Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00549

 

 Ч.Хишигмаа, Т.Наранбат нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02325 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2144 дүгээр магадлалтай,

Ч.Хишигмаа, Т.Наранбат нарын нэхэмжлэлтэй,

ХААН банк ХХК-д холбогдох,

 ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг гэрээгээр олгогдсон 80,000,000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг дээрх зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай үндсэн,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,683,799 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар, М.Алтан-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Хишигмаа, Т.Наранбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүүг тооцохыг зогсоохыг даалгах тухай гэж байсныг ЗГ/201642641009 дугаартай 80 сая төгрөгийн зээлийн дүнтэй зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээтэй холбоогүй буюу холбогдолгүй болохыг тогтоолгох тухай гэж болгон өөрчлөв. Зээл ба барьцааны гэрээнүүдийн хугацаа 2017 оны 11-р сарын 26-нд дууссан. Гэтэл ХААН банк зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2017 оны 11-р сарын 26-наас хойших хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцохыг зогсоохгүй байгаа юм.

ЗГ/201642641009 дугаартай зээлийн шугамын гэрээний хугацаа нь 18 сараар байгуулсан ба энэхүү гэрээ нь 2017 оны 11-р сарын 26-ний өдөр дуусгавар болжээ. 2017 оны 11-р сарын 26-ний өдрөөс хойш зээлийн шугамын гэрээ ба барьцааны гэрээнүүдийн хугацааг сунгаагүй болно. Үүнээс үзэхэд 2017 оны 11-р сарын 27-ны өдрөөс зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүү зогсох хууль зүйн үндэслэлтэй байна.

Зээлдэгч Ч.Хишигмаа нь барьцаа хөрөнгө болох орон сууц, зуслангийн байшин, зуслангийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулах хүсэлтээ 2018 оны 1-р сарын 18-нд ХААН банкинд өгсөн бөгөөд ингэсний үндсэн дээр ХААН банк дотоод сүлжээгээрээ зар тавьж улмаар барьцаанд тавьсан орон сууц болох Ү-2201012580 улсын дугаартай, 2 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр 2018 оны 8-р сарын 16-нд ХААН банк зээлдэгч Ч.Хишигмаагийн өмнөөс зарж борлуулсан. Гэтэл ХААН банк дээрх 58,000,000 төгрөгөөс эхлээд хуримтлагдсан хүүгээ суутган авч, үлдэгдэл мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцсон явдалд Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Зээлийн бүртгэлийн картыг анхааралтай нарийвчлан судалж үзсэн чинь 80 сая төгрөгийн зээлийг ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээгээр Зээлдэгч Ч.Хишигмаа, Т.Наранбат нарт олгосон. нийт 262,600,000 төгрөгийн зээлийг (цаашид энэхүү 262,600,000 төгрөгийн зээлийг ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээгээр олгосон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгосон зээлүүд гэж нэрлэе) ХААН банк Ч.Хишигмаа, Г.Наранбат нарт зээлийн гэрээ балгуулалгүйгээр олгосон байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Монгол Улсын Зээлийн эрх зүйгээр бол зээл олгох бүртээ зээлийн гэрээ байгуулах ёстой. Иймд ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээгээр зөвхөн 80 сая төгрөгийн зээл олгогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон 262,600,000 төгрөгийн зээлийг ямар нэгэн зээлийн гэрээгүйгээр олгогдсон зээлүүд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл ХААН банк хүү авах эрхээ алдчихаад байтал 262,600,000 төгрөгийн зээлэндээ (26,219,975.32-4,827,254.79=21,392,720.53) 21,392,720.53 төгрөгийн хүүг хууль бусаар авсан байдаг. Энэхүү 80 сая төгрөгийн зээл 2016 оны 10-р сарын 12-ны өдөр 16,999,694,60 төгрөгийн зээл төлөгдсөнөөр тэрхүү 80 сая төгрөгийн зээл төлөгдөж дууссан. Гэтэл ХААН банк ашиглаагүй зээлээс хүү тооцсон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. ХААН банк Зээлдэгч Ч.Хишигмаа, Т.Наранбат нараас коммитмент хүү гэж 136,636.59 төгрөгийг хууль бусаар авсан байдаг.

