Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/02144

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/02144

 

 

 

Ч.Х нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02325 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Х ,Т.Н нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХААН банк ХХК-д холбогдох

 

ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг гэрээгээр олгогдсон 80 000 000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 683 799 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний Хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банкийг зээлийн гэрээ байгуулахдаа тодорхой хугацаатайгаар байгуулахыг шаардсан байдаг. ЗГ/201642641009 дугаартай зээлийн шугамын гэрээний хугацаа нь 18 сар ба энэхүү гэрээ нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш зээлийн шугамын гэрээ ба барьцааны гэрээнүүдийн хугацааг сунгаагүй учир уг өдрөөс зээлийн болон нэмэгдүүлсэн хүү зогсох хууль зүйн үндэслэлтэй байна.

Зээлдэгч Ч.Х гийн бизнесийн үйл ажиллагаа нь 2017 оны 6 дугаар сард зогссон ба 2017 оны 7 дугаар сард төлбөрийн чадваргүй болсон. Гэтэл ХААН банк ХХК гэрээний 5.1.8, 6.1.1, 6.1.4-т заалттай холбоотойгоор ямар ч арга хэмжээ аваагүй болно. Иймд ХААН банк ХХК хугацаа хэтрүүлсэн учир зээлийн болон нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан гэж үзэж байна.

Ч.Х -нь барьцаа хөрөнгө болох орон сууц, зуслангийн байшин, зуслангийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулах хүсэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ХААН банк ХХК-д өгсөн бөгөөд Ү-2201012580 улсын дугаартай, 2 өрөө орон сууцыг 58 000 000 төгрөгөөр 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ХААН банк ХХК нь зээлдэгч Ч.Х гийн өмнөөс зарж борлуулсан. Гэтэл ХААН банк ХХК дээрх 58 000 000 төгрөгөөс эхлээд хуримтлагдсан хүүгээ суутган авч, үлдэгдэл мөнгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээгээр зөвхөн 80 000 000 төгрөг олгогдсон гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй учир үүнээс хойш олгогдсон 262 600 000 төгрөгийн зээлийг ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээтэй холбоогүй болох нь тогтоогдож байна.

ХААН банк ХХК нь 262 600 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулалгүйгээр олгосон тул уг зээлээсээ хүү авах эрхгүй. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй. Гэтэл ХААН банк ХХК нь хууль бусаар 262 600 000 төгрөгийн зээлэндээ (26 219 975.32 4 827 254.79 = 21 392 720.53) 21 392 720.53 төгрөгийн хүүг зээлдэгч Ч.Х ,Т.Н нараас авсан байдаг.

ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 000 000 төгрөгийн зээлийн хүүгийн тооцооллыг хавсралтаар харуулсан. Энэхүү 80 000 000 төгрөгийн зээл 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 999 694 60 төгрөгийн зээл төлөгдсөнөөр дууссан. Зээлдэгч Ч.Х ,Т.Н нар тэрхүү 80 000 000 төгрөгийн зээлэндээ 755 642 28 төгрөгийн хүү илүү төлсөн байна.

ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээнд коммитмент хүү гэдэг нь зээлийн шугамын хэмжээнд ашиглаагүй зээлээс тооцох хүү гэж тодорхойлжээ. ХААН банк ХХК нь зээлийг ашигласан хугацаанд биш ашиглаагүй зээлээс хүү тооцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчиж Ч.Х ,Т.Н нараас коммитмент хүү 136 636.59 төгрөгийг хууль бусаар авсан.

