Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00360

 

Ж.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00964 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1006 дугаар магадлалтай,

Ж.Бгийн нэхэмжлэлтэй,

Ц, Д.О, Р.О нарт холбогдох,

Оршуулгын зардал 9 787 564 төгрөг, гэм хорын хохиролд 79 025 844 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 449 393 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамжидын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэндмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, хариуцагч Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамжид,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэндмаа, өмгөөлөгч Ц.Алтанзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр болох Б.Б нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч эмчилгээ хийгдэж байгаад дотрын тасгийн жижүүр эмч Д.О, сувилагч Р.О нар нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жижүүр эмч, сувилагчаар ажиллаж байх хугацаанд эмчилгээ сувилгааг зохих стандартын дагуу хийж чадаагүй, эмнэлэг нь шаардлагатай үед багаар ажиллах ямар ч арга хэмжээ аваагүйн улмаас нас барсан гэж үзэж байна.

Эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн очихдоо шил арчигч шингэн уусан гэдгээ хэлсэн боловч жижүүр эмч Д.О нь өвчтөний биед бодит үзлэгийг хийгээгүй, эмч өвчтэй учир өвчтөнийг үзэх боломжгүй гэдгийг сувилагч Р.О мэдэгдээд эмч бус сувилагч өөрөө истори нээж, эмчийн зааваргүйгээр ходоодыг нь угаасан. Р.О ходоодыг нь бүлээн усаар угаасан гэж байгаа боловч уг усных нь температур хэд байсныг хэн ч мэдэхгүй, хэн ч шалгаж үзээгүй. Гэтэл эмч өвчтөний ходоодыг угаах үед нь хажууд байлцаж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй юм.

Эмнэлгийн зүгээс энэ хүн гайгүй байна, эмнэлэгт хэвтүүлэхгүй гэж байхад нь манай ээж хэвтүүлнэ гэсээр байж хэвтүүлсэн, сувилагч нь талийгаачийн биеийн байдлын талаар үнэн бодитой мэдээлэл хэлж байгаагүй.

Эмч сувилагчийн харилцаа хандлага маш муу, ганцхан та нарт үйлчилдэггүй гэж муухай харьцаж, өвчтөний биеийн байдлын талаар тайлбарлах биш загнаж харьцаж байсан.

Сувилагч нь утсаар зөвлөгөө авч эмчилгээ хийж байсан. Эрүүл мэндийн стандартад заасан өвчтөний дэргэд байнга байж 2-4 цаг тутамд үзлэг хийх, биеийн дулааныг тогтмол үзэх ёстой байтал үзээгүй, хэрэв биеийн дулааныг тогтмол үзсэн бол хүйтэн усаар ходоодыг угааснаас даарч чичрээд байгааг нь мэдэх боломжтой байсан, гэтэл шууд тасалгааны температурт байгаа усаар ходоодыг угааж дуусангуут шууд дусал хийсэн зэрэг алдаануудыг сувилагч Р.О гаргасан.

Эмч хүлээн авах дээр байгаагүй, ходоод угаахад байгаагүй, өвчтөнд бодит үзлэг хийгээгүй, үзлэг хийгээгүй хирнээ үзсэн мэтээр өвчтөний түүх дээр бичилт хийсэн, истори болон яаралтай тусламжийн хуудсыг зассан, нэмэлт бичилт хийсэн байсан.

Истори зассан гэдгийг криминалистикийн шинжилгээгээр 250 мл гэдгийг 750 мл гэж хоёр удаа, Мөн шөнийн 01.50 цагаас өглөөний 05.50 цагийн хооронд огт үзлэг хийгээгүй мөртлөө үзлэг хийсэн мэтээр бичсэн байгааг тогтоосон. Энэ нь сувилагчийн мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно.

Эмч Д.О нь хордлогын нарийн мэргэжлийн эмч биш дотрын тасгийн эрхлэгч хүн байсан учраас өвчтөнийг зөв эрэмбэлж чадаагүй, яг юунд хордсоныг тодорхойлоогүй, юугаар хорыг саармагжуулахыг мэдэхгүй байсан. Энэ алдаагаа засахын тулд дараа нь историд засвар хийсэн байсан. Мөн дуслыг ар араас нь залгуулж хийсэн.

Ц нь Монгол улсын хэмжээнд байдаг ганц хордлогын төв хирнээ хордлогын нарийн мэргэжлийн эмч байхгүй, дотрын эмчийг ажиллуулж байснаараа буруутай юм. Мэргэжлийн эмч биш учраас хордлогын нарийн шалтгааныг тогтоогоогүй, зүгээр энгийн эмчилгээ хийсэн, ямар хүндрэл үүсэхийг мэдэхгүйгээс гадна тухайн үед жижүүр эмч өвчтэй байсан бол дараагийн ажиллах боломжтой эмчийг томилж ажиллуулах байсан ч тийм арга хэмжээ аваагүй. Өвчтөн хүндрэхэд жижүүр эмч н.Янжмааг дуудах боломжтой байсан ч энэ талаар эмнэлгийн зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй.

22 цагийн үед Б.Б өөрийн ухаантай эмнэлэг рүү алхаад орсон ч шөнийн 01.50 цагт хүндрэл өгөхөд шаардлагатай арга хэмжээ авч, багаар ажиллах ямар ч ажил хийгдсэнгүй.