Иймд ЗГ/201642641009 дугаартай 80 сая төгрөгийн зээлийн дүнтэй зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцож, ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон 262,600,000 төгрөгийн дүнтэй зээлүүдийг ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээтэй холбоогүй буюу холбогдолгүй болохыг тогтоож өгнө үү гэж болгон өөрчилж байгааг хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч ХААН банк ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч зээлдэгч нар зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нэмэгдүүлсэн хүүгээ ч чөлөөлөх үндэслэлгүй байна. Алданги тооцсон асуудал ярьж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй байгаа учраас нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан. Нэмэгдүүлсэн хүү тооцно гэж талууд тохиролцсон байгаа. Энэ асуудал нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нартай байгуулсан зээлийн гэрээ нь бусад гэрээнээс онцлогтой шугамын зээлийн гэрээ гэж байгуулсан. Тухайн гэрээ нь зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл олгогдох зээл бөгөөд зээлээ урьдчилж төлж болох ба үндсэн зээлээс урьдчилж төлсөн хэсгийг энэхүү гэрээний урьдчилгааны дагуу дахин зээл олгох боломжтой зээлийг шугамын зээл гэнэ гэж заасан. Зээлээ авах үед дахин гэрээ байгуулах шаардлага байдаггүй. Арилжааны банкнуудаас кредит карт гэж байгаа. Энэ картад зээлийн эрхийн хэмжээ байдаг. Тухайн зээлдэгч мөнгө хэрэгтэй бол хүссэн хэмжээгээр авдаг зээл байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ХААН банк ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Хишигмаа. Т.Наранбат нар нь Хаан банк ХХК-тай 2016 оныы 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201642641009 тоот зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 20.4 хувийн хүүтэй зээлж, мөн өдөр БГҮ/201642641009 тоот барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Ү-2201030030 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Толгойт Зүүн салаа, 320 тоот хаягт байрлах 300 м.кв талбай бүхий 3 давхар барилга, мөн хаягт байрлах 399 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байдаг. Нэхэмжлэгч буюу зээлдэгч Ч.Хишигмаа, Т.Наранбат нарын зүгээс нэгэнт зээлийн гэрээний хүү зогсоох шаардлага гаргаж байгаа бол банкны зүгээс цаашид зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулахыг хүлээх шаардлагагүй болсон гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд банк 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642641009 тоот зээлийн гэрээний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нийт 36,683,799.51 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг. Хаан банкны зүгээс хамтран нэхэмжлэгч Т.Наранбатад үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулаагүй. Иймд Хаан банк 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч би үзэж байна. Зээлдэгч болох Т.Наранбатын зүгээс хугацаа хэтрүүлсэн гэсэн хууль зүйн ойлголт байхгүй гэж үзэж байна. Иймд зээлдэгчид болох Т.Наранбатын зүгээс Хугацаа хэтрүүлсэн гэсэн хууль зүйн ойлголт байхгүй учраас зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 26-нд дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй ба 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүүг тооцохыг зогсоолгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02325 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 236 дугаар зүйлийн 236.1-д заасныг баримтлан Ч.Хишигмаа, Т.Наранбат нарын нэхэмжлэлтэй, ХААН банк ХХК-д холбогдох, ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг гэрээгээр олгогдсон 80,000,000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 д зааснаар хариуцагч Ч.Хишигмаа, Т.Наранбат нараас 31,703,704.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 980 095.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 д заасныг баримтлан хариуцагч Ч.Хишигмаа, Т.Наранбат нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Ч.Хишигмаагийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салаа Ухны аманд зуслангийн зориулалттай нэгж талбарын 18635323501078 дугаар бүхий 399 м.кв газрын эзэмших эрх, Ч.Хишигмаа, Т.Наранбат нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Толгойт зүүн салаа, 320 тоот байршилтай хувийн сууцны зориулалттай 300 м.кв талбайтай 3 давхар барилгыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2144 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 31,703,704.05 гэснийг 36,683,799 төгрөг гаргуулан хариуцагч ХААН банк ХХК-д олгосугай гэж 4 дэх заалтын 316,468 гэснийг 341,368 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 632 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02325 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12-р сарын18-ны өдрийн 2144 тоот магадлал эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2019 оны 10-р сарын 18-нд шүүх хуралдаан эхэлсэн боловч шүүх хуралдаан хойшлогдсон. 2019 оны 10-р сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдааны эхэнд ХААН банкны шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох итгэмжлэлээ шүүгч Ц.Урангуад өгсөн. Шүүгч Ц.Урангуа энэхүү итгэмжлэлийг үзэж шалгаад хүчин төгөлдөр бус итгэмжлэл байна
гэж дүгнэсэн мөртлөө шүүх хуралдааныг завсарлуулж шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гаргасан явдалд нэхэмжлэгч нарын төлөөлөгч би гомдолтой
байна. Хүчин төгөлдөр бус итгэмжлэлтэй байхдаа төлөөлөгч С.Гантопгох хавтас хэрэгтэй танилцаж байхыг би харсан. Ингэснээрээ Ц.Урангуа шүүгч ИХШХШТХуулийг зөрчсөн.

Хавтаст хэргийн 1-р хавтасны 34-р хуудсанд ХААН банкны Гүйцэтгэх Захирал Жон Белл Э.Хосбаярт 2 жилийн хугацаатай /2018 оны 5-р сарын 03-наас 2020 оны 5-р сарын 3 хүртэл/ итгэмжлэл өгсөн итгэмжлэл байгаа. Энэхүү итгэмжлэлд Э.Хосбаяр гарын үсэг зурснаараа хүчин төгөлдөр бус болсон байна гэж миний бие үзэж байна. Учир нь Иргэний Хуулийн 64-р зүйлийн 64.2.1-т заасныг зөрчсөн. Хавтаст хэргийн 1-р хавтсын 35-р хуудсанд энэхүү итгэмжлэлийн орчуулга байгаа. Энэхүү орчуулгад гарын үсэг зурагдсан, тамга дарагдсан гэдгийг тусгаагүй байсан.

Хавтаст хэргийн 1-р хавтсыг 36-р хуудсанд Э.Хосбаяраас Х.Содном-Ишид өгсөн 3 жилийн хугацаатай /2018 оны 8-р сарын 07-ноос 2021 оны 8-р сарын 07 хүртэл/ итгэмжлэл байгаа. Энэхүү итгэмжлэлд Х.Содном-Иш гарын үсэг зурснаараа хүчин төгөлдөр бус болж байна. Хавтаст хэргийн 2-р хавтсыг 98-р хуудсанд Э.Хосбаяраас С.Гантогтоход өгсөн хугацаа заагаагүй итгэмжлэл байгаа. Хугацаа заагаагүй учраас хуулиараа нэг жилийн хугацаатай гэж тооцогдоно. Өөрөөр хэлбэл 2019 очы 10-р сарын 18-наас 2020 оны 10-р сарын 18 хүртэл гэсэн үг. Энэхүү итгэмжлэлд С.Гантогтох гарын үсэг зураагүй байсан. Иймд хүчин төгөлдөр бус итгэмжлэлтэй төлөөлөгч Х.Содном-Ишийн гаргасан сөрөг нэхэмжлэл хүчин төгөлдөр бус нэхэмжлэл гэж би үзэж байна. Мөн хүчйн төгөлдөр бус итгэмжлэлтэй төлөөлөгч С.Гантогтохын оролцсон 2019 оны 11-р сарын 01-ны өдрийн шүүх хуралдааныг хүчин төгөлдөр бус шүүх хуралдаан гэж би үзэж байна.

ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээнд коммитмент хүү гэдэг нь зээлийн шугамын хэмжээнд ашиглаагүй зээлээс тооцох хүү гэж тодорхойлжээ. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-дэх заалтыг зөрчсөн. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, тө^өр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-т Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно. гэж заасан байдаг. Гэтэл ХААН банк ашиглаагүй зээлээс хүү тооцсон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. ХААН банк хүүгээс торгууль тооцож, Зээлдэгч Ч.Хишигмаа, Т.Наранбат нараас торгууль гэж 444,190.08 төгрөгийг авч, хуулиа зөрчсөн. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. гэж заасан байдаг. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т Хүүгээс анз тооцохгүй. гэж заасан байдаг. ХААН банк зээлдэгч нараас хууль бусаар 136,636,59 төгрөгийг коммитмент хүү гэж, 444,190,08 төгрөгийг торгууль гэж авсан. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй учраас энэхүү 2 мөнгөн төлбөр нь тухайн төлөгдсөн өдрөө хүү эсвэл үндсэн зээлээс хасагдах ёстой байсан. ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлийн хүүгийн тооцооллыг хавсралтаар үзүүлж харуулсан болно. Энэхүү 80 сая төгрөгийн зээл 2016 оны 10-р сарын 12-ны өдөр 16,999,694,60 төгрөгийн зээл төлөгдсөнөөр тэрхүү 80 сая төгрөгийн зээл төлөгдөж дууссан.

ХААН банк Зээлдэгч Ч.Хишигмаа, Т.Наранбат нараас торгууль гэж хууль бусаар авсан 444,190.08 төгрөг, коммитмент хүү гэж хууль бусаар авсан 136,636.59 төгрөг, нийлээд 580,826.67 төгрөг, мөн энэ дүн дээр Зээлдэгч Ч.Хишигмаа, Т.Наранбат нарын илүү төлсөн хүү болох 755,642.28 Төгрөгийг нэмээд 1,336,468.95 төгрөг болж байна. Энэ мөнгөн дүн дээр 2 дахь хэсэгт тусгагдсан хууль бусаар суутган авсан 21,392,720.53 төгрөгийг нэмбэл 22,729,189.48 төгрөг болж байна. Энэ дүнгээс ХААН банкны зээлийн үлдэгдэл гээд байгаа 21,755,069.63 төгрөгийг хасвал 974,119.85 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү 974,119.85 төгрөгийг Зээлдэгч Ч.Хишигмаа, Т.Наранбат нар нь ХААН банкнаас авах эрхтэй болж байгаа юм. Анхан шатны шүүхийн шүүгч 183/ШШ2019/02325 дугаартай шийдвэрээ 2019 оны 11-р сарын 12-нд бичгэн хэлбэрээр гаргасан байдаг. Хуулиараа бол 7 хоногийн дотор гарах ёстой байтал анхан шатны шүүхийн шүүгч 11 хонож шийдвэрээ бичгээр гаргасан байдаг.

Хариуцагч тал 2019 оны 4-р сарын 19-нд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү сөрөг нэхэмжлэлийн агуулга хэсэгт Зээлдэгч Ч.Хишигмаа, Т.Наранбат нар нь ХААН банк ХХК-тай 2016 оны 05-р сарын 26-ны өдөр ЗГ/201642641009 тоот зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 20.4 хувийн хүүтэй зээлж ... гэснээс үзэхэд ХААН банк аль хэдийн ЗГ/201642641009 тоот зээлийн гэрээний зээлийн хэмжээ бол 80 000 000 /наян сая/ төгрөг гэдгийг сөрөг нэхэмжлэлийн агуулга хэсгээрээ хүлээн зөвшөөрчихсөн байсан. Үүнийг анхан шатны шүүхийн шүүгч анхааралдаа аваагүй болно. Мөн ХААН банкны сөрөг нэхэмжлэл нь ХААН банк гэсэн толгойтой албан бланкан бичигдээгүй байсан, мөн ХААН банкны тамга, тэмдэг дарагдаагүй байгаа тул энэхүү сөрөг нэхэмжлэл хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байгааг анхааралдаа авна уу. Хэрэв шийдвэр ба магадлалыг хүчингүй болгуулаад дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаачих юм бол манай нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэгч Ч.Хишигмаа, Т.Наранбат хууль ёсны эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх юм байгаа. Мөн ХААН банкнаас энэхүү хэргийг шийдвэрлүүлэх ажиллагаанд 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон ба ХААН банкнаас нийтдээ 3 итгэмжлэл хавтас хэрэгт байгаа. Эдгээр 3 итгэмжлэл гурвуулаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

УБЕГазрын Сонгинохайрхан дүүргийн хэлтсээс ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээний зээлийн хэмжээ наян сая төгрөг байна гэдгийг нотолсон байдаг. Гэтэл ЗГ/201642641009 дугаартай зээлийн гэрээгээр нийт 342,600,000 төгрөгийн зээл олгосон тул зөрүү болох 262,600,000 (342,600,000- 80,000,000) төгрөгийн зээл нь зээлийн гэрээ балгуулалгүйгээр олгосон зээл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй ХААН банк 262,600,000 төгрөгийн зээлээсээ хүү авах эрхээ алдчихсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан байдаг. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3-т заасны зөрчсөн.

Гэтэл ХААН банк хүү авах эрхээ алдчихаад байтал 262,600,000 төгрөгийн зээлэндээ (26,219,975.32-4,827,254.79=21,392,720.53) 21,392,720.53 төгрөгийн хүүг хууль бусаар зээлдэгч Ч.Хишигмаа, Т.Наранбат нараас авсан байдаг.

Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.1.2 дахь заалт мөн хуулийн 223-р зүйлийн 223.2 ба 224-р зүйлийн 224.2.3 дахь заалтуудыг хэрэглэх ёстой байсан. Учир нь нэхэмжлэлийн шаардлагадаа ХААН банк ...Нийт 36,683,799.51 төгрөгийг зээлдэгч талаас гаргуулж, хэрэв дээрх мөнгөн дүнг зээлдэгч тал сайн дураараа төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна. гэж бичих ёстой байсан.

Хавтаст хэрэгт Зээл олгох хүсэлтүүд гэсэн нотлох баримтууд байгаа. ХААН банк 80 сая төгрөгийн зээлийг олгосноос хойш нийтдээ 262,600,000 төгрөгийн зээлийг олгосон байдаг. Гэтэл зээл олгох хүсэлтүүдийн нийлбэр 171,2 сая төгрөгийн баримт байгаа ба үүнээс 91,4 сая төгрөгийг зээлдэгч Ч.Хишигмаа гарын үсэг зураагүй байсан ба хамтран зээлдэгч Т.Наранбат бүх Зээл олгох хүсэлтүүд дээр гарын үсэг зураагүй байсан.

ХААН банк сөрөг нэхэмжлэлээрээ 36,683,799 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэхүү 36,683,799 төгрөгийн мөнгөн дүн яаж, хаанаас гарч ирснийг нэхэмжлэгч тал ойлгохгүй байгаа юм. .

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн 36,683,799 төгрөгөөс нь 17,879,309.47 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож, 18,804,489.53 төгрөг болгон өөрчилж, шийдвэр ба магадлалд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.

ХЯНАВАЛ

Ч.Хишигмаа, Т.Наранбат нар нь Хаан банк ХХК-д холбогдуулан ...зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулж, уг гэрээгээр олгогдсон 80,000,000 төгрөгийн зээлээс хойш олгосон зээлийг уг гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар зээлийн төлбөрт 36,683,799 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

 1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ч.Хишигмаа, Т.Наранбат нар нь Хаан банк ХХК-тай 2016.05.26-ны өдөр ЗГ/201642641009 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 18 сарын хугацаагаар зээлж, зээлийн гэрээний үүрэгт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Толгойт Зүүн салаа, 320 тоот хаягт байрлах 300 м.кв талбай бүхий 3 давхар барилга, мөн хаягт байрлах 399 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, мөн дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХЦ-49 дүгээр байр, 43 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалжээ /1хх 7-13 тал/.

 Хоёр шатны шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Талууд зээлийн шугамын гэрээ байгуулсан ба гэрээний 1.2.1-т зээлийн шугам гэж гэрээгээр тохирсон нөхцлөөр банк нь тодорхой хэмжээний мөнгөн дүнг гэрээ хүчин төгөлдөр болсон огноогоос эхлэн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох огноо хүртэл зээлдэгчийн тухай бүр хүссэн хэмжээгээр олгогдох зээл, 2.1.1-т зээлийн шугамын хэмжээ 80 сая төгрөг, 2.2.1-т зээлийн гэрээний хугацаанд хүссэн зээлийн хэмжээ болон үндсэн зээлийн үлдэгдлийн нийлбэр нь зээлийн шугамын хэмжээнээс хэтрэхгүй байхаар тухай бүр зээлдэгчид олгоно гэж тус тус тодорхойлсон.

 Хаан банк ХХК нь зээлийн шугамын гэрээний дагуу нийт 342,600,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн, энэ талаар зохигч маргаангүй байх тул зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байна.

Зээлдүүлэгч нь зээлийн шугамын гэрээний дагуу дээрх зээлийг олгосон байх тул 80,000,000 төгрөгөөс бусад зээлийг уг гэрээтэй холбоогүй гэж үзэх үндэслэлгүй, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

Тодруулбал, зээлийн шугамын гэрээгээр банк нь тодорхой хэмжээний мөнгөн дүнг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл зээлдэгчийн тухай бүр хүссэн хэмжээгээр зээлийг олгох онцлогтой бөгөөд зээлдэгч нь гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр өссөн дүнгээр 342,600,000 төгрөгийн зээл олгосон, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

2. Хариуцагч нэхэмжлэгчээс зээлийн төлбөрт 36,687,799 төгрөг шаардахдаа үндсэн зээл 21,755,069 төгрөг, хуримтлагдсан хүү 12,574,978 төгрөг, коммитмент хүү 4,355 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,349,395 төгрөг гэж тодорхойлжээ /2хх 6-14 тал/. Сөрөг нэхэмжлэлээс татгалзахдаа нэхэмжлэгч ...банкны зүгээс үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг Т.Наранбатад сануулаагүй, энэ талаарх баримт байхгүй, ...гэрээний хугацаа 2017.11.27-ны өдөр дууссан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэсэн тайлбар гаргажээ.

Гэрээний хугацаа дууссан, зээлдэгч нар зээлийн төлбөрт нийт 320,544,930 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүй байх тул шүүх гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.

Барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХЦ-49 дүгээр байр, 43 тоотын 2 өрөө орон сууцыг банк зээлдэгчийн хүсэлтээр 58,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, зээлийн төлбөрт тооцсон талаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ дурдсан, хариуцагч үгүйсгээгүй байна.

Зээлийн гэрээний үүрэгт талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах журамтай.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч төлбөрөө сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд байрлах 399 м.кв газрын эзэмших эрх, хувийн сууцны зориулалттай 300 м.кв талбайтай 3 давхар барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн боловч сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банкнаас олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч тал зээлдэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Хаан банк ХХК нь зээлийн төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Зээлийн шугамын гэрээний 1.2.2-т коммитмент хүү гэж зээлийн шугамын хэмжээнд ашиглаагүй зээлээс хүү тооцохыг, 2.1.5-т нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тус тус заасан.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний  нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэдэггүй болно.

Давж заалдах шатны шүүх гэрээний дээрх заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-т заасан журмын дагуу тайлбарлаж, коммитмент хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо хууль зөрчөөгүй гэж үзэхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-г зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

3. Хаан банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Жонн Билл нь тус банкны хууль, эрх зүйн газрын захирал Э.Хосбаярт банкны үйл ажиллагаатай холбогдуулан бүх шатны шүүхэд банкийг төлөөлөх, мөн төлөөлөх үүргийг банкны ажилтанд хариуцуулж, тэдгээрт тусгайлан итгэмжлэл олгох эрхийг 2 жилийн хугацаагаар олгосон, тэрээр Ч.Хишигмаа нарын нэхэмжлэлтэй хэрэгт банкийг төлөөлөх итгэмжлэлийг Х.Содном-Иш, С.Гантогтох нарт олгосон нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5, 64 дүгээр зүйлийн 64.2-г зөрчөөгүй гэж үзсэн давж заалдах шатны дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш сөрөг нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Гэрээний хугацаанд зээл олгох хүсэлтийг зээлдэгч Ч.Хишигмаа гаргаж байсан ба хамтран зээлдэгч Т.Наранбат хүсэлт гаргаагүй нь зээл олгоогүй гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2144 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүрэлбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 247,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