ХААН банк ХХК хүүгээс торгууль тооцож, зээлдэгч Ч.Х ,Т.Н нараас торгууль гэж 444 190.08 төгрөгийг авч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчсөн. Дээрх хууль бусаар авсан 136 636.59 төгрөг, нийлээд 580 826.67 төгрөг, мөн энэ дүн дээр зээлдэгч Ч.Х ,Т.Н нарын илүү төлсөн хүү болох 755 642.28 төгрөгийг нэмээд 1 336 468.95 төгрөг болж байна. Энэ мөнгөн дүн дээр 2 дахь хэсэгт тусгагдсан хууль бусаар суутган авсан 21 392 720.53 төгрөгийг нэмбэл 22 729 189.48 төгрөг болж байна. Энэ дүнгээс ХААН банк ХХК-ийн зээлийн үлдэгдэл гээд байгаа 21 755 069.63 төгрөгийг хасвал 974 119.85 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү 974 119.85 төгрөгийг Зээлдэгч Ч.Х ,Т.Н нар нь ХААН банк ХХК-аас авах эрхтэй болж байгаа юм. Гэхдээ энэ нь ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээнээс тусдаа салангид асуудал юм.

ХААН банк ХХК БГҮ/201642641009 дугаартай барьцааны гэрээний 5.3.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44.4 дэх хэсэгт заасан барьцааны зүйлд барьцаалбар үйлдэхгүй бөгөөд хуульд заасны дагуу шүүхийн журмаар худалдан борлуулна гэж заасан. Гэтэл ХААН банк ХХК барьцааны гэрээгээ зөрчиж, барьцааны зүйл болох Ү-2201012580 улсын дугаартай, 2 өрөө орон сууцыг зарж борлуулсанд Зээлдэгч Ч.Х ,Т.Н нар гомдолтой байна.

ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүг 2.1.6-д заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор заасан нь хууль зөрчиж байна.

Иймд нэхэмжлэгчТ.Н ба зээлдэгч Ч.Х -бидний ХААН банк ХХК-тай байгуулсан ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцохыг ХААН банк ХХК-д даалгаж өгнө үү. Иймд ЗГ/201642641009 дугаартай 80 000 000 төгрөгийн зээлийн дүнтэй зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцож, ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 000 000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон 262 600 000 төгрөгийн дүнтэй зээлүүдийг ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээтэй холбоогүй буюу холбогдолгүй болохыг тогтоож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг зээлж авсан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452. 2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч зээлдэгч нар зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нэмэгдүүлсэн хүүгээс ч чөлөөлөх үндэслэлгүй байна. Алданги тооцсон асуудал ярьж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй байгаа учраас нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан. Нэмэгдүүлсэн хүү тооцно гэж талууд тохиролцсон байгаа. Энэ асуудал нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нартай байгуулсан зээлийн гэрээ нь бусад гэрээнээс онцлогтой шугамын зээлийн гэрээ гэж байгуулсан. Тухайн гэрээ нь зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл олгогдох зээл бөгөөд зээлээ урьдчилж төлж болох ба үндсэн зээлээс урьдчилж төлсөн хэсгийг энэхүү гэрээний урьдчилалын дагуу дахин зээл олгох боломжтой зээлийг шугамын зээл гэнэ гэж заасан. Зээлээ авах үед дахин гэрээ байгуулах шаардлага байдаггүй. Арилжааны банкнуудаас кредит карт гэж байгаа. Энэ картад зээлийн эрхийн хэмжээ байдаг. Тухайн зээлдэгч мөнгө хэрэгтэй бол хүссэн хэмжээгээр авдаг зээл байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Х ,Т.Н нар нь ХААН банк ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201642641009 тоот зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 20.4 хувийн хүүтэй зээлж, мөн өдөр БГҮ/201642641009 тоот барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Ү-2201030030 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Толгойт Зүүн салаа, 320 тоот хаягт байрлах 300 м.кв талбай бүхий 3 давхар барилга, мөн хаягт байрлах 399 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байдаг. Нэхэмжлэгч Ч.Х ,Т.Н нарын зүгээс нэгэнт зээлийн гэрээний хүү зогсоох шаардлага гаргаж байгаа бол банкны зүгээс цаашид зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулахыг хүлээх шаардлагагүй болсон гэж үзэж байна.