Бидний гаргасан гомдлын дагуу Жанжин штабын генерал н.Доржсүрэн нь тус эмнэлэгт шалгалт явуулж, нарийн мэргэжлийн эмч томилоогүйгээс хүний амь нас хохирсон, үүнд эмч Д.О буруутай гэж үзсэн бөгөөд 2017 оны 12 сард Батлан хамгаалах яамны Хяналт шалгалтын үнэлгээний хэлтсээс сахилгын шийтгэл ногдуулах үүрэг өгсөн байдаг.

Хэрвээ нарийн мэргэжлийн эмч эмчилгээг зөв хийсэн бол өөр хэрэг, тэгээд ч бид ухаангүй хүн авч очоод эмчилгээ хийлгээд нэмэргүй байсан бол бидний зүгээс гомдох зүйл алга. Гэтэл зүгээр өөрийн ухаантай, хөлөөрөө алхаж орсон хүн байтал эдгээр хүмүүс, эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болоод хүний амь нас хохирсон тул үнэхээр их гомдолтой байна

Дээрх хүмүүс, эмнэлэг мэргэжлийн үйл ажиллагаагаа зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж амь нас нь хохирсон үйл баримтыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Гэсэн ч цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзсэнийг хяналт тавьж буй прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон гэж шийдвэрлэсэн.

Бидний гомдлыг Баянзүрх дүүргийн прокурор хянан үзээн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 5/465 дугаар хариу мэдэгдэх хуудсанд ...хохирогчид учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болно. гэсэн.

Үүнээс болж манай гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирсан. Түүнчлэн бид Төрийн банкнаас орон сууцны 8 хувийн зээлтэй байсан бөгөөд уг зээлийн төлбөрийг миний нөхөр Б.Б нь цалингаараа төлдөг байсан ба нас барах үедээ амь насны даатгалаа сунгуулж амжаагүй байсан учраас орон сууцны зээлээс нэг ч төгрөг хасагдаагүй.

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-иар талийгаач Б.Бгийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгож, эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайланг гаргаж, нотлох баримтаар шүүхэд өгсөн. Уг үнэлгээний тайлангаар талийгаачийн хохирлын үнэлгээг 322 561 920 төгрөг гэж үнэлсэн.

Миний бие бага насны 3 хүүхэдтэй, сарын цалин маань дээр дурдсан зээлийг төлөхөд хүрэлцэхгүй нөхцөл байдалд орсон.

Ж.Б нь Б.Бтэй 2002 онд гэр бүл болж, тэдний дундаас 2005 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.Лутбаяр, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Агиймаа, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Маралмаа нар төрсөн.

Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжинд байсан хүүхэд тус тус авах эрхтэй тул миний хүү Б.Лутбаяр, охин Б.Агиймаа, охин Б.Маралмаа нарыг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг талийгаач нөхрийн минь сард авч байсан дундаж цалин хөлснөөс тооцож сар тутам гаргуулах шаардлага гаргасан.

Талийгаач нөхрийн минь сард авч байсан дундаж цалин хөлсийг тооцоолохдоо Б.Бгийн сүүлийн 1 жилийн цалингийн дунджаар буюу 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх 12 сарын дундаж цалин 1 140 839 төгрөг болж байгаа тул үүнээс сард Нийгмийн даатгалын сангаас авч буй тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 541 648 төгрөгийг хасч тооцоход зөрүү 599 191 төгрөг болно. 3 хүүхдэд нийт 449 393 төгрөг. Сард нэг хүүхэд тус бүрт 149 797 төгрөг болж байна.

Иймд ажлын хариуцлага алдаж миний нөхрийн амь насыг хохироосон эмч Ж.Оюунжаргал, сувилагч Р.О болон Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлгээс оршуулгын зардалд 9 787 564 төгрөг, гэм хорын хохиролд 79 025 844 төгрөг, нийт 88 813 408 төгрөгийг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 449 393 төгрөгийг сар бүр гаргуулахаар тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цт 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр талийгаач Б.Б нь хордлогын байдалтай хүргэгдэн ирж эмчилгээ үйлчилгээ хийлгэн улмаар нас барсан.

Тухайн үед жижүүр эмчээр Ж.Оюунжаргал, сувилагчаар Р.О нар ажиллаж байсан бөгөөд ажлын байранд хэрхэн ажиллах хууль, журмын хүрээнд ажилласан болно.

Нэхэмжлэгч нь өвчтөнг хүйтэн усаар ходоодыг угаасан, мөн өвчтөний түүхийг засварласан, эмчилгээ сувилгааг стандартын дагуу хийгээгүйгээс болж өвчтөн нас барсан гэж тайлбарлаж байна.

Ходоодыг хүйтэн усаар угаасан тухайд манай байгууллагад зохих ариун цэврийн стандартын шаардлага хангасан халуун болон хүйтэн ус тус тусдаа савлагаатай байдаг бөгөөд сувилагч уснаас сэлбэж тохирох температурт хүргэн эмчлүүлэгчийн ходоодыг угаадаг болно.

Тухайн үед сувилагч Р.О энэ журмаар ходоодыг угаасан байдаг бөгөөд тэр үед талийгаачийн ээж н.Цэрмаа, асрагч З.Энхзаяа нар хажууд нь байсан, энэ талаар асрагч З.Энхзаяа эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг.

