ашиглах гэж заасан байгаа. 10-д онош хийгээд алдаа гаргавал хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж байгаа. Ажлын байраа орхих, энэ үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэх юм бол жижүүрийн илүү цагийн хөлсийг олгохгүй байхаар заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээх гэж байгаа. Жижүүр эмч нарын бүрэлдэхүүнд сэхээн амьдруулах тасгийн жижүүр эмч ажилладаг. Бас мэргэжлийн эмч томилогдох ёстой байсан. Гемодезийн аппарат нь цусанд байгаа хорт бодисуудыг ялган аваад цусыг цэвэршүүлдэг. Энэ аппарат нь стандартын дагуу ажиллаж байсан. Энэ аппаратыг талийгаачид хэрэглэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1579 дугаартай, 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт байдаг. Химийн шинжилгээ хийхэд цусанд 5.5 грамм, шээсэнд 5.9 граммын спиртийн агууламж байсан гэж байгаа. Тархинд этиленгликоль илрэхгүй байна гэж байгаа. Энэ дүгнэлт зөрүүтэй байна гэж үзэж байна. Дараа нь зүрхний гадна талд массаж бага зэрэг хийсэн гэж байна. Стандартаар бол зүрхэнд маш сайн массаж хийх өгөх ёстой байсан. Энэ дүгнэлтийн 6 дахь заалтан дээр хор судлаач н.Даваадорж гэж байгаа. Энэ хүн бол Нийгмийн эрүүл мэндийн эмнэл зүйн хор судлаач гэж байгаа. Этиленгликолийн найрлаганд этилийн спирт агуулагддаггүй гэж байгаа. Тэгсэн хэрнээ этиленгликолийн 2 дугаар шат гэж бичсэн байгаа. Ийм зөрүүтэй зүйлүүд байдаг. н.Ламчин гэж шинжээч байдаг. 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэнд цэнхэр өнгийн шингэнд этиленгликолийн олон натри спирт илэрч байна гэж байгаа. Энэ гомдлын дагуу Батлан хамгаалах яам хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Батсайхан гэж хүн энэ гомдлын дагуу шалгаад үүрэг чиглэл өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл байдаг. н.Болдбаатар гэж хүн Д.Ол гомдол гаргасан хүнтэй өөрийн биеэр уулзсан уу, хүйтэн усаар ходоодыг угаагаагаад хүйтэн дусал хийснээс болж реакц өгөөд нас барсан уу гэж асуухад Д.Ол гомдол гаргасан хүнтэй уулзаагүй гэдгээ өөрөө илэрхийлсэн байдаг. Өмнө нь дуслыг халааж хийдэг байсан, одоо бол халааж хийхгүй байгаа гэдгээ бас хэлсэн байдаг. Үүний дагуу арга хэмжээ авсан зүйл байдаг. 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн камерын бичлэгэн дээр Р.О  гардаг. Р.О  нь өвчтөний түүхийг нөхөж бичсэн, Б.Баатархүүг нас барсны дараа харьяа дүүргийн цагдаагийн газраас 2 хүн ирсэн гэж хэлж байгаа. Р.О  бас ухамсартай, уучлалт гуйгаад байгаа. Энэ байгууллагыг мэргэжлийн байгууллага гэж хэлдэг. Сувилагч ходоодыг угаахад энэ хүн уул нь эрүүл, гайгүй хүн юм байна, химийн төрлийн хордлого бол заавал хийх ёстой гэж хэлдэг. Химийн төрлийн хордлогыг хүйтэн усаар угаах заалттай гэж тайлбарлаад байгаа. Өвчтөний түүхийг засчихсан зүйл байдаг. Ж.Б  хөдөлмөр эрхэлдэг гэдэг нь Нийгмийн даатгалын дэвтэр дээр байгаа бичилтээр нотлогдож байгаа. Талийгаачийн хөдөлмөр эрхэлж байсан эсэх талаарх баримт бас байгаа. Амбер ХХК дээр ижил төрлийн шингэн аваачиж шинжлүүлэхэд усны хэмжээ 0, этиленгликолийн агууламж 0 гэж гарч ирж байгаа. Энэ зүйлээс болж Д.Олд сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Хариуцлага тооцсоны дараа хариуцлагаас чөлөөлсөн зүйл байгаа. Бид шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Батлан хамгаалах яаман дээр очиж уулзаж тайлбар авсан зүйл байгаа. н.Ламчин гэдэг хүн мэдүүлэг өгөхдөө хүний биеийн аль эрхтэнд нь үхэлд хүргэх талаар хордлогын эмч тайлбарлах боломжтой гэж хэлдэг. Хүний бие хордсон нөхцөлд хордлого тайлах эмчилгээ хийгээгүй тохиолдолд тухайн хүн нас барах боломжтой гэж тайлбарладаг. Стандартаа шинжээчийн дүгнэлтэн дээр бичсэн байсан. Стандартад эмчийн бичсэн эмчилгээний хуудастай сувилагч тулгаж, шалгах үүрэгтэй. Гэтэл өвчтөний түүх дээр бичээгүй учраас сувилагч утсаар ярьсан зөвлөгөөг нь дагаж, стандартыг зөрчсөн. Эмчийн заавраар мөн адил дуслыг сэлбэх ёстой. Эсрэг заалт нь үйлчлүүлэгч өндөр халуунтай, даралттай үед хийж болохгүй гэж байгаа. Стандартын 10.6-д анхаарах зүйлийг тодруулж өгсөн байгаа. Дуслаар шингэн сэлбэсэн тохиолдолд тухайн хүний биеийн температурт тааруулж бүлээсгэх ёстой байдаг. Дуслаа хийхдээ бүлээсгээгүй хийснээс болж үйлчлүүлэгчид хариу урвал өгдөг. Ж.Б гийн хэлдэг тайлбар энэ стандартыг харахад эмчилгээ, үйлчилгээний стандартыг зөрчсөн нь харагдаж байгаа. Хүндрэлээс сэргийлэхийн тулд биеийн халууныг хянаж байх ёстой байдаг. 18.5.3-д зааснаар үйлчлүүлэгчийн ор, дэвсгэрийг засаж, дулаан хөнжилд хэвтүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл нөгөө хүн маань даараад байгаа. 