Иймд банк 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642641009 тоот зээлийн гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нийт 36 683 799.51 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг. ХААН банк ХХК-ийн зүгээс хамтран нэхэмжлэгч Т.Наранбатад Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулаагүй. ХААН банк ХХК 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүүг тооцохыг зогсоолгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 236 дугаар зүйлийн 236.1-д заасныг баримтлан Ч.Х ,Т.Н нарын нэхэмжлэлтэй, ХААН банк ХХК-д холбогдох, ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг гэрээгээр олгогдсон 80 000 000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Х ,Т.Н нараас 31 703 704.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 980 095.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугара зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Х ,Т.Н нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Ч.Х гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салаа Ухны аманд зуслангийн зориулалттай нэгж талбарын 18635323501078 дугаар бүхий 399 м.кв газрын эзэмших эрх, Ч.Х ,Т.Н нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Толгойт зүүн салаа, 320 тоот байршилтай хувийн сууцны зориулалттай 300 м.кв талбайтай 3 давхар барилгыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Х гаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 1 470 950 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 487 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХААН банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 411 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Х ,Т.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 316 468.52 төгрөгийг гаргуулан хариуцагч ХААН банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны эхэнд ХААН банк ХХК шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г итгэмжлэлээ шүүгчид өгсөн. Шүүгч энэхүү итгэмжлэлийг үзэж шалгаад хүчин төгөлдөр бус итгэмжлэл байна гэж үзсэн мөртлөө шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гаргасанд гомдолтой байна. С.Г хүчин төгөлдөр бус итгэмжлэлтэй байхдаа хавтаст хэрэгтэй танилцсан. ХААН банк ХХК-аас энэхүү хэргийг шийдвэрлүүлэхээр 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон ба хэрэгт байгаа нь 3 итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

 

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 34 дүгээр хуудсанд ХААН банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Жон Белл Э.Хосбаярт 2 жилийн хугацаатай итгэмжлэл өгсөн. Энэ итгэмжлэлд Э.Хосбаяр гарын үсэг зурсанаараа хүчин төгөлдөр бус болсон байна гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг өөр хуулийг, эсвэл буруу хуулийг тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж дүгнэж байхад анхан шатны шүүх дахин Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. ХААН банк ХХК ашиглаагүй зээлээс хүү тооцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчсөн байна.

Мөн 80 000 000 төгрөгийн дүн бүхий гэрээний үүрэг дуусгавар болсон байхад зээлдэгч нар нь 755 642,28 төгрөгийн хүү илүү төлсөн байна.

ХААН банк ХХК зээлдэгч нараас торгууль гэж хууль бусаар авсан 444 190.67 төгрөг, коммитмент хүү гэж хууль бусаар авсан 136 636.59 төгрөг, илүү төлсөн хүү болох 755 642.28 төгрөг, хууль бусаар суутган авсан 21 392 720.53 төгрөг, нийт 22 729 189.48 төгрөг болж байна. Энэ дүнгээс ХААН банк ХХК зээлийн үлдэгдэлээ хасвал 974 119.85 төгрөг болж байгаа бөгөөд тэрхүү 974 119.85 төгрөгийг зээлдэгч нар ХААН банк ХХК авах эрхтэй болж байгаа юм. Гэхдээ энэ нь ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээнээс тусдаа салангид асуудал юм.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасныг зөрчсөнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шүүгч 11 хонож шийдвэрээ бичгээр гаргасан байдаг.

Хариуцагч тал 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасны агуулга хэсгийг анхан шатны шүүх анхааралдаа аваагүй болно. Мөн ХААН банк ХХК-ийн сөрөг нэхэмжлэл нь ХААН банк ХХК гэсэн толгойтой бланк дээр бичигдээгүй, тамга, тэмдэг дарагдаагүй тул хүчин төгөлдөр бус болно. ХААН банк ХХК-аас энэхүү хэргийг шийдвэрлүүлэхээр 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон ба ХААН банк ХХК-аас нийтдээ 3 итгэмжлэл хавтаст хэрэгт байгаа нь гурвуулаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

ХААН банк ХХК нь ЗГ/201642641009 дугаартай барьцааны гэрээний 5.3.2-т заасныг зөрчиж, барьцааны зүйлийг зарж борлуулсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтуудыг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчсөн.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан байдаг ч ХААН банк ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т заасны дагуу зээлдэгч талд үүрэг гүйцэтгэх хугацаа болсоныг сануулаагүй.