Мөн өвчтөний түүхийг засварласан байдаг бөгөөд энэ нь 250 мг-ийг 750 болгон засварласан, ээж Цэрмаагаас болгон өөрчилсөн байдаг. Энэхүү завсарласан байдал нь өвчтөнийг үхэлд хүргэхэд ямар нэгэн шалтгаант холбоогүй юм.

Цт холбогдох хууль, дүрэм, журмууд хэрэгжиж эмч, сувилагч нар тэрхүү хууль, журмын дагуу өдөр тутмын ажил, үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь ч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудаас харагддаг.

Талийгаач Б.Бд зохих эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн боловч түүний үхлийн шалтгаан нь олон атомт этиленгликоль буюу шил арчигч шингэнээс шууд хамааралтай болох нь шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон.

Түүнээс гадна Монгол улсад хордлогын стандарт байхгүй бөгөөд 1995 онд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв нээгдэн үйл ажиллагаа явуулснаас хойш дотрын эмч ажиллаж байгаа болно. Үүнийг шинжээчийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны дэргэдэх хор судлалын Үндэсний зөвлөлөөс ирүүлсэн 2019.03.11-ний өдрийн 207 тоот албан бичгийн хариунд дурдсан байдаг.

Талийгаач нь эмнэлэгт зүгээр өөрийн хөлөөр алхаж орж ирсэн гэдэгт дараах тайлбарыг хийж байна. Ц нь эмчилгээ, үйлчилгээг стандартын дагуу үзүүлж ажилласан гэдгийг шинжээчийн 339 дүгээр дүгнэлтэд тодорхойлсон. Этиленгликоль гэх бодисыг ууснаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрөхөд шинж тэмдэг илэрдэг, 1-р шат нь 30-12 цагт, 2-р шат нь 12-36 цагт, 3-р шат нь 24-72 цагт шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс өвчтөн эмнэлэгт ирэхдээ ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, зүгээр мэт харагдаж байсан боловч хэдэн цагийн дараа шинж тэмдэг нь илэрч хүндэрсэн гэж үзэж байна. Эмнэлгийн даргын 2013.12.26-ны өдрийн А/117 тоот тушаалаар жижүүр эмчийн ажиллах журам батлагдсан ба уг журамд хордлогын тасгийн жижүүр эмчийн үүрэг, жижүүр эмчийн баг бүрэлдэхүүнд ямар эмч ажиллах вэ гэдгийг тодорхойлсон ба дотрын мэргэжлийн эмчээс гадна нөхөн сэргээх эмч, мэдрэлийн эмч, уламжлалтын эмч зэрэг эмч нар ажиллана гэж зохицуулсан байна.

Халуун хүйтэн усыг зориулалтын саванд хадгалдаг, тэндээс хэмжигчээр авч ходоодыг угаадаг, MNS 4621:2008 эмчилгээний стандартад ходоодыг хүйтэн усаар угаана, бүлээн усаар угаана гэсэн зүйл, заалт байхгүй учраас ходоодыг угаахдаа тасалгааны температурт байгаа бэлдсэн усыг ашигладаг. Дотрын эмч Д.О нь хордлогын нарийн мэргэжлийн эмч биш боловч Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв 1995 онд байгуулагдсанаас хойш дотрын эмч нар ажилласаар ирсэн. Монголд одоогоор хордлогын чиглэлээр дагнан бэлтгэхэд анагаахын сургууль, дамжаа байхгүй, дотрын эмч 6 сарын хугацаатай хор судлаачийн курст суралцдаг. 2013.12.26-ны өдрийн А/117 тоот тушаалаар батлагдсан Жижүүр эмч нарын ажиллах журам-ыг Цт ажиллаж байгаа ажилтан дагаж мөрддөг. Байгууллагын зүгээс журмын хэрэгжилтийн хүрээнд байнгын хяналт тавьж, сургалт явуулдаг. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хордлогоор мэргэшсэн 2-3 эмч л байдаг ба тэр хүмүүс байнгын 24 цагаар ажиллаж чадахгүй учраас дотрын эмч нарыг хордлогын эмчээр ажиллуулахаар тус журамд заасан байдаг. Өөрөөр хэлбэл дотрын эмчээр мэргэшсэн хүн хордлогын эмчилгээг хийж болно. Өвчтөний истори угаасаа нөхөж бичих зориулалттай учир яг тэр үед нөхөж бичсэн үү дараа нь нөхөж бичсэн үү гэдгийг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан.

Тухайн үед эрчимт эмчилгээний тасагт ажиллах жижүүр эмч нь Д.О байгаагүй, н.Янжмаа эмч ажиллах хуваарьтай байсан. Д.О эмч дотрын тасгийн жижүүр эмч байсан бөгөөд өвчтөн хэдийгээр эрчимт эмчилгээний тасагт ирсэн ч гэсэн хордлогын талаарх оношилгоо, эмчилгээний үйл ажиллагааг үзүүлэх үүрэгтэй байсан юм.

Тус эмнэлэгт эмч Д.О нь офицерын алба хаах гэрээний дагуу, сувилагч Р.О нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан.

Ц болон тухайн өдөрт жижүүрт ажилласан эмч Д.О, сувилагч Р.О нар тусламж үйлчилгээг зохих журмын дагуу өвчтөнд үзүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд тэдэнд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд талийгаач Б.Б нас барахад хариуцагч нар буруугүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бгийн нэхэмжлэлтэй Д.О, Р.О, Ц нарт холбогдох гэм хорын хохиролд 88 813 408 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт байрлах, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт Б.Б спиртийн төрлийн шингэн ууж, хордсон байдалтайгаар ирсэн.