18.5-д зааснаар эмчийн эмчилгээний хуудсыг тулгах ёстой байтал өвчтөний түүх дээр бичилт хийгээгүйн улмаас тулгах боломжгүй нөхцөл байдалд  хүрсэн. Энэ үйлдлийг хийхдээ эмч, сувилагч хамтдаа гардаж хийдэг. Хүний гэдэс ходоодыг угаахдаа 1.2 дээр химийн цочмог хордлогод эсрэг заалт байдаг. Зүрхний шигдээс, зүрхний судасны дутмагшлийг анхаарах ёстой. Стандартын 1.4 дээр ходоод угаах 2 технологи байдаг. Нэг нь ходоодыг цочроогоод бөөлжилт үүсгэх,  механик замаар уусмал уулгаж  ходоодыг угаах гэж байдаг. Нөгөөх нь 1-1.5 литр буцалсан бүлээн усыг уулгаж угааж болдог. Дандаа эмч, сувилагч хамт явах ёстой байдаг. Манай нөхцөлд дандаа тусдаа яваад байдаг. Стандартын 8.3-д архины хурц хордлого гарах юм бол амь насыг аврах ёстой байдаг. Архины шалтгаан нөхцөл байдлыг биччихсэн байдаг. Энэ нөхцөл, стандартыг хэрэгжүүлээгүй болохоор өнөөдөр бид гомдоод явж байгаа. Ходоод угаахдаа зүрх, судас амьсгалыг дэмжих эмийн бодисуудыг хэрэглэж, хүчил төрөгчийн аппарат залгах ёстой байтал залгаагүй. Асрагчид хэлж байж асрагч ирж аппаратыг ажиллуулсан байдаг. Бид зүгээр байж байсан хүмүүсийг ажилгүй болгох гээд байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зүйлүүд ийм байна гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэргийн төв эмнэлэг нь 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хордлогын яаралтай тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байсан. Д.Ол эмчийн хувьд цэргийн албан хаагчийн гэрээний дагуу дотрын их эмчээр, Р.О  сувилагч нь Цэргийн төв эмнэлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт сувилагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хоёр албан хаагч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1.5-д зааснаар эмнэлгийн мэргэжилтэн. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Цэргийн төв эмнэлэг нь төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий эмнэлгийн байгууллага буюу хуулиар чиг үүргийг тодорхойлсон гэрээний дагуу эмнэлгийн эмч, сувилагчийн үүрэг хүлээж ажиллаж байсан. Эмч Д.Ол нь  өвчтөнийг эмчлэх, өвчтөнд үйлчилгээ үзүүлэх албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй, хайнга хандсан гэж үзэж байгаа. Өвчтөнд яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй эс үйлдэхүйгээс нь болоод хохирогч Б.Баатархүү нь амь насаа алдаж, хохирол учирсан гэж үзэж байгаа. Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдүгээр хавсралтаар жижүүр эмчийн ажиллах журмыг, хоёрдугаар хавсралтаар жижүүр эмч нарын бүрэлдэхүүнийг баталсан. Уг журамд эрчимт эмчилгээний тасгийн жижүүр эмчид тухайн мэргэжлийн эмч томилогдон ажиллана гэж заасан байдаг. Хариуцагч тал тайлбарлахдаа манайд хордлогын нарийн мэргэжлийн эмч байхгүй, улсын хэмжээнд ОХУ-д төгссөн ганцхан эмч байдаг, тухайн үед манай эмнэлэгт 6 сарын курсийг төгсөж энэ мэдлэгийг олж авсан н.Цэнгэлмаа гэж эмч ажиллаж байсан гэж хэлсэн. Дотрын жижүүр эмчийн ажиллах журам дээр дотрын жижүүр эмч нь дотор, мэдрэл, хордлогын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгч нарт тойрон үзлэг хийнэ, эмчлэх арга хэмжээг шуурхай авна, тусламж авахаар ирэгсдэд шуурхай үйлчилж, онош тодруулна, хэвтэж эмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна, жижүүр эмчээр ажиллах хугацаанд анхаарал татсан өвчтөнд багаар ажиллаж, эмчилгээ үйлчилгээг зохион байгуулна, хүлээн авахаар ирсэн бүх өвчтөнийг үзэж, эмчилгээний заалт гаргаж, шаардлагатай бусад эрчимт эмчилгээний арга хэмжээ авах үүрэгтэй гэж заасан байгаа. Энэ журамд заасны дагуу Д.Ол эмч дотор, мэдрэл, хордлогын тасгийн жижүүр эмчээр ажиллаж байсан. Энэ хүний буруутай үйлдэл нь талийгаач Б.Баатархүү хордлоготой гэдэг оноштойгоор өөрөө эмнэлэгт алхаж орж ирсэн                            байх                                                                                                        бөгөөд Д.Ол эмч өөрөө ирж өвчтөнийг үзээгүй. Ямар эмчилгээ, үйлчилгээ хийх вэ, одоо биеийн байдал ямар байгаа талаар өвчтөний түүх дээр бичих ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй. Хордлоготой өвчтөн ирлээ гэдгийг сувилагч Р.О ээс сонсоод ходоодыг нь угаа гэж хэлсэн. Сувилагч Р.О  ходоод угаах үйлчилгээг эхлүүлсэн. Эмч өвчтөн Б.Баатархүүг үзээд ээжийнх нь дэргэд ямар нэгэн байдлаар биед нь хүрэлцээгүй. Өвчтөн хүндэрлээ гээд шөнийн 1 цаг 50 минутад эмчийг дуудахад Д.Ол эмч ирээгүй. Нөгөө тасгийн жижүүр эмч н.Янжмаа ирж зохих ёсны дагуу эмчилгээг бичсэний дагуу сувилагч Р.О  тэр эмчилгээг эхлүүлж, дусал залгасан. Реакц өгч байхад нь эмч дэргэд нь байгаагүй. Хийж байгаа дуслаасаа болоод таталт өгч байгаа нь эмч болон бидний нүдээр харахад ч реакц өгч байгаа нь мэдэгдэж байсан. Ийм нөхцөл байдалтай өвчтөн байхад Д.Ол эмч ирж үзээгүй. Өглөөний 5 цаг өнгөрч байхад Б.Баатархүү муудлаа гээд н.