Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00432

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00432

 

Ж.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/03814 дугаар шийдвэртэй

Ж.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.О, Р.Х, Б Цт холбогдох

Гэм хорын хохиролд 88,813,408 төгрөг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 449,393 төгрөгийг сар бүр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэндмаа, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Ж.Сэлэнгэ, хариуцагч Д.Оын өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэндмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний нөхөр Б.Б нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт эмчилгээ хийлгэж байгаад дотрын тасгийн жижүүр эмч Д.О, сувилагч Р.Х нарын эмчилгээ сувилгааг зохих стандартын дагуу хийж чадаагүй, эмнэлэг нь шаардлагатай үед багаар ажиллах ямар ч арга хэмжээ аваагүйн улмаас нас барсан гэж үзэж байна. Эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн очихдоо шил арчигч шингэн уусан гэдгээ хэлсэн боловч жижүүр эмч Д.О нь өвчтөний биед бодит үзлэг хийгээгүй, эмч өвчтэй учир өвчтөнийг үзэх боломжгүй гэдгийг сувилагч Р.Х мэдэгдээд сувилагч өөрөө истори нээж, эмчийн зааваргүйгээр ходоодыг нь угаасан. Р.Х ходоодыг нь бүлээн усаар угаасан гэж байгаа боловч уг усных нь температур хэд байсныг хэн ч мэдэхгүй, хэн ч шалгаж үзээгүй. Гэтэл эмч өвчтөний ходоодыг угаах үед нь хажууд байлцаж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй юм. Сувилагчид утсаар зөвлөгөө авч эмчилгээ хийж байсан. Эмч хүлээн авах дээр байгаагүй, ходоод угаахад байгаагүй, өвчтөнд бодит үзлэг хийгээгүй, үзлэг хийгээгүй хирнээ үзсэн мэтээр өвчтөний түүх дээр бичилт хийсэн, истори болон яаралтай тусламжийн хуудсыг зассан, нэмэлт бичилт хийсэн байсан. Истори зассан гэдгийг кримналистикийн шинжилгээгээр 250 мл гэдгийг 750 мл гэж хоёр удаа, мөн шөнийн 01.50 цагаас өглөөний 05.50 цагийн хооронд огт үзлэг хийгээгүй мөртлөө үзлэг хийсэн мэтээр бичсэн байгааг тогтоосон. Энэ нь сувилагчийн мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно. Эмч Д.О нь хордлогын нарийн мэргэжлийн эмч биш дотрын тасгийн эрхлэгч хүн байсан учраас өвчтөнийг зөв эрэмбэлж чадаагүй, яг юунд хордсоныг тодорхойлоогүй, юугаар хорыг саармагжуулахыг мэдэхгүй байсан. Мөн дуслыг ар араас нь залгуулж хийсэн. Ц нь Монгол улсын хэмжээнд байдаг ганц хордлогын төв хирнээ хордлогын нарийн мэргэжлийн эмч байхгүй, дотрын эмчийг ажиллуулж байснаараа буруутай юм. 22 цагийн үед Б.Б өөрийн ухаантай эмнэлэг рүү алхаад орсон ч шөнийн 01.50 цагт хүндрэл өгөхөд шаардлагатай арга хэмжээ авч, багаар ажиллах ямар ч ажил хийгдсэнгүй. Бидний гаргасан гомдлын дагуу Жанжин штабын генерал н.Доржсүрэн нь тус эмнэлэгт шалгалт явуулж, нарийн мэргэжлийн эмч томилоогүйгээс хүний амь нас хохирсон, үүнд эмч Д.О буруутай гэж үзсэн. 2017 оны 12 сард Батлан хамгаалах яамны Хяналт шалгалтын үнэлгээний хэлтсээс сахилгын шийтгэл ногдуулах үүрэг өгсөн байдаг. Өөрийн ухаантай, хөлөөрөө алхаж орсон хүн байтал эдгээр хүмүүс, эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болоод хүний амь нас хохирсон тул үнэхээр их гомдолтой байна Дээрх хүмүүс, эмнэлэг мэргэжлийн үйл ажиллагаагаа зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж амь нас нь хохирсон үйл баримтыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзснийг хяналт тавьж буй прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Үүнээс болж манай гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирсан. Түүнчлэн бид Төрийн банкнаас орон сууцны 8 хувийн зээлтэй байсан бөгөөд уг зээлийн төлбөрийг нөхөр Б.Б нь цалингаараа төлдөг байсан ба нас барах үедээ амь насны даатгалаа сунгуулж амжаагүй байсан учраас орон сууцны зээлээс нэг ч төгрөг хасагдаагүй. Сэлэнгэ Эстимэйт ХХК-аар талийгаач Б.Бгийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгож, эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайлангаар талийгаачийн хохирлын үнэлгээг 322,561,920 төгрөг гэж үнэлсэн. Бид 2002 онд гэр бүл болж, тэдний дундаас 2005 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.Лутбаяр, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Агиймаа, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Маралмаа нар төрсөн. Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжинд байсан хүүхэд тус тус авах эрхтэй. Талийгаач нөхрийн минь сард авч байсан дундаж цалин хөлсийг тооцоолохдоо Б.Бгийн сүүлийн 1 жилийн цалингийн дунджаар буюу 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх 12 сарын дундаж цалин 1,140,839 төгрөг болж байгаа тул үүнээс сард Нийгмийн даатгалын сангаас авч буй тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 541,648 төгрөгийг хасч тооцоход зөрүү 599,191 төгрөг болно. 3 хүүхдэд нийт 449,393 төгрөг. Сард нэг хүүхэд тус бүрт 149,797 төгрөг болж байна.

