Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01610

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01610

 

 

Ч.Г-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/02052 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.М-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,994,290 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Т.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ч.Г- нь Т.М-т 3.500 ам.долларыг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Т.М- нь зээлсэн мөнгөө одоог хүртэл төлөөгүй, зээлийн гэрээ хийх үеийн хаяг дээрээ байхгүй, залгахаар утсаа авахгүй байсан тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж Т.М-ын оршин байгаа газрыг нь олсон. Т.М- нь мөнгө авснаас хойш ямар ч төлбөр хийхгүй явсаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 200,000 төгрөг төлөөд дахиад ямар нэгэн төлбөр гүйцэтгээгүй юм. Т.М-аас үндсэн зээл 3,500 ам.доллар буюу 8,682,835 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ныг хүртэл 12 сарын хүү 3,125,821 төгрөг, нийт 11,808,656 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг багасгаж 7,994,290 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Монголбанкны өнөөдрийн ханш нэг ам.доллар 2,483.89 төгрөг гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Ч.Г-ын нэхэмжлэлийг биелүүлээгүй гэх үндэслэлгүй, би гэрээтэй холбоотой өргүй, хуулийн хүрээнд, эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох үндэслэлийн дагуу үүрэг шилжиж шинэ үүргийг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон.

Оргон зайлсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн оршин суугаа газрыг тодорхойлон заах нь нэхэмжлэгчийн үүрэг, санаатайгаар үл биелүүлсэн.

Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхээ алдсан үедээ хууран мэхлэх замаар эрэн сурвалжлуулж иргэний нэхэмжлэл гаргасан байна. Ч.Г-ас цагдаад гаргасан гомдолд миний нэр, утасны дугаар, үнэн бусад нь худал, болсон үйл явдал баримтад тулгуурлаагүй гүтгэлгийн шинж чанартай зүйлүүд байна.

7,000,000 төгрөгийг худаг гаргуулахад шилжүүлсэн гэж худлаа хэлсэн. Гэтэл үнэн хэрэгтээ 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Д.Ц-той энэ өдөр нүүр тулан, надаар зуучлуулан миний дэргэд, Төв аймгийн Баянжаргалан сумын Буурын Ухаад худаг өрөмдүүлэх газар дээр нь гэрээний нөхцөлөө хамтран бид харилцан зөвшилцөж /120,000 х 100м/ 12,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд дуусахаар байсан бөгөөд 1 сараар сунгахад мөнгөө бэлдэж байгаарай худаг гаргуулна тэгэхэд хэрэглэнэ, гэж цааш сунгах боломжгүйгээ мэдэгдсэн болно. Энэ үеэр Ч.Г- нь худаг өрөмддөг компани сонгоход бэрхшээл байгаа тухай хэлж, таньдаг хүн мэдэж байгаарай, ус гарахгүй эрсдэлтэй, ус гарсан гараагүй ажлаа хийчээд яваад өгнө. Мал очиход ус байхгүй баларсан юм болно гэж ярьж надаар зуучлуулан олуулж, өрөмдлөгийн компани сонгосон. 2015 оны 06 дугаар сарын 06-нд Ч.Г- Буурын Ухаад ус гарсангүй /уст цэг тодорхойлох ажлыг С.В- хийсэн/ маргааш өглөө явья, гэрээс чинь очоод авна, дахин худгийн зөвшөөрөл аваад өг гэснээр явж хоноод Ботгонд худаг өрөмдөх зөвшөөрлийг Баянжаргалан сумын Засаг Дарга Г.Дүүрэнгээс авж өгсөн. Ч.Г-, би мөнгө гаргахгүй чи нөгөө зээлсэн мөнгөөрөө ухуулж өг наад мөнгө чинь хүрнэ дээ /уг мөнгөөр 58м гүн худаг өрөмдүүлэх боломжтой байсан/ чи надад өгөх мөнгөний хэмжээндээ тааруулж, тохиролц үнийг одоо буулгах хэрэгтэй шүү, би илүү мөнгө гаргахгүй гэж бодож байна, гэж хэлснээр нь тохирсон. Уст цэгийн хайгуулыг Ч.Г- нь С.В-аар хийлгүүлж, тэрбээр 65м гүнтэй өрөмдөхийг санал болгосон.