Энхзаяа асрагчийг дуудахаар явуулахад өрөөндөө унтаж байсан. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь н.Цэрмаагийн гаргасан гомдлоор хяналт шалгалт явуулаад Д.Олаас энэ талаар тодруулга авахад би тухайн үед ханиадтай байсан учраас өвчтөнд биечлэн хүрч, үзлэг хийгээгүй гэж хэлсэн. Д.Ол эмч нь жижүүрийн эмчийн чиг үүргийн нэгийг ч биелүүлээгүй гэж үзэж байгаа. Б.Баатархүүгийн бие муудаад нас барсных нь дараа баахан эмчилгээ нөхөж бичсэн байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Цэргийн төв эмнэлэг нь хордлогын яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг мөртлөө 3 хүнд өвчтөнтэй нөхцөл байдалд байхад дотрын эмчийг ажиллуулсан. Энэ талаарх нарийн мэргэжлийн эмчийг жижүүрт томилж, ажиллуулдаггүй гэдэг нь тодорхой болсон. Хордлогын тасагт мэргэжлийн бус эмчийг жижүүрт гаргаснаас болж өвчтөнд үзүүлэх анхан тусламж, өвчтөнийг эмчлэх эмчилгээг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй. Д.Ол эмч сэтгэл гаргаад н.Цэнгэлмаа эмчийг дуудаад үзүүлсэн бол журамд заасан багаар ажиллах, эмчилгээний нөхцөл байдлыг тодруулна гэх нөхцөл байдал бий болох байтал Д.Ол эмч энэ талаар юу ч хийгээгүй. Цэргийн төв эмнэлэг нь жижүүрт гарч байгаа эмч нарыг Хордлогын яаралтай тусламж үзүүлэх, давтан сургалтад хамруулах, мэргэшүүлэх, үзлэг хийх бололцоог бүрдүүлэх ёстой байтал энэ нөхцөл байдлыг бүрдүүлээгүй. Ходоод угаах усны температурыг хэмжих ёстой байтал хэмжээгүй, Б.Баатархүүгийн ходоодыг угаахдаа дэргэд нь байсан ээжийнх нь хэлж байгаагаар шууд крантны ус гоожуулаад угаасан ийм нөхцөл байдал харагдаж байгаа. Хариуцагч Д.Ол нь жижүүр эмчийн ажиллах журмын дагуу Хордлогын тасагт жижүүр эмчээр ажиллах ёстой байсан. Гэтэл жижүүр эмчээр ажиллаж байх хугацаанд Б.Баатархүүг хүлээн авсан даруйдаа үзлэг хийж, холбогдох арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй. Мөн түүнчлэн тусламж авахаар ирсэн шуурхай өвчтөнд ажиглах, онош тодруулах, хүндэрсэн анхаарал татсан өвчтөнд багаар ажиллах эмчилгээ, үйлчилгээг зохион байгуулж хийгээгүй. Энийг яагаад хийж гүйцэтгээгүй вэ гэдэг нь Д.Ол эмчийг ажлын дотоод утсаар дуудахаар битгий дотоод утсаар залгаад бай, миний гар утас руу залга гэж хэлсэн тайлбараас нь харагдана. Гар утас руу нь залгахаар өглөөний 5 цаг хүртэл утсаа аваагүй. Шаардлагатай бол сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний арга хэмжээ авах, судсанд нь тарилга хийх, ходоод угаах ажлыг гардаж хийх ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Д.Ол их эмч                      болоод Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар их эмчийн тангараг өргөсөн байх учиртай. Өргөсөн тангаргаа бүгдийг нь зөрчсөн. Д.Ол эмчийг унтаж байсан, тухайн үед ирж өвчтөнийг үзээгүй гэдгийг тэр өдөр ажиллаж байсан сувилагч нар хэлсэн. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа өвчтөнд эмч 2 цаг тутамд ирж үзлэг хийгээд өвчтөнд тохирсон эмчилгээ, үйлчилгээг хийнэ, өөрөө хийх боломжгүй бол мэргэжлийн эмч дуудаж багаар ажиллах боломжтой байсан. Д.Олын ажилдаа хайхрамжгүй хандсан нь Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хурлын тэмдэглэл дээрээс нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 497.1 498.1, 498.2, 508.1, 508.2, 508.4 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа. Цэргийн төв эмнэлэг Цэргийн албан хаагчийн гэрээгээр ажиллуулж байсан эмч Д.Ол албан үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь Батлан хамгаалах яамны эмнэлгийн албаны хийсэн шалгалтаар нотлогдож, тогтоогдсон. Эмчилгээ, үйлчилгээг зохих ёсоор хийж гүйцэтгээгүйгээс болж талийгаачийн биеийн байдал муудаж нас барсан. Д.Ол эмчийн үйлдэл, талийгаачийн нас барсан энэ хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон. Шалтгаант холбоог бид ямар нэгэн баримтаар нотлоогүй, үйл баримтад үндэслэж дүгнэх боломжтой байдаг. Д.Ол эмчид сахилгын шийтгэл ногдуулсныг Батлан хамгаалах яам Д.Ол эмчийн гомдлоор шалгаад сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаа хүчингүй болго гэсэн тушаалын дагуу эмнэлгийг дагуу н.Гүрбазар хүчингүй болгосон. Гэхдээ энэ сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон нь Д.Ол эмч гэм буруугүй гэж үзсэн зүйл биш. Гэм буруутай, эмчилгээ үйлчилгээ үзүүлээгүй гэдэг нь зохих байгууллагын шалгалтаар шалгагдаж тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Цэргийн төв эмнэлэг” шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамжид шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: БХЯХЦТ  эмнэлэгт 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр талийгаач Б.Баатархүү нь хордлогын байдалтай хүргэгдэн ирж эмчилгээ үйлчилгээ хийлгэн улмаар нас барсан.