Иймд ажлын хариуцлага алдаж миний нөхрийн амь насыг хохироосон эмч Ж.О, сувилагч Р.Х болон Б Цэргийн төв эмнэлгээс оршуулгын зардалд 9,787,564 төгрөг, гэм хорын хохиролд 79,025,844 төгрөг, нийт 88,813,408 төгрөгийг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 449,393 төгрөгийг сар бүр гаргуулахаар тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамжидын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Б Цт 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б.Б нь хордлогын байдалтай хүргэгдэн ирж эмчилгээ үйлчилгээ хийлгэн улмаар нас барсан. Тухайн үед жижүүр эмчээр Ж.О, сувилагчаар Р.Х нар ажиллаж байсан бөгөөд ажлын байранд хэрхэн ажиллах хууль, журмын хүрээнд ажилласан болно. Ходоодыг хүйтэн усаар угаасан тухайд манай байгууллагад зохих ариун цэврийн стандартын шаардлага хангасан халуун болон хүйтэн ус тус тусдаа савлагаатай байдаг бөгөөд сувилагч уснаас сэлбэж тохирох температурт хүргэн эмчлүүлэгчийн ходоодыг угаадаг. Тухайн үед сувилагч Р.Х энэ журмаар ходоодыг угаасан байдаг. Мөн өвчтөний түүхийг засварласан байдаг бөгөөд энэ нь 250 мг-ийг 750 болгон засварласан. Энэхүү завсарласан байдал нь өвчтөнийг үхэлд хүргэхэд ямар нэгэн шалтгаант холбоогүй юм. Талийгаач Б.Бд зохих эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн боловч түүний үхлийн шалтгаан нь олон атомт этиленгликоль буюу шил арчигч шингэнээс шууд хамааралтай болох нь шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүнээс гадна Монгол улсад хордлогын стандарт байхгүй бөгөөд 1995 онд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв нээгдэн үйл ажиллагаа явуулснаас хойш дотрын эмч ажиллаж байгаа болно. Этиленгликоль гэх бодисыг ууснаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрөхөд шинж тэмдэг илэрдэг, 1-р шат нь 30-12 цагт, 2-р шат нь 12-36 цагт, 3-р шат нь 24-72 цагт шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс өвчтөн эмнэлэгт ирэхдээ ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, зүгээр мэт харагдаж байсан боловч хэдэн цагийн дараа шинж тэмдэг нь илэрч хүндэрсэн гэж үзэж байна. Эмнэлгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/117 тоот тушаалаар жижүүр эмчийн ажиллах журам батлагдсан ба уг журамд хордлогын тасгийн жижүүр эмчийн үүрэг, жижүүр эмчийн баг бүрэлдэхүүнд ямар эмч ажиллах вэ гэдгийг тодорхойлсон ба дотрын мэргэжлийн эмчээс гадна нөхөн сэргээх эмч, мэдрэлийн эмч, уламжлалтын эмч зэрэг эмч нар ажиллана гэж зохицуулсан байна. Халуун хүйтэн усыг зориулалтын саванд хадгалдаг, тэндээс хэмжигчээр авч ходоодыг угаадаг, MNS 4621:2008 эмчилгээний стандартад ходоодыг хүйтэн усаар угаана, бүлээн усаар угаана гэсэн зүйл, заалт байхгүй учраас ходоодыг угаахдаа тасалгааны температурт байгаа бэлдсэн усыг ашигладаг. Дотрын эмч Д.О нь хордлогын нарийн мэргэжлийн эмч биш боловч Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв 1995 онд байгуулагдсанаас хойш дотрын эмч нар ажилласаар ирсэн. Өөрөөр хэлбэл дотрын эмчээр мэргэшсэн хүн хордлогын эмчилгээг хийж болно. Тухайн үед эрчимт эмчилгээний тасагт ажиллах жижүүр эмч нь Д.О байгаагүй, н.Янжмаа эмч ажиллах хуваарьтай байсан. Д.О эмч дотрын тасгийн жижүүр эмч байсан бөгөөд өвчтөн хэдийгээр эрчимт эмчилгээний тасагт ирсэн ч гэсэн хордлогын талаарх оношилгоо, эмчилгээний үйл ажиллагааг үзүүлэх үүрэгтэй байсан юм. Ц болон тухайн өдөрт жижүүрт ажилласан эмч Д.О, сувилагч Р.Х нар тусламж үйлчилгээг зохих журмын дагуу өвчтөнд үзүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд тэдэнд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Б.Бг нас барахад хариуцагч нар буруугүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт байрлах, Б Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт Б.Б спиртийн төрлийн шингэн ууж, хордсон байдалтайгаар ирсэн. Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл 106.2 дахь хэсэгт зааснаар Л.Од холбогдох хэргийг шалгаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолд талийгаачийн үхлийн шалтгаан болон гадны нөлөөтэй эсэхийг нарийвчлан шалгаж тогтоосон. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 409 дугаар дүгнэлтээр ...Талийгаачид механик гэмтэл тогтоогдсонгүй, үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй, талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас тархи хавагнан нас баржээ гэх дүгнэлт, Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1717 дугаар дүгнэлтээр ...Шинжилгээнд ирүүлсэн Б.Бгийн гэх цусанд 5,5 хувь, шээсэнд 5.9 хувийн спиртийн агууламж илэрч байна гэж тогтоогдсон нь мөн тус прокурорын тогтоолд тусгагдсан байдаг. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн химийн лабораторийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2309 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн WASH PLUS 40 бичигтэй 1.8 литрийн хуванцар савтай цэнхэр өнгийн шингэнд этинленгликоль илэрч байна. Этинленгликоль нь үхэлд хүргэх химийн бодис юм. 150 гр болон түүнээс дээш этинленгликоль хэрэглэсэн хүн шууд үхэлд хүрнэ гэж дүгнэсэн. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 939 дугаартай дүгнэлтээр ...БХХСАХНЭ-ийн оношийг зөв тавьж эмчилгээг зохих ёсоор хийгдсэн байна. Одоогоор хордлогын онош эмчилгээний Монгол улсын стандарт үгүй байна гэж, мөн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1579 дугаартай дүгнэлтээр ШШҮХ-ийн шинжээч эмч Ц.Ганболдын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 409, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 939 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Холбогдох материалуудыг үндэслэн Б.Б нь химийн бодисын цочмог хордлогын 2 дугаар шат, түүний хүндрэл зүрх, тархи метаболизмын хямралаар нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна. Д.О нь буруутай үйлдэл хийсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, нотолгоо нь тогтоогдохгүй байгаа мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж буй үнийн дүнг хариуцагч Д.О хариуцан төлөх хуулийн үндэслэл байхгүй. Хохирогч нас барахад Д.Оын ямар нэг үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлөөгүй. Эмч тухайн үед өөр хүнд үзлэг хийж байсан учраас үзлэгийг 25-30 минутын дараа үзлэг хийсэн. Түүнээс гадна дотрын эмч хүн хордлогын эмчээр ажиллахыг хориглосон стандарт байхгүй. Гомдлын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабаас шалгалт хийж, чиглэл өгсний дагуу эмнэлгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/275 тоот тушаалаар Д.Од сахилгын арга хэмжээ авсан. Батлан Хамгаалах яамны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1в/534 тоот албан бичгээр дээрх тушаалыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж хариу мэдэгдэхийг даалгасны дагуу уг тушаалыг хүчингүй болгосон. Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн Хүний эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайлан-аар 322,561,920 төгрөг гэх үнэлгээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хийсвэр байдлаар хүний амьдрах нас, ирээдүйд олох орлого, нас барсны дараа гарах шууд бус зардал зэргээр хүний амь насны суурь үнэлгээг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Өнөөдөр хэрэгт авагдсан баримтаар Д.О нь Б.Бгийн амь нас хохирсон дээр гэм буруугүй гэдэг нь тогтоогдож байгаа. Иймд дээр дурдсан байдлаас үзэхэд Б.Б нас барж, гэм хорын хохирол учрахад хариуцагч Д.Оын санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Р.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбатын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Р.Х нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жижүүрт, жижүүр эмч Ж.Оын хамт ажилласан. Энэхүү үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Б.Б хүргэгдэн ирж улмаар нас барсан. Анх түүнийг хүлээн авч эмчид мэдэгдсэн ба эмч ходоодыг нь угааж бай гэсэн учир шаардлага хангасан усаар угаасан бөгөөд эмч ирж үзлэг хийсэн. Миний үүрэг бол эмчийн зааврын дагуу өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу ажиллах байдаг. Би тэр л журмаар ажилласан. Дээр нь Б.Б дараалан 5 хоног архи уусан байсан бөгөөд нэмж шил арчигч шингэн уусан байдалтай ирсэн. Өмнөх өдөр нь ч гэсэн түргэний эмч дуудаж үзүүлсэн асуудал байдаг. Мөн баримт бичиг засварласан асуудал бас яригддаг бөгөөд миний бие баримт бичиг хөтлөх тодорхой ажилтай тэр баримтыг л хөтөлсөн. Иймд талийгаачийн нас барсан үйлдэлд миний бие буруугүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагаар маш удаан явж үнэн мөнийг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өвчтөний ходоод угаахад баримтлах стандартын дагуу заавал их эмч хамт байхыг шаардахгүйгээс гадна ходоодыг халуун, хүйтэн усаар угаах стандартгүй бөгөөд усны температур хэмждэг багаж байхгүй. Цаг хугацааны байдлаас харахад талийгаачийн уусан тухайн шингэн биед нь шингэсэн үү, эсхүл биеэс гадагшилсан уу гэдгийг нас барсан байдлын өмнөх цаг хугацаатай нь холбон үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Р.Хийн буруутай үйл ажиллагаанаас болж бусдын амь нас хохироогүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.О, Р.Х, Б Цт тус тус холбогдох, гэм хорын хохиролд 88,813,408 төгрөг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 449,393 төгрөгийг сар бүр гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 672,217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэндмаагийн давж заалдах гомдлын агуулга: ... Тухайн үед улсын хэмжээний хордлогын эмчилгээг тус эмнэлэг хариуцан хийж байсан бөгөөд өвчтөн Б.Бг эмчлэхээр хүлээн авсан их эмч Д.Оын хайхрамжгүй, албан үүрэгт ажилдаа хайнга хандаж, өвчтөнд эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор хийгээгүй, тусламж үзүүлээгүй, ёс зүйгүй үйлдлийн улмаас биеийн байдал хүндэрч нас барсан. Эмчлэгч эмчээр тэр өдөр жижүүрт гарч байсан их эмч Д.О нь ханиад хүрсэн гэсэн шалтгаанаар өвчтөнийг биечлэн үзээгүй, сувилагч Р.Хт ходоодыг нь угааж бай гэдэг үүрэг утсаар өгөөд дараа нь ирж үзэж эмчилгээ бичсэн гэдэг боловч өвчтөний биеийн байдал хүндрээд дуудахад ирээгүй. Нөгөө тасгийн жижүүр эмч Янжмаа ирж үзлэг хийн эмчилгээ бичсэн. Өвчтөн уг эмчилгээг хийж байхад унтаа байдалтай байсаар 06:10 цагт нас барсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Хариуцагч Д.О нь өвчтөнийг нас барсны дараа өвчний түүхэн дээр баахан эмчилгээ хийсэн мэтээр нэмж бичин, шил арчигч шингэн 250 мл орчмыг уусан гэсэн өгүүлэмж уг түүхэн дээр бичигдсэнийг 750 мл болгон засч, өөрийн өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй үйлдлээ нуун далдлах гэсэн оролдлого хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газраас их эм Д.Оын гаргасан зөрчлийн асуудлыг шалгасан. Цэргийн Төв эмнэлгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/193 тоот тушаалаар их эмч, дэд хурандаа Д.Од Цэргийн сахилгын дүрмийн 42.в-д заасныг баримтлан албан ажилдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Цэргийн Төв эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 тоот тушаалаар хүчингүй болгосон байна. Хэдийгээр Д.Од сахилгын шийтгэл оногдуулсан дээрх тушаал хүчингүй болсон боловч гаргасан зөрчил нь хүчингүй болохгүй бөгөөд албан үүрэгт ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан гэм буруутай үйлдэл байсаар байхад шүүх энэ үйл явдлыг үнэлэлгүй, шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон өвчтөн Б.Бг эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу хийсэн боловч нас барсан гэсэн өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч тал ямар баримтаар няцааж мэтгэлцсэн буюу өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын гаргасан үндэслэлүүд хууль бус болохыг нотлох ямар баримтууд хэрэгт авагдсан, эдгээр үндэслэлүүдийг хариуцагч тал ямар баримтаар няцаасныг огт дүгнээгүй. Мөн хариуцагч Д.Оын эмчийн тангараг, байгууллагын даргын тушаалаар баталсан дүрэм журам, Эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн үйлдэл нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байхад энэ баримтуудад дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч Д.О нь өөрөө өвдсөн гэсэн шалтгаанаар өвчтөнд биечлэн үзлэг хийгээгүй нь эмч хүний хувьд байж боломгүй хүнлэг бус үйлдэл бөгөөд өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ, тусламж үзүүлэх үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандсан гэсэн дүгнэлтийг эрх бүхий байгууллага тогтоосон байхад түүнийг гэм буруугүй мэтээр шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Батлан хамгаалах, хууль сахиулагчдын албан хаагчдын эмнэлгийн ажилтнуудын хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр болж, сувилагч, асрагч нар оролцон талийгаач Б.Бгийн нас барсан цаг үед байдал ямар байсан талаар хэлэлцэхэд их эмч Д.Оын өвчтөн Б.Бд эмч хүний ёсоор хандаагүй, албан үүрэгт ажлаа умартаж, хайнга, хариуцлагагүй хандсан болох нь тогтоогдож байхад шүүх нэхэмжлэгчийн гаргасан энэ нотлох баримтыг бусад баримтуудтай хамтруулан бүх талаар нь үнэлж дүгнэлгүйгээр түүнийг гэм буруугүй гэж үзсэн. Жижүүрийн эмч Д.О ажилдаа хариуцлагатай хандаж, эмчилгээг зохих ёсоор нь хийсэн бол хордлогоос амархан гарах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. Нэхэмжлэгч талын хувьд орон сууцны зээлийн төлөлтийг хариуцагч байгууллагаар төлүүлэхгүйгээр, оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг гаргуулах өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахад татгалзахгүй байна гэжээ.

7. Хариуцагч Д.Оын өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Эмч Д.О нь албан ажилдаа хайнга хандсан зүйл байхгүй. Өвчтөнийг хүлээн аваад эмчилгээг Монгол улсын стандартад зааснаар хийсэн. Олон талд спирт нь 150 граммаас дээш хүнийг үхэлд хүргэнэ гэдгийг шүүх эмнэлэгийн 2 удаагийн дүгнэлтээр дүгнэсэн. Энэ нь үхэлд хүргэсэн гэдгийг цагдаагийн байгууллага шалгасан. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс үндэслэл бүхий дүгнэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эмчийн буруутай үйл ажиллагаанаас болоод талийгаач нас барсан гэдэгт шалтгаант холбоо тогтоогдоогүй. Өвчтөний түүхийг зохиож өгсөн зүйл байхгүй. Энэ түүх нь тухайн эмчилгээг стандартын дагуу хийсэн. Ийм учраас энэхүү давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Мөн байгууллагын ажилчдын хоорондын таарамжгүй харьцаа нь талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан болж чадахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

3. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.О, Р.Х, Б Цт холбогдуулан гэм хорын хохиролд 88,813,408 төгрөг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 449,393 төгрөгийг сар бүр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эмч Д.О, сувилагч Р.Х нар эмчилгээ сувилгааг стандартын дагуу хийж чадаагүй, эмнэлэг нь шаардлагатай үед багаар ажиллуулах ямар ч арга хэмжээ аваагүйн улмаас талийгаач нас барсан гэж тайлбарлажээ.

3а. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...талийгаачийн амь нас хохироход түүний уусан бодис нөлөөлсөн гэсэн үндэслэл зааж маргасан байна.

4. 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Б нь спиртийн төрлийн шингэн ууж хордсон байдалтайгаар Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, эмчлүүлж байгаад нас барсан үйл баримт өвчтөний өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, яаралтай тусламжийн хуудас, үзлэгийн тэмдэглэл, нас барсны гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдсон. /1хх.41-56, 91/

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Хуульд зааснаар гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйгээр/ бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан этгээд түүнд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсан үйлдэл эс үйлдэхүй, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

Зохигчид Б.Бг нас барахад хариуцагч нарын хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан эсэх асуудлаар маргаж, талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дараахь дүгнэлтүүд гарсан байна.

5а. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1717 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...шинжилгээнд ирүүлсэн Б.Бгийн гэх цусанд 5,5%, шээсэнд 5,9% спиртийн агууламж илэрч байна гэж, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 409 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...шинжилгээнд ирүүлсэн Б.Бгийн гэх цусанд 5,5%, шээсэнд 5,9% спиртийн агууламж илэрч байна гэж, /1хх.203-204/

5б. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2309 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...Шинжилгээнд ирүүлсэн WASH PLUS-40 бичигтэй 1,8л-ийн хуванцар савтай цэнхэр өнгийн шингэнд этиленгликоль /олон атомт спирт/ илэрч байна. Этиленгликоль нь тоормозны шингэн, тосол, антифлиз болон цэвэрлэх шингэний найрлагад өргөнөөр ашиглагддаг бодис юм. Этиленгликоль нь үхэлд хүргэх химийн хорт бодис юм. 150 гр болон түүнээс дээш этиленгликоль хэрэглэсэн хүн шууд үхэлд хүрнэ гэж, /1хх.208-209/

5в. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 939 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...БХХСАХНЭ-ийн оношийг зөв тавьж, эмчилгээг зохих ёсоор хийгдсэн байна. Одоогоор хордлогын онош эмчилгээний Монгол Улсын стандарт үгүй байна гэж, /1хх.210-211/

5г. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 409 тоот дүгнэлтэд ...талийгаачид механик гэмтэл тогтоогдсонгүй, үхэлд хүргэх өвчин, эмгэг тогтоогдсонгүй, талийгаач этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан гэж, /1хх.200-201/

5д. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1579 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...талийгаач Б.Бгийн цогцост хийгдсэн задлан шинжилгээ болон эд эрхтнүүдээс авсан эд эсийн шинжилгээ, цус, шээсэнд хийгдсэн химийн шинжилгээ зэргээс харахад цусанд 5,5 промилл, шээсэнд 5.9 промилл спиртийн агууламж илэрсэн ...цус харвалттай зэрэг шинж тэмдгүүдээр спиртийн цочмог хордлого онош батлагдаж байна гэжээ. /1хх.192-199/

Хэрэгт авагдсан талуудын тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удаа дараагийн дээрх дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтаас үзэхэд талийгаач Б.Бгийн амь нас хохироход хариуцагч Д.О, Р.Х нарын буруутай ажиллагаа шууд нөлөөлсөн шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан.

Хэрэгт нотлох баримтаар БХХСАХНЭ-ийн үйл ажиллагаа, эмчилгээ тусламж үйлчилгээ, эмч, эмнэлгийн ажилчдын ёс зүйн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг шалгасан тухай 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн нотломж, Батлан хамгаалах яамны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/193 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1в/534 тоот Үүрэг болгох тухай албан бичиг, Цэргийн төв эмнэлгийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 тоот тушаал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4942 тоот дүгнэлт зэрэг бичгийн баримтууд авагдсан байх боловч уг баримтуудыг үндэслэн хариуцагч Д.О, Р.Х нарыг талийгаачийн амь нас хохирсон явдалд шууд буруутгах үндэслэлгүй байна. /1хх.137-138, 2хх.87-92, 130-133/

Дээрх нотлох баримтуудаар нас барагчийг үхэлд хүргэсэн шалтгаан нь хариуцагч байгууллагын эмч, ажилтны үйлдэл байсан гэх байдал эргэлзээгүй тогтоогдоогүй байна. Эмчилгээний стандарт зөрчсөний улмаас үхэлд хүргэсэн гэх ажилтнуудын гэм буруу мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүдээр няцаагдаж байна.

Иймд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч нарын буруутай ажиллагааны улмаас талийгаач Б.Бгийн амь нас хохирсон гэж үзэхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.

Ажилтны учруулсан гэм хорыг арилгах үүргийг ажил олгогчид ногдуулсан нь ажилтныхаа хөдөлмөрлөх явцыг хууль, тогтоомж заавар журмын үндсэн дээр хянах үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзэж байгаатай холбоотой байх бөгөөд ажил олгогч уг үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Шүүх хохирогчийг үхэлд хүргэсэн Д.О нарын хайнга, хариуцлагагүй үйлдэл, түүнийг нотолсон баримтууд хэрэгт авагдсан байхад тэдгээрийг үнэлэлгүй шийдвэр гаргасан тул шийдвэр үндэслэлгүй бөгөөд хууль ёсны байж чадахгүй юм гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

9. 4 дүгээр хавтасны 1-27 дугаар талд авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд зохигчид иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй байна. Иймд шүүх иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/03814 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 175,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.ИЧИНХОРЛОО