Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/02052

 

 

 

 

                         2022        05          03

                  101/ШШ2022/02052

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.М-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11,808,656 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н,

Хариуцагч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Г нь Т.Мт 3.500 ам.долларыг 2015 оны 01 сарын 28-ны өдөр, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээдэг бөгөөд Т.М нь зээлсэн мөнгөө одоог хүртэл төлөөгүй, зээлийн гэрээ хийх үеийн хаяг дээрээ байхгүй, залгахаар утсаа авахгүй байсан тул Иргэний хэргийн анхан шатны 1 шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж Т.Мын оршин байгаа газрыг нь олсон. Т.М нь мөнгө авснаас хойш ямар ч төлбөр хийхгүй явсаар 2015 оны 10 сарын 08-ны өдөр 200,000 төгрөг төлөөд дахиад ямар нэгэн төлбөр гүйцэтгээгүй юм. Миний бие энэ хугацаанд маш олон удаа мөнгөө нэхэж шаардаж байсан боловч тэрээр утсаа авахгүй зугтах, оршин суугаа хаягаа нууцлах, уулзахгүй бултах зэргээр маш их чирэгдүүлж байна. Иймд иргэн Т.Маас үндсэн зээл 3.500 ам.доллар буюу 8,682,835 төгрөг, 2015 оны 01 сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 сарын 28-ныг хүртэл 12 сарын хүү 3,125,821 төгрөг, нийт 11,808,656 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг багасгаж 7,994,290 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Монголбанкны өнөөдрийн ханш нэг ам.доллар 2483,89 төгрөг” гэв.

 

Тус шүүхийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Г бичгээр гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.Г нь иргэн Т.Мт 2015 оны 01 сарын 28-нд 3500 ам.долларыг сарын 3%-ийн хүүтэй зээлдүүлсэн билээ. Мөнгө зээлдэж авсан баримтыг Т.М өөрийн гараар бичиж өгсөн. Би зөвхөн гарын үсэг зурсан. Мөнгө зээлэх үедээ Т.М өөрийн суудлын машин болон 9911-тэй дугаараа барьцаалъя гэсэн санал тавихад нь би татгалзаад барьцаагүй зээл олгосон юм. Татгалзсан шалтгаан нь бие биенээ сайн мэдэх, оюутан цагаас таниж мэдэх хүнээс барьцаа авах нь найз нөхдийн итгэлцлийг үнэгүйдүүлсэн онцгүй үйлдэл гэж бодсон юм. Нөгөө талаар өдий насны амьдралын бололцоотой хүнд бүрэн итгэсэн юм. Зээлдэгч /хариуцагч/ Т.М нь өөрийн зээлсэн мөнгөө бусдын шаардах эрхэд шилжүүлэх замаар үүрэг гүйцэтгэхээс зугтах, зайлсхийх үйлдэл хийж байгааг энэ хэргийн материалтай анх удаа танилцаад мэдэж авлаа. Т.Мын шүүхэд мэдүүлж буй худал, хуурмаг зүйлсийн талаар би бичгээр тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэг. Төв аймгийн Баянжаргалан сум нь Т.Мын эхнэр М-ийн төрсөн нутаг. Тийм учраас би Т.Мыг худаг гаргах ажилдаа дагуулж явсан. Мөн талийгаач Д.Цг Т.М багын найзаа гэж надад танилцуулсан юм. Баянжаргалан сумын “Ботгон нуур” гэдэг газар өрөмдсөн цооногийг би өрөмдүүлээгүй. Тэнд манай мал байгаагүй тул худаг өрөмдөх шаардлага байхгүй. Харин Т.М нь “Би хадмынхаа нутагт мал аж ахуй хөгжүүлэх бодолтой тул энд худаг гаргуулья. Нэгэнт худагийн бригад гарч ирсэн дээр өрөм тавиулъя. Би Цолмонтой яриад хөлс мөнгөө тохирно. Харин чи надаа 400 литр түлшний мөнгөөр тусалчих. Би эндээс нь түлшийг нь аваад энэ хэдтэй тохирно” гээд надаас түлшний мөнгө авсан. Түлшний мөнгийг бэлнээр өгсөн ба яг хэдэн төгрөг өгсөнөө одоо сайн санахгүй байна. Бодвол тэр мөнгөөр Баянжаргалан сумаас түлш авч ухуулсан байх. Би энэ үйл явдалд оролцоогүй оролцох шаардлага ч надад байгаагүй юм.

Хоёр. Би Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Д.Ц гэж хүнээр худаг ухуулсан нь үнэн. Худагны тооцоог цаг тухайд нь төлж барагдуулсан. Миний амьдралын нэг зарчим нь хүнд өр зээл тавьдаггүй. Одоо 60 наслахдаа хүнд өртэй явсан түүх даанч алга даа. Баянжаргалан сумын нутагт 1 худаг, Баян сумын нутагт 1 худаг нийт 2 худаг ухуулсан ба харамсалтай нь худаг ухаад ус огт гараагүй. Гэсэн хэдий болов ч ярьж тохирсон ёсоор худаг өрөмдсөн төлбөрийг бүрэн төлсөн. Мөнгө төлсөн баримтууд

1. "Б ч" ХХК-ийн захирал Д.Цд 2015 оны 5 дугаар сарын 29-нд “Худаг ухуулах гэрээ” хийх үедээ урьдчилгаа болгож 5,000,000 төгрөг бэлнээр өгч гэрээгээ баталгаажуулаад маргааш нь үлдэгдэл мөнгийг нь хийхээр тохирсон.

2. Маргааш нь буюу 2015 оны 5 дугаар сарын 30-нд Д.Цгийн шаардлагаар Д.Цгийн ХААН банкны 5029660527 тоот дансанд мөн 5,000,000 төгрөг шилжүүлсэн.

3. 2015 оны 6 дугаар сарын 03-нд Д.Цгийн өгсөн Г гэх нэртэй дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Сүүлийн 2,0 сая төгрөгийн тухайд бол тухайн үед нь би Д.Цд “Ингээд хэдийгээр ус гаргаж чадаагүй ч гэсэн нийт төлбөрөө 10,0 сая төгрөгөөр дуусгая би үргүй зардал гаргаж байгааг чи ойлгооч. Үлдэгдэл 2,0 сая төгрөгийг хөнгөлж өгнө үү” гэж хэлж гуйхад Д.Ц маш ихээр уурлаж “Тийм зүйл байхгүй! Мөнгөө хий!” гэж эрс шаардсан. Би түүний энэ үйлдэлд ихэд дургүйцэж, эгтүүцээд үлдэгдэл 2,0 сая төгрөгийг Д.Цгийн өгсөн ХААН банкны 5063065742 дугаар бүхий Ө.Г гэгч хүний дансанд 2015 оны 6 дугаар сарын 3-нд шилжүүлээд холбоогоо тасалсан. Үүнээс хойш Д.Цтой дахиж харьцаагүй.

Д.Ц бид хоёрын худаг ухуулах гэрээний ажилд Т.М ямар ч хамаагүй. Би Т.Мтай худаг ухуулах талаар хэзээ ч ярилцаж, тохиролцож байгаагүй. Т.М худаг ухдаг ч хүн биш. Тэрээр найз Д.Цгоо нас барсныг нь далимдуулж өөрийн надаас зээлж авсан мөнгөө төлөхгүй гэсэн зальжин явуургүй санаа гаргаж байгаа болохыг би саяхан мэдлээ. Энэ бол цэвэр луйвар.

Гурав. Төв аймгийн Баян суманд өрөмдүүлсэн цооногийн хувьд 2015 оны 8 дугаар сарын 25-нд гэнэт нэг хүн залгаад “Хавар худагийн цооног ухсан хүн байна. Бид Говьсүмбэр аймгийн нутагт худаг өрөмдөхөөр явах гэж байна. Та худаг гаргасан уу?” гэж асуусан. Тэгэхэд нь би “Худаг гаргаагүй ээ” гэхэд “Таныг хавар худаг өрөмдүүлж өчнөөн хөрөнгө мөнгөөрөө шатсаныг бид ойлгож байгаа. Бид тэр зүг рүү худаг гаргахаар явж байгаа учир зам дагуу юм чинь өрөм тавиад өгье. Харин та өрөмдөхөд гарах түлшний мөнгө, дээр нь ажилчдын хоолыг нь бэлдээд өгчих. Хэрэв ус гарвал та сэтгэлээрээ бидэнд хэдэн төгрөг өгчих, ус гарахгүй бол би мөнгө нэмж авахгүй” гэж утсаар ярьсан. Тэгэхэд нь би зөвшөөрч Төмөрбаатар гэх нэртэй ХААН банкны 5029585208 дансанд түлшний мөнгө болох 360,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 29-нд шилжүүлж өгөөд, мөн хүнсэндээ хэрэглээрэй гэж 1 хонь гаргуулж өгүүлсэн. Харин тэр цооногоос ус гараагүй тул тэр аман хэлцэл тэгээд дуусгавар болсон. Таван төгрөгнөөс болж хүн хүн дүрсээ алдаж болдгийг Т.Маас л анх харж байна. Энэ талаар маш олон зүйлийг тайлбарлаж болох болов ч надад тийм хүсэл алга. Миний дээр бичсэн зүйлс бүгд гаргаж өгсөн баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа. Мөн 2015 оны 6 дугаар сард Д.Ц бид хоёрын худаг гаргуулах ажил хийгдээд харилцан төлбөр тооцоо нь дууссаны дараа, бүр сүүлд Т.М нь 2016 оны 4 дүгээр cap хүртэл надад төлөх зээлийн хүүгээ төлсөөр л байсан. Энэ тухайгаа өөрөө шүүхэд мэдүүлж нотолсон байна билээ. Хэрэв үнэхээр худгийн асуудлаар надаас авлагтай байсан бол энэ хүн надад зээлийн хүү, алданги төлөх үү? Шүүхийг энэ хэсэгт анхаарлаа хандуулахыг хичээнгүйлэн хүсэж байна.

Дөрөв. Нохойны байр гэх эвдэрээд дарагдсан байсан төмөр торон сараалжийг авсан нь үнэн. Түүнийг нь ус гараагүй цооногийн аман дээр хааж тавих гэсэн боловч шаардлага хангаагүй тул жалганд хаясан. Үнэхээр түүнийг үнэлэх гэж байгаа бол 10 мянган төгрөгөөр үнэлж болно.

Тав. Т.М намайг гүү хулгайлж авсан гэж гүтгэсэн байна. Миний хурдан азарганд гүү хураалгая гэж Т.М гуйсан. Би тэг л гэсэн. Тэр нутгийн хүнээс авсан гээд 1 гүү авчирч тавьсан. Гүү нь салж яваад байхад нь би адуунд холбож байгаад л тогтоож өгсөн. Тэр гүү нь 5 сард азарганд гарсан. Би 7 сард адуугаа Сүхбаатар аймагруу шилжүүлсэн. Намайг адуугаа туух болоход миний гүүг үлдээчих гэж надад хэлсэн. Би өөрөө олон адуутай адуу мэддэг хүний хувьд “Одоо азарга солиод хэрэггүй, хээлгүй болчихно. Унагалсан үед нь ав” гэж хэлээд адуутайгаа явуулсан. Адуучиндаа /Уулбаян сумын Улаан М гэж хүн бий/ хүний ганц гүү гэдгийг нь зааж өгөөд алдаж асгачихваа гэж тусгайлан захиж байсныг яана гээч. Дараа хавар нь эр унага гаргасан үед нь Т.М гүүгээ аваад л явсан. Даанчдээ ингэж яриад сууж байдаг өдий насны хүн байх уу!! Би 300 гаруй адуутай хүн 3 адуутай М-аас ганц гүү хулгайлах уу. Харин ч би ангийхандаа нэг байтлаа 10 гаран адуу бэлэглээд байж л байна. Эндээс энэ хүний хэн бэ гэдэг нь л харагдана даа хөөрхий!!!

Зургаа. Т.М бас миний өмнөөс ангийн нийллэгэнд 1,000,000 төгрөг өгсөн гэж бичсэн байна. Ангийнхан нийлэхдээ хүн бүр 1,0 сая төгрөгөөр нийлсэн би өөрийн өгөх 1,000,000 төгрөгөө бэлэн авч очоод манай ангийн хамгийн ах хамгийн холоос ирсэн Д ахад хандив гэж өгөөд л буцсан. Өөрийнхөө хандивт өгсөн мөнгөндөө харамсаж явдаг бол ангийнхандаа хэлээд буцааж ав даа хө. /тэр үеийн өөрийн дансны үлдэгдэлээ хуулгаар авч хавсаргав/

Долоо. Т.М нь надад 1,440,000 төгрөг бэлнээр хүүнд төлсөн гэж худал мэдүүлэг өгсөн байна. Би Т.Маас зээлийн хүү гэж нэг ч төгрөг бэлнээр авч байгаагүй болно.”гэжээ.

 

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Ч.Г-ын нэхэмжлэлийг биелүүлээгүй гэх үндэслэлгүй, би гэрээтэй холбоотой өргүй, хуулийн хүрээнд, эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох үндэслэлийн дагуу үүрэг шилжиж шинэ үүргийг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон. Нэхэмжлэлийн үндэслэл дэх зээлийн гэрээ нь үүргийн гүйцэтгэл хангагдаагүй буюу төлбөрөө барагдуулаагүй гэж үзэх эрх зүйн нотлох баримтын шаардлага хангахгүй. Ч.Г-ын гаргасан нэхэмжлэлийн хэрэг нь үндэслэлгүй зохиомол худал юм.

Оргон зайлсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн оршин суугаа газрыг тодорхойлон заах нь нэхэмжлэгчийн үүрэг, санаатайгаар үл биелүүлсэн. Ч.Г нь миний өмчлөлийн харьяа эмийн сан, миний албан ажлын газар мөн оршин суугаа байрны босгыг монголчуудын хэлдгээр элээтэл орж гардаг нэгэн бөгөөд хаягжилт нь хүний нүдэнд харагдахуйц хадагдсан мэддэгээ санаатайгаар нуусан, өөр хаяган дээр тодорхойлолт гаргаж худал мэдээлэл шүүхэд өгсөн, мэдэх талаар өөрийн авсан бүх арга хэмжээ нь үр дүнгүй гэж үзэх үндэслэлгүй, эс үйлдэл хийсэн. ИХШХШтХ 14-1, 14-3 зүйлүүдээр нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан, намайг эрэн сурвалжлуулах үндэслэл, угтвар нөхцөл бүрдээгүй үед санаатайгаар бусдыг хууран мэхлэх, зориудын зохиомол нотолгоо баримт бүрдүүлж цагдаа, шүүхээр баримт мэдээллийг гаргуулж олж авсанаа нэхэмжлэлд хавсаргасан байна.

Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхээ алдсан үедээ хууран мэхлэх замаар эрэн сурвалжлуулж иргэний нэхэмжлэл гаргасан байна. Ч.Гас цагдаад гаргасан гомдолд миний нэр, утасны дугаар, үнэн бусад нь худал, болсон үйл явдал баримтад тулгуурлаагүй гүтгэлгийн шинж чанартай зүйлүүд байна. Байцаагч Ч нь тулган шаардаж, тайлбар авч хөтөлсөн асуултаар тэмдэглэл хөтлөн баримтжуулж, надад энэ залилангийн үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгоно гэж амлалт өгч, миний тодруулж шалгаж өгөөч гэх хүсэлтийг тодруулж шалгах боломжгүй гэж хуурч мэхэлсэн байна.

Энд 7 сая төгрөгийг худаг гаргуулахад шилжүүлсэн гэж худлаа хэлсэн байна. Гэтэл үнэн хэрэгтээ 2015 оны 6 сарын 3-нд 2 сая төгрөгийг шилжүүлсэн, Д.Цтой энэ өдөр нүүр тулан, надаар зуулчлуулан миний дэргэд, Төв аймгийн Баянжаргалан сумын Буурын Ухаад худаг өрөмдүүлэх газар дээр нь гэрээний нөхцөлөө хамтран бид харилцан зөвшилцөж /120,000 х 100м/ 12 сая төгрөг байхаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 сарын 1 гэхэд дуусахаар байсан бөгөөд сараар сунгахад -Мөнгөө бэлдэж байгаарай худаг гаргуулна тэгэхэд хэрэглэнэ, гэж цааш сунгах боломжгүйгээ мэдэгдсэн болно. Энэ үеэр Ч.Г нь худаг өрөмддөг компани сонгоход бэрхшээл байгаа тухай хэлж, таньдаг хүн мэдэж байгаарай, ус гарахгүй эрсдэлтэй, ус гарсан гараагүй ажлаа хийчээд яваад өгнө. Мал очиход ус байхгүй баларсан юм болно гэж ярьж надаар зуучлуулан олуулж, өрөмдлөгийн компани сонгосон.

2015 оны 6 сарын 6-нд Ч.Г Буурын Ухаад ус гарсангүй /уст цэг тодорхойлох ажлыг С.В хийсэн/ маргааш өглөө явья, гэрээс чинь очоод авна, дахин худгийн зөвшөөрөл аваад өг гэснээр явж хоноод Ботгонд худаг өрөмдөх зөвшөөрлийг Баянжаргалан сумын Засаг Дарга Г. Д-ээс авж өгсөн. Ч.Г, би мөнгө гаргахгүй чи нөгөө зээлсэн мөнгөөрөө ухуулж өг наад мөнгө чинь хүрнэ дээ /уг мөнгөөр 58м гүн худаг өрөмдүүлэх боломжтой байсан/ чи надад өгөх мөнгөний хэмжээндээ тааруулж, тохиролц үнийг одоо буулгах хэрэгтэй шүү, би илүү мөнгө гаргахгүй гэж бодож байна, гэхчилэн зовлон тоочилт болж хэлснээр нь тохирсон. Уст цэгийн хайгуулыг Ч.Г нь С.В-аар хийлгүүлж, тэрбээр 65м гүнтэй өрөмдөхийг санал болгосон. Худаг өрөмдөх хэлцлийг Ө.Г-тай Ч.Г бид хоёр хийсэн. Ө.Г-тай дахин өрөмдүүлэх талаар ярихад өмнөх ус гараагүй нь биднээс шалтгаалаагүй болохыг сануулаад төлбөрөө хэзээ яаж хийхийг лавлаж, шатахуун түлшийг Улаанбаатараас явуулах боломжгүй, сумаас нь авах хямд гэдгийг хэлж хариуд нь үүргийн шилжих гэрээгээр төлбөрийг нь хийх юм гэдгийг ойлгуулсан асуулт хариулт байдлаар харилцан тохиролцож Ч.Г нь шатахуун түлшний мөнгийг гаргахаар хэлцэл хийгдсэн.

Ө.Г өрөмдлөг эхлүүлэх зөвшөөрлийг ажилчиддаа өгч хэлцэл хиймэгц үүргийн гүйцэтгэл хангагдаж, би төлбөрийг барагдуулсан тул маргаангүй болно2016 оны 6 сарын 10-ны хүртэл бидний дунд ямар нэг үл ойлголцол маргаан байгаагүй. Энэхүү хэлцэл нь иргэний эрх зүйн нэр томьёогоор бол хиймэгц биелэх хэлцлийн тухайд нүүр тулан зөвшөөрсөн гэдгээр хэрэглэгддэг.

Ийнхүү 2015 оны 6 сарын эхээр хугацаа нь дуусаж буй нэхэмжлэлийг үндэслэсэн зээлийн гэрээний үүрэгт Ч.Г-ын хүсэлт шаардлагаар (түүний даалгавар, зөвшөөрөл, төлөөлөлийн үндсэн дээр) өөрчлөлт орж гэрээний үүргийн агуулга бүхэлдээ өөрчлөгдөх нөхцөл байдал үүсч өмнөх үүрэг дуусгавар болж, тийнхүү өөрчлөх талаар хэлцэл нь шинэ үүргийн харилцааг үүсгэснээр би зохих ёсоор гүйцэтгэсэн. 2015 оны 6 сарын 3-ны худаг өрөмдүүлэх хэлцэлийн гүйцэтгэлийг, тэр өдөр шилжүүлсэн гэж (7 сая төгрөг) худал хэлж хууран мэхэлсэн бөгөөд үнэндээ худаг ухуулахаар 2 сая төгрөгийг өөрийн 5007090231 данснаас Г-ын дансанд 99091804 утаснаасаа шилжүүлсэн, хөдлөшгүй баримт байна.

Энд Ч.Г-ын маргаан үүсгэснийг цухас дурдах нь зүйтэй. 2016 оны 6 сарын 10-ны үеэр тэрээр над луу залгахдаа -Завхан аймаг руу сонгуулийн сурталчилгаанд явна, ирээд Сүхбаатар аймаг руу малаа гаргана гэж ярихад нь -би, худгийн өрөмдлөг хийсэн хүмүүс мөнгөө нэхээд байгаа, нэг жилийг хугацаа өнгөрлөө, чи уулз, тооцоог нь яаралтай хий гэхэд, (хэлсэнээр нь бичив) — Цолмон ... сда новшийн сда байна лээ, хэн түүнд мөнгө өгч худаг өрөмдүүлдэг юм бэ, нэг ч мөнгө өгөхгүй, би уулзахгүй гэж татгалзаж чамтай ч гэсэн “тооцоотой” гэж залуусын хэлдгээр “сөрсөн базаа” хийсэн. Ийнхүү 1982-2016 оны 6 сарын 10-ыг хүртэлх нөхөрлөлийн сайн харилцааг тасалж итгэлийг далимдуулж, залилан хийхээр завдаж “нүүр буруулж”, “нуруугаа харуулсан” болно. Түүнээс 2015 оны 01 сарын 28-аас 2016 оны 6 сарын 10-ыг хүртэлх 1,5 жилийн хугацаанд “нэхэмжлэлд дурдсан шиг” зохиомол, худал, хууль бус нөхцөл байдал, үйл явдал болоогүй.

Маргааш нь Л.Н мөн нэг эмэгтэй утсаар ярихдаа, -Ирж тооцоонд гарын үсэг зур гэж шаардаж хүчлэхэд татгалзсан болно. Л.Ныг өмнө нь би мэддэг. 2016 оны хавар Гтай хамт явж байгаад хэд хэдэн удаа таарч байсан. 2016 оны 5 сард Л.Н адууны засаа идэх гэж Ч.Г-ын мал руу явахад нь газарчилж хамт тэдний малчин Г.Д-ын гэрээр очиж байсан. 2016 оны сонгуулийн дараа Ч.Г нь малаа Сүхбаатар аймаг руу туухдаа миний ганц гүүг булаан авч явсныг 2017 оны 4 сарын 15-ны үеэр би очиж, Б.Б-тай хамт явж авчирснаар дээрх 2016 оны 6 сарын 10-ны үеийн тооцоотой гэх асуудал дахин сөхөгдөж, намайг адуу хулгайлсан гэх яриа үүсгэж маргааныг үргэлжлүүлсэн. 2017 оны 4 сарын 10-ны үеэр Өлзийт хороонд Сандгаагийн жүчээнд Ч.Гтай нүүр тулан таарахад тэрээр ямар нэгэн тооцооны талаар огт дурсаагүй болно. Харин намайг гүүгээ авсаны дараа буюу 2017 оны 4 сарын 24-нд өөрийн facebook хуудаснаас “тооцоог сонин хэлбэрээр ...” хийнэ шүү. Сануулчихья гэж занал хийсэн болно. 2018 оны 6 сарын 6-ны үеэр миний хүрэн гүүг мал байгаа газрын хүмүүсээс сураглаж намайг хулгай хийж авч явсан учир олж авмаар байна гэж утсаар ярьсан байдаг. Ийнхүү Ч.Г нь тооцоотой гэх маргааныг өөр үндэслэлээр өөр цаг хугацааны үед анх гаргасан нь нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээтэй шууд хамааралгүй болох нь тодорхой байгаа юм. Иймд би 2015 оны 6 сарын 6-ны өдрийн үндсэн хэлцэл дээр тулгуурлан мөн Ч.Г-ын цагдаад гаргасан гомдол дах татгалзлыг үндэслэн нотолгоо, нотлох баримтаа бүрдүүлсэн болно. Эндээс харахад Ч.Г бидний дундах маргаан нь явж явж үүргийн гүйцэтгэлтэй холбоотой байгаа юм. Ч.Г нь 2015 оны 01 сарын 28-наас хойш хугацаанд /нэхэмжлэлд дурдсан хугацааны туршид/ надаас 2 удаа мөнгө зээлэн авч буцааж өгж байсан нь банкны хуулгаар нотлогдож байна. 2015.3.19, 2016.01.15-нд буцааж зээлээ төлж байсан байна. Ч.Г-ын Хаан Банкин дах 5007090231 дансанд дараах байдлаар:

1. 2015.3.19-ний шилжигдсэн 150,000 төгрөгөөс нэхэмжлэл дэх гэрээний хүүнд 50,000 төгрөг суутгагдсан байна.

2. 2015.5.5-нд 70,000 төгрөг надаас Ч.Г-ын Хаан Банкин дах 5007090231 дансанд зээлийн хүүгийн үлдэгдэл төлөгдөж гэрээний 1 cap сунгасан үеийн хүүгийн тооцоо дууссан байна. Гэрээний хугацаан дах хүүг итгэлцлийн үндсэн дээр бэлэнгээр өгж байсан болно. Иймд Ч.Г-ын зээлийн гэрээний хүү төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Уг гэрээний үүрэг өөрчлөгдөж үүргийн гүйцэтгэлээр үүрэг дуусгавар болсон гэж удаа дараа дээрх байдлаар нотлон бичиж байгааг шүүгч анхааралдаа авч нэн даруй Д.Ц, Ө.Г, Т.М, Ч.Г антулга нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах санал хүсэлтийг гаргаж байна.

2015 оны 01 сарын 28-наас хойших хугацаанд би нийт 11 (арван нэг) удаагийн үйлдлээр Хаан Банкы мөнгөн шилжүүлгээр, 7 (долоо) удаагийн биет үйлдлээр нүүр тулан бэлэнгээр 1,420,000 төгрөг өгснийг өгөөгүй гэж үгүйсгэж гүтгэж чадаж байгаа одоо бас ямар байдлаар “сонин хэлбэрээр” шүүхэд тайлбар гаргахыг би тааж мэдэх боломжгүй байгаа юм.

Ч.Г нь итгэл далимдуулж гүтгэж байгаа нь уг нь хуулийн өмнө хүлээх хариуцлагатай хэдий ч надад үүнийг нь үгүйсгэх боломж эрхээ хамгаалах эрх зүй нь хязгаарлагдмал /надад огт мэдэгдэлгүйгээр явагдсан/ байгаа болно. Ч.Г-ын “Ш-ын Ц” гэх facebook хаягнаасаа хууль хэрэгжүүлдэг байгууллагыг мөнгө хөрөнгө, албан тушаалтай хүмүүсийн гар хөл болсон тухай, тэдний балмад үйлдэл, хулгай луйварыг хамгаалдаг, хаацайлдаг байгууллага болсныг шүүмжлэн бичсэн байх боловч өөрөө энэ байгууллагуудыг үл хүндэтгэсэн худал мэдээлэл, гомдлоор намайг гүтгэсэн болох нь надад тодорхой байгаа болно.

Нэхэмжлэлд дурдсан хугацаанд, Ч.Г-ын хүүгийн хурим 2015 оны 10 сарын үед болоход намайг ангиа төлөөлүүлэн урьж хуриманд нь би очиж байсан. Ийнхүү дээрх бүх болсон үйл явдал нь Ч.Г-ын нэхэмжлэл дэх “хэрэг” нь зохиомол, цаг хугацааны хувьд түүнийг үндэслээд эрэн сурвалжлуулаад, цагдаад хандах шалтгаан нь зохиомол болох нь нотлогдон няцаагдаж байгаа болох нь дээрх бүх үйлдлүүдээс тодорхой харагдаж байна. Иймд: Гэрээний нэхэмжлэх эрх байхгүй, үндэслэлгүй. Нэхэмжлэхийн шаардлага хууль бус үндэслэлгүй тул нэхэмжлэлээс татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Ч.Г-ын нэхэмжлэлийн шаардлагаар 11,808,656 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс нь хэрэгжүүлэх боломжгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул татгалзаж байгаа болно. Учир нь:

Зээлийн гэрээний үүрэг өөрчлөгдөж дуусгавар болж оронд нь худаг ухуулсан, харилцан гүйцэтгэлээр үүргийг зохих ёсоор бодитоор гүйцэтгэсэн нь зээлсэн мөнгөө төлөөгүй гэх үндэслэлгүй, нотлогдохгүй, үүрэг дуусгавар болсон болно. Өмнөх шүүх хурлаас өмнө гаргасан гэрчийн мэдүүлгүүд, зохигчийн зохих нотолгоо тайлбар, нотлох баримтуудыг эсрэг тал эсэргүүцэх, ямар ч боломжгүй, бодит үйл явдал байсан бөгөөд эсэргүүцээгүй буюу шүүх хуралдаанаас өмнө ямар нэг тайлбар өгөөгүйг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Тэд ямар үндэслэлтэй нотлох баримт гаргаснаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа, хуульд нийцэхгүй нотолгоог шүүхэд гаргаж өгсөн болно.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ: “2015 оны 1-р сарын 28-нд 3-н сарын хугацаатай мөнгө зээлдүүлсэн” гэжээ.

Энд зориуд, санаатайгаар бичмэл баримтын огноог өөрчлөн, өөрт ашиг олох, хүссэнээрээ засвар оруулсан. Энд уг баримтын нотлох чанар алдагдсан, нотлох чадваргүй, нотолгооны ач холбогдолгүй юм. Зээлийн гэрээг би бичиж өгсөн, үзэг цаас нь түүнийх. Миний зүгээс хүү тогтоохын оронд өмнө түүнд өгсөн 1 сая төгрөгөө суутгах, зээлсэн мөнгөө эргэлдүүлээд, авсан мөнгөө өгөх байр суурьтай байсан, харин тэрээр хүү тооцохоор, 1 сая төгрөгийг тусад нь тооц гэх санал гаргаснаар нь тохиролцсон. Мөнгийг 2015 оны 1-р сарын 23-нд Ч.Гас түүний гэрт нь баримт бичиж хүлээж авсан нь үнэн. Ингэснээр 2015 оны 4-р сарын 23-ыг хүртэлх 3-н сарын хугацааны хүү төлөх, энэхүү хүүнд 600.000 төгрөг төлөгдсөн (хүлээн авснаа Ч.Г нь цагдаад мэдүүлсэн болно), иймд энэ хугацаанд мөнгө төлөөгүй гэж нэхэмжлэлд худал тайлбар гаргасан. Нэхэмжлэл дэх ’’Т.М нь мөнгө авснаас хойш ямар ч төлбөр хийхгүй явсаар 2015 оны 10-р сарын 8-ны өдрийг” хүртэл явсан гэдэг нь худал юм.

Нэхэмжлэлд “зээлийн гэрээ ийх үеийн хаяг дээрээ байхгүй” гэж мөн гүтгэсэн байдаг. Тэгвэл би зээлийн гэрээ хийх үеийн хаягандаа 2004 оноос хойш одоог хүртэл 16 жил амьдарсаар ирсэнг хэн ч үүнтэй маргаад амьдардаггүй болохыг нотлож чадахгүй. Цагдаад гаргасан (X-1-2187, гомдолд) “Мөнгө зээлж аваад зээлийн гэрээ хийх үеийн хаягаа өөрчлөөд зугтаад алга болсон” гэж мөн гүтгэсэн байна. Цагдаа уг гомдлыг шалгаад санаатайгаар, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн гэх агуулга бүхий нөхцөл байдал болон гэмт хэргийн шинж бүрэлдэхүүн тогтоогдохгүй учир хэрэг бүртгэлийн хэрэг (X-1-2187) нээхээс татгалзаж уг гомдлоор эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан байдаг. Энд би 2010 онд Баянзүрх дүүрэг рүү хаягийн шилжүүлэг хийлгэж компани байгуулж байсан нь 2015 оны зээлийн гэрээтэй ямар ч холбоогүй, хамааралгүй юм.

Гэрээнд би оршин суугаа хаягаа бичиж өгөөгүй, өгсөн гэж үзэх нотлох баримт байхгүй, зээл төлөлт нь зээлдэгч талд хүргэх өгөх, үйлчилгээ байдаг, үүнтэй энэ ямар ч хамааралгүй, ач холбогдолгүй юм. Түүнд мөнгөний баримт бичиж өгсөн тухай үйл явдлыг хэрхэн, хэзээ, хаана, болсныг түүний гаргасан тайлбараар дараах байдлаар нотлогдож байна. Ч.Г нь 2018 оны 8-р сарын 27-нд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст “гомдол гаргах нь” гэх гомдолд (X-1-2187 татгалзсан хэргийн материалын 000002-р хуудас, дээрээс 9-10-р мөр) “3500 ам.долларыг Хан-Уул дүүргийн 11 хороо, Соёмбо хотхоны 54-8 тоотод буюу манай гэрт 2015 оны 1-р сарын 23-ны өдөр Т.М нь ирж аваад явсан юм. Улмаар утсаа авахгүй, гэрийнхээ хаягийг өөрчлөөд, зугатаад алга болсон юм” гэжээ.

Тэрээр Цагдаад өгсөн мэдүүлэгдээ (X-1-2187, 000005 хуудас дээрээс 17 мөр) “ хүүнд 600.000 төгрөг өгсөн юм. Өөр нэг ч мөнгө өгөөгүй” гэжээ (доороос 7-дах мөр)

Асуулт: Та хамгийн сүүлд Т.Мтай хэзээ уулзсан бэ?

Хариулт: 2016 онд уулзсан санагдаж байна» гэхчилэн мэдүүлэг өгсөн байдаг.

Харин түүний нэхэмжлэлд “2015 оны 10 сарын 08-ны өдөр 200,000 төгрөг төлөөд дахиад ямар нэг төлбөр гүйцэтгээгүй юм” гэжээ. Энэ мөнгө зээлийн гэрээтэй огт хамаагүй мөнгө юм.

Дээрх гурван сарын хүү өгсөн цаг хугацаанаас хойш нэг ч мөнгө өгөөгүй гэсэн нь зээлийн гэрээний үүрэг өөрчлөгдөж солигдсон учир өмнөх зээлийн гэрээний үүрэгт холбоотой нэг ч төгрөг өгөгдөөгүй нь үнэн болно. Харин солигдсон үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, дараа дараагийн үйл явдалууд 2015 оны 6-р сараас хойш өрнөж бодит гүйцэтгэлүүд явагдсан болно.

Ч.Г нь нэхэмжлэлдээ маш их чирэгдүүлж байна” гэжээ. Би түүнд чирэгдэл саад болоогүй, харин ч тэрээр 2012 оноос хойш надад чирэгдэл учруулсаар байна. Ч.Г нь цагдаад 2016 онд хамгийн сүүлд уулзсан санагдаж байна гэж булзайруулж, нууж тодорхоогүй хариулт өгсөн нь бодит байдалтай нийцэхгүй худал, 2016 онд маш олон уулзалдсан, 2017 онд мөн уулзаж хамт явж морины тар үзэж байсан. Түүний ирдэг байсан газраа би амьдарч, тэр л ажлын газарт ажиллаж байгаа, эдгээр хаягаар нэхэмжлэл гаргах эрх нь түүнд нээлттэй байсан. Оршин суугаа хаягийг Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар Ч.Гд нэхэмжлэл гаргах боломжтой байдлаар оршин суугаа хаягаар, газраар нь заасан байхад, тэрээр санаж мэддэгээ санахгүй мэтээр, мэдэн будилж, миний хаягаар манай ажлын болон гэрийн босгыг элээтэл ирдэг байсан атлаа мэддэгээ мэддэггүй мэт, намайг уг хаяг дээр байдгийг байхгүй гэхчилэн болоогүй үйл явдалыг болсон мэтээр гүтгэн худал мэдүүлэг тайлбар гаргаж, шүүгчийг хууран мэхлэх байдлаар хуульд нийцээгүй, хуурамч болох хууль ёсны шаардлага хангахгүй баримтаар шүүхэд дээрх байдлаар тайлбар мэдүүлж, хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрийг “эрэн сурвалжлуулах нь зүйтэй” гэж гаргуулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох чадваргүй, шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны байх шаардлагыг хангахгүй болно.

Би гэрээ хийх үеийн хаяг дээрээ гэрээнээс өмнө ч амьдарч байсан нь зээлийн гэрээтэй хамааралгүй, дараа нь ч амьдарч байсан ба гэрээ хийх хаяг дээрээ байхгүй гэсэн гүтгэсэн нь тогтоогдож нотлогдохгүй, лавлагааг гаргах эрхгүй этгээдээр лавлагааг гаргуулсан нь “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэдэгт хамаарах ба бичмэл нотлох баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлээгүй, дур мэдэн засварлаж буй нь мөн энэ хуулийн ойлголтонд хамаарах юм. Байгууллагын тамга тэмдэг, эрх бүхий хүний гарын үсэгтэй бланк дээр, бланкийг ашиглаж тухайн лавлагааг хариуцсан эрх бүхий хүнээс өөр этгээдээр, эрх үүрэггүй Ариунтуяа гэх хүн нь тодорхойлолтыг бөглөж өгөхдөө миний овог нэрийг буруу, өөр овог нэрээр, миний оршин суугаа хаягаас өөр хаягаар, бөглөж өгсөн нь хуулийн шаардлагад нийцээгүй, хууль ёсны шаардлагыг хангаагүй юм. Энэ талаар уг лавлагаа тодорхойлолт өгөх Чингэлтэй дүүргийн 8-р хорооны засаг дарга Баярсайхан, зохион байгуулагч Түмэнбаяр мөн хорооны хэсгийн “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр” хөтөлж буй хэсгийн ахлагч Г нар нь ийм тодорхойлолт, лавлагааг гаргахад оролцоогүй, Т нь би бичиж өгөөгүй, миний бичиг биш байна гэдэг юм. (Нотлох баримтыг хавсаргав)

Ийнхүү эрэн сурвалжлуулж байгаад “оршин байгаа газрыг нь олсон” гэж зохиомол үйл явдлыг үүсгэж миний үндсэн хуулиар олгогдсон эрхийг мушгиж, иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, ИХШХШТ хуулийн заалтыг зөрчсөн нь илт илэрхий байгаа болно. Хуульд заасан хугацаанд иргэнийг хаа байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон гэдэг нөхцөл байдлыг тогтоохдоо тухайн иргэний талаар эрэн сурвалжлах хуулиар тогтоосон чиг үүрэг бүхий этгээдийн үйл ажиллагаагаар тодорхойлогдсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, заавал хууль зүйн процедур хангагдсан байх ёстой. Гэтэл хэзээ хэрхэн хэн гэгч нь намайг эрэн сурвалжилсныг би огт мэдээгүй, шүүхэд ийм баримт үзээд маш их гайхсан. Иймд Ч.Г-ын гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, нэг ч нотлох баримтууд нь бодит үнэнтэй нийцээгүй, үндэслэлгүй бүхэлдээ худал зохиомол тайлбар, энэ нь няцаагдаж байх тул ийм илт илэрхий үндэслэлгүй нэхэмжлэлийг дахин шүүхээр хэлэлцүүлэх нь хуульд нийцэхгүй, эхлээд миний энэхүү нотлоод, няцаагаад байгаа баримтууд, мэдээллийн эх сурвалжийг шалгах, шалгуулах хүсэлтийг гаргаж байна.

Дээрх би дурдсан, 2015 оны 01 сарын 23-нд мөнгө зээлсэн, 3 сарын хугацаа дуусах 04 сарын 23-аас 28-ны хооронд 5 (тав) хоногийн тогтоосон хугацааны туршид зээлсэн мөнгөө цувуулж үргэлжлүүлж төлөхөөр өөрийн боломж бололцоондоо тулгуурлан, цаг хугацаа, зээл төлөлтийн үргэлжлэх хугацааг тооцож мөнгө зээлсэн баримтанд тусгаж, бичиж өгсөн учир одоо 2020 оны энэ цаг хугацааг хүргэсэн нь надтай хамааралгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байх учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлээс татгалзаж байгаа болно.”гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 3-10 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 164-168 дугаар талд авагдсан баримтуудыг,

хариуцагчаас 19-42 дугаар тал, 44-45 дугаар тал, 235-245 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар тал, 45 дугаар тал, 48-57 дугаар тал, 89-95 дугаар тал, 192-195 дугаар тал, 249 дүгээр тал, 3 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. 

 

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 104-106 хуудсанд гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн, 2 дугаар хавтаст хэргийн 9-39 дүгээр тал, 85-87 дугаар талд авагдсан нотлох баримтууд авагдсан, 147-148 дугаар тал, 232-241 дугаар талд гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 11,808,656 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 7,994,290 төгрөг гаргуулахаар шаарджээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хугацааг засварласан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдуулах гэж эрэн сурвалжлуулах ажиллагаа хийж цагдаад хандсан, зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр сольсон гэх үндэслэлүүдээр маргаж байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн баримтаар 3500 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, Т.Мт зээлдүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Т.М зээлийг бүрэн төлөхөөр тохирсон гэж тайлбарлаж байна. /1-р хх-4/

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөнгө аваагүй, гэрээн дээр бичихдээ 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй, 1 сарын 23-ны өдөр хүлээж авлаа 2015 оны 4 сарын 23-ны өдрөөс 2015 оны 04 сарын 28-ны дотор бүрэн төлнө гэх агуулгатай зээлийн гэрээг бичиж өгсөн байхад гэрээний огноо, он сарыг засаж хугацаагүй зээлийн гэрээ мэтээр болгосон гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчийн тайлбараар уг гэрээнд засвар орсон гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагчийн гарын үсэг мөн гэж талууд тайлбарлаж байгаа ба хариуцагчийн гаргасан огноо засварласныг шинжээчээр тогтоолгох хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1-т заасантай нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой гэж үзсэн. Хариуцагч нь зээлийг гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа атлаа 1 сарын 23 гэснийг 28 болгосон гэсэн нь түүний татгалзалд ямар ач холбогдолтой нь тодорхойгүй байгаа юм.

Хариуцагч Т.М нь Хаан банк ХХК дахь 5058076034 тоот дансаар дамжуулан нэхэмжлэгчийн мөн банкин дахь 5007090231 тоот дансанд; 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 150,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 70,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 26-ний өдөр 240,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-ний өдөр 200,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 220,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 300,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 05-ний өдөр 210,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр 200,000 төгрөг, нийт 10 удаагийн гүйлгээгээр 1,990,000 төгрөгийг шилжүүлжээ. /1-р хх-29-39/

Дээрх үйл баримтаас үзэхэд зохигчийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3500 ам.доллар зээлдүүлсэн тухай баримтад зээлдүүлж буй мөнгөн дүн, зээлийг буцааж төлөх хугацаа, хүү зэргийг тохиролцсон, хоёр тал хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан мөн хуулийн 282.1, 282.3-т зааснаар талууд гэрээгээр хугацаа, хүү тогтоосон, хүүгийн төлбөр төлсөн түүнчлэн хүү тогтоосон зээлийг гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 3500 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол банкны зарласан ханш 2,483.89 төгрөгөөр тооцоход 8,693,615 төгрөг болох ба уг мөнгөнөөс сарын 3 хувийн хүүгээр тооцоход 1 сард 260,808 төгрөгийн хүү, гурван сарын хүү 782,424 төгрөгийн хүү тооцогдож байна. Хариуцагч үндсэн зээл 8,693,615 төгрөг, хүү 782,424 төгрөг, нийт 9,476,039 төлөх үүрэгтэйгээс төлсөн 1,990,000 төгрөгийг хасч, үлдэх 7,486,040 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 7,994,290 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагчийн төлөх үүрэгтэй 7,486,040 төгрөгийг хасч, үлдэх 508,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Уг зөрүү нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахад ам.долларыг монгол төгрөгөөр тооцож гаргахдаа тооцооллын алдаа гаргаснаас болон хариуцагчийн төлсөн мөнгөнөөс дутуу тооцож хассанаас үүссэн зөрүү байна.   

Хариуцагч Т.М нь гэрээний үүргийг өөр үүргээр сольсон буюу "Б ч" ХХК-ийн захирал Ц-д 3 газарт худаг ухуулж ус гараагүй, Буурийн ухаа гэх газар 14,000,000 төгрөгөөр худаг ухуулахаар тохирч Г 7,000,000 төгрөгийг М 7,350,000 төгрөгийг төлөхөөр тохирсон боловч Г 2,000,000 төгрөг өгч үлдэх 5,000,000 төгрөгийг би төлсөн, нэмж 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг Г-ын өмнөөс төлсөн гэж тайлбарлаж байна.

Шүүх хариуцагч талын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх, гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийж, Ч.Гас гаргасан өргөдлийн дагуу 3500 ам.доллар хууран мэхэлж авсан үйлдэлд Т.Мыг холбогдуулан шалгаж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1254 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, Ч.Г-ыг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх талаар заажээ. /2-р хх 9-39/

Мөн гэрч Ө.Г, Б.М, Т.Д, Д.Э нарын мэдүүлэг, хариуцагч талын шүүхэд нотлох баримтаар гаргасан Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/108 дугаартай албан бичиг, Д.Цд Т.Маас 3,500,000 төгрөгийг худаг өрөмдүүлсэн төлбөрт төлсөн баримт, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч Т.М, Б ч ХХК-ийн хооронд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэр Ботгон нуур, Буурын ухаа, Хөөт гэх газруудад худаг өрөмдүүлсэн, худаг өрөмдүүлэх ажиллагаанд зохигчоос мөнгө шилжүүлж байсан үйл баримт байгаа боловч нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа худаг ухуулсантай холбоотойгоор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т заасан үүрэг дуусгавар болсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн. /1-р хх-19-20, 105-106, 2-р хх-145-148, 237-238/

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой маргаан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул мөнгө төлөх гэрээний үүргээ хариуцагч хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гүйцэтгэсэн байх тул уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох ба нэхэмжлэгч гурван жилийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах, цагдаагийн байгууллагад гомдол гаргах зэргээр шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд шүүх нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас түүний төлөх үүрэгтэй 7,486,040 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 134,727 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Т.Маас 7,486,040 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гд олгож, нэхэмжлэлээс 508,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 134,727 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