Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/02325

 

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/02325

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХЦ 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, Ө овогт Ч. Х /РД:ЧД00000000/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХЦ 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, Ш овогт Т. Н /РД:УП00000000/-нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1 тоотод байрлах, Х.Б ХХК /0000000/-д холбогдох

ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг гэрээгээр олгогдсон 80 000 000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 683 799 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүүг тооцохыг зогсоохыг даалгах тухай гэж байсныг ЗГ/000000000000 дугаартай 80 сая төгрөгийн зээлийн дүнтэй зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээтэй холбоогүй буюу холбогдолгүй болохыг тогтоолгох тухай гэж болгон өөрчлөв. Зээл ба барьцааны гэрээнүүдийн хугацаа 2017 оны 11-р сарын 26-нд дууссан. Нэхэмжлэгч Ч.Х бизнесийн үйл ажиллагаа нь 2017 оны 6-р сард зогссон ба 2017 оны 7-р сард төлбөрийн чадваргүй болсон. Гэтэл Х.Б зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2017 оны 11-р сарын 26-наас хойшхи хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцохыг зогсоохгүй байгаа явдалд нэхэмжлэгч Т.Н би дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

1. Иргэний Хуулийн 451-р зүйлийн 451.1-т банкийг зээлийн гэрээ байгуулахдаа тодорхой хугацаатайгаар байгуулахыг шаардсан байдаг. ЗГ/000000000000 дугаартай зээлийн шугамын гэрээний хугацаа нь 18 сараар байгуулсан ба энэхүү гэрээ нь 2017 оны 11-р сарын 26-ний өдөр дуусгавар болжээ. 2017 оны 11-р сарын 26-ний өдрөөс хойш зээлийн шугамын гэрээ ба барьцааны гэрээнүүдийн хугацааг сунгаагүй болно. Үүнээс үзэхэд 2017 оны 11-р сарын 27-ны өдрөөс зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүү зогсох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Зээлдэгч Ч.Х-ийн бизнесийн үйл ажиллагаа нь 2017 оны 6-р сард зогссон ба 2017 оны 7-р сард төлбөрийн чадваргүй болсон. Зээлийн гэрээний 5-р зүйлийн 5.1.8-д Зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан байсан. Гэтэл Х.Б энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1-д Гэрээний 2.5.1-т заасан хугацааг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг дуусгавар болгоно эсвэл цуцална гэж заасан байсан. Зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.4-д "Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол гэрээг дуусгавар болгоно эсвэл цуцална гэж заасан байсан. Гэтэл Х.Б энэхүү 2 заалттай холбоотойгоор ямар ч арга хэмжээ аваагүй болно, ямар ч үйлдэл хийгээгүй болно. Иргэний хуулийн 223-р зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байдаг. Иргэний хуулийн 224-р зүйлийн 224.2.3-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран тухайн үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасан байдаг. Иймд Х.Б хугацаа хэтрүүлсэн учир зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан нэхэмжлэгч тал гэж үзэж байна.

3. Зээлдэгч Ч.Х нь барьцаа хөрөнгө болох орон сууц, зуслангийн байшин, зуслангийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулах хүсэлтээ 2018 оны 1-р сарын 18-нд Х.Бинд өгсөн бөгөөд ингэсний үндсэн дээр Х.Б дотоод сүлжээгээрээ зар тавьж улмаар барьцаанд тавьсан орон сууц болох Ү-0000000000 улсын дугаартай, 2 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр 2018 оны 8-р сарын 16-нд Х.Б зээлдэгч Ч.Х-гийн өмнөөс зарж борлуулсан. Нэхэмжлэгч Т.Н би одоогоор ээж, эхнэр, охиныхоо хамт нэг өрөө байр хөлслөн амъдарч байгаа. Хамтран Зээлдэгч Т.Н миний амьдрлын нөхцөл байдал маш их доройтож байгаа. Гэтэл Х.Б дээрхи 58,000,000 төгрөгөөс эхлээд хуримтлагдсан хүүгээ суутган авч, үлдэгдэл мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцсон явдалд Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх

хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна гэж байсныг

1. Нэхэмжлэгч Ч.Х, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х би Зээлийн бүртгэлийн картыг анхааралтай нарийвчлан судалж үзсэн чинь 80 сая төгрөгийн зээлийг ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээгээр Зээлдэгч Ч.Х, Т.Н нарт олгосон. Харин 2016 оны 6-р сарын 30-нд 5 000 000 төгрөг, 2016 оны 7-р сарын 4-нд 10,000,000 төгрөг, 2016 оны 8-р сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 8-р сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 9-р сарын 9-ны өдөр 15,000,000 төгрөг, 2016 оны 9-р сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг, 2016 оны 10-р сарын 24-ны өдөр 24,000,000 төгрөг, 2016 оны 10-р сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 10-р сарын 24-ны өдөр 28,000,000 төгрөг, 2016 оны 11-р сарын 7-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 11-р сарын 11 -ны өдөр 11.000,000 төгрөг, 2016 оны 12-р сарын 09-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 12-р сарын 20-ны өдөр 22,000,000 төгрөг, 2017 оны 3-р сарын 6-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 3-р сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 4-р сарын 12-ны өдөр 2,900,000 төгрөг, 2017 оны 4-р сарын 19-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 4-р сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 4-р сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 5-р сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 6-р сарын 9-ны өдөр 11,200,000 төгрөг, 2017 оны 6-р сарин 19-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 өны 7-р сарын 24-ны өдөр 3,500,000 төгрөг, 2017 оны 7-р сарын 31-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 8-р сарын 7-ны одор 6.000,000 төгрөг, 2017 оны 8-р сарын 9-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 8-р;сарын 16-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 9-р сарын 22-ны өдөр 11,000,000 төгрөг, нийт 262,600,000 төгрөгийн зээлийг (цаашид энэхүү 262,600,000 төгрөгийн зээлийг ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээгээр олгосон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгосон зээлүүд гэж нэрлэе) Х.Б Ч.Х, Г.Н нарт зээлийн гэрээ байгуулалгүйгээр олгосон байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Монгол Улсын Зээлийн эрх зүйгээр бол зээл олгох бүртээ зээлийн гэрээ байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ бол нэг удаагийн шинж, чанартай. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2-р зүйлийн 2.1-т Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Банкны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж заасан байдаг. Энэхүү заалтаас харахад зээлййн үйл ажиллагаа нь Иргэний хуулиар зохицуулагдцаг гэдгийг харуулж байна. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-т Банк. зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх уүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22-р зүйлийн 22.1-т Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байдаг. Иргэний хууль ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дээрхи заалтуудад уг мөнгөн хөрөнгө гэж онцгойлон, тусгайлан заасан байгаа нь зээлийн гэрээнд зээлийн хэмжээг тодорхой тэдэн төгрөг гэж тусгахыг шаардаж байна. Иймд ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээгээр зөвхөн 80 сая төгрөгийн зээл олгогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон 262,600,000 төгрөгийн зээлийг ямар нэгэн зээлийн гэрээгүйгээр олгогдсон зээлүүд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Монгол Улсын зээлийн эрх зүйгээр бол Зээлийн гэрээ төгс пайгуулагдахын тулд 2 үе шаттай байдаг.

А) Зээлдэгч тал зээлийн гэрээтэйгээ танилцаад гарын үсэгнүүдээ зурна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг бичгээр хийнэ.

Б) Зээлийн гэрээнд тусгагдсан зээл гэх мөнгөн дүнг зээлдүүлэгч нар луу шилжүүлж байж, сая зээлийн гэрээ эцсийн байдлаар байгуулагдсанд тооцохоор хуульчилсан байдаг.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22-р зүйлийн 22.2-т Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана. гэж заасан байдаг. Энэхүү заалтаас харахад ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээгээр зөвхөн 80 сая төгрөгийн зээл олгогдсон гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Мөн ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон 262,600,000 төгрөгийн зээлийг ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээтэй холбоогүй буюу холбогдолгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд ямар нэгэн зээлийн гэрээгүйгээр олгогдсон зээлүүд гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Учир нь ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээнд зөвхөн, гагцхүү 80 сая төгрөгийн зээл гэж тусгасан байна.

2. ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон 262 600 000 төгрөгийн зээлийг зээлийн гэрээ байгуулалгүйгээр олгосон тул Х.Б уг зээлээсээ хүү авах эрхээ алдчихсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. гэж заасан байдаг. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан байдаг. Гэтэл Х.Б хүү авах эрхээ алдчихаад байтал 262,600,000 төгрөгийн зээлэндээ (26,219,975.32-4,827,254.79=21,392,720.53) 21,392,720.53 төгрөгийн хүүг хууль бусаар зээлдэгч Ч.Х, Т.Н нараас авсан байдаг.

3. ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлийн хүүгийн тооцооллыг хавсралтаар үзүүлж харуулсан болно. Энэхүү 80 сая төгрөгийн зээл 2016 оны 10-р сарын 12-ны өдөр 16,999,694,60 төгрөгийн зээл төлөгдсөнөөр тэрхүү 80 сая төгрөгийн зээл төлөгдөж дууссан. Өөрөөр хэлбэл, ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар; болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хавсралтанд тусгагдсанаар Зээлдэгч Ч.Х, Т.Н нар тэрхүү 80 сая төгрөгийн зээлэндээ 755,642,28 төгрөгийн хүү илүү төлсөн байна. ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээнд Коммитмент хүү гэдэг нь зээлийн шугамын хэмжээнд ашиглаагүй зээлээс тооцох хүү гэж тодорхойлжээ. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-дэх заалтыг зөрчсөн. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлиин үйл ажиллагааны тухай хуулйин 24-р зүйлийн 24.1-т Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан байдаг. Гэтэл Х.Б ашиглаагүй зээлээс хүү тооцсон нь дэррхи хуулийн заалтыг зөрчсөн байна. Х.Б Зээлдэгч Ч.Х, Т.Н нараас коммитмент хүү гэж 136,636.59 төгрөгийг хууль бусаар авсан байдаг.

4. Х.Б хүүгээс торгууль тооцож, Зээлдэгч Ч.Х, Т.Н нараас торгууль гэж 444 190.08 төгрөгийг авч, хуулиа зөрчсөн. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. гэж заасан байдаг. Иргэний хуулийн 232-р зүйлийн ..232.4-т Хүүгээс анз тооцохгүй. гэж заасан байдаг.

5. Х.Б Зээлдэгч Ч.Х Г.Н нараас торгууль гэж хууль бусаар авсан 444,190.08 төгрөг, коммитмент хүү гэж хууль бусаар авсан 136,636.59 төгрөг, нийлээд 580,826.67 төгрөг, мөн энэ дүн дээр зээлдэгч Ч.Х, Т.Н нарын илүү төлсөн хүү болох 755,642.28 төгрөгийг нэмээд; 1,336,468.95 төгрөг болж байна. Энэ мөнгөн дүн дээр 2 дахь хэсэгт тусгагдсан хууль бусаар суутган авсан 21,392,720.53 төгрөгийг нэмбэл 22,729,189.48 төгрөг болж байна. Энэ дүнгээс Х.Бны зээлийн үлдэгдэл гээд байгаа 21,755,069.63 төгрөгийг хасвал 974,119.85 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү 974,119.85 төгрөгийг Зээлдэгч Ч.Х, Т.Н нар нь Х.Бнаас авах эрхтэй болж байгаа юм. Гэхдээ энэ нь ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээнээс тусдаа. салангид асуудал юм.

6. Х.Б БГҮ/000000000000 дугаартай барьцааны гэрээний 5-р зүйлийн 5.3.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44.4-дэх хэсэгт заасан барьцааны зүйлд барьцаалбар үйлдэхгүй бөгөөд хуульд заасны дагуу шүүхийн журмаар худалдан борлуулна гэж заасан байсан. Гэтэл Х.Б барьцааны гэрээгээ зөрчиж, барьцааны зүйл болох Ү-0000000000 улсын дугаартай, 2 өрөө орон сууцыг зарж борлуулсанд Зээлдэгч Ч.Х, Т.Н нар гомдолтой байна.

7. ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүүг 2.1.6-д заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заасан нь хуулиа зөрчиж байна. Учир нь нэмэгдүүлсэн хүүг зөвхөн зээлийн хүүнээс тооцдог хуулийн заалттай. гэж болгон өөрчилж байнаг хүлээн авна уу.

4. Зээлдэгч ЧХишигмаа нь Х.Бнаас 2009 оны 06-р сарын 19-нд 25,000,000 төгрөгийн зээл авч, 9,939,250 төгрөгийн хүү, 2010 оны 03-р сарын 25-нд 40,000,000 төгрөгийн зээл авч, 7,260,451 төгрөгийн хүү, 2012 оны 09-р сарын 20-нд 164,756,000 төгрөгийн зээл авч, 11,430,481 төгрөгийн хүү, 2013 оны 05-р сарын 15-нд 40,000,000 төгрөгийн зээл авч, 3,181,756 төгрөгийн хүү, 2013 оны 09-р сарын 30-нд 91,600,000 төгрөгийн зээл авч, 9,964,241 төгрөгийн хүү, 2014 оны 04-р сарын 15-нд 146,500,000 төгрөгийн зээл авч, 4,547,462 төгрөгийн хүү, 2014 оны 09-р сарын 22-нд 60,000,000 төгрөгийн зээл авч, 6,194,525 төгрөгийн хүү, 2014 оны 12-р сарын 30-нд 106,000,000 төгрөгийн зээл авч, 1,849,527 төгрөгийн хүү, 2015 оны 05-р сарын 19-нд 40,000,000 төгрөгийн зээл авч, 3,181,756 төгрөгийн хүү, 2015 оны 05-р сарын 19-нд 303,500,000 төгрөгийн зээл авч, 17,103,970 төгрөгййн хүү тус тус төлж, нийт 74,653,419 төгрөгийн хүүгийн орлогыг Х.Бинд оруулжээ.

Х.Б зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хууль зүйн үндэслэлгүйгээр хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа учир Х.Бийг хууль бусаар мөнгө хүүлж байна гэж миний бие үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Т.Н ба зээлдэгч Ч.Х бидний Х.Бтай байгуулсан ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцохыг Х.Бинд даалгаж өгнө үү. Иймд ЗГ/000000000000 дугаартай 80 сая төгрөгийн зээлийн дүнтэй зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцож, ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон 262,600,000 төгрөгийн дүнтэй зээлүүдийг ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээтэй холбоогүй буюу холбогдолгүй болохыг тогтоож өгнө үү гэж болгон өөрчилж байгааг хүлээн авна уу гэв.

Хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 451.1 дэх хэсгүүдийг ярьж байна. Хариуцагчийн ярьж байгаа зүйл заалтыг үндэслэн өмнө нь шүүхийн шийдвэр гаргасан байгаа. Нийслэлийн Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.7 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгосон. Дээрх заалтуудаас 167.1.5 дахь заалтыг тодотгож байна. Энэ нь иргэний хэрэг шүүх нь 01267 дугаар бүхий шийдвэрийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. 452.2, 453.1 дэх заалтуудыг баримтлан гаргасан. Гэтэл иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 451.1 452.1 452.2 453.1 гэсэн заалтуудыг буруу тайлбарласан учраас Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон байгаа. Тайлбарт хариуцагчийн төлөөлөгч нь зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийн зээл олгосон гэж ярьж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Зээлийн гэрээнд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн зээлээс тооцно гэж заасан байгаа нь буруу байгаа. Зээлийн гэрээг нэг удаа байгуулна гэсэн зээл бол 80,000,000 төгрөгийн зээл гэдгийг хүлээн зөвшөөрлөө гэж үзээд байна. Мөн кредит карт нь ямар хамааралтай зүйл яриад байгааг нь мэдэхгүй байна . Энэ хэрэгт хамааралгүй. Сөрөг нэхэмжлэл талаар сөрөг нэхэмжлэлтэй танилцахад зээлдэгч нар нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 80 000 000 төгрөг 18 сарын хугацаатай зээлсэн гэж үзсэнээс нэхэмжлэгч нар зөвхөн 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээ гэдгийг мөн сая зөвшөөрсөн гэж үзэж байна. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зээлдэгч нарт 80 000 000 төгрөгийг олгосон байна. 80 000 000 төгрөгөөс хойш олгогдсон гэрээнээс хойш ямар нэгэн гэрээ байгуулаагүй учраас үндэслэлгүй байна. Хариуцагч байгууллага хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь төлөөлөгч би хариуцагчийн хууль бусаар мөнгө хүүлж байна гэж бодож байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдаж байгаа зүйлс нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг зээлж авсан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452. 2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24.3-т тус тус заасантай нийцэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч зээлдэгч нар зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нэмэгдүүлсэн хүүгээ ч чөлөөлөх үндэслэлгүй байна. Алданги тооцсон асуудал ярьж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй байгаа учраас нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан. Нэмэгдүүлсэн хүү тооцно гэж талууд тохиролцсон байгаа. Энэ асуудал нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нартай байгуулсан зээлийн гэрээ нь бусад гэрээнээс онцлогтой шугамын зээлийн гэрээ гэж байгуулсан. Тухайн гэрээ нь зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл олгогдох зээл бөгөөд зээлээ урьдчилж төлж болох ба үндсэн зээлээс урьдчилж төлсөн хэсгийг энэхүү гэрээний урьдчилалын дагуу дахин зээл олгох боломжтой зээлийг шугамын зээл гэнэ гэж заасан. Зээлээ авах үед дахин гэрээ байгуулах шаардлага байдаггүй. Арилжааны банкнуудаас кредит карт гэж байгаа. Энэ картад зээлийн эрхийн хэмжээ байдаг. Тухайн зээлдэгч мөнгө хэрэгтэй бол хүссэн хэмжээгээр авдаг зээл байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Х. Т.Н нар нь Х.Б ХХК-тай 2016 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/000000000000 тоот зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 20.4 хувийн хүүтэй зээлж, мөн өдөр БГҮ/000000000000 тоот барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Толгойт Зүүн салаа, 320 тоот хаягт байрлах 300 м.кв талбай бүхий 3 давхар барилга, мөн хаягт байрлах 399 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байдаг. Нэхэмжлэгч буюу зээлдэгч Ч.Х, Т.Н нарын зүгээс нэгэнт зээлийн гэрээний хүү зогсоох шаардлага гаргаж байгаа бол банкны зүгээс цаашид зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулахыг хүлээх шаардлагагүй болсон гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд банк 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/000000000000 тоот зээлийн гэрээний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нийт 36 683 799.51 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг. Х.Бны зүгээс хамтран нэхэмжлэгч Т.Над үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулаагүй. Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.1,2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч .сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Гэтэл Х.Б зээлдэгч талд үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулаагүй учир сануулсан болохыг нотлох баримт байхгүй байх нь тодорхой бөгөөд мэдээжийн хэрэг. Иймд Х.Б 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч би үзэж байна. Яагаад вэ гэвэл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулаагүй учраас зээлдэгч болох Т.Нын зүгээс хугацаа хэтрүүлсэн гэсэн хууль зүйн ойлголт байхгүй гэж үзэж байна. Иймд зээлдэгчид болох Т.Нын зүгээс Хугацаа хэтрүүлсэн гэсэн хууль зүйн ойлголт байхгүй учраас зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 26-нд дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй ба 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүүг тооцохыг зогсоолгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Х, Т.Н нарын нэхэмжлэлтэй, Х.Б ХХК-д холбогдох, ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг гэрээгээр олгогдсон 80 000 000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 683 799 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж мэтгэлцлээ.

Дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Ч.Х, Т.Н нар нь хариуцагч Х.Б ХХК-иас 2016 оны 5 сарын 26-ны өдөр 80 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж, уг дүнг зээлийн шугамын хэмжээ болгон тэр хэмжээнд зээлдэгчид тухай бүр хүссэн хугацаанд олгож байх /гэрээний 2.2.1/ нөхцөлтэй гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр 2016 оны 5 сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Толгойт зүүн салаа ухны ам 399 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Толгойт зүүн салаа /18050/ 320 тоот з00 м.кв талбайтай 3 давхар барилга, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол ХЦ-46-р байр 43 тоот 31.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, бараа материалыг барьцаалан барьцааны гэрээ байгуулжээ. /7-10-р хуудас/

Нэхэмжлэгч нар уг зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 80 000 000 төгрөгийг шилжүүлж авснаас хойш авсан нийт 262 000 000 төгрөгийг ямар нэг зээлийн гэрээгүйгээр авсан тул хүү төлөх үндэслэлгүй байсан тул хүүний төлбөр илүү төлсөн, мөн зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө төлбөрийн чадваргүй байснаа хүсэлтээр илэрхийлэхэд гэрээ цуцлагдаагүй гэж маргаж, хариуцагч шугаман зээлийн гэрээгээр нөхцлөө тохирсон, нийт авсан зээлээс хүүг шаардах эрхтэй бөгөөд, гэрээг цуцлах болсон үндэслэлээ нотолж чадаагүй тул гэрээ цуцлагдаагүй, иймд төлөгдөөгүй үндсэн зээл болон хүү, түүний торгуулийг нэхэмжилж байна гэж маргалаа.

1. Дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй орхилоо.

Нэхэмжлэгч Ч.Х, Т.Н нар хариуцагч Х.Б ХХК-тай байгуулсан 2016 оны 5 сарын 26-ны өдрийн ЗГ/000000000000 дугаартай 80 000 000 төгрөгийн шугаман зээлийн гэрээний 1.2.1 зээлийн шугам гэж гэрээгээр тохирсон нөхцөлөөр банк нь тодорхой хэмжээний мөнгөн дүнг гэрээ хүчин төгөлдөр болсон огнооноос эхлэн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох огноо хүртэл зээлдэгчийн тухай бүр хүссэн хэмжээгээр олгогдох зээл 2.1.1 зээлийн шугамын хэмжээ 80 сая төгрөг, 2.2.1 зээлийн гэрээний хугацаанд хүссэн зээлийн хэмжээ болон үндсэн зээлийн үлдэгдлийн нийлбэр нь зээлийн шугамын хэмжээнээс хэтрэхгүй байх зэрэг нөхцлүүдийг тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй,196 дугаар зүйлийн 196.1.1 эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох, 451 дүгээр зүйлийн 451.1 банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгө хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2. Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. 3. Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасны дагуу байгуулагдсан хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нар 342 600 000 төгрөгийг зээлсэн 320 544 930 төгрөгийг төлсөн талаар талууд маргахгүй байх бөгөөд нийт төлсөн үндсэн зээл, зээлийн хүүг тооцоход гэрээ дуусгавар болсон, мөн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс хойш зээлсэн мөнгийг гэрээнээс тусдаа зээлсэн гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан зээлдэгчийн хувийн хэргийн материал, төлөгдөөгүй үндсэн зээл 21 755 070 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн Х.Б ХХК-ны бүртгэлийн жагсаалт/2-р хавтсын 14-р хуудас/, зээлийн хүсэлтүүд, урьд нь Ч.Х 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/15/93 дугаар зээлийн шугамын гэрээ зээлж авч байсан баримтаар тогтоогдож байна.

2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Х.Б ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ч.Х, Т.Нын нараас 36 687 799 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч тал ЗШ/000000000000 дугаартай зээлийн гэрээний дагуу 80 000 000 төгрөгийн зээл олгосноос хойшхи зээлүүд нь ЗШ/000000000000 дугаартай зээлийн гэрээнд хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс гэж татгалзаж байна.

Ч.Х, Т.Н нар нь Х.Б ХХК-тай байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/000000000000 дугаартай Зээлийн шугамын гэрээний үүрэг дуусгавар болоогүй, мөн уг гэрээгээр олгогдсон 80 000 000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болох нь тогтоогдоогүй тул Зээлийн шугамын гэрээний 2.1.3, 4.2.1, 5.1.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1, 453 дугаар зүйлийн 453.1 Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т зааснаар хариуцагч Х.Б ХХК үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүг нэхэмжлэгч Ч.Х Т.Н нараас шаардах эрхтэй.