Зээлийн гэрээний 5.1.8, 6.1.1, 6.1.4, 6.1.8-д заасан эрхийг ХААН банк ХХК хэрэгжүүлж арга хэмжээ аваагүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар ХААН банк ХХК хугацаа хэтрүүлсэн учир зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны зүйл болох газар ба барилгыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангасугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагадаа ХААН банк ХХК ...нийт 36 683 799.51 төгрөгийг зээлдэгч талаас гаргуулж, сайн дураараа зээлдэгч тал төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна гэж бичих ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, 18 804 489.53 төгрөг болгох хууль зүйн үндэслэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Үндсэн нэхэмжлэлийн хувьд талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642641009 дугаартай зээлийн шугамын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэл болон талуудын маргаагүй зүйлд хууль зүйн дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг болох нэмэгдүүлсэн хүү болон коммитмент хүүг хасаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, талуудын хооронд байгуулсан зээлийн шугамын гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд зээлийн хүүгийн хорин хувь байхаар заасан.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон талуудын хооронд байгуулсан зээлийн шугамын гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн нэмэгдүүлсэн хуу болон коммитмент хүү болох 4 980 095.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн шугамын гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 20 хувь, коммитмент хүү нь зээлийн шугамын хэмжээнд ашиглаагүй зээлээс тооцох ба жилийн 4 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02325 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Х ,Т.Н нар хариуцагч ХААН банк ХХК-д холбогдуулан ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулж, уг гэрээгээр олгогдсон 80 000 000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 683 799 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт ХААН банк ХХК, Ч.Х ,Т.Н нарын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642641009 дугаартай зээлийн шугамын гэрээ авагдсан байна. Уг гэрээгээр ХААН банк ХХК нь 80 000 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, Ч.Х ,Т.Н нар нь зээлийн гэрээний хугацаанд мөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн болох нь талуудын тайлбар, шугаман зээлийн гэрээ зэрэг баримтаар тогтоогджээ. /1хх 69-70, 2хх101-102 / Энэ үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд гэрээний талууд маргаангүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцуулахаар шаардлага гаргасан атлаа шүүхэд зээлийн үлдэгдэл 21 755 069 төгрөгөөр илүү төлсөн төлөлтийг хасч тооцох агуулга бүхий зөрүүтэй тайлбар гаргажээ. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан зээлийн үлдэгдэл үүргийн тооцоололд маргаагүй байх тул талуудын хооронд байгуулагдсан шугаман зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэргийн баримтаас үзвэл талууд зээлийн шугамын гэрээ байгуулсан байх ба уг гэрээ нь банк тодорхой хэмжээний мөнгөн дүнг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох өдөр хүртэл зээлдэгчийн тухай бүр хүссэн хэмжээгээр олгогдох онцлогтой байна. Гэрээний 2.2.1-д зээлийн гэрээний хугацаанд хүссэн зээлийн хэмжээ болон үндсэн зээлийн үлдэгдлийн нийлбэр нь зээлийн шугамын хэмжээнээс хэтрэхгүй байхаар тухай бүр зээлдэгчид олгохоор зээлийн нөхцлийг тусгажээ. Үүний дагуу нэхэмжлэгч нар нь 80 000 000 төгрөгийн хэмжээнд тухай бүр цувуулан авсан байх нийт өссөн дүнгээр 342 600 000 төгрөг зээлээр авч, 320 544 930 төгрөгийн төлөлттэй харагдаж байгаа болох нь зээлийн бүртгэлийн карт, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /2хх-14, 102-103/

Нэхэмжлэгч нарт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгосон учир анхан шатны шүүх уг гэрээний харилцааг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл болон тусгайлсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин иргэдийн хоорондын зээлийн харилцааг зохицуулсан 282 дугаар зүйл дээрх гэрээнд хэрэглэгдэхгүй байна.

Зохигчид гэрээгээр зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэл, хувь хэмжээг тохиролцсон нь Иргэний болон тусгайлсан хуулийн зохицуулалттай нийцсэн байна. Иймд зээл олгох тухай бүрд зээлийн гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан хэлбэрээр гэрээ байгуулаагүй учир хүү шаардах эрхгүй, 80 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцэж байна.

Хариуцагч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 683 799 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хариуцагчийг үүрэг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэл заан маргажээ.

Талууд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй учир хэн аль нэг талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нарт гэрээний дагуу шилжүүлэн авсан хөрөнгөө, гэрээгээр тохирсны дагуу зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүрэг талуудын байгуулсан зээлийн шугаман гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үүссэн. Нэхэмжлэгч нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй үндсэн зээлийн үүргийн үлдэгдэл төлбөр болох 21 755 070 төгрөгийг төлөөгүй гэдэгт маргаагүй учир тэдгээрийг гэрээний үүргийг хугацаандаа биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 21 755 069 төгрөг, зээлийн хүү 9 948 634 төгрөг, нийт 31 703 704 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Учир нь нэхэмжлэгч нар гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үүргийг буцаан төлөх үүрэгтэй. Иймээс хариуцагч үүргээ биелүүлэхийг шаардаагүй нь тэдгээрийг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Харин талуудын гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүү болон коммитмент хүүг шаардах эрхгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453.1, 202 дугаар зүйлийн 202.2.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Талууд гэрээний 1.2.2-т коммитмент хүүг зээлийн шугамын хэмжээнд ашиглаагүй зээлээс тооцно гэж тодорхойлон, 2.1.4-т уг хүүг жилийн 4 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд харшлаагүй байна. Мөн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 20 хувиар тогтоож, гэрээний хугацаанд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Учир нь хуулийн дээрх заалтуудаас үзвэл гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх бөгөөд энэ хэмжээ нь үндсэн зээлийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх агуулгатай байна. Иймээс нэхэмжлэгч нарын үндсэн зээлийн биелүүлээгүй үүргээс гэрээний 2.1.5-д заасан хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг, мөн 2.1.4-т зааснаар ашиглаагүй зээлээс коммитмент хүүг тооцон нэхэмжилсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо орон сууцыг худалдан борлуулж үүргийг тооцохдоо гэрээний 5.3.2-т заасныг зөрчиж, орон сууцыг худалдсан гэжээ.

Хэргээс үзвэл нэхэмжлэгч нарын хүсэлтээр талууд харилцан тохиролцож барьцааны зүйлээс орон сууцыг иргэн А.Алтангэрэлд худалдаж, үнийг гэрээний үүрэгт тооцсон нь гэрээний талуудын зарчмыг зөрчөөгүй байна. /1хх 14/ Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг шаардлагын хувьд нэхэмжлэгч нарын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ХААН банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч ХААН банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Жонн Билл 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус банкны хууль, эрх зүйн газрын захирал Э.Хосбаярт банкны үйл ажиллагаатай холбогдуулан бүх шатны шүүх болон төрийн байгууллагад шийдвэрлэгдэж байгаа аливаа төрлий хэрэг, маргаанд банкийг төлөөлөх, мөн төлөөлөх үүргийг банкны ажилтанд хариуцуулах, тэдгээрт тусгайлан итгэмжлэл олгох эрхийг 2 жилийн хугацаагаар итгэмжлэлээр олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна. /1хх-34-35/ Уг итгэмжлэлийг үндэслэн Э.Хосбаяр нь тус банкны ажилтан С.Г од итгэмжлэл олгосон нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт нийцэж байхаас гадна уг итгэмжлэлийн хугацаа нь Э.Хосбаярын итгэмжлэлийн хугацаагаар хязгаарлагдах тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх 6 дахь тал/

Иймээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 31 703 704.05 гэснийг 36 683 799 төгрөг гаргуулан хариуцагч ХААН банк ХХК-д олгосугай гэж 4 дэх заалтын 316 468 гэснийг 341 368 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 632 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД