Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 01873

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/01476 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д-ы “Х Б”” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Орхон, түүний өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д- анх ажлын гараагаа 2007 оны 10 сарын 29-ний өдрөөс эхлэн “Х Б”” ХХК-д ажилд орж, улмаар хүний нөөцийн удирдлагын газрын захирал Б.Ариунзаяагийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 26/2752 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Нэхэмжлэгч нь тушаалыг хуулийн хэлтсийн ажилтнаас гардаж аваад “яагаад шууд тушаал гаргасан юм. Би ямар зөрчил дутагдал гаргасан юм. Надад энэ талаар танилцуулах зүйл байна уу. Би ажил үүргийн хувьд шууд ажлаас халагдах үндэслэл бүхий зөрчил дутагдал гаргаагүй” талаар тайлбарласан боловч удирдлага шийдвэрлэсэн гэж хэлсэн. Ямар учраас шууд халах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь одоо болтол тодорхойгүй байгаа тул ажил олгогч энэхүү байдлаараа нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Иймд Хаан банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Б.Ариунзаяагийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 26/2752 дугаар ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: “Х Б”” ХХК нь нэхэмжлэгч Б.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 26/2752 тоот тушаалаар цуцалсан бөгөөд тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч Б.Д- нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ шударгаар гүйцэтгээгүй, банкны ажилтны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зөрчил гаргасан тул ажил олгогч банкны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалт болох ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахыг зөвшөөрсөн талаарх заалтыг тус тус үндэслэсэн. Б.Д- нь хууль, дүрэм, журмыг мэдсээр байж мөнгө угаах гэмт угаах процесст оролцсоноор банкны эрх ашигт сөрөг нөлөөлсөн. Үүнийг хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д ноцтой зөрчил гэж заасан. Мөн Б.Д-д “Х Б”” ХХК-ийн зүгээс мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэг өгсөн шаардлагатай сургалтад хамруулж, мэдлэг эзэмшүүлсэн. Гэтэл мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн талаар мэдсээр байж өөрийн нөхөр Б.Ганбаяр болон бусад нэр бүхий харилцагчийн оролцоотой мөнгө угаах үйлдэлд оролцсон болохыг “Х Б”” ХХК-ийн комплаенсийн газраас хийсэн шалгалтаар илэрч, тогтоогдсон ба энэ талаар 2019 оны 11 сарын 27-ны өдрийн “Ажилтанд нарийвчилсан таньж мэдэх ажиллагаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-д тодорхой тусгагдсан. Б.Д- нэр бүхий харилцагчаас мөнгийг дансаар хүлээн авч бэлнээр гарган, өөрийн нэр дээрх өөр дансанд бэлнээр буцаан орлого болгон хийх, дахин тэр данснаас бэлнээр гарган нөхөр Г.Ганбаярын данс руу бэлэн орлого хийх улмаар Г.Ганбаяр бэлнээр гаргах зэрэг үүнтэй адил арга хэлбэрээр зарлагын гүйлгээг дахин давтан хийж байсан нь тогтоогдсон. Үүнийг хийхэд “Х Б”” ХХК төв салбар буюу Б.Д- өөрийн ажилладаг байранд байрлах төв салбарт банкны ажилтны хувьд орж үйлчлүүлдэг ба түүний дансны төлөв дээр ч “Х Б”” ХХК-ийн ажилтан гэж гарах тул теллерийн зүгээс сэжигтэй гүйлгээ хийж байна гэх хардлагагүй болгосон. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.3-т “...Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан (шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй) аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалт буюу Хаан банкны ажилтан гэх давуу тал, банкнаас олгосон итгэлийг банканд аливаа байдлаар гүйлгээ хийхдээ хувийн зорилгод ашигласан, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ үйлдэлд оролцсоны хувьд шилжүүлсэн дүнгээс тодорхой хэсгийг авч үлдэж байсан нь хувьдаа шан болгож авч байсныг илэрхийлж байсныг дурдах нь зүйтэй. Б.Д- нь өөрийн энэ үйлдлийг харилцагчийн хувьд хийсэн хэвийн үйлдэл гэж буй нь үндэслэлгүй учир нь банкны ажилтны хувьд мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн талаар сайн ойлголт, мэдлэгтэй банкны ажилтан аливаа мөнгөний эх үүсвэрийг нуух, баллах, сааруулах үйлдэл нь мөнгө угаах гэдгийг мэдэж байсан ба үүнийг дахин давтан хийсэн байгаа нь уг ажилтныг цаашид банканд ажиллуулж болохгүй эрсдэлт нөхцөл байдлыг бий болгож буй бөгөөд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ талаар мэдээлэхгүй байх, нуун дарагдуулах, төөрөгдүүлэх, худал, буруу ташаа мэдээлэл өгсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр Б.Д- нь хөдөлмөрийн гэрээний 5.7.4-т заасныг зөрчиж байх ба зөрчлийг илрүүлэх хүртэл гүйлгээний талаар өөрөө мэдээлээгүй, уулзаж мэдээлэл авахад буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлж байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ыг “Х Б”” ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 11 181 930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагчаас 193 860 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Х Б”” ХХК нь мөнгө угаахтай холбоотой байж болзошгүй сэжигтэй гүйлгээ, үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлж, эрх бүхий зохицуулагч байгууллагад мэдээлэх үүрэгтэй субъект бөгөөд мөнгө угаахтай тэмцэх талаар дотоод бодлого журамдаа тодорхой тусгасан байдаг. Улмаар банкны ажилтан бүр, үүнд Б.Д- ч мөн адил банкны дотоод бодлого, журмыг дагаж мөрдөх үүргийг хүлээж, улмаар заавал хамрагдах ёстой сургалтуудад хамрагдсан. Харин Б.Д- нь “Х Б”” ХХК-ийн ажилтан болохын хувьд дотоод бодлого журмаа зөрчин, ажлын байрны давуу байдлаа хувийн ашиг сонирхолд ашиглаж, өөрийн дансаар огцом өөрчлөгдсөн өндөр дүнтэй, хуулийн болон эдийн засгийн үндэслэлгүй сэжигтэй гүйлгээг удаа дараа дамжуулсныг Комплаенсийн газрын шалгалтаар тогтоож, эдгээр үйлдэл, эс үйлдэхүйг “сэжигтэй” гэж үзэн, нарийвчлан шалгаж, мэдээлсэн. Мөн түүнчлэн Б.Д- нь дээрх сэжигтэй гүйлгээг дамжуулах явцдаа, харилцагчийн дансыг зөвшөөрөлгүй лавлах хүртэл үйлдлийг хийсэн нь илэрсэн. Улмаар уулзаж тайлбар авахад Б.Д- нь өөрийн хийсэн дээрх гүйлгээ, үйлдэлд үнэн зөв тайлбар өгөөгүй, мэдээлэл өгөхөөс зайлсхийсэн төдийгүй төөрөгдүүлсэн худал мэдээлэл өгсөн. Иймд Б.Д- нь ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, ажлын байрны давуу байдлаа ашиглан, банкны дотоод бодлого журмыг зөрчиж банкны эрх ашиг, үйл ажиллагаанд эрсдэл учруулах нөхцөл байдлыг бий болгосон зэрэг ноцтой зөрчлийг шалган тогтоож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан. Анхан шатны шүүх энэхүү ноцтой зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т заасан ажлын байрны давуу тал, албан тушаалын эрх мэдлийг ашигласан үйлдэл биш гэж үзсэн нь нотлох баримтыг хөндлөнгийн байр сууринаас үнэлээгүй, “Х Б”” ХХК-аас гаргаж өгсөн холбогдох нотлох баримтуудыг тайлбарлан, зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, огт үнэлэхгүйгээр хэргийг нэхэмжлэгч талд шууд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн хууль бус шүүхийн шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн 01476 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Д- ажилд эгүүлэн тогтоолгох, түүний үр дагаврыг арилгуулах тухай хариуцагч “Х Б”” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь анх 2007 оноос “Х Б”” ХХК-д ажилд орж, улмаар 2017 оны 03 сарын 20-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу зээлийн багц хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад “Х Б”” ХХК-ийн Хүний нөөцийн Удирдлагын захирал Б.Ариунзаяагийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 26/2752 тоот тушаалаар ажлаас халагдсан байх ба уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хаан банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг тус тус үндэслэжээ. /1хх 5, 11, 38-41/