Харин талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5 нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэнтэй, мөн гэрээний 1.2.2 коммитмент хүү гэж зээлийн шугамын хэмжээнд ашиглаагүй зээлээс тооцох хүүг гэсэн нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1. Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно. гэж тус тус заасантай нийцэхгүй байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8 нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн заалт байх тул хүчин төгөлдөр бус байна.

Иймд дээрх хүчин төгөлдөр бус заалтын хүрээнд нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү болон коммитмент хүүг шаардах эрхгүй байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан талууд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр БНҮ/000000000000 барьцааны гэрээ байгуулж барьцаалуулагч Ч.Х, Т.Н нар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21-р хороолол, ХЦ-49 дүгээр байрны 43 тоот байршилтай 31.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Толгойт зүүн салаа, 320 тоот байршилтай хувийн сууцны зориулалттай 300 м.кв талбайтай 3 давхар барилга, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салаа Ухны аманд зуслангийн зориулалттай нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий 399 м.кв газрын эзэмших эрх, 11 340 000 төгрөгийн үн бүхий бараа материалыг Х.Б ХХК-д барьцаалсан.

Дээрх шаардах эрхийн хүрээнд хариуцагч Ч.Х, Т.Н нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Толгойт зүүн салаа, 320 тоот байршилтай хувийн сууцны зориулалттай 300 м.кв талбайтай 3 давхар барилга, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салаа Ухны аманд зуслангийн зориулалттай нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий 399 м.кв газрын эзэмших эрхийг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

Харин Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21-р хороолол, ХЦ-49 дүгээр байрны 43 тоот байршилтай 31.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг борлуулж, үүргийн гүйцэтгэлд 58 000 000 төгрөгийг 2018 оны 8 сарын 29-ний өдөр зээлэгч Ч.Х, Т.Н нараас төлсөн байгаа нь дээрх гэрээний 4.2.1 зээлийн гэрээний үүрэг бүхэн хангагдсан тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж, барьцаалуулагчид хүлээлгэн өгөх 5.3.2 үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хуульд заасны дагуу шүүхийн журмаар худалдан борлуулна гэснийг зөрчсөн байх бөгөөд зээлийн гэрээний 6.1.10-т зааснаар гэрээг дээрх өдрөөс цуцлагдсан гэж дүгнэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарыг төлбөрийн чадваргүй болсоноо илэрхийлж байсан бөгөөд банк гэрээг цуцлах үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байх боловч зээлдэгчийн хувийн хэрэгт энэ талаарх хүсэлтийг гаргаагүй, зээлийн гэрээний хугацааг сунгуулах агуулга бүхий хүсэлтүүд авагдсан байна.

Иймд Х.Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг болох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 21 755 069.63 төгрөг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс өмнөх зээлийн хүү 9 948 634.42 төгрөг нийт 31 703 704,05 төгрөгийг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хангаж, үлдэх 4 980 095.46 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

Нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан дүнд ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 236 дугаар зүйлийн 236.1-д заасныг баримтлан Ч.Х, Т.Н нарын нэхэмжлэлтэй, Х.Б ХХК-д холбогдох, ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг гэрээгээр олгогдсон 80 000 000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ЗГ/000000000000 дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 д зааснаар хариуцагч Ч.Х, Т.Н нараас 31 703 704.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 980 095.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугара зүйлийн 175.1 д заасныг баримтлан хариуцагч Ч.Х, Т.Н нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Ч.Хгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салаа Ухны аманд зуслангийн зориулалттай нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий 399 м.кв газрын эзэмших эрх, Ч.Х, Т.Н нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Толгойт зүүн салаа, 320 тоот байршилтай хувийн сууцны зориулалттай 300 м.кв талбайтай 3 давхар барилгыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 1.470.950 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 487.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 411.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Х, Т.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 316 468.52 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Б ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Ц.УРАНГУА