Ингээд тус хэрэгт Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл 106.2 дахь хэсэгт зааснаар Л.Оюунжаргалд холбогдох Эрүүгийн 201626021162 дугаар хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хэргийг шалгаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарсан.

Уг тогтоолд талийгаачийн үхлийн шалтгаан болон гадны нөлөөтэй эсэхийг нарийвчлан шалгаж тогтоосон. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаар Прокурорын Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд ...Мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан гэрч Д.Цэндмаагийн мэдүүлэгт ...цааш эргээд буцаад ирэхэд хүү маань машины шил арчигч савтай шингэн барьчихсан би үүнээс жаахан уучихсан юм гэж түргэний эмчид хэлсэн чинь түргэний эмч хүүг маань Цэргийн госпиталийн хордлогын төв рүү хүргэе гээд 103-аар госпиталын хордлогын төв рүү явсан... гэх мэдүүлэг /хх 69-70 дугаар хуудас/, Гэрч Б.Отгонжаргалын 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жижүүрийн ээлжинд гарч байхад орой 21 цагийн орчим дуудлага ирсний дагуу очиход ...ээж нь гэх хүн Б.Бг 5 хоног дараалан архи уусан гэж хэлсэн ...Би Баатархүүгээс өөрөөс нь юу болсон юм бэ гэж асуухад Б.Б машины шил арчигч шингэнээс 200-250 мл уусан байх гэхээр нь би тэрийгээ аваад ир гэхэд дүү нь гэх эрэгтэй 1,8 литрийн хуванцар савтай савныхаа талаар үлдсэн цэнхэр өнгийн шингэн авч ирэхээр нь Б.Бгээс ямар хэмжээтэй байсан юм бэ гэхэд дүүрэн байсан би уугаад тал болгосон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх 82 дугаар хуудаст/.. гэж гэрчийн мэдүүлгүүдийг тусгажээ.

Мөн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 409 дугаар дүгнэлтээр Талийгаачид механик гэмтэл тогтоогдсонгүй, үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй, талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас тархи хавагнан нас баржээ. гэх дүгнэлт /хх 95 дугаар хуудас/, Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1717 дугаар дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн Б.Бгийн гэх цусанд 5,5 хувь, шээсэнд 5.9 хувийн спиртийн агууламж илэрч байна. гэж тогтоогдсон нь мөн тус прокурорын тогтоолд тусгагдсан байдаг.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн химийн лабораторийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2309 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн WASH PLUS 40 бичигтэй 1.8 литрийн хуванцар савтай цэнхэр өнгийн шингэнд этинленгликоль /олон атомт спирт/ илэрч байна. Этинленгликоль нь үхэлд хүргэх химийн бодис юм. 150 гр болон түүнээс дээш этинленгликоль хэрэглэсэн хүн шууд үхэлд хүрнэ.” гэж /хх-ийн 98 дугаар хуудас/ дүгнэсэн.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 939 дугаартай дүгнэлтээр БХХСАХНЭ-ийн оношийг зөв тавьж эмчилгээг зохих ёсоор хийгдсэн байна. Одоогоор хордлогын онош эмчилгээний Монгол улсын стандарт үгүй байна. гэж /хх-ийн 112 хуудас/, мөн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1579 дугаартай дүгнэлтээр ШШҮХ-ийн шинжээч эмч Ц.Ганболдын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 409, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 939 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна... холбогдох материалуудыг үндэслэн Б.Б нь химийн бодисын цочмог хордлогын 2 дугаар шат, түүний хүндрэл зүрх, тархи метаболизмын хямралаар нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өвчний түүхэнд бичигдсэн оношлогоо эмчилгээний заалтууд, хийгдсэн шинжилгээ, авсан арга хэмжээ нь эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд МNS 4621:2009 стандартын дагуу хийгдсэн байна гэж дүгнэснийг үндэслэн Д.Од холбогдох хэсгийг дээрх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-нь өдрийн 60 дугаар Прокурорын 330 дугаар тогтоолоор Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан.

Мөрдөн байцаалтын явц болон Прокурорын тогтоолоор Ц.Оюунжаргалд холбогдуулан шалгаж, гэм буруугүй болохыг тогтоосон бөгөөд энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн зүйл 14 дэх хэсэгт ...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэх, Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, мөн хуулийн 24 дүгээр зүйл 24.1, мөн хуулийн 25 дугаар зүйл 25.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.О нь буруутай үйлдэл хийсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, нотолгоо нь тогтоогдохгүй байгаа мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж буй үнийн дүнг хариуцагч Д.О хариуцан төлөх хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Хохирогч өөрөө 5 хоног дараалан архи уусан, шингэнээс 600 гр уусан гэж хэлсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр уг шингэнээс хэдий хэмжээ уусан нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, 150 мл уухад шууд үхэлд хүргэнэ гэсэн байдаг. Хохирогч нас барахад Д.Оын ямар нэг үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлөөгүй.Үүгээр түүний үхлийн шалтгаан нь тогтоогддог.

Эмч тухайн үед өөр хүнд үзлэг хийж байсан учраас үзлэгийг 25-30 минутын дараа үзлэг хийсэн, мөн үзлэг хийх, эмчилгээ хийх хооронд жижүүр эмч хүн амарч болно. Түүнээс гадна дотрын эмч хүн хордлогын эмчээр ажиллахыг хориглосон стандарт байхгүй.