 

Тодруулбал, ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн Банк болон бусад холбогдох байгууллагаас гаргасан бодлого, журмыг чанд мөрдөж, үүрэгт ажлаа зохих ёсоор, шударгаар гүйцэтгэж ажиллаагүйн улмаас Банкны мөнгө угаар терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай бодлого, журмыг зөрчсөн, Банкны эрх ашиг, нэр хүндэд харш сөргөөр нөлөөлөх үйлдэхүй, эс үйлдэхүй гаргасан, улмаар банкийн санхүүгийн эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлсэн, эрх бүхий ажилтны хянан шалгалтад худал тайлбар, мэдээлэл өгсөн, ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдлийг хувийн сонирхолд ашигласан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр цуцалжээ. /1хх 5/

 

Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр “Х Б”” ХХК-ийн Хүний нөөцийн Удирдлагын захирал Б.Ариунзаяагийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 26/2752 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Үүнд:

 

а/. Хаан банкны Комплаенсийн газрын 2019 оны 11 сарын “Ажилтанд нарийвчилсан таньж мэдэх ажиллагаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-гаар ажилтан Б.Д- нь өөрийн эзэмшдэг Хаан банк дахь дансуудаар 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 5 055 330 070 төгрөгийн гүйлгээ хийсэн болохыг тогтоож, холбогдох дансны хуулгыг хавсаргажээ. /1хх 153-208/ Жишээ нь: Харилцагч Б.-гээс зээлийн багц хариуцсан мэргэжилтэн Б.Д-ы Хаан банк дахь дансуудад 41 850 000 болон 112 000 000 төгрөгийн дүнтэй бэлэн орлого хийж, үүнээс 30-40 минутын дараа Б.Д- өөрийн нэг данснаас 41 400 000 төгрөгийн бэлэн зарлага гарган нөгөө данс руу бэлэн орлого хийж, улмаар 153 400 000 төгрөгийг бэлнээр авч нөхөр Г.-гийн данс руу бэлэн орлогын гүйлгээ хийсэн байдаг. /1хх 161/

 

“Х Б”” ХХК нь харилцагч Б.-гээс Г.-гийн данс руу шууд 150 сая гаруй төгрөг шилжүүлэх боломжтой байтал ажилтан Б.Д-ы дансаар оруулж, гаргаж, буцаан оруулсны дараа Г. руу шилжигдэж байгаа нь сэжигтэй хэмээн үзэж “нарийвчилсан таньж мэдэх ажиллагаа”-г хийснийг буруутгах үндэслэлгүй.

 

б/. Дээр дурдсан “Ажилтанд нарийвчилсан таньж мэдэх ажиллагаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-аас үзэхэд ажилтан Б.Д- нь өөрийн банкны үндсэн системд нэвтрэх эрхээ хэтрүүлэн ашиглаж бусад харилцагчдын данс болон гүйлгээг лавласан болох нь тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. /1хх 180/

 

Аливаа этгээдийн данс болон гүйлгээний мэдээлэл нь Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан хуулиар хамгаалагдах хөрөнгийн нууцад хамаарах бөгөөд тухайн данс эзэмшигчийн зөвшөөрөл, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн лавлах учиртай.

 

в/. Ажилтан Б.Д- нь Банкны салбарт 12 жил ажилласан туршлагатай байхаас гадна Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой сургалтад хамрагдсан байх тул түүнийг өөрийн хийсэн үйлдлийн учир холбогдлыг ойлгоогүй, мэдээгүй гэж үзэх боломжгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Хаан банкны зээлийн багц хариуцсан мэргэжилтэн Б.Д- нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод харшилсан үйл ажиллагаа явуулж, албан тушаалын эрх мэдлээ хувийн зорилгоор ашиглаж, улмаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.4.1, 4.4.2, 4.4.3, хөдөлмөрийн гэрээний 3.2.9, 5.7.1, 5.7.2, 5.7.3-т заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байх тул “Х Б”” ХХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Б.Ариунзаяагийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 26/2752 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал хууль зүйн үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-т “ажилтан... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалтад нийцжээ.

 

Дээрх байдлаар ажил олгогч нь өөрийн дотоод хяналт шалгалтаар ажилтны гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчлийг илрүүлэн тогтоосон байхад анхан шатны шүүх “эрх бүхий байгууллагаас хууль зөрчсөн болохыг тогтоож, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгээгүй байхад хариуцагч байгууллага уг үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь буруу” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтад нийцээгүй байна.

 

Иймд хариуцагч “Х Б”” ХХК-д холбогдуулан гаргасан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай, нэхэмжлэгч Б.Д-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/01476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Х Б”” ХХК-д холбогдуулан гаргасан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай, нэхэмжлэгч Б.Д-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 861 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ                                                     

                                           ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                            Д.НЯМБАЗАР