Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00273

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00052 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 792 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ч.Г-

          Хариуцагч: Т.М-

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ц-

          7,994,290 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагч Т.М-, нарийн бичгийн даргад А.Энхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Т.М-т 3,500 ам.долларыг 2015-01-28-ны өдөр, сарын 3%-н хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Т.М- нь хаяг дээрээ байхгүй, утсаа авахгүй байсан тул эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж Т.М-ын оршин байгаа газрыг нь олсон. Т.М- нь мөнгө авснаас хойш ямар ч төлбөр хийхгүй явсаар 2015-10-08-н өдөр 200,000 төгрөг төлөөд дахиад ямар нэгэн төлбөр гүйцэтгээгүй. Иймд  Т.М-аас үндсэн зээл 3,500 ам.доллар буюу 8,682,835 төгрөг, 2015-01-28-с 2016-01-28-г хүртэл 12 сарын хүү 3,125,821 төгрөг нийт 11,808,656 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Монголбанкны өнөөдрийн ханш нэг ам.доллар 2,483.89 төгрөгөөр бодсон. Нэхэмжлэлээ багасгаж 7,994,290 төгрөг нэхэмжилж байна. гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч намайг эрэн сурвалжлуулах шаардлага байгаагүй, санаатайгаар цагдаа, шүүхээр мэдээлэл гаргуулж, нэхэмжлэлд хавсаргасан байна. Энэ нь гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхээ алдсан асуудалтай холбогдуулж, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Байцаагч Чойжав нь тулган шаардаж, тайлбар авч хөтөлсөн асуулт тавьж баримтжуулсан. 7сая төгрөгийг худаг гаргуулахад шилжүүлсэн гэж худлаа хэлсэн байна. Үнэн хэрэгтээ 2015-06-03-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Д.Ц-той энэ өдөр нүүр тулан, надаар зуучлуулан миний дэргэд, Төв аймгийн Баянжаргалан сумын Буурын Ухаад худаг өрөмдүүлэх газар дээр нь гэрээний нөхцөлөө хамтран бид харилцан зөвшилцөж /120,000х 100м/ 12сая төгрөг байхаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2015-05-01-ний өдөр гэхэд дуусахаар байсан бөгөөд 1 сараар сунгахад мөнгөө бэлдэж байгаарай худаг гаргуулна тэгэхэд хэрэглэнэ, гэж цааш сунгах боломжгүйгээ мэдэгдсэн болно. Ийнхүү 2015-6-р сарын эхээр хугацаа нь дуусаж буй нэхэмжлэлийг үндэслэсэн зээлийн гэрээний үүрэгт Ч.Г-ын хүсэлт шаардлагаар өөрчлөлт орж гэрээний үүргийн агуулга бүхэлдээ өөрчлөгдөх нөхцөл байдал үүсч өмнөх үүрэг дуусгавар болж, тийнхүү өөрчлөх талаар хэлцэл нь шинэ үүргийн харилцааг үүсгэснээр би зохих ёсоор гүйцэтгэсэн. 2015-6-03-ны худаг өрөмдүүлэх хэлцэлийн гүйцэтгэлийг, тэр өдөр шилжүүлсэн гэж худал хэлж хууран мэхэлсэн бөгөөд үнэндээ худаг ухуулахаар 2сая төгрөгийг өөрийн данснаас Г-н дансанд 9909... утаснаасаа шилжүүлсэн баримт байна. 2015-01-28-с хойшхи хугацаанд би нийт 11 удаагийн Хаанбанкы мөнгөн шилжүүлгээр, 7 удаа бэлнээр 1,420,000 төгрөг өгснийг өгөөгүй гэж гүтгэж байна. Нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

       Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ц- тайлбартаа: Зээлийн гэрээний гэх мөнгө нь Ч.Г-ын өөрийн зөвшилцөл, саналаар Д.Ц- надтай, 2015-06-03-ны өдөр, мөн О.Г-тай 2015-06-06-ны өдөр хийгдсэн гэрээнд тусгагдсан үүргийн гүйцэтгэлээр тооцогдсон Т.М-аас надад өгсөн мөнгө байгаа тул шаардах эрхгүй гэж үзэж байна. 2015-05-р сарын сүүлээр Ч.Г- нь Т.М-аар зуучлуулан, Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт өөрийн мал аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэх бэлчээр нутагтаа худаг өрөмдүүлэх гэрээний саналыг тавьснаар, уг саналыг хүлээн авч хэлцэл гэрээ хийсэн. 2015-06-03-ны өдөр Ч.Г- өөрийн машинаар Төв аймгийн Баянжаргалан сум руу, бэлчээрийн худаг өрөмдүүлэх газар руугаа биднийг авч явж, гэрээний нөхцөлөө харилцан зөвшилцөж, асуулт хариулт байдлаар тохиролцоход, Т.М- уг худгийн өрөмдлөгийн зохих хэсгийг үүргийн солилцоогоор төлөх болсон тухай, бусад хэсгийг нь тэрээр өөрөө хийх тухай хэлцэл тохиролцоо хийгдэж, УБ хотод шөнө болсон хойно орж ирсэн учир гэрээг бичгээр хийж амжилгүй тарсан ба Ч.Г- нь одоо төлбөрөө хийе гэж надаас О.Г-ын дансыг авсан. Маргааш нь үүрээр манай өрөмдлөгийн хэсэг уг газар луу явж өрөмдлөгийг гүйцэтгэсэн, бодит ажил хийгдсэн, дараа дараагийн үйл явдал өрнөсөн ба бид зах зээлийн хамгийн бага үнээр, Г-ын санал болгосон үнээр өрөмдлөгийг хийсэн. Ч.Г- нь өөрийн хийх ёстой мөнгөө шилжүүлсэн гэсэн боловч, худлаа хэлсэн болохыг хожим 2018-10-08-ны өдөр банкны хуулгыг нь авахад Ө.Г-ын Хаанбанкны дансанд зөвхөн 2сая төгрөг л шилжигдсэн болохыг мэдсэн. Гэтэл энэхүү найз нөхдийн харилцаа, итгэлцлийг далимдуулж, итгэл эвдэх замаар хуурч мэхлэх байдлаар өөрийн хүлээсэн үүрэгтэй шударга бус хандаж, үүргээсээ татгалзаж, бидэнд алдагдал үүсгэсэн нь илт шударга бус, түүний зүгээс гэм буруутай үйлдэл болсон. Ажлын захиалга өгсөн буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь уг үүрэгтэй холбоотой эрсдэл, алдагдлаа өөрөө хариуцах үүрэгтэй. Бид бусдад их хэмжээний ажлыг үнэ төлбөргүй хийж алдагдал, хохиролд орох үндэслэлгүй нэхэмжлэх тал мөн бусдын зардлаар их хэмжээний ажлыг хийлгээд бусдад гэм хор учруулж алдагдалд оруулаад байх нь шударга бус, хууль бус юм. Энэ маргаанд Д.Ц- би нэхэмжлэгчээр, Ч.Г- нь хариуцагчаар, Т.М- нь гуравдагч этгээдээр хэргийн зохигчид байхаар байтал хариуцагч нь нэхэмжлэгч болсон хуулийг тэд хортойгоор ашигласан, шударга бус явдал болжээ. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 101/ШШ2019/00052 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.М-аас 7,874,290 төгрөг гаргуулж Ч.Г-д олгож, нэхэмжлэлээс 3,934,366 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,890 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 140,938 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 792 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,939 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна.

     Хариуцагч хяналтын гомдолдоо: Миний гаргасан нотлох баримтуудыг уншиж үзээгүй мэт, огт үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй мөн буруу тайлбарлаж мушгин гуйвуулж ашигласан. Магадлалын 6-р талд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлдээ “Зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр сольсон тухай дурдсан тухай, мөн магадлалын 7-р талд “өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 236.1.2-т зааснаар Ч.Г- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг гүйцэтгэлийн оронд өөр солилцсон үүргийн гүйцэтгэлийг Т.М-аас хүлээн авсан нь тогтоогдохгүй, нотлогдохгүй, хариуцагч нь үүргээ биелүүлээгүй” гэж үгүйсгэснийг би хүлээн зөвшөөрөхгүй. Бодит үйлдлээр үүрэг гүйцэтгэгдсэн. Энэ нь солилцсон үүргийг Ч.Г- нь хүлээн авсныг нотлох үйл баримт бөгөөд уг гүйцэтгэлийг хүлээн аваагүй байна гэж үзэх ямар ч бололцоогүй, хүлээн авсны дараа энэ өрөмдсөн цооногт дараа дараагийн олон ажиллагаануудыг Ч.Г- нь хийлгүүлж байж худаг гаргах ажил хийгддэг болно. Харин Ч.Г- нь солигдсон үүргийг хүлээн авснаа гэрчлэх баримтыг миний шаардсанаар саадгүй гарган өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй улмаар энэ давуу байдлаа ашиглан намайг хуурч мэхэлж гүтгэсэн болно. Тэрээр шаардах эрхгүй зүйлээр маргааны зүйлээ буруу тодорхойлсон. Магадлалын 7-д хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хуулийн 76.1, 76.2 дахь хэсгийг дурдсан нь зөв боловч буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ заалтаар хөөн хэлэлцэх хугацаа 2015-04-28-с эхлэн үүсч, 2018-4-28-ны өдөр дуусах ёстой. Гэтэл нэхэмжлэгч мөнгө авснаас хойш нэг ч төлбөр хийгээгүй, зээлсэн мөнгөө одоо болтол төлөөгүй болон зээлийн гэрээний хугацаа дууссанг мэдэж байсан тэр өдрөөс шаардах эрх үүссэн буюу 2015-04-28-с эрх нь зөрчигдсөн болохыг мэдэж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Ч.Г-ын солилцсон үүргийн гүйцэтгэлийн хүрээнд, доголдол эрсдэлийг тооцож түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015-10-08-ны үеэс түүнд зохих мөнгийг гаргаж өгөхөөр болсон. Энэ мөнгө өгөгдсөн болно. Энэ нь зээлийн гэрээний үүрэгт огт хамааралгүй юм. Зээлийн гэрээний шаардах эрх нь талууд үүргийг солилцсоноор дуусгавар болсон, иймд юунд үндэслэж шүүх “зээлийн төлбөр” хийж байсан мэтээр үзэж буруугаар тайлбарлаж байна вэ? ХХША-ны журам зөрчсөн талаар: Магадлалын 7-8-р талд 2018-11-19-ний өдрийн 101/Ш32018/19526 дугаартай захирамжинд тусгагдсан зүйлийг гомдлын үндэслэлгүй гэжээ. Энд доорх үйл явдал болсныг ХХША-ны журам зөрчсөн гэж үзэж байгаа болно. Учир нь 2018-11-23-ны баасан гаригийн 16 цагийн үед БЗД шүүхээс над руу залгаж “Таны шүүх хурал 2018-11-27-ны өглөө 10 цагаас болно” гэхэд 2018-11-14-нд 5 хүнийг гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг хэрхэн шийдвэрлэснийг надад мэдэгдээгүй байгаа гэхэд Д.Оролзод, Д.Энхбуян нараас гэрчийн мэдүүлэг авахаар захирамж гарсан, шүүх хуралд ирэхдээ эдгээр улсуудаа аваад ирээрэй гэхэд нь, - Би амжихгүй байх, хурлын тов ямар давчуу юм бэ? Би өөрөө одоо яваад очьё, очиж хурлын товыг 2018-11-29-нд болгосон. Гэрчийг мэдэгдэх хуудсаар дуудна уу? Харин захирамжтай нь танилцая гэхэд шүүгч дээр байгаа гэснээр огт танилцуулагдаагүй болно. Шүүхээс Д.Оролзод, Д.Энхбуян нарт мэдэгдэх хуудас очсон, хуралд ирсэн болно. Ө.Г-, Б.Монголмаа, Д.Ц-гоос гэрчийн мэдүүлэг авахгүй гэсэн, мэдэгдэх хуудсыг шүүх өгөөгүй хууль журам зөрчсөн болно. Ц-г гуравдагч этгээдээр шүүх ажиллагаанд оролцуулахаар 2018-11-27-нд хүсэлт гаргаснаар 29-нд шүүх хурлаар захирамж нь гарсан болно. Д.Ц- нь Дорнод аймгийн Халх Гол суманд ажилтай байдаг тул олон удаа ирж буцах боломж муутайгаас хүндрэл гарч хэргийн нотлох баримт бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн болно. Ийнхүү шүүх зайлшгүй гэрчээр мэдүүлэг ёстой Д.Ц-г шүүх хуралдаанд оролцох боломжийг хангаагүй, ИХШХШТХ-ийн 77.1-д заасны дагуу шүүх хуралдаан хаана хэзээ болохыг шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод “Шүүхийн мэдэгдэх хуудас”-аар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, тов зарласан хуралд гэрчүүдийг оролцуулж чадаагүй, миний нотлох баримтаа цуглуулах, сөрөг нэхэмжлэх гаргах боломжийг хязгаарласан, боломжгүй болгосон. Энэ мэтчилэн Д.Ц- түүний өмгөөлөгч нарт 2018-12-25-ны хурлын товыг мэдэгдээгүй, байсныг би шаардан байж яриулсан. 2018-12-25-ны шүүх хуралд хариуцагч миний болон Д.Ц-гийн мэтгэлцэх эрхийг хангаагүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг танилцуулахад, намайг хариул гэхэд би татгалзлаа талбарлахад, маргаанаас ангид зүйл ярилаа гэж хүлээн аваагүй зөвхөн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуулт байгааг сануулсан, мөн цаашид тайлбарыг үргэлжлүүлэхэд, хэрвээ та асуултанд хариулахгүй бол шүүх хурлаас гарч явж болноо гэснээр би тайлбараа зогсоож, мэтгэлцэх эрхээ эдлээгүй. Энэ нь дуу дүрсний бичлэгийн 14:24:10-14:28:13 цагийн бичлэгт тусгагдсан байгаа болно. Мөн Д.Ц-г татгалзлаа тайлбарлаж байхад нэхэмжлэгч тал түүнд саад хийж, энэ хүн согту эсвэл мансуурсан хүн байна шүүх танхимаас гаргая хурлыг цаашид үргэлжлүүлэхээс татгалзах оролдлого хийж мэтгэлцэх боломж хангагдаагүй. Энэ нь дуу дүрсний 14:51-14:52:36-ийн үеийн бичлэгт тусгагдсан байгаа болно. ДШШ нь ИХШХШТХ-ийн 166.4-т заасныг зөрчиж миний өмгөөлөгч үндэслэлээ тайлбарлах гэхээр зөвхөн гомдолд дурдсан асуудлыг ярина гэх зэргээр яриулаагүй, хянахдаа зөвхөн гомдолд дурдсан асуудлаар хязгаарласан. Энэ нь шүүх хурлын дуу бичлэгт бичигдсэн байгаа. Д.Ц-г өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангалгүй шууд өмгөөлөгчгүй оролцоно гэж цаас өгч бичүүлж байгаа үйл баримтыг шүүх хурлын дүрс бичлэгнээс харж болно. Дуу дүрсний бичлэгт: анхан шатны шүүх хуралдаан дээр Т.М-аас таны өмгөөлөгч яасан бэ гэж асууж та шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй гэж бичиж өг гэж цаасан дээр бичүүлж авсан ба Д.Ц-гоос өмгөөлөгчгүй оролцох уу гэж асуугаагүй мөртлөө цаас авчирч тайлбар бичүүлж авсан. Хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгт хамааралгүй ойлгомжгүй гэж шийдвэрлэлгүй орхигдуулсан. Нотлох баримтуудыг шүүх хурлын өмнө буцаан, хэрэгт хамааралгүй гэж өгсөн эдгээр нотлох баримтуудын дунд эрүүгийн хэрэг мэдүүлэг өгөхдөө Ч.Г- хүүнд 600,000 төгрөг авсан гэж хэлсэн байдаг. Мөн худаг ухуулаад худгийн байрыг 500,000-д тооцож өгсөн баримтууд байсан. Шүүх эдгээр баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж буцаасан байдаг. Энэ шүүх хуралд гаргасан Ч.Г-ын нотлох баримт худал, бодит үнэнд нийцэхгүй байгааг нотлуулахаар гаргасан хүсэлт гаргасныг ойлгомжгүй, ач холбогдолгүй гэх үндэслэлээр орхигдуулсан. Энд хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг оновчтой сонгоогүй ингэснээр эрх зүйн маргаантай харилцааг тодорхой бус болгосон, мөн нэг талыг барьсан тэдний нотлох баримт худал, бодит үнэнд нийцэхгүй ийм харилцан зөрүүтэй байхад хэргийн талаар хийсэн дүгнэлт нь жинхэнэ бодит байдалтай тохирохгүй байх тул шүүхийн шийдвэр нэг талаас үндэслэл бүхий болохгүй нөгөө талаас хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй юм. Иймд шийдвэр магадлалыг, хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Ч.Г- 2018-09-12-ны өдөр Т.М-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 11,808,656 төгрөг шаардахдаа “...3,500 ам.долларыг 2015-01-28-ны өдөр сарын 3%-н хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн.... 2015-10-08-н өдөр 200,000 төгрөг төлсөн өөр мөнгө төлөөгүй....хариуцагчийг эрэн сурвалжлуулж байж олсон... үндсэн зээл 3,500 ам.доллар буюу 8,682,835 төгрөгийг 2015-01-28-с 2016-01-28-г хүртэл 12 сарын хүү  3,125,821 төгрөгийн хамт авна..” гэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,500 ам.долларыг 2018-09-11-ний өдрийн ханшаар буюу 2,483.89 төгрөгөөр тооцон 8,682,835 төгрөг, 3 сарын хүү 781,455 төгрөг нийт 9,464,290 төгрөгөөс буцааж авсан 1,470,000 төгрөгийг хасаж, үлдэх 7,994,290 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна. 

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... зээлийн төлбөрт нэхэмжлэгчийн төлөх худаг гаргуулах ажлын хөлсийг тооцсон...Төв аймгийн Баянжаргалан сумын Буурын Ухаад худаг өрөмдүүлэх газар дээр нь гэрээний нөхцөлөө харилцан зөвшилцөж /120,000х 100м/ 12 сая төгрөг байхаар тохиролцсон...” гэсэн агуулга бүхий тайлбар өгчээ.  

       Анхан шатны шүүх хариуцагчаас 7,874,290 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

    Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагч /хх 46-50,111/, гуравдагч этгээд /хх85-86/ нарын тайлбарыг Ч.Г-, түүний төлөөлөгч эсэргүүцээгүй буюу шүүх хуралдаанаас өмнө ямар нэг тайлбар өгөөгүй байгааг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.  

       Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Шаардлага, татгалзлаа нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө.  

     Т.М-, Д.Ц- нарын тайлбарыг нэхэмжлэгч тал шүүх хуралдааны үед эсэргүүцэж, өөрийн үндэслэлийг зааж мэтгэлцсэн бөгөөд уг татгалзлыг эс зөвшөөрсөн тайлбараа нотлох боломжийг шүүх хариуцагч, гуравдагч этгээд нарт олгоогүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-г зөрчжээ. 

      Түүнчлэн, хариуцагч нь “... худаг гаргаж өгөх байдлаар зээлийг төлсөн..” гэж маргахдаа баримт /хх 19,20,104-106/ гаргаж өгсөн, үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байхад шүүх “...хариуцагч өөр баримт гаргаж өгөөгүй..” гэж нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцээгүй байна.  

      Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.  

      Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа болон үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг тодорхойлсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00052 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 792 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 140,939 төгрөгийг Т.М-т захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