Гомдлын дагуу ЗХЖШтабаас шалгалт хийж, чиглэл өгсний дагуу эмнэлгийн даргын 2017.12.25-ны өдрийн Б/275 тоот тушаалаар Д.Од сахилгын арга хэмжээ авсан боловч Батлан Хамгаалах яамны 2018.02.13-ны өдрийн 1в/534 тоот албан бичгээр дээрх тушаалыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж хариу мэдэгдэхийг даалгасны дагуу уг тушаалыг хүчингүй болгосон.

Уг албан бичигт талийгаач гадны нөлөөгүй нас барсан, үхэлд хүргэсэн шалтгааныг тогтоосон, удирдах байгууллагаас тухайн эмч буруутай үйл ажиллагаа явуулаагүй болохыг нь тогтоосон байдаг.

Өвчтөний ходоодыг хүйтэн усаар угаасан зүйл байхгүй, эмнэлэгт байнгын халуун горимд ус байдаг учраас бүлээн усаар угаасан гэдэг мэдүүлэг өгсөн байдаг.

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн Хүний эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайлангаар 322 561 920 төгрөг гэх үнэлгээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хийсвэр байдлаар хүний амьдрах нас, ирээдүйд олох орлого, нас барсны дараа гарах шууд бус зардал зэргээр хүний амь насны суурь үнэлгээг тогтоох боломжгүй гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан байдлаас үзэхэд Б.Б нас барж, гэм хорын хохирол учрахад хариуцагч Д.Оын санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.О нь Цт сувилагчаар 1984 оноос хойш нийт 34 жил тасралтгүй эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр тууштай ажиллаж олон гавьяа шагнал хүртэж байсан нь ажилдаа сэтгэл гарган ажиллаж байсны илрэл гэж боддог.

Би 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жижүүрт, жижүүр эмч Ж.Оюунжаргалын хамт ажилласан. Энэхүү үүрэг гүйцэтгэж байх хугацаанд талийгаач Б.Б хүргэгдэн ирж улмаар нас нөгчсөн. Эрдэнэт хүний амь эрсэдсэнд харамсаж байгаа ч эмнэлэг болон миний буруутай үйл ажиллагаанаас болж өвчтөн нас барсан гэж үзэж байгаад сэтгэл эмзэглэж байна.

Би сувилагчаар нийт 34 жил ажиллах хугацаандаа янз бүрийн шалтгаан, өвчин зовиуртай олон өвчтөн хүлээн авч ажиллаж байсан. Тэр бүрд би ажил үүргийн дагуу ажиллахыг хичээж өдийг хүрсэн. Иргэний хэрэгт авагдсан н.Цэрмаагийн цагдаад өгсөн тайлбараас харахад намайг их муухай харьцсан, хүйтэн усаар ходоодыг угаасан гэх мэт тайлбарласан байна. Тухайн өвчтөний ходоодыг угаахад бүлээн буюу 36-37 градусын усаар угаадаг ба халуун хүйтэн усыг сэлбэж тухайн температурт хүргэж угаадаг, Цэрмаагийн хэлсэн шиг хүйтэн усаар угаасан зүйл байхгүй. Үүнийг тухайн үед асрагчаар ажиллаж байсан н.Энхзаяа хэлэх байх. Жижүүрт гарсан өдөр талийгаачаас өөр 2 хүнд өвчтөнтэй, бусад өвчтөнг нийлүүлээд нийт 30 эмчлүүлэгчтэй тул тэр бүгдэд хүрч ажиллахын тулд шөнөжин явж ажиллах шаардлагатай байдаг. Тийм учраас жижүүрт гарч байгаа эмч ч тэр, би ч тэр ачаалал өндөртэй ажилладаг.

Анх талийгаачийг хүлээн авч эмчид мэдэгдсэн ба эмч ходоодыг нь угааж бай гэж мэдэгдсэн учир шаардлага хангасан усаар угаасан бөгөөд эмч ирж үзлэг хийсэн. Миний үүрэг бол эмчийн зааврын дагуу өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу ажиллах байдаг. Би тэр л журмаар ажилласан.

Ажил үүргийг удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу л явуулсан. Дээр нь талийгаач Б.Б дараалан 5 хоног архи уусан байсан бөгөөд нэмж шил арчигч шингэн уусан байдалтай ирсэн. Өмнөх өдөр нь ч гэсэн түргэний эмч дуудаж үзүүлсэн асуудал байдаг. Мөн баримт бичиг засварласан асуудал бас яригддаг бөгөөд миний бие баримт бичиг хөтлөх тодорхой ажилтай тэр баримтыг л хөтөлсөн. Иймд талийгаачийн нас барсан үйлдэлд миний бие буруугүй гэж үзэж байна. Би ажлаа зохих журмын дагуу, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд явуулсан.

Энэ асуудлаас болж би мэргэжлийн хяналтын байгууллагад 2 удаа, Батлан хамгаалах яамны хяналт шалгалтаар 2 удаа, мөн цагдаагийн байгууллагад удаа дараа дуудагдаж 2 жилийн хугацаанд хэрэг хийсэн ялтан шиг байнга дуудагдаж, байцаагдаж сэтгэл санааны хувьд хүнд хэцүү байдалтай байсан. Одоо ч гэсэн сэтгэл санаа тогтворгүй болж заримдаа унтаж чадахгүй байдалтай байна. Цагдаагийн байгууллагаар маш удаан явж үнэн мөнийг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо дахиад шүүхийн байгууллагаар ямар хугацаанд дуудагдаж явахыг мэдэхгүй байна. Шүүх байгууллага үнэн мөнийг нь тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна. Би өөрийгөө талийгаачийн нас нөгчсөн явдалд буруугүй гэж үзэж байгаа ч гэсэн талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байна.