Худаг өрөмдөх хэлцлийг Ө.Г-тай Ч.Г- бид хоёр хийсэн. Ө.Г-тай дахин өрөмдүүлэх талаар ярихад өмнөх ус гараагүй нь биднээс шалтгаалаагүй болохыг сануулаад төлбөрөө хэзээ яаж хийхийг лавлаж, шатахуун түлшийг Улаанбаатараас явуулах боломжгүй, сумаас нь авах хямд гэдгийг хэлж хариуд нь үүргийн шилжих гэрээгээр төлбөрийг нь хийх юм гэдгийг ойлгуулсан асуулт хариулт байдлаар харилцан тохиролцож Ч.Г- нь шатахуун түлшний мөнгийг гаргахаар хэлцэл хийгдсэн. Ө.Г- өрөмдлөг эхлүүлэх зөвшөөрлийг ажилчиддаа өгч хэлцэл хиймэгц үүргийн гүйцэтгэл хангагдаж, би төлбөрийг барагдуулсан тул маргаангүй болно. 2016 оны 06 дугаар сарын 10-ны хүртэл бидний дунд ямар нэг үл ойлголцол маргаан байгаагүй. Энэхүү хэлцэл нь иргэний эрх зүйн нэр томьёогоор бол хиймэгц биелэх хэлцлийн тухайд нүүр тулан зөвшөөрсөн гэдгээр хэрэглэгддэг.

Ийнхүү 2015 оны 06 сарын эхээр хугацаа нь дуусаж буй нэхэмжлэлийг үндэслэсэн зээлийн гэрээний үүрэгт Ч.Г-ын хүсэлт шаардлагаар (түүний даалгавар, зөвшөөрөл, төлөөлөлийн үндсэн дээр) өөрчлөлт орж гэрээний үүргийн агуулга бүхэлдээ өөрчлөгдөх нөхцөл байдал үүсч өмнөх үүрэг дуусгавар болж, тийнхүү өөрчлөх талаар хэлцэл нь шинэ үүргийн харилцааг үүсгэснээр би зохих ёсоор гүйцэтгэсэн. 2015 оны 06 сарын 03-ны худаг өрөмдүүлэх хэлцэлийн гүйцэтгэлийг, тэр өдөр шилжүүлсэн гэж (7,000,000 төгрөг) худал хэлж хууран мэхэлсэн бөгөөд үнэндээ худаг ухуулахаар 2,000,000 төгрөгийг өөрийн 5007090231 данснаас Г-ын дансанд 99091804 утаснаасаа шилжүүлсэн, хөдлөшгүй баримт байна.

Иймд би 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үндсэн хэлцэл дээр тулгуурлан мөн Ч.Г-ын цагдаад гаргасан гомдол дах татгалзлыг үндэслэн нотолгоо, нотлох баримтаа бүрдүүлсэн болно. Ч.Г- бидний дундах маргаан нь үүргийн гүйцэтгэлтэй холбоотой байгаа юм. Ч.Г- нь 2015 оны 01 дүгээр сарын 28-наас хойш хугацаанд /нэхэмжлэлд дурдсан хугацааны туршид/ надаас 2 удаа мөнгө зээлэн авч буцааж өгч байсан нь банкны хуулгаар нотлогдож байна. 2015 оны 03 дугаар сарын 19, 2016 оны 01 сарын 15-ны өдөр буцааж зээлээ төлж байсан байна. Ч.Г-ын Хаан Банкин дах 5007090231 дансанд дараах байдлаар 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шилжигдсэн 150,000 төгрөгөөс нэхэмжлэл дэх гэрээний хүүнд 50,000 төгрөг суутгагдсан байна. 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 70,000 төгрөг надаас Ч.Г-ын Хаан Банкин дах 5007090231 дансанд зээлийн хүүгийн үлдэгдэл төлөгдөж гэрээний 1 cap сунгасан үеийн хүүгийн тооцоо дууссан байна. Гэрээний хугацаан дах хүүг итгэлцлийн үндсэн дээр бэлэнгээр өгж байсан болно. Иймд Ч.Г-ын зээлийн гэрээний хүү төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлгүй. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших хугацаанд би нийт 11 удаагийн үйлдлээр Хаан Банкы мөнгөн шилжүүлгээр, 7 удаагийн биет үйлдлээр нүүр тулан бэлэнгээр 1,420,000 төгрөг өгснийг өгөөгүй гэж үгүйсгэж гүтгэж чадаж байгаа одоо бас ямар байдлаар сонин хэлбэрээр шүүхэд тайлбар гаргахыг би тааж мэдэх боломжгүй байгаа. Нэхэмжлэлд дурдсан хугацаанд, Ч.Г-ын хүүгийн хурим 2015 оны 10 сарын үед болоход намайг ангиа төлөөлүүлэн урьж хуриманд нь би очиж байсан. Ийнхүү дээрх бүх болсон үйл явдал нь Ч.Г-ын нэхэмжлэл дэх хэрэг нь зохиомол, цаг хугацааны хувьд түүнийг үндэслээд эрэн сурвалжлуулаад, цагдаад хандах шалтгаан нь зохиомол болох нь нотлогдон няцаагдаж байгаа болох нь дээрх бүх үйлдлүүдээс тодорхой харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага хууль бус үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.М-аас 7,486,040 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-д олгож, нэхэмжлэлээс 508,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 134,727 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Ч.Г- нь 2015 оны 05-р сарын 07-ны үеэр зээлийн гэрээний үүргийг мал аж ахуйгаа Төв аймгийн Баянжаргалан суманд байлгах бэлчээр нутгийн зөвшөөрөл, худаг гаргуулах зөвшөөрөл, худгийн нүх ухуулах байдлаар сольж, энэ солигдсон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хүрээнд удаа дараа шаардсаар байж тэрээр надаас 13,000,000 орчим төгрөгийн гүйцэтгэлийг гаргуулсан байх үедээ Цагдаад нэг ч төгрөг аваагүй гэж мэдүүлж, энэ үйлдлээрээ намайг өөрийг нь луйвардаж байна гэж ямар ч логикгүй, утгагүй байх тайлбарыг гаргасаар байгаа болно.

Ч.Г- нь надаас энэ маргаантай холбоотой нэг ч төгрөг аваагүй байх нь нотлогдоогүй, ийм байх ямар ч боломжгүй. Зээлийн гэрээтэй холбоотой нэг ч төргөг аваагүй юм бол ямар нэг санхүүгийн ул мөр нотлох баримт түүнд байх ёсгүй. Өөр зориулалттай шилжүүлсэн мөнгийг гуйвуулах, худал тайлбар нь энд нотлогдохгүй. Л.Н- нь Ч.Г-, Т.М-ын хооронд худаг ухуулах асуудлаар мөнгө төгрөгний тооцоо байгаа, үүнийгээ тусад нь шийдээч гэж хүсэлт гаргасаар ирсэн. Энэ нь бидний дунд маргаан байгааг тэд хүлээн зөвшөөрч байгаа хэрэг болно.

Шүүхийн Шийдвэрийн 3 дугаар хуудаст Ч.Г- нь ... худгийн асуудлаар надаас авлагатай байсан бол энэ хүн надад зээлийн хүү алдагдал хүү төлөх үү... гэжээ. Би хэзээ ч Ч.Г-ас худгийн талаар авлагатай гэж авах тооцоог шүүхэд мэдүүлж байгаагүй, энэ нь тэдний л хүсэл зориг, амьдралд болоогүй зүйлийг ингэж бий болсон мэтээр худал тайлбарласаар байна. Ч.Г- нь ямар ч мөнгө төлөөгүй гэсний тухайд мөнгө төлж байсан нотлох баримтаа би гаргасан. Энэ нь зээлийн хүү биш, солигдсон үүргийн гүйцэтгэлтэй холбоотой. 2015 оны 10 дугаар сарын 05-ны үеэр Ч.Г- нь өөрийн гаргаж тавьсан алдагдал болон 3 худагт Д.Ц-той төлбөр тооцоог дуусгах хэлцэлийн үед 1,500,000 төгрөгийг би Ч.Г-д өгч тухайн үед Ч.Г-ын 5,000,000 , миний Д.Ц-д өгсөн 3,500,000 төгрөг нийлээд 8,500,000 мөн Ботгон нуурт худгийн нүх ухуулахад Ч.Г-ын Ө.Г-т өгсөн 2,000,000 нийлээд 10,500,000 төгрөг байсан дээр дээрх миний өгсөн 1,500,000 төгрөгийг Д.Ц-д чи өгөө, ингээд нийт 12,000,000 төгрөгөөр энэ 3 худгийн тооцоог дуусгах талаар би Д.Ц-той ярилцъя гэж тохирсон ч харин Ч.Г- нь надаас 1,500,000 төгрөг авчихаад Д.Ц-д нэг ч төгрөг өгөхгүй гэж маргаан үүсгэсэн болно. Миний Ч.Г-д өгсөн 1,500,000 төгрөгийн гүйлгээний утган дээр Т.М- гэж бичигдсэн байгаа.

Зээлийн гэрээний шаардах эрх 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эхэлсэн, 28-нд бүрэн төлж дуусгах ёстой, зээлийн гэрээний хугацаа дууссан. Шинээр зээлийн гэрээ байгуулаагүй, хууль эрх зүй үүсээгүй. 2015 оны 10-р сарын 08-аас хойш цаг хугацаанд зээлийн хүү төлөх ямар ч эрх зүйн акт, гэрээ бий болоогүй, харин солигдсон үүргийн гүйцэтгэлийн доголдол, алдагдалтай холбоотой маргаан, төлбөр л хийгдсэн.

Н-ын сөрөг нэхэмжлэл гаргаач гэх тайлбар яриа 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, мөн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн хуралдааны дуу, дүрсний бичлэгт байгаа.

Ч.Г- нь миний тайлбар гаргасан нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдийг няцааж чадаагүйг зориуд энд дахин онцлон хэлэхийг хүсч байна. Тухайлбал, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ботгон нуурт худгийн нүх ухуулах энэ үйл явдалд тэрээр оролцоогүй, шаардлага ч байгаагүй гэж гэрчийн мэдүүлгүүд болон нотлох баримтууд байсаар байтал илт илэрхий худал тайлбар хийж мэлзсэн байна.

Дээрх миний тайлбарлаад байгаа технологийн үйлдлүүд, гүйцэтгэлүүдийг хийхгүйгээр худгийн нүхийн гүйцэтгэлийг Ч.Г- нь хүлээж авалгүйгээр дараа дараагийн ажлуудыг нь гүйцэтгэсэн байх ямар ч боломжгүй, амьдралд байх боломжгүй тайлбар юм.

Иймд Ч.Г- нь Т.М- нь мөнгө зээлж аваад төлөхгүй алга болсон гэх нь утгагүй. Түүнээс гадна солигдсон үүргийн гүйцэтгэлийг хүлээж аваагүй гэж шүүх үзэх үндэслэлгүй юм.

Шүүх хуралдааны явцад миний бие шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах саналыг гаргасныг хүлээн аваагүй, тухайн шүүх хуралдааны хэлбэр агуулга, уур амьсгал, шудрага бусаар хэрэг шийдэгдэх нөхцөл бүрдэж миний мэтгэлзэх боломж хязгаарлагдаж, миний тайлбарыг хийлгэлгүй бичгээр гаргасан гэж орхигдуулж төд удалгүй шүүх хурлыг завсарлуулсан болно. Өмнө нь би мөн шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч миний хүсэлтийг хангаагүй болно. Шүүхэд удаа дараа гэрч Г.Далхжав, Д.Агваан нараас мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг явуулж миний мэтгэлцэх боломжийг хязгаарлаж, миний эрхийг ноцтой зөрчсөн. Хэрвээ энэ хүсэлтүүдийг хангасан бол Ч.Г- нь шүүх хуралдаан дээр 100% худал тайлбар, үндэслэлгүй нотлох баримтаар ийм шийдвэр гаргуулах боломжгүй. Хуурамч нотлох баримтыг шинжлүүлэх гэсэн хүсэлтийг олон удаа тавьсанг ойлгомжгүй гээд хангаагүй. Шүүх хуралдааны явцад хуулиар олгогдсон мэтгэлцэх эрх ноцтой зөрчигдөж, нэхэмжлэгч тал хариуцагчийн нотлох баримтыг шинжлэн судлахыг хариуцагчийг тайлбартай нь хамтатгах саналыг гаргаж 3 ч удаа нотлох баримт хэлэлцэхийг болиулсан, энэ саналаа давтан гаргасан. Шүүх хуралд бичгээр тайлбар гаргаснаа хуралдаанд уншиж танилцуулах шаардлагагүй гэснээр дээрх нотлох баримт гэрчийн мэдүүлэг миний тайлбарууд судлагдаж, хянан хэлэлцэгдээгүй, хурал завсарласан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.6-д заасныг зөрчсөн тул шүүхий шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Ч.Г-, хариуцагч Т.М-т холбогдуулан зээлийн гэрээний дагуу 7,994,290 төгрөгийн нэхэжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээлийн үүргийг нэхэмжлэгчийн бусдад төлөх төлбөрийг төлөх үүргийг сольсноор гүйцэтгэсэн гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Ч.Г-ас хариуцагч Т.М- нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3500 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэж авсан үйл баримтын талаар талууд маргаангүй байна. /хх

 

3. Хариуцагч Т.М- нь дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3500 ам.доллар, зээлийн хүүд 315 ам.доллар, нийт 3,815 ам.доллар төлөх үүрэгтэй.

 

3.а. Хариуцагч Т.М-ыг анхан шатны шүүхээс 1,990,000 төгрөгийн хүүг нэхэмжлэгчид төлсөн гэж дүгнэсэн байх ба, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 300.000 төгрөгийн гүйлгээний утга Далхаа цалин гэсэн нэрээр шилжсэн байх тул, уг 300,000 төгрөгийн төлбөрийг зээлийн хүүд төлсөн гэж үзэх боломжгүй байна.

 

3.б. Хариуцагч Т.М-ын төлсөн зээлийн хүүг, зээл төлсөн өдрийн ам.долларын ханшаар тооцох нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт нийцнэ. Үүнд:

2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 150,000 төгрөг буюу 77 ам.доллар,

2015 оны 05 дугаар сарын 05 ний өдрийн 70,000 төгрөг буюу 36 ам.доллар,

2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 240,000 төгрөг буюу 123 ам.доллар,

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 200,000 төгрөг буюу 100 ам.доллар,

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 220,000 төгрөг буюу 110 ам.доллар,

2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 200,000 төгрөг буюу 100 ам.доллар,

2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 200,000 төгрөг буюу 100 ам.доллар,

2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 210,000 төгрөг буюу 103 ам.доллар,

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 200,000 төгрөг буюу 98 ам.доллар, нийт 847 ам.долларыг түүний зээлийн үүргээс хасч тооцох нь зүйтэй.

 

4. Хариуцагч Т.М- нь нэхэмжлэгчийн гуйлтаар 2015 оны хавар Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт өөрийн танил Д.Ц-гийн хамаарал бүхий Б ХХК-аар худаг өрөмдүүлэх ажлыг хийлгэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн худгийн ажил гүйцэтгүүлсэн төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс төлөхөөр тохиролцсон тухай тайлбар гаргасан. Уг төлбөрт холбогдох баримтыг нэхэмжлэгч няцаасан баримтыг гаргаагүй тул талуудын зээлийн гэрээний үүргийн зарим хэсгийг нэхэмжлэгчийн өр төлбөрийг төлөх замаар төлсөн гэж үзэхээр байна.

 

4.а. Хариуцагч нь худаг гаргах ажлын хөлсөнд Б ХХК-д 3,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан Д.Ц- /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан/ 3,500,000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 15-ний өдөр хариуцагч Т.М-аас авсан талаар тайлбар хийж, төлбөр хүлээн авсан тухай баримтыг нотлох баримт гаргасан байна. Уг баримтыг нэхэмжлэгч талаас няцаасан баримтыг ирүүлээгүй. Иймд хариуцагч Т.М-ын худгийн ажилд төлбөр төлсөн 3,500,000 төгрөгийг тухайн өдрийн монголбанкны ханш 1872.13 ам.доллараар тооцоход 1869.52 ам.долларыг түүний зээлд төлбөл зохих үүргээс хасч тооцов.

 

5. Харин нэхэмжлэгч Ч.Г-ын өмнөөс ангийн нийллэгний 1,000,000 төгрөгийг С.Чулуунболдод шилжүүлсэн гэх, 1,500,000 төгрөгийн үнэтэй худгийн онгоцыг тооцож өгсөн гэх тайлбараа хариуцагч Т.М- эргэлзээгүй нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагчийн татгалзалд зааж буй 2,500,000 төгрөгийг түүний зээлийн үүргээс хасч тооцохгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцнэ.

 

6. Иймд хариуцагч Т.М-ын төлбөл зохих 3,815 ам.доллар /мөнгөн хөрөнгөөр төлсөн/-847 ам.доллар-1869.52 ам.доллар /үүргийг нь төлж барагдуулсан/=1098 ам.долларын үүргийг гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч Ч.Г-ын шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргах өдрийн монголбанкны ханшаар тооцоход 783.48ам.доллар*2487.13=2,730,868 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангав.

 

7. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан байх боловч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул мөнгө төлөх гэрээний үүргээ хариуцагч хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гүйцэтгэсэн байх тул уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/02052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 7,486,040 гэснийг 2,730,868 гэж, 508,250 гэснийг 5,263,422 гэж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 134,727 гэснийг 58,644 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,347,726 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