Тухайн үед жижүүр эмчээр Ж.Ол, сувилагчаар Р.О  нар ажиллаж байсан бөгөөд ажлын байранд хэрхэн ажиллах хууль, журмын хүрээнд ажилласан болно.

Нэхэмжлэгч нь өвчтөнийг хүйтэн усаар ходоодыг угаасан, мөн өвчтөний түүхийг засварласан, эмчилгээ сувилгааг стандартын дагуу хийгээгүйгээс болж өвчтөн нас барсан гэж тайлбарлаж байна.

Ходоодыг хүйтэн усаар угаасан тухайд манай байгууллагад зохих ариун цэврийн стандартын шаардлага хангасан халуун болон хүйтэн ус тус тусдаа савлагаатай байдаг бөгөөд сувилагч уснаас сэлбэж тохирох температурт хүргэн эмчлүүлэгчийн ходоодыг угаадаг болно.

Тухайн үед сувилагч Р.О  энэ журмаар ходоодыг угаасан байдаг бөгөөд тэр үед талийгаачийн ээж н.Цэрмаа, асрагч З.Энхзаяа нар хажууд нь байсан, энэ талаар асрагч З.Энхзаяа эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг.

Мөн өвчтөний түүхийг засварласан байдаг бөгөөд энэ нь 1. “250” мг-ийг “750” болгон засварласан, 2. “ээж Цэрмаагаас” болгон өөрчилсөн байдаг. Энэхүү завсарласан байдал нь өвчтөнийг үхэлд хүргэхэд ямар нэгэн шалтгаант холбоогүй юм.

Цэргийн төв эмнэлэгт холбогдох хууль, дүрэм, журмууд хэрэгжиж эмч, сувилагч нар тэрхүү хууль, журмын дагуу өдөр тутмын ажил, үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь ч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудаас харагддаг.

Талийгаач Б.Баатархүүд зохих эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн боловч түүний үхлийн шалтгаан нь олон атомт этиленгликоль буюу шил арчигч шингэнээс шууд хамааралтай болох нь шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон.

Түүнээс гадна Монгол улсад хордлогын стандарт байхгүй бөгөөд 1995 онд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв нээгдэн үйл ажиллагаа явуулснаас хойш дотрын эмч ажиллаж байгаа болно. Үүнийг шинжээчийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны дэргэдэх хор судлалын Үндэсний зөвлөлөөс ирүүлсэн 2019.03.11-ний өдрийн 207 тоот албан бичгийн хариунд дурдсан байдаг.

Талийгаач нь эмнэлэгт зүгээр өөрийн хөлөөр алхаж орж ирсэн гэдэгт дараах тайлбарыг хийж байна. Цэргийн төв эмнэлэг нь эмчилгээ, үйлчилгээг стандартын дагуу үзүүлж ажилласан гэдгийг шинжээчийн 339 дүгээр дүгнэлтэд тодорхойлсон. Этиленгликоль гэх бодисыг ууснаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрөхөд шинж тэмдэг илэрдэг, 1-р шат нь 30-12 цагт, 2-р шат нь 12-36 цагт, 3-р шат нь 24-72 цагт шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс өвчтөн эмнэлэгт ирэхдээ ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, зүгээр мэт харагдаж байсан боловч хэдэн цагийн дараа шинж тэмдэг нь илэрч хүндэрсэн гэж үзэж байна. Эмнэлгийн даргын  2013.12.26-ны өдрийн А/117 тоот тушаалаар жижүүр эмчийн ажиллах журам батлагдсан ба уг журамд хордлогын тасгийн жижүүр эмчийн үүрэг, жижүүр эмчийн баг бүрэлдэхүүнд ямар эмч ажиллах вэ гэдгийг тодорхойлсон ба дотрын мэргэжлийн эмчээс гадна нөхөн сэргээх эмч, мэдрэлийн эмч, уламжлалтын эмч зэрэг эмч нар ажиллана гэж зохицуулсан байна.

Халуун хүйтэн усыг зориулалтын саванд хадгалдаг, тэндээс хэмжигчээр авч ходоодыг угаадаг, MNS 4621:2008 эмчилгээний стандартад ходоодыг хүйтэн усаар угаана, бүлээн усаар угаана гэсэн зүйл, заалт байхгүй учраас ходоодыг угаахдаа тасалгааны температурт байгаа бэлдсэн усыг ашигладаг. Дотрын эмч Д.Ол нь хордлогын нарийн мэргэжлийн эмч биш боловч Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв 1995 онд байгуулагдсанаас хойш дотрын эмч нар ажилласаар ирсэн. Монголд одоогоор хордлогын чиглэлээр дагнан бэлтгэхэд анагаахын сургууль, дамжаа байхгүй, дотрын эмч 6 сарын хугацаатай хор судлаачийн курст суралцдаг.  2013.12.26-ны өдрийн А/117 тоот тушаалаар батлагдсан “Жижүүр эмч нарын ажиллах журам”-ыг Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байгаа ажилтан дагаж мөрддөг. Байгууллагын зүгээс журмын хэрэгжилтийн хүрээнд байнгын хяналт тавьж, сургалт явуулдаг. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хордлогоор мэргэшсэн 2-3 эмч л байдаг ба тэр хүмүүс байнгын 24 цагаар ажиллаж чадахгүй учраас дотрын эмч нарыг хордлогын эмчээр ажиллуулахаар тус журамд заасан байдаг.                           Өөрөөр хэлбэл дотрын эмчээр мэргэшсэн хүн хордлогын эмчилгээг хийж болно. Өвчтөний истори угаасаа нөхөж бичих зориулалттай учир яг тэр үед нөхөж бичсэн үү дараа нь нөхөж бичсэн үү гэдгийг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан.

Тухайн үед эрчимт эмчилгээний тасагт ажиллах жижүүр эмч нь Д.Ол байгаагүй, н.Янжмаа эмч ажиллах хуваарьтай байсан. Д.Ол эмч дотрын тасгийн жижүүр эмч байсан бөгөөд өвчтөн хэдийгээр эрчимт эмчилгээний тасагт ирсэн ч гэсэн хордлогын талаарх оношилгоо, эмчилгээний үйл ажиллагааг үзүүлэх үүрэгтэй байсан юм.

Тус эмнэлэгт эмч Д.Ол нь офицерийн алба хаах гэрээний дагуу, сувилагч Р.О  нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан. 

Цэргийн төв эмнэлэг болон тухайн өдөрт жижүүрт ажилласан эмч Д.Ол, сувилагч Р.О  нар тусламж үйлчилгээг зохих журмын дагуу өвчтөнд үзүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд тэдэнд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд талийгаач Б.Баатархүү нас барахад хариуцагч нар буруугүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Олын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Б гийн нэхэмжлэлтэй Д.Ол, Р.О , БХЯХЦТ  эмнэлэг нарт холбогдох гэм хорын хохиролд 88.813.408 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт байрлах, БХЯХЦТ  эмнэлгийн хордлогын тасагт Б.Баатархүү спиртийн төрлийн шингэн ууж, хордсон байдалтайгаар ирсэн.

Ингээд тус хэрэгт Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл 106.2 дахь хэсэгт зааснаар Л.Олд холбогдох Эрүүгийн 201626021162 дугаар хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хэргийг шалгаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол гарсан.

Уг тогтоолд талийгаачийн үхлийн шалтгаан болон гадны нөлөөтэй эсэхийг нарийвчлан шалгаж тогтоосон. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаар Прокурорын “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд “...Мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан гэрч Д.Цэндмаагийн мэдүүлэгт “...цааш эргээд буцаад ирэхэд хүү маань машины шил арчигч савтай шингэн барьчихсан би үүнээс жаахан уучихсан юм гэж түргэний эмчид хэлсэн чинь түргэний эмч хүүг маань Цэргийн госпиталийн хордлогын төв рүү хүргэе гээд 103-аар госпиталын хордлогын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх 69-70 дугаар хуудас/, Гэрч Б.Отгонжаргалын “2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жижүүрийн ээлжинд гарч байхад орой 21 цагийн орчим дуудлага ирсний дагуу очиход ...ээж нь гэх хүн Б.Баатархүүг 5 хоног дараалан архи уусан гэж хэлсэн ...Би Баатархүүгээс өөрөөс нь юу болсон юм бэ гэж асуухад Б.Баатархүү машины шил арчигч шингэнээс 200-250 мл уусан байх гэхээр нь би тэрийгээ аваад ир гэхэд дүү нь гэх эрэгтэй 1,8 литрийн хуванцар савтай савныхаа талаар үлдсэн цэнхэр өнгийн шингэн авч ирэхээр нь Б.Баатархүүгээс ямар хэмжээтэй байсан юм бэ гэхэд дүүрэн байсан би уугаад тал болгосон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 82 дугаар хуудаст/..” гэж гэрчийн мэдүүлгүүдийг тусгажээ.

Мөн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 409 дугаар дүгнэлтээр “Талийгаачид механик гэмтэл тогтоогдсонгүй, үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй, талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас тархи хавагнан нас баржээ.” гэх дүгнэлт /хх 95 дугаар хуудас/, Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1717 дугаар дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн Б.Баатархүүгийн гэх цусанд 5,5 хувь, шээсэнд 5.9 хувийн спиртийн агууламж илэрч байна.” гэж тогтоогдсон нь мөн тус прокурорын тогтоолд тусгагдсан байдаг.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн химийн лабораторийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2309 дугаартай дүгнэлтээр “шинжилгээнд ирүүлсэн WASH PLUS 40 бичигтэй 1.8 литрийн хуванцар савтай цэнхэр өнгийн шингэнд этинленгликоль /олон атомт спирт/ илэрч байна. Этинленгликоль нь үхэлд хүргэх химийн бодис юм. 150 гр болон түүнээс дээш этинленгликоль хэрэглэсэн хүн шууд үхэлд хурнэ." гэж /хх-ийн 98 дугаар хуудас/ дүгнэсэн.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 939 дугаартай дүгнэлтээр “БХХСАХНЭ-ийн оношийг зөв тавьж эмчилгээг зохих ёсоор хийгдсэн байна. Одоогоор хордлогын онош эмчилгээний Монгол улсын стандарт үгүй байна.” гэж /хх-ийн 112 хуудас/, мөн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1579 дугаартай дүгнэлтээр “ШШҮХ-ийн шинжээч эмч Ц.Ганболдын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 409, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 939 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна... холбогдох материалуудыг үндэслэн Б.Баатархүү нь химийн бодисын цочмог хордлогын 2 дугаар шат, түүний хүндрэл зүрх, тархи метаболизмын хямралаар нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өвчний түүхэнд бичигдсэн оношлогоо эмчилгээний заалтууд, хийгдсэн шинжилгээ, авсан арга хэмжээ нь эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд МNS 4621:2009 стандартын дагуу хийгдсэн байна” гэж дүгнэснийг үндэслэн Д.Олд холбогдох хэсгийг дээрх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-нь өдрийн 60 дугаар Прокурорын 330 дугаар тогтоолоор “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гарсан.

Мөрдөн байцаалтын явц болон Прокурорын тогтоолоор Ц.Олд холбогдуулан шалгаж, гэм буруугүй болохыг тогтоосон бөгөөд энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн зүйл 14 дэх хэсэгт “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэх, Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, мөн хуулийн 24 дүгээр зүйл 24.1, мөн хуулийн 25 дугаар зүйл 25.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Ол нь буруутай үйлдэл хийсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, нотолгоо нь тогтоогдохгүй байгаа мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж буй үнийн дүнг хариуцагч Д.Ол хариуцан төлөх хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Хохирогч өөрөө 5 хоног дараалан архи уусан, шингэнээс 600 гр уусан гэж хэлсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр уг шингэнээс хэдий хэмжээ уусан нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, 150 мл уухад шууд үхэлд хүргэнэ гэсэн байдаг. Хохирогч нас барахад Д.Олын ямар нэг үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлөөгүй.Үүгээр түүний үхлийн шалтгаан нь тогтоогддог. 

Эмч тухайн үед өөр хүнд үзлэг хийж байсан учраас үзлэгийг 25-30 минутын дараа үзлэг хийсэн, мөн үзлэг хийх, эмчилгээ хийх хооронд жижүүр эмч хүн амарч болно. Түүнээс гадна дотрын эмч хүн хордлогын эмчээр ажиллахыг хориглосон стандарт байхгүй.

Гомдлын дагуу ЗХЖШтабаас шалгалт хийж, чиглэл өгсний дагуу эмнэлгийн даргын 2017.12.25-ны өдрийн Б/275 тоот тушаалаар Д.Олд сахилгын арга хэмжээ авсан боловч Батлан Хамгаалах яамны 2018.02.13-ны өдрийн 1в/534 тоот албан бичгээр дээрх тушаалыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж хариу мэдэгдэхийг даалгасны дагуу уг тушаалыг хүчингүй болгосон.

Уг албан бичигт талийгаач гадны нөлөөгүй нас барсан, үхэлд хүргэсэн шалтгааныг тогтоосон, удирдах байгууллагаас тухайн эмч буруутай үйл ажиллагаа явуулаагүй болохыг нь тогтоосон байдаг.

Өвчтөний ходоодыг хүйтэн усаар угаасан зүйл байхгүй, эмнэлэгт байнгын халуун горимд ус байдаг учраас бүлээн усаар угаасан гэдэг мэдүүлэг өгсөн байдаг.

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн “Хүний эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайлан”-аар 322.561.920 төгрөг гэх үнэлгээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хийсвэр байдлаар хүний амьдрах нас, ирээдүйд олох орлого, нас барсны дараа гарах шууд бус зардал зэргээр хүний амь насны суурь үнэлгээг тогтоох боломжгүй гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан байдлаас үзэхэд Б.Баатархүү нас барж, гэм хорын хохирол учрахад хариуцагч Д.Олын санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өмгөөлөгч би, Цэргийн төв эмнэлгийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Иргэний хуулийн 497, 498, 508.1 дэх заалт байна. 2017 оны 02  дугаар сарын 7-ны өдрийн 60 дугаар тогтоол дээр Д.Ол нь Б.Баатархүүгийн амь нас хохирсон дээр гэм буруугүй юм байна гэж тогтоосон. Өнөөдөр хэрэгт авагдсан баримтаар Д.Ол нь Б.Баатархүүгийн амь нас хохирсон дээр гэм буруугүй гэдэг нь тогтоогдож байгаа. Журам дээр байгаа их эмч, бага эмч, сувилагч, асрагч нар нь бүгд эмчилгээ, үйлчилгээг хийнэ гэж заагаагүй. Энэ журамд байгаа зүйл нь эдгээр хүмүүсийн аль нь ч ажил үүргийг гүйцэтгэж болох юм гэдгийг тайлбарлаж байгаа л зүйл. Стандартад заасан зүйл бол их эмч гэдэг хүн өвчтөнд ямар эмчилгээ, үйлчилгээ хийхийг заадаг болохоос тариа хийх, ходоод угаах стандартыг заахгүй. Өвчтөний биеийн байдал муудахаар эрчимт эмчилгээний тасагт шилжүүлээд байгааг хамтын ажиллагаа гэж хэлж байгаа юм.  Энэ хэргийг Иргэний хуулийн 508.1 дэх хэсэг заасан гэм хор учруулсан гэх асуудал яригдана. Бидэнд өв залгамжлалын гэрчилгээтэй холбоотой холбогдох нотлох баримт байхгүй байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч Р.О , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.О  нь БХЯХЦТ  эмнэлэгт  сувилагчаар 1984 оноос хойш нийт 34 жил тасралтгүй эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр тууштай ажиллаж олон гавьяа шагнал хүртэж байсан нь ажилдаа сэтгэл гарган ажиллаж байсны илрэл гэж боддог.

Би 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жижүүрт, жижүүр эмч Ж.Олын хамт ажилласан. Энэхүү үүрэг гүйцэтгэж байх хугацаанд талийгаач Б.Баатархүү хүргэгдэн ирж улмаар нас нөгчсөн. Эрдэнэт хүний амь эрсэдсэнд харамсаж байгаа ч эмнэлэг болон миний буруутай үйл ажиллагаанаас болж өвчтөн нас барсан гэж үзэж байгаад сэтгэл эмзэглэж байна.

Би сувилагчаар нийт 34 жил ажиллах хугацаандаа янз бүрийн шалтгаан, өвчин зовиуртай олон өвчтөн хүлээн авч ажиллаж байсан. Тэр бүрд би ажил үүргийн дагуу ажиллахыг хичээж өдийг хүрсэн. Иргэний хэрэгт авагдсан н.Цэрмаагийн цагдаад өгсөн тайлбараас харахад намайг их муухай харьцсан, хүйтэн усаар ходоодыг угаасан гэх мэт тайлбарласан байна. Тухайн өвчтөний ходоодыг угаахад бүлээн буюу 36-37 градусын усаар угаадаг ба халуун хүйтэн усыг сэлбэж тухайн температурт хүргэж угаадаг, Цэрмаагийн хэлсэн шиг хүйтэн усаар угаасан зүйл байхгүй. Үүнийг тухайн үед асрагчаар ажиллаж байсан н.Энхзаяа хэлэх байх. Жижүүрт гарсан өдөр талийгаачаас өөр 2 хүнд өвчтөнтэй, бусад өвчтөнийг нийлүүлээд нийт 30 эмчлүүлэгчтэй тул тэр бүгдэд хүрч ажиллахын тулд шөнөжин явж ажиллах шаардлагатай байдаг. Тийм учраас жижүүрт гарч байгаа эмч ч тэр, би ч тэр ачаалал өндөртэй ажилладаг.

Анх талийгаачийг хүлээн авч эмчид мэдэгдсэн ба эмч ходоодыг нь угааж бай гэж мэдэгдсэн учир шаардлага хангасан усаар угаасан бөгөөд эмч ирж үзлэг хийсэн. Миний үүрэг бол эмчийн зааврын дагуу өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу ажиллах байдаг. Би тэр л журмаар ажилласан.

Ажил үүргийг удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу л явуулсан. Дээр нь талийгаач Б.Баатархүү дараалан 5 хоног архи уусан байсан бөгөөд нэмж шил арчигч шингэн уусан байдалтай ирсэн. Өмнөх өдөр нь ч гэсэн түргэний эмч дуудаж үзүүлсэн асуудал байдаг. Мөн баримт бичиг засварласан асуудал бас яригддаг бөгөөд миний бие баримт бичиг хөтлөх тодорхой ажилтай тэр баримтыг л хөтөлсөн. Иймд талийгаачийн нас барсан үйлдэлд миний бие буруугүй гэж үзэж байна. Би ажлаа зохих журмын дагуу, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд явуулсан.

Энэ асуудлаас болж би мэргэжлийн хяналтын байгууллагад 2 удаа, Батлан хамгаалах яамны хяналт шалгалтаар 2 удаа, мөн цагдаагийн байгууллагад удаа дараа дуудагдаж 2 жилийн хугацаанд хэрэг хийсэн ялтан шиг байнга дуудагдаж, байцаагдаж сэтгэл санааны хувьд хүнд хэцүү байдалтай байсан. Одоо ч гэсэн сэтгэл санаа тогтворгүй болж заримдаа унтаж чадахгүй байдалтай байна. Цагдаагийн байгууллагаар маш удаан явж үнэн мөнийг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо дахиад шүүхийн байгууллагаар ямар хугацаанд дуудагдаж явахыг мэдэхгүй байна. Шүүх байгууллага үнэн мөнийг нь тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна. Би өөрийгөө талийгаачийн нас нөгчсөн явдалд буруугүй гэж үзэж байгаа ч гэсэн талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байна.

Р.О  нь одоо өндөр насны тэтгэвэрт гарсан, биеийн эрүүл мэндийн хувьд хүндхэн байгаа бөгөөд тэрээр сувилагчийн албан тушаалд ажилладагийн хувьд бие даан шийдвэр гаргаж, хүнийг эмчлэх эрхгүй. Ходоодыг хүйтэн усаар угаагаагүй. Түүний мэдүүлэгт ч энэ талаар тайлбарласан байдаг.

Өвчтөний ходоод угаахад баримтлах стандартын дагуу заавал их эмч хамт байхыг шаардахгүйгээс гадна ходоодыг халуун, хүйтэн усаар угаах стандартгүй бөгөөд усны  температур хэмждэг багаж байхгүй.

 Тухайн үед талийгаачийн гэрт түргэн тусламжийн дуудлагаар очсон эмч болох н.Отгонжаргалын гэрчийн мэдүүлэгт :”Ээж нь талийгаачийг 5 хоног архи уусан гэж хэлж байсан. Шил арчигчны талыг уусан гэж хэлсэн, Б.Баатархүүгийн эхнэрийг ээж нь хүүг минь ийм байдалтай байлгалаа гэж загнаж байсан” зэргээс харж болно. Тиймээс цаг хугацааны байдлаас харахад тухайн шингэн биед нь шингэсэн үү, эсхүл биеэс гадагшилсан уу гэдгийг талийгаачийн нас барсан байдлаас өмнөх цаг хугацаатай нь холбон үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Талийгаач Б.Баатархүүгийн ходоодыг угаахаас өмнө 19 цагийн үед өөр нэг өвчтөний ходоодыг угааж байсан гэдгээ хэлсэн байдаг.

Иймд Р.О ийн буруутай үйл ажиллагаанаас болж бусдын амь нас хохироогүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б  нь хариуцагч БХЯХЦТ  эмнэлэг, Д.Ол, Р.О  нарт холбогдуулан оршуулгын зардалд 9,787,564 төгрөг, гэм хорын хохиролд 79,025,844 төгрөг, нийт 88,813,408 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 3 хүүхдэд 449,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж талууд маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн төв эмнэлэгийн ажилтан Д.Ол, Р.О  нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэж, үүссэн хохирол, хариуцлагыг ажил олгогч буюу БХЯХЦТ  эмнэлэг хариуцна хэмээн тодорхойлж, хохирлоо арилгуулахаар шаардсан хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Талийгаач Б.Баатархүү нь 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр спиртийн төрлийн шингэн ууж хордсон байдалтайгаар /тухайн үеийн нэрээр/ Батлан Хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, эмчлүүлж байх хугацаандаа нас барсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн материалаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар “эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт” Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зохицуулсан.

 

Дурдсан зохицуулалтын дагуу Цэргийн төв эмнэлэгийн ажилтан Д.Ол, Р.О  нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Д.Ол нь “Цэргийн төв эмнэлэг” /тухайн үеийн нэрээр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг/-т  хөдөлмөрийн гэрээний дагуу дотрын тасгийн их эмчээр, Р.О  нар нь Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагчаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна. 

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Д.Ол, Р.О  нарыг ажил, үүргээ гүйцэтгэж байхад 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 50 минутад Б.Баатархүү нь эмнэлэгт хүргэгдэн, эмчилгээ хийгдсэн боловч үр дүн өгөлгүй 06 цаг 10 минутад нас барсан нь №001341 тоот өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, Хордлогын яаралтай тусламжийн Үндэсний төвийн мэдээний дэвтрийн 27 дугаар тал, жижүүр эмч нарын тэмдэглэл зэрэгт тус тус тэмдэглэжээ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч Д.Ол, Р.О  нар нь Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №А-117 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар жижүүр эмч нарын ажиллах журмыг зөрчсөн, эмнэлэгийн тусламжийг зохих журмын дагуу үзүүлээгүй, ходоод угаах шингэн болон дусал тариаг бүлээсгэж хийгээгүйн улмаас талийгаачийг үхэлд хүргэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №1717 дугаар дүгнэлтээр “Б.Баатархүүгийн гэх цусанд 5,5 хувь, шээсэнд 5,9 хувь спиртийн агууламж илэрч, элэг тархины эдэд этиленгликоль илрээгүй” гэж, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №409 дүгээр дүгнэлтээр “талийгаачид механик гэмтэл тогтоогдоогүй, үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдоогүй, цус 3 дугаар бүлэг, талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас тархи хавагнан нас барсан” гэж, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №2309 дүгээр дүгнэлтээр “wash plus -40  бичигтэй 1,8 литрийн хуванцар савтай цэнхэр өнгийн шингэнд этиленгликоль /олон атомт спирт/ илэрсэн, этиленгликоль нь тормозны шингэн, тосол, антифриз болон цэвэрлэх шингэний найрлагад өргөнөөр ашиглагддаг бодис, этиленгликоль нь үхэлд хүргэх химийн хорт бодис, 150 грамм болон түүнээс дээш этиленгликоль хэрэглэсэн хүн шууд үхэлд хүрнэ, wash plus -40  бичигтэй 1,8 литрийн хуванцар савтай цэнхэр өнгийн шингэнийг цэвэрлэх бодисоор ашиглах зориулалттай” гэж, шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №939 дүгээр дүгнэлтээр “БХХСАХНЭ-ийн оношийг зөв тавьж, эмчилгээг зохих ёсоор хийгдсэн одоогоор хордлогын онош эмчилгээний Монгол Улсын стандарт үгүй” гэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №1579 дүгээр дүгнэлтээр, дээрх 409, 939 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, талийгаач Б.Баатархүүгийн цогцост хийсэн задлан шинжилгээ болон бусад эд эрхтнүүдээс авсан эд эсийн шинжилгээ, цус, шээсэнд хийгдсэн химийн шинжилгээ зэргээс харахад цусанд 5,5 промилл, шээсэнд 5,9 промилл спиртийн агууламжийн илрэл, эд эсийн шинжилгээгээр элэгний эдэд өөхөн болон уургийн хувирал, цус эргэлийн хямрал, нойр булчирхайн эдэд жижиг голомтот үхжил, голомтлог өөхлөлт, завсрын эдэд голомтот цус харвалт, зүрхний булчингийн ширхэгийн долгионт, контрактур үүссэн, бөөрний тархилаг, холтослогт шунт, тэжээл хувирал, сувганцарын эпителийн некробиз, тархины эс ба судас тойрсоон хаван, нейроны гүн тэшээл хувирал, глий эсийн олшрол, эдийн судсууд авчиж тэлсэн, сийвэн тунасан, зөөлөн бүрхүүлийн судсууд тэлсэн, жигт бус цустай, уушгины хаван вен капиллярт цус дүүрэлт, эдэд голомтлог гемосидерофаг, нарийн гэдэсний салст болон салстын доод давхрага тархмалаар үхжсэн, цус харвалт зэрэг шинж тэмдгүүдээр спиртийн цочмог хордлого онош батлагдаж байна, талийгаач Б.Баатархүү нь БХХСАХНЭмнэлэгт биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, орчиндоо харьцаа суларсан, байрлал идэвхигүй ирсэн, талийгаач Б.Баатархүүгийн гэх цусанд 5,5 промилл, шээсэнд 5,9 промилл спиртийн агууламж илэрсэн, элэг тархины эдэд этиленгликоль илрээгүй байх ба уг бодисыг ходоодны агууламжинд илрүүлдэг бөгөөд талийгаачийн ходоодыг БХХСАХНЭмнэлэгт угааж цэвэрлэсэн тул уг шинжилгээг хийх боломжгүй байжээ, этиленгликоль нь олон атомт спирт /спиртийн нэг төрөл/ ба найрлаганд нь этиллийн спирт агуулагддаггүй, ...Б.Баатархүү нь химийн бодисын цочмог хордлого /этиленгликолын/-ын 2 дугаар шат, түүний хүндрэл зүрх, тархи, метаболизмын хямралаас нас барсан гэж үзэх үндэстэй, ...оношилгоо, эмчилгээний заалтууд, хийгдсэн шинжилгээ, авсан арга хэмжээ нь эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын дагуу хийгдсэн” гэж талийгаачийн үхэлд хүргэх болсон шалтгааныг тогтоосон байна.

 

Хэрэгт авагдсан /хх-III-17/ Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60, мөн оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаартай тогтоолуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ж.Б гийн гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар Д.Олд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, Б.Баатархүү нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас тархи хавагнан нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэн Д.Олд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 5/465 тоот албан бичгээр хохирогчид учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй гэсэн хариу өгчээ.

 

Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлд дурдагдсан хариуцагч Д.Ол, Р.О  нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас талийгаачийн амь нас хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогдохгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч Д.Ол, Р.О  нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас талийгаачийн амь нас хохирсон гэж үзэж шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул Д.Ол, Р.О  нар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ажиллагдсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байсан ажил олгогч хүлээнэ” гэж зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан бармитуудаар хариуцагч буюу ажилтан Д.Ол, Р.О  нарын санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн ажил олгогч буюу Цэргийн төв эмнэлэг” /тухайн үеийн нэрээр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Б гийн нь хариуцагч БХЯХЦТ  эмнэлэг, Д.Ол, Р.О  нарт холбогдуулан гаргасан оршуулгын зардалд 9,787,564 төгрөг, гэм хорын хохиролд 79,025,844 төгрөг, нийт 88,813,408 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 3 хүүхдэд 449,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх, хэргийн оролцогчдод болон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хүргүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч талуудын төлөөллүүд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д тус тус заасантай нийцэхийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                   

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Ол, Р.О , БХЯХЦТ  эмнэлэгт тус тус холбогдох, гэм хорын хохиролд 88,813,408 төгрөг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 449,393 төгрөгийг сар бүр гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 672,217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД                                                                 З.БАЯРМАА

 

                                                                                    Г.БЯМБАЖАРГАЛ