Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2020/01476

 

 

 

 

 

 

 

 

2020                05              27 

                                    183/ШШ2020/01476

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Д

 

Хариуцагч: Х банк ХХК,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ..................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Б.Д  нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, санхүү, нягтлан бодох бүртгэлийн магистр зэрэгтэй, анх ажлын гараагаа 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Х банкны Багануур дүүрэг дэх салбарт бичиг хэргийн ажилтнаар эхлэн, улмаар тус салбарт теллерээр ажиллаж байгаад Улаанбаатар хотын салбаруудад шилжин ирж теллер, эдийн засагч, даргын туслах, зээлийн багц хариуцсан мэргэжилтэн, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс төв салбарт зээлийн үйл ажиллагааны газарт мэргэжилтнээр тус тус ажиллаж байна. Би тус банкинд анх ажилд орсноос хойш тасралтгүй, тогтвор суурьшилтай 12 жил ажилласан, аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй, өөрийн хуваарьт ажил үүргийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажил хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж чин хүсэл эрмэлзлээр ажиллаж байсан билээ. Тэгтэл хүний нөөцийн удирдлагын газрын захирал Б.А-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 26/2752 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тушаалыг өгсөн. Ямар учраас шууд ажлаас халах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй байгаа тул ажил олгогч энэхүү байдлаараа иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн байна. Х банкны хөдөлмөрийн дотоод журам болон талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн Х банкны Б.Д тай байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд мөнгө угаах терроризмтай тэмцэх талаар, дансанд их хэмжээний гүйлгээ орох, их хэмжээний мөнгийг захиран зарцууулах үйлдлийг ямар нэг ноцтой зөрчилд тооцно гэж нэр заан тохиролцоогүй байна. Үүний дагуу хуулийг ноцтойгоор зөрчсөн талаарх шалгалтын дүн тайланг огт танилцуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу байгууллагууд ямар хэмжээний хохирол хэрхэн учирсан талаар мөн дурдаагүй. Мөнгө угаах болон терроризмтай тэмцэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар л ярьж байгаа болохоос Б.Д-ны үйлдлээс болж байгууллагын үйл ажиллагаа хэрхэн доголдсон талаар тайлбарлаж ярихгүй байна. Иймд ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 11 181 930 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө” үү гэв.

 

Хариуцагч Х банк ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д  нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ шударгаар гүйцэтгээгүй, банкны ажилтны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт болон Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтыг үндэслэн гэрээг цуцалсан, уг тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан. Б.Д  нэхэмжлэлдээ “ямар нэг зөрчил гаргаагүй, шууд ажлаас халах ямар ноцтой зөрчил гаргасныг мэдээгүй, энэ талаар танилцуулаагүй” гэжээ. Гэтэл Б.Д  нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/26 тоот тушаалаар батлагдсан Мөнгө угаах, Х банкны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилсан сэргийлэх журам, холбогдох дүрэм, бодлогыг мэдсээр атал мөнгө угаах гэмт угаах процесст оролцсоноор банкны эрх ашигт сөрөг нөлөөлсөн, үүнийг Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д ноцтой зөрчил гэж заасан. Б.Д д Х банкны зүгээс мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн талаарх ойлголт өгсөн шаардлагатай сургалтанд хамруулж, мэдлэг эзэмшүүлсэн. Мөнгө угаах үйлдэл нь мөнгөний эх үүсвэрийг нуун далдалсан зарлага гаргах, орлого хийх, зарлага гаргах, буцаан орлого хийх зэрэг хэлбэрээр түгээмэл хийгддэг. Гэтэл энэ талаар мэдсээр байж өөрийн нөхөр Б.Ганбаяр болон бусад нэр бүхий харилцагчийн оролцоотой мөнгө угаах үйлдэлд оролцсон болох нь Х банкны комплаенсийн газраас хийсэн шалгалтаар илэрч, тогтоогдсон, энэ талаар 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажилтанд нарийвчилсан таньж мэдэх ажиллагаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-нд тодорхой тусгасан. Б.Д  нь нэр бүхий харилцагчаас мөнгийг дансаар хүлээн авч бэлнээр гарган, өөрийн нэр дээрх өөр дансанд бэлнээр буцаан орлого болгон хийх, дахин тэр данснаас бэлнээр гарган нөхөр Г.Ганбаярын данс руу бэлэн орлого хийх, Г.Ганбаяр бэлнээр гаргах зэрэг үүнтэй адил арга хэлбэрээр зарлагын гүйлгээг дахин давтан хийж байсан. Б.Д  нь Х банкны төв салбар буюу өөрийн ажилладаг байранд байрлах төв салбарт банкны ажилтны хувьд орж үйлчлүүлдэг ба түүний дансны төлөв дээр ч Х банкны ажилтан гэж гарах тул теллерийн зүгээс сэжигтэй гүйлгээ хийж байна гэх хардлагагүй болгож үүнийг хийсэн. Энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-ээс гадна 5.7.3-т “Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, Ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан, (шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй) аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргах” заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл Х банкны ажилтан гэх давуу тал, банкнаас олгосон итгэлийг банкинд аливаа байдлаар гүйлгээ хийхдээ хувийн зорилгод ашигласан, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, энэ үйлдэлд оролцсоны хувьд шилжүүлсэн дүнгээс тодорхой хэсгийг авч үлдэж байсан нь хувьдаа шан болгож авч байсныг илэрхийлж байсныг дурдах нь зүйтэй. Б.Д  нь өөрийн энэ үйлдлийг харилцагчийн хувьд хийсэн хэвийн үйлдэл гэж буй нь үндэслэлгүй, учир нь банкны ажилтны хувьд мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн талаар сайн ойлголт, мэдлэгтэй банкны ажилтан аливаа мөнгөний эх үүсвэрийг нуух, баллах, сааруулах үйлдэл нь мөнгө угаах гэдгийг мэдэж байсан ба үүнийг дахин давтан хийсэн байгаа нь уг ажилтныг цаашид банкинд ажиллуулж болохгүй эрсдэлт нөхцөл байдлыг бий болгож, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл байдлыг үүсгэсэн. Б.Д  нь дээрх гүйлгээний талаар мэдээлэхгүй байх, нуун дарагдуулах, төөрөгдүүлэх, худал, буруу ташаа мэдээлэл өгсөн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хөдөлмөрийн гэрээний 5.7.4 дэх заалтыг зөрчсөн. Энэхүү зөрчлийг илрүүлэх хүртэл гүйлгээний талаар өөрөө мэдээлээгүй, уулзаж мэдээлэл авахад буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлж байсан зэрэг нь хэрэгт авагдсан уулзалтын тэмдэглэлээр нотлогдоно. Монгол улс нь олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орсон, Европын холбоо зэргээс мөн “эрсдэлт улс” гэж үзэж байгаагийн нэг үндэслэл нь мөнгө угаах үйлдлээ мэддэггүй, үүнд холбогдсон этгээдийг шалгаж, тогтоож, хууль шүүхийн байгууллагаар шийтгэдэггүй байх юм. Иймд мөнгө угаах үйлдлийг илрүүлж мэдээлэх үүрэг бүхий этгээд Б.Д  нь мөнгө угаахад оролцсон нь тогтоогдсон, цаашид түүнийг Х банкинд ажиллуулах нь банкыг эрсдэлд оруулж, банкны тусгай зөвшөөрөл цуцлагдах асуудалд орох нөхцөл байдлыг үүсгэх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д  нь хариуцагч Х банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

            Тэрээр тус банкны хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тушаалд гомдлоо 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасантай нийцэж байна.  

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Д  болон хариуцагч Х банк ХХК-ийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, тус банкны хүний нөөц хариуцсан захирлын мөн өдрийн 06/1120 тоот тушаалаар Б.Д ыг иргэдийн банкны зээлийн газрын зээлийн багц хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулжээ.

 

Улмаар тус банкны хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 26/2752 тоот тушаалаар Б.Д ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, ажилтантай байгуулсан гэрээний 5.7 дахь заалтыг тус тус үндэслэн мөн өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.     

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаал эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул хуульд нийцсэн, уг тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирсон байх учиртай. 

 

Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасныг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Талууд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийн нэр төрлийг тухайлан тусгасан байх тул дээрх гэрээг шүүх талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцөлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ гэж дүгнэв.   

 

Хариуцагч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлээ “...Б.Д  нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/26 тоот тушаалаар батлагдсан Мөнгө угаах, Х банкны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилсан сэргийлэх журам, холбогдох дүрэм, бодлогыг мэдсээр атал мөнгө угаах гэмт угаах процесст оролцсоноор банкны эрх ашигт сөрөг нөлөөлсөн нь Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д ноцтой зөрчилд хамаарна. Б.Д  нь өөрийн нөхөр Б.Ганбаяр болон бусад нэр бүхий харилцагчийн оролцоотой мөнгө угаах үйлдэлд оролцсон болох нь Х банкны комплаенсийн газраас хийсэн шалгалтаар илэрч, тогтоогдсон, энэ талаар 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажилтанд нарийвчилсан таньж мэдэх ажиллагаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-нд тодорхой тусгасан. Энэхүү үйлдэл нь мөн Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т “Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, Ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан, (шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй) аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэх Б.А- үй гаргах” гэж заасныг, мөн дээрх гүйлгээний талаар мэдээлэхгүй байх, нуун дарагдуулах, төөрөгдүүлэх, худал, буруу ташаа мэдээлэл өгсөн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хөдөлмөрийн гэрээний 5.7.4-т заасныг зөрчсөн, Х банкны ёс зүйн дүрмийн 6.1-д заасан аж ахуйн эсрэг гэмт хэргийн талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан “Ажилтанд нарийвчилсан таньж мэдэх ажиллагаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-гийн Нэгдсэн дүгнэлт хэсэгт: Б.Д  нь Х банкны ажилтан болохын хувьд Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан банкны дотоод бодлого журмыг чанд мөрдөн, үүрэгт ажлаа зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, ажлын байрны давуу талыг хувийн ашиг сонирхолд ашигласан, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй сэжигтэй үйл ажиллагаанд банкны төлбөр тооцооны системийг ашигласан, хууль бус үйл ажиллагаанд оролцсон, шаардсан мэдээллийг үнэн зөвөөр гаргаж өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан бөгөөд улмаар Х банкны үйл ажиллагаа, нэр хүндэд харшлах өндөр эрсдэлтэй ажилтан гэж дүгнэж байна. Иймээс Монгол банкны журмын 7.5.2 болон үүнд нийцүүлэн гаргасан Х банкны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журмын 5.1.7, Харилцагч бүртгэх журмын 1.9.1.1, 1.9.1.16 болон 1.9.2-т заасны дагуу Б.Д ы дансыг хааж, бизнес харилцаа цуцлах, улмаар Х банкны хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм болон хөдөлмөрийн гэрээний дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг Х банкны холбогдох газарт даалгах саналыг Комплаенсийн газрын зүгээс тус тус гаргаж байна” гэжээ.

 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай Монгол улсын хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход оршдог бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор, 7.2-т заасан хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол 24 цагийн дотор тус тус мэдээлэх үүрэгтэй этгээд нь 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар банк байна.

 

Улмаар Х банк ХХК дээрх үүргийнхээ хүрээнд, дотооддоо явуулсан ажлын тайлан болон тус банкны Комплаенсийн газрын саналыг үндэслэж, хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Санхүүгийн мэдээллийн алба нь мөнгө угаах гэмт хэрэг, түүнд холбогдох гэмт хэрэг, зөрчил болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой мэдээлэл, энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан мэдээллийг хүлээн авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүн шинжилгээний үр дүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэсэн гүйлгээ, гүйлгээний оролдлогын талаарх мэдээллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлэх чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага байна” гэж заасны дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээллийг хүргүүлжээ.

 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар Санхүүгийн мэдээллийн алба нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй гүйлгээ байна гэж үзсэн тохиолдолд тухайн мэдээллийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлэх, шилжүүлсэн сэжигтэй бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар мэдээллийн сан бүрдүүлэх, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хууль зөрчсөн бол гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх, 23.2-т зааснаар энэ хууль, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол энэ хуулийн 19.1-д заасан байгууллагын эрх бүхий албан тушаалтан үүссэн нөхцөл байдал, дутагдлыг харгалзан дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх, хугацаатай үүрэг, даалгавар өгөх, энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах, энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, үйл ажиллагааны зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргах, энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн эрх бүхий албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөрчлөхийг үүрэг болгох, 23.3-т зааснаар эрх бүхий албан тушаалтнаас энэ хуулийн 23.2-т заасны дагуу өгсөн хугацаатай үүрэг, даалгавар, сануулга, шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрхийг тус тус эдэлдэг байна.

 

Гэтэл Санхүүгийн мэдээллийн алба банкнаас ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох ажиллагааг явуулж эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлсэн, эсхүл хууль зөрчсөн болохыг тогтоож гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэсэн талаарх баримтыг ирүүлээгүй, гэм буруугийн асуудал тогтоогдоогүй байхад хариуцагч байгууллага уг үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэн хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д заасныг баримтлан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасныг зөрчсөн байна.    

 

Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Б.Д ы нэвтрэх эрхээ ашиглан харилцагчийн данс болон гүйлгээг лавласан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т заасан ноцтой зөрчилд хамаарна гэж тайлбарласан.  

 

Хэрэгт авагдсан “Ажилтанд нарийвчилсан таньж мэдэх ажиллагаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-д Б.Д  харилцагчийн дансны лавлагаа болон үлдэгдлийг 2 удаа лавласан талаар тусгагдсан, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй боловч уг зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.7.3-т тухайлан нэрлэж заагаагүй, улмаар ажилтны дээрх үйлдлийн улмаас ажил олгогчид хор уршиг учирсан болох нь тогтоогдохгүй байна.  

 

Хэрэв ажил олгогч уг үйлдлийг зөрчил гэж үзвэл, зөрчлийн шинж, үр дагавар зэргийг харгалзан, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулах боломжтой атал ажлаас халсан нь үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д ыг Х банкны зээлийн үйл ажиллагааны газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.       

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох бөгөөд цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс 2 000 000 төгрөгөөр тодорхойлоход 1 өдрийн цалин 90 910 төгрөг байна. Иймд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 132 хоногийн ажилгүй байсан хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 181 930 төгрөгийг хариуцагч Х банк ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Д д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.  

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 193 860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д ыг Х банкны зээлийн үйл ажиллагааны газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 11 181 930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д д олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 193 860 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