Р.О нь одоо өндөр насны тэтгэвэрт гарсан, биеийн эрүүл мэндийн хувьд хүндхэн байгаа бөгөөд тэрээр сувилагчийн албан тушаалд ажилладгийн хувьд бие даан шийдвэр гаргаж, хүнийг эмчлэх эрхгүй. Ходоодыг хүйтэн усаар угаагаагүй. Түүний мэдүүлэгт ч энэ талаар тайлбарласан байдаг.

Өвчтөний ходоод угаахад баримтлах стандартын дагуу заавал их эмч хамт байхыг шаардахгүйгээс гадна ходоодыг халуун, хүйтэн усаар угаах стандартгүй бөгөөд усны температур хэмждэг багаж байхгүй.

Тухайн үед талийгаачийн гэрт түргэн тусламжийн дуудлагаар очсон эмч болох н.Отгонжаргалын гэрчийн мэдүүлэгт ээж нь талийгаачийг 5 хоног архи уусан гэж хэлж байсан. Шил арчигчийн талыг уусан гэж хэлсэн, Б.Бгийн эхнэрийг ээж нь хүүг минь ийм байдалтай байлгалаа гэж загнаж байсан зэргээс харж болно. Тиймээс цаг хугацааны байдлаас харахад тухайн шингэн биед нь шингэсэн үү, эсхүл биеэс гадагшилсан уу гэдгийг талийгаачийн нас барсан байдлаас өмнөх цаг хугацаатай нь холбон үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Талийгаач Б.Бгийн ходоодыг угаахаас өмнө 19 цагийн үед өөр нэг өвчтөний ходоодыг угааж байсан гэдгээ хэлсэн байдаг.

Иймд Р.Оийн буруутай үйл ажиллагаанаас болж бусдын амь нас хохироогүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00964 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д тус тус зааснаар хариуцагч Ц-ээс 9.765.999 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79.047.109 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.О, Р.О нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дүгээр зүйлийн 508.4.1-д тус тус зааснаар хариуцагч Цээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд

2005 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Лутбаяр,

2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Агиймаа,

2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Маралмаа нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 143 047 төгрөг, нийт 429 141 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 20 252 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Цээс улсын тэмдэгтийн хураамжид 178 072 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 672 217 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

    

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1006 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00964 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Цэргийн төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамжид хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 1006 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж Цэргийн төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэслэгч Б.Тамжид миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалд талийгаач Б.Бгийн нас барсан шалтгааны талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд “талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан, эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд нь MNS4621:2008 стандартын дагуу хийгдсэн байна" гэх уг дүгнэлтийг үндэслэн хариуцагч Д.Од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Хэдийгээр хариуцагч Д.Од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч хариуцагч Д.О нь талийгаач Б.Бд эмнэлгийн шуурхай үзлэг, тусламж, эмчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан болох нь хэрэгт авагдсан хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг шалгасан тухай нотломж, гэрчийн мэдүүлгүүд, Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал зэргийг үндэслэсэн. Мөн уг сахилгын шийтгэлийг хүчингүй болгосон нь эмч Д.Оыг хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд Д.О нь цэргийн алба хаагчийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад гэм хор учруулсан тул хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж үзсэн.

Гэтэл 2016 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллага нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Д.Од холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд Б.Б нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас тархи хавагнан нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Д.Оын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №60 тоот тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №330 тоот тогтоолоор 201626021162 дугаартай эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдсон Д.Од холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байтал анхан болон давж заалдах шатны шүүх Д.Оыг гэм буруутай байна гэж үзсэн.

Шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг ...харьцуулан үзэх, ...эргэлзээгүй талаас нь үнэлэх, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтуудыг хэрэгжүүлсэнгүй. "Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүхийн үндэслэл болсон хэрэгт авагдсан Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хувьд хүмүүсийн бодол дүгнэлтийг тусгасан байгууллагын хэмжээний баримт бичиг бөгөөд энэ нь зарим талаар шинжээчийн дүгнэлттэй зөрж байгаа тохиолдолд хуулийн дагуу томилогдон тодорхой эрх, үүрэг хүлээсэн, тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзэж үнэлээгүй байна. Мөн хуралдаан даргалагч хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй албан бус баримт юм.

Мөн шүүх Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг үндэслэл болгосон.

Энэ тушаалын тухайд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд өөрөөр хэлбэл эмч Д.Оыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга томилдог бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх заалтыг тус тус зөрчиж эмч Д.Оыг томилсон субъект шийтгэлийг оногдуулаагүй, сахилгын шийтгэл оногдуулах хуульд заасан хугацаа дууссан байхад сахилгын шийтгэлийг оногдуулсан.

Энэ нь Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн зарчмаас үүдэлтэй гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Удирдах дээд байгууллага болох Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб нь шалгалт явуулж сахилгын шийтгэл оногдуулах албан бичиг явуулсан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шалгалтыг хэний тушаалаар томилогдсон хэн гэгч ямар албан тушаалтнууд хийсэн, шалгалтыг хаана, хэзээ, хэрхэн яаж явуулсан болох нь огт тодорхойгүй байсан. Үүнийг шалгалт явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хууль илтэд зөрчиж гаргасан сахилгын шийтгэлийг 2 шатны шүүх шийдвэртээ үндэслэсэн.

Эмч Д.Оын сахилгын шийтгэлийг хүчингүй болгосон нь хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй хэмээн дүгнэсэн. Гэтэл хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн болохыг хуулийн байгууллага тогтоож шийдвэрлэсэн байтал шүүх гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна гэж үзэж байна. Эмч Д.О нь Хордлогын төвд үйлчлүүлэхээр талийгаачийг ирэхэд нь тус эмнэлгийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан нар эс үйлдэхүйгээр өвчтөнөө үзээгүй, буцаасан, эмчлэх үүргээ огт биелүүлээгүй, эсхүл буруу эмчилгээ хийсэн гэх шалтгаант холбоо эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Хэрвээ энэ хэрэгт үйлдэл, эс үйлдэхүй гэх үндэслэл байсан бол Прокурорын байгууллага үүнийг тогтоох байсан. Д.Оын үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Д.О нь талийгаач Б.Бд 5 хоног архи өгөөгүй, тэр хортой шингэнийг уулгаагүй. Харин ч талийгаачийн амь насыг аврах бүхий л эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байдаг. Талийгаач нь автомашины шил арчигч шингэнийг их хэмжээгээр буюу үхлийн доозоор уусан, хорт бодис гэдгийг мэдсээр байж амиа хорлох зорилгоор уусан. Ийм хэрэг явдал үүсэхээс талийгаачийн ар гэр болон өөрөө урьдчилан сэргийлээгүй.

Д.О нь талийгаач Б.Бд эмнэлгийн шуурхай үзлэг, тусламж, эмчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй байна. Тус эмнэлгийн зүгээс цаг алдалгүй шуурхай тусламж үзүүлсэн. Яагаад гэвэл уг шингэнийг уусан хүнээс нэн даруй хорт бодисыг гаргахын тулд заавал ходоодыг угаах ёстой. Д.О нь талийгаач Б.Бд 5 хоног архи өгөөгүй, тэр хортой шингэнийг уулгаагүй. Харин ч талийгаачийн амь насыг аврах бүхий л эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байдаг. Ходоод угаахыг Д.О нь хүнд хүнтэй байна үзлэгээ дуусгаад яваад очъё цаг алдалгүй ходоодыг угааж бай гэж хэлсний дагуу сувилагч Р.О цаг алдалгүй талийгаачийн ходоодыг угаасан. Ходоодыг угааж дуусаад эмч эмчилгээ хийсэн. Харин эсэргээрээ эмчийг иртэл сувилагч ходоодыг угаахгүй байсан тухайд цаг алдсан шуурхай үзлэг хийгээгүй гэж шүүх үзэх үндэстэй байсан. Этинленгликоль буюу үхэлд хүргэх химийн бодисыг талийгаач мэдсээр байж амиа хорлох зорилгоор уусан. Олон жил цагдаагийн байгууллагад ажилласан алба хаагч нь авто машины шил арчигч шингэнийг уухад хүний биед хортой, үгүй эсэхийг мэдэхгүй байна гэж байхгүй юм.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн химийн лабораторийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2309 дугаартай дүгнэлтээр “шинжилгээнд ирүүлсэн WASH PLUS 40 бичигтэй 1.8 литрийн хуванцар савтай цэнхэр өнгийн шингэнд этинленгликоль /олон атомт спирт/ илэрч байна. Этинленгликоль нь үхэлд хүргэх химийн бодис юм 150 гр болон түүнээс дээш этинленгликоль хэрэглэсэн хүн шууд үхэлд хүрнэ гэж дүгнэсэн байдаг. Талийгаач нь автомашины шил арчигч шингэнийг их хэмжээгээр буюу үхлийн доозоор уусан хорт бодис гэдгийг мэдсээр байж амиа хорлох зорилгоор уусан. Ийм хэрэг явдал үүсэхээс талийгаачийн ар гэр болон өөрөө урьдчилан сэргийлээгүй. Талийгаачийн ар гэр өвчтөнийг гемодиализийн аппаратад оруулаагүй гэж үздэг. Гемодиализийн аппаратад оруулж эмчилгээ бичих тухайд уг хүнд бөөрний дутагдал ирсэн үед оруулдаг. Этинленгликоль бодис уусан хүнийг Гемодиализийн аппаратад оруулж эмчлэх олон улсын заалт нь тухайн хүний цусанд хэдэн хувиар ямар, ямар хорт бодис байгаагаас хамаарч тус аппаратад оруулах заалттай гэтэл Монгол Улсын хэмжээнд уг хүний биеийн цусан дахь хорт бодисыг тодорхойлох аппарат байхгүй. Талийгаачийн уусан авто машины шил арчигч шингэний тун нь хэтэрсэн бөгөөд мэргэжлийн чадвартай алтан гартай эмч байгаад ч амь насыг нь аврах боломжгүй байсан юм.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-д зааснаар хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль, тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасны дагуу байгууллагыг хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Б нь Ц, Б.Оюунжаргал, Р.О нарт холбогдуулан оршуулгын зардал 9 787 564 төгрөг, гэм хорын хохиролд 79 025 844 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 449 393 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хохирогч нас барсанд гэм буруугүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1.-д зааснаар хариуцагч Цээс 9 765 999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79 047 109 төгрөгт холбогдох болон хариуцагч Д.О, Р.О нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1., 508.4.1.-д зааснаар тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүүд хариуцагч Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлгээс сар бүр 429 141 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах, нэхэмжлэлээс 20 252 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул байгууллагыг хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.Бгийн нөхөр Б.Б 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Цийн хордлогын тасагт хордлогын байдалтай хүргэгдэн ирж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч, эмчилгээ хийгдэж байгаад нас барсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...жижүүрийн эмч Д.О, сувилагч Р.О нар нь тухайн өдөр эмч, сувилагчаар ажиллаж байхдаа эмчилгээ, сувилгааг зохих стандартын дагуу хийж чадаагүй, эмнэлэг нь шаардлагатай үед багаар ажиллах ямар ч арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч нас барсан тул оршуулгын зардал 9 765 999 төгрөг, түүнчлэн хохирогч нь Төрийн  банкнаас орон сууцны 8 хувийн зээлтэй байсан бөгөөд уг зээлийг цалингаараа төлдөг байснаас 79 047 109 төгрөг төлөгдөөгүй үлдсэн, насанд хүрээгүй 3 хүүхдэд олгосон тэжээгчээ алсны тэтгэмжийн зөрүү нэг хүүхдэд тус бүр 149 797 төгрөг, нийт 449 393 төгрөгийг тэднийг 18 насанд хүртэл нь сар бүр гаргуулахаар тогтоож өгнө үү...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн нэгдсэн төв эмнэлэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...талийгаач Б.Бд эмнэлэг, эмч зохих эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн, талийгаачийн үхлийн шалтгаан нь олон атомт этиленглинколь буюу шил арчигч шингэнээс шууд хамааралтай болох нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн үед ажилласан эмч, сувилагч нар тусламж үйлчилгээг зохих журмын дагуу өвчтөнд үзүүлсэн тул тэдэнд холбогдох хэргийг Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж,

хариуцагч Д.О: “...энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэм буруугүй болохыг тогтоож, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хохирогч гадны нөлөөгүй нас барсан, үхэлд хүргэсэн шалтгааныг тогтоосон, удирдах байгууллагаас тухайн эмч буруутай үйл ажиллагаа явуулаагүй болохыг тогтоосон. Хохирогчийг нас барахад Д.Оын ямар нэг үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж,

хариуцагч  Р.О: “...ажил үүргийг удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу явуулсан. Талийгаачийг нас барсан үйлдэлд миний бие буруугүй. Энэ асуудлаас болж мэргэжлийн хяналтын байгууллагад 2 удаа, Батлан хамгаалах яамны хяналт шалгалтаар 2 удаа, цагдаагийн байгууллагад шалгагдаж, үнэн мөнийг тогтоож хэрэгсэхгүй болгосон. ...талийгаачийн нас барсанд буруугүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Оыг гэм буруутай гэж дүгнэн, түүнийг ажиллуулж байгаа ажил олгогчоор гэм хорын хариуцлагыг хүлээлгэхээр шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болсон Прокурорын тогтоол, холбогдох баримтыг хэрхэн үнэлсэн, хариуцагчийн буруутай үйлдэл хохирогч нас барсантай шалтгаант холбоотой эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг засаагүй, маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.                          

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 498 дугаар зүйлийн 498.1.-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаар гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан этгээд түүнд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул гэм хор учруулсан үйлдэл /эс үйлдэхүй/, учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардана.

Нэхэмжлэгч нь бусдын амь нас хохирсон үндэслэлээр хохирогч нас барснаас учирсан хохирлыг арилгуулахаар шаардлага гаргасан тул хариуцагчийн үйлдэл хохирогч нас барсантай шалтгаант холбоотой байх, улмаар дээрх үйлдэлд хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсноор гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүснэ.

Шүүх хариуцагч Д.Оын гэм буруутай ямар үйлдэл хохирогчийг нас барахад хүргэсэн, нөлөөлсөн талаар шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа гэм хорыг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэгэнт хариуцагчийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/  тогтоогдсон тохиолдолд ажил олгогч түүний учруулсан хохирлыг арилгах үүргийг хуулиар хүлээлгэсэн тул энд гэм буруугийн ойлголт хамаарахгүй болно.

Хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №409 дугаартай Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтэд: “...талийгаач 2016.02.20-ны 22 цагт эмнэлэгт хэвтсэн, 2016.02.21-ний 06 цаг 10 минутад нас барсан, ...талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас тархи хавагнан нас баржээ...” гэсэн байна.

Хохирогч нь эмнэлэгт хүргэгдэн нас барах хүртэлх 8 цагийн хугацаанд авах ёстой эмнэлгийн тусламжийг бүрэн авч чадсан эсэх, эмчилгээг зохих ёсоор хийгээгүйгээс өвчтөн нас барсан эсэх, хариуцагчийн гэм буруутай ямар үйлдэл хохирогчийг нас барахад нөлөөлсөн, хүргэсэн болох, зохих эмчилгээг хийсэн бол хохирогчийн амийг аврах боломжтой байсан эсэх талаар хэрэгт цугларсан баримтад үндэслэн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00964 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1006 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,  хяналтын журмаар гаргасан хариуцагч Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамжидын гомдлын заримыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД