Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00703

 

  *******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27ы өдрийн 183/ШШ2020/01476 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1873 дугаар магадлалтай,

 *******ы нэхэмжлэлтэй,

ХААН банк ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Орхон, өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч ******* анх ажлын гараагаа 2007.10.29-ний өдрөөс эхлэн Хаан банк ХХК-д ажилд орж, улмаар хүний нөөцийн удирдлагын газрын захирал Б.Ариунзаяагийн 2019.12.02-ны өдрийн 26/2752 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Нэхэмжлэгч нь тушаалыг хуулийн хэлтсийн ажилтнаас гардаж аваад яагаад шууд тушаал гаргасан юм. Би ямар зөрчил дутагдал гаргасан юм. Надад энэ талаар танилцуулах зүйл байна уу. Би ажил үүргийн хувьд шууд ажлаас халагдах үндэслэл бүхий зөрчил дутагдал гаргаагүй талаар тайлбарласан боловч удирдлага шийдвэрлэсэн гэж хэлсэн. Ямар учраас шууд халах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь одоо болтол тодорхойгүй байгаа тул ажил олгогч энэхүү байдлаараа нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Иймд Хаан банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Б.Ариунзаяагийн 2019.12.02-ны өдрийн 26/2752 дугаар ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хаан банк ХХК нь нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019.12.02-ны өдрийн 26/2752 тоот тушаалаар цуцалсан бөгөөд тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ шударгаар гүйцэтгээгүй, банкны ажилтны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зөрчил гаргасан тул ажил олгогч банкны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалт болох ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахыг зөвшөөрсөн талаарх заалтыг тус тус үндэслэсэн. ******* нь хууль, дүрэм, журмыг мэдсээр байж мөнгө угаах процесст оролцсоноор банкны эрх ашигт сөрөг нөлөөлсөн. Үүнийг хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д ноцтой зөрчил гэж заасан. Мөн *******д Хаан банк ХХК-ийн зүгээс мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэг өгсөн шаардлагатай сургалтад хамруулж, мэдлэг эзэмшүүлсэн. Гэтэл мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн талаар мэдсээр байж өөрийн нөхөр Б.Ганбаяр болон бусад нэр бүхий харилцагчийн оролцоотой мөнгө угаах үйлдэлд оролцсон болохыг Хаан банк ХХК-ийн комплаенсийн газраас хийсэн шалгалтаар илэрч, тогтоогдсон ба энэ талаар 2019.11.27-ны өдрийн Ажилтанд нарийвчилсан таньж мэдэх ажиллагаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлан-д тодорхой тусгагдсан. ******* нэр бүхий харилцагчаас мөнгийг дансаар хүлээн авч бэлнээр гарган, өөрийн нэр дээрх өөр дансанд бэлнээр буцаан орлого болгон хийх, дахин тэр данснаас бэлнээр гарган нөхөр Г.Ганбаярын данс руу бэлэн орлого хийх улмаар Г.Ганбаяр бэлнээр гаргах зэрэг үүнтэй адил арга хэлбэрээр зарлагын гүйлгээг дахин давтан хийж байсан нь тогтоогдсон. Үүнийг хийхэд Хаан банк ХХК төв салбар буюу ******* өөрийн ажилладаг байранд байрлах төв салбарт банкны ажилтны хувьд орж үйлчлүүлдэг ба түүний дансны төлөв дээр ч Хаан банк ХХК-ийн ажилтан гэж гарах тул теллерийн зүгээс сэжигтэй гүйлгээ хийж байна гэх хардлагагүй болгосон. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.3-т ...Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан (шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй) аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэх заалт буюу Хаан банкны ажилтан гэх давуу тал, банкнаас олгосон итгэлийг банканд аливаа байдлаар гүйлгээ хийхдээ хувийн зорилгод ашигласан, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ үйлдэлд оролцсоны хувьд шилжүүлсэн дүнгээс тодорхой хэсгийг авч үлдэж байсан нь хувьдаа шан болгож авч байсныг илэрхийлж байсныг дурдах нь зүйтэй. ******* нь өөрийн энэ үйлдлийг харилцагчийн хувьд хийсэн хэвийн үйлдэл гэж буй нь үндэслэлгүй учир нь банкны ажилтны хувьд мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн талаар сайн ойлголт, мэдлэгтэй банкны ажилтан аливаа мөнгөний эх үүсвэрийг нуух, баллах, сааруулах үйлдэл нь мөнгө угаах гэдгийг мэдэж байсан ба үүнийг дахин давтан хийсэн байгаа нь уг ажилтныг цаашид банканд ажиллуулж болохгүй эрсдэлт нөхцөл байдлыг бий болгож буй бөгөөд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ талаар мэдээлэхгүй байх, нуун дарагдуулах, төөрөгдүүлэх, худал, буруу ташаа мэдээлэл өгсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр ******* нь хөдөлмөрийн гэрээний 5.7.4-т заасныг зөрчиж байх ба зөрчлийг илрүүлэх хүртэл гүйлгээний талаар өөрөө мэдээлээгүй, уулзаж мэдээлэл авахад буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлж байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.27-ны өдрийн 183/ШШ2020/01476 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг Хаан банк ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 11,181,930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагчаас 193,860 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.02-ны өдрийн 1873 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.27-ны өдрийн 183/ШШ2020/01476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хаан банк ХХК-д холбогдуулан гаргасан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай, нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020.07.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,861 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1873 дугаартай магадлалын 5 дугаар талд Хаан банк ХХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Б.Ариунзаяагийн 2019.12.02-ны өдрийн 26/2752 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Хаан банк ХХК нь ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилтан ******* нь 2017.03.20-ны өдөр Хаан банк ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Тус хөдөлмөрийн гэрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлүүдийг тусгайлан нэрлэн зааж гэрээнд талуудын чөлөөт байдлыг хангаж хөдөлмөрлөх гол нөхцөлийг тохиролцсон байна. Тэгтэл Хаан банк ХХК-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэл болсон Банкны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журмыг зөрчсөн тухай зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах дуусгавар болгох ноцтой зөрчлүүдэд нэрлэн тусгайлан заагдаагүй байгаа нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш болно. Хөдөлмөрийн хууль болон Улсын дээд шүүхийн тогтоолоор хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бүхий зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заахыг шаарддаг төдийгүй шүүхийн практик ч энэхүү байдлыг голчлон дүгнэж шийдвэрлэдэг. Тэгтэл давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд нэрлэн заасан эсэхэд ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Мөн магадлалдаа Хаан банк ХХК-ийн дотоод хяналт шалгалтын нэг хэсэг болох иргэдийн хооронд хийгдсэн мөнгөн гүйлгээнүүдийн үйл явцыг магадлалынхаа гол үндэслэл болгож мөнгө угаасан гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу сэжигтэй гэх гүйлгээнүүдийг шалгах эрх бүхий байгууллага нь Санхүүгийн мэдээллийн алба бөгөөд эрүүгийн гэмт хэргийн үндэслэл байгаа эсэхийг шалгаж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэдэг дагнасан байгууллага ажиллаж байхад Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч талаас өгсөн иргэдийн хооронд хийгдсэн мөнгөн гүйлгээнүүдийн үйл явцыг харуулсан зурган томьёоллыг үндэслэж иргэн *******ыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйлдэл хийж ноцтой зөрчил гаргасан гэж үзэх, дүгнэх эрхгүй гэж үзэж байна.

2. Магадлалын 6 дугаар талд ... Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Хаан банкны зээлийн багц хариуцсан мэргэжилтэн ******* нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод харшилсан үйл ажиллагаа явуулж, албан тушаалын эрх мэдлээ хувийн зорилгоор ашиглаж, улмаар байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал хууль зүйн үндэслэлтэй, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалтад нийсэн гэжээ. Тэгтэл Давж заалдах шатны шүүх Хаан банк ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд заагаагүй, дурдаагүй зүйлүүдийг магадлалдаа иш үндэс болгож бичсэн төдийгүй иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банк ХХК-ийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил-д дээрх мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журмыг зөрчсөн зөрчил нь байхгүй байгааг санаатайгаар орхигдуулж дүгнэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

*******,*******-д холбогдуулан Зээлийн үйл ажиллагааны газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасанд, хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Хаан банк ХХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2019.12.02-ны өдрийн 26/2752 дугаар тушаалаар *******ы хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон хөдөлмөрийн гэрээний 3.2.9, 5.7.1, 5.7.2, 5.7.3, 5.7.4 дэх заалтыг баримталжээ.

 Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийг тайлбарлахдаа, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хэлэлцэн тохирсон ноцтой зөрчил гаргаж тус банкны ажилтан гэх давуу тал, банкнаас олгосон итгэлийг хувийн зорилгод ашигласан, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь түүнийг ажлаас халах үндэслэл болсон гэжээ.

 Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан (шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй) аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргах нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд хамаарна гэж заажээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* нь ажил үүргийн хувьд зээлийн багц хариуцсан мэргэжилтэн байх ба тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хаан банк-нд дахь өөрийн эзэмшлийн дансанд бусдаас их хэмжээний мөнгө шилжүүлэн оруулах, богино хугацаанд буцаан зарлага гарган өөрийн болон бусдын дансруу шилжүүлэх зэргээр 2018.11.01-2019.10.31 хоорондох хугацаанд 5,0 тэрбумын гүйлгээ хийсэн, дансны гүйлгээний энэ ажиллагаанд түүний нөхөр Б.Ганбаяр хамааралтай гэх хариуцагчийн тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

 ******* нь тус банк дахь өөрийн эзэмшлийн дансанд бусдын мөнгөн гүйлгээг оруулан бэлнээр гаргаж буцаан шилжүүлэх зэргээр орлого зарлагын гүйлгээг удаа дараа хийхдээ банкны ажилтан гэсэн нэр төлөвөөр хийж гүйцэтгэсэн, мөн өөр этгээдийн дансны үлдэгдлийн лавлагаа авсан зэрэг зохисгүй үйлдэл гаргасан нь тус банкны Дотоодын хяналт шалгалтын 2019.11.27-ны өдрийн Ажилтанд нарийвчилсан таньж мэдэх ажиллагаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаар тогтоогдсон, улмаар зөрчилд сахилгыг шийтгэл хүлээлгэсэн нь хуулийн хугацаанд байна.

 Энэ нь талуудын байгуулсан 2017.03.20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцож, ажлаас халахаар тухайлан тохирсон, ажилтанд хориглосон үйлдэл мөн байна

 Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 20 сая төгрөг, түүнээс дээш үнэтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны талаар уг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор тухайн гүйлгээ хийсэн банк нь санхүүгийн мэдээллийн байгууллагад мэдэгдэж байхыг хуулиар үүрэг болгожээ. Хариуцагч Хаан банк ХХК нь өөрийн ажилтан, албан хаагч нарт энэ хуулийн талаар тодорхой сургалт явуулсан, ажилтан ******* нь энэ талаар зохих мэдээлэлтэй нь хэргийн баримтаар үгүйсгэгдээгүй байна.

 Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас халах зөрчил гаргасан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх ажилтны мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчиж гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон баримт ирүүлээгүй, гаргасан зөрчилд тохирсон шийтгэл ногдуулаагүй гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэл муутай, талуудын гэрээний тохиролцоог үгүйсгэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан гэрээний талууд ажлын байр, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан тухайлан ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцохыг хэлэлцэн тохирч болохыг буруугаар тайлбарласан гэж үзэв.

 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлд нийцүүлэн дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 166 дугаар зүйлийн 166.4.-д заасантай нийцжээ.

 Иймд ... хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил-д мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журмыг зөрчсөн зөрчил байхгүй байхад давж заалдах шатны шүүх санаатайгаар орхигдуулж дүгнээгүй нь хуульд нийцээгүй ... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1873 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

                             ШҮҮГЧИД                                                 П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