Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2019/01611

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Тр ХХК

 

Хариуцагч: ББ ХХК

 

Гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 50.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхтуяа, өмгөөлөгч Э.Гэрэл, гэрч Б.Батлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Тр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тр ХХК нь ББ ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16/02 тоот .. сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч тал .... сумын нутагт орших ...нэртэй газар ... тоот тусгай зөвшөөрлийн талбайд 800 /тууш/ метр баганат өрөмдлөгийн ажлыг захиалагчийн өгсөн геологийн даалгавар, технологийн дагуу хийж гүйцэтгэх ба гэрээний нийт үнэ 100.000.000 төгрөг байх бөгөөд ажил эхлэхэд нийт үнийн дүнгийн 50% буюу 50.000.000 төгрөгийг гүйцэтгэгч талд бэлнээр төлнө. Үлдэгдэл төлбөр болох 50.000.000 төгрөгийг гэрээт ажил дуусгавар болсны дараа төлнө. Гэрээт ажлыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. ББ ХХК-ийн авсан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмалын илрэц байгаа эсэхийг тодруулхаар ажилласан болохоос Тр ХХК нь тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиг малтмалын нөөцтэй, нөөцгүй эсэхийг тодруулах эрх бүхий этгээд биш. Өрөмдлөгийн ажил хийгдэхээс өмнө зураглалын ажил хийгдсэн. Хариуцагч тал зураглалын дагуу өрөмдлөгийн ажил хийлгэх хүсэлт гаргаж гэрээ байгуулсан. Манай компани Улаанбаатар хотоос зүүн урагш .., ... сум /төв/-аас баруун урагш ... зайд байрлах ажлын талбайд техник хэрэгсэл, ажилчдаа байрлуулж, гэрээгээр тохиролцсон ажлаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 07-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Тухайн ажлыг хээрийн ангид зохион байгуулж, геологич 1, өрмийн мастер 2, өрмийн туслах 4 зэрэг нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй, Лонгер дрилл 38 баганат өрмөөр HQ /61 мм/ диаметртэй, усны машин 1, үйлчилгээний машин 1, ачааны машин 1, бусад техник, тоног төхөөрөмжийг ашиглаж өдөр болон шөнийн ээлжээр тасралтгүй /24 цаг/ ажиллаж гүйцэтгэсэн. Улмаар захиалагч ББ ХХК-д гүйцэтгэсэн ажлын тайланг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гэрээний 6.2-т заасан үлдэгдэл төлбөр болох 50.000.000 төгрөгийг гэрээт ажил дуусгавар болсны дараа төлнө гэх үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн. Гэвч захиалагч ББ ХХК-ийн захирал Х.Батсайхан төлбөр төлөх хугацааг элдвийн шалтаг шалтгаан тоочиж хойшлуулсаар өдийг хүрсэн ба өнгөрсөн хугацаанд бид төлбөрийн үлдэгдлээ төлж дуусгахыг удаа дараа шаардаж, тус компанийн эрх бүхий албан тушаалтанд хандаж байсан боловч ямар нэг үр дүн гараагүй. Шинжээчийн дүгнэлтэд хэзээ өрөмдсөн нь тодорхойгүй ч өрөмдөлгийн ажил хийгдсэн гэдэг. Шинжээч солбилцолын цэг таарахгүй гэж дүгнэсэн. Талуудын байгуулсан гэрээнд өрөмдөх цэг тодорхойлоогүй. Тр ХХК нь гэрээнд зааснаар 11 цэг өрөмдсөн. Уг цэгийг захиалагч компаний хүсэл, зөвшөөрлийн дагуу өрөмдсөн. Хариуцагч нь ажлыг дутуу хийсэн, чанарын шаардлага хангахгүй хийсэн хэмээн албан бичиг өгсөн боловч баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Нэхэмжлэгч тал ийм албан бичиг хүлээж аваагүй бөгөөд бидний хооронд төлбөр тооцоо авахгүй гэж яригдаагүй гэж тайлбарладаг. Ажил хүлээлцсэн тайланг тус команий нягтлан Б.Б хүлээн авч гарын үсэг зурсан. Бид захиалагч талын зөвшөөрлөөр өөр өөр газар 11 цооног гэрээнд заасан хэмжээ буюу 800 м өрөмдсөн. Иймд хариуцагч ББ ХХК-наас 50.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ББ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ББ ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Тр ХХК-тай ...нэртэй ХV-019604 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд багант өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэх 16/002 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч Тр ХХК-аас шалтгаалан гэрээт ажлыг гүйцэтгээгүйн улмаас дахин ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шинэчлэн байгуулж ажлыг эхлүүлсэн. Бид ажлын явцтай танилцах зорилгоор хоёр дахь цооногийн дараа мэргэжлийн баг болох гадны мэргэшсэн геологиудтай газар дээр нь очиж хяналт хийж гэрээний дагуу ажлаа хийхгүй байгааг нь сануулан ажлаа зогсоохыг тухайн өрмийн ажлыг хариуцаж байсан Будад хэлж гэрээний 2.1-д заагдсан 200 м гүнтэй 4 цооног нийт 800м өрөмдөхөөс биш энд тэнд янз бүрийн гүнтэй олон цооног өрөмдөхгүйг сануулсан. Гэвч бидний хэлснийг үл тоож өрөмдлөгийг цааш үргэлжлүүлж дуусгасан гэх бөгөөд байж боломжгүй алдаануудыг давтсаар гэрээнд заасан ажлаа өөрийнхөө хэмжээнд дуусгасан гэж үзжээ. Бид сэтгэл дундуур байгаагаа удаа дараалан уулзалтаар хэлж сануулж гэрээний үүргээ зөрчсөн 1.1, 2.1, 2.2, 2.3, 7.1, 8.3, 8.5, 8.8 дахь заалтуудыг сануулж хариу өгөхийг шаардсан. Үнэндээ бидэнд цооногийн хаалт ажлын гүйцэтгэлээ газар дээр нь хүлээлгэж өгөөгүй, ажлын дараа очиход 4 цооногийн ормоос өөрийг олж хараагүй, өрөмдлөгийн явцад гаргасан кернийн дээжүүдийг хүлээлгэж өгөөгүй атлаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэсэн тайлан гэсэн 1 хуудас бүхий материал авчирч танилцуулсан нь ББ ХХК болон Тр ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх 16/02 дугар бүхий гэрээний 1.1, 2.1, 2.2, 2.3, 7.1, 8.2, 8.8 гэсэн заалтуудыг зөрчсөн нь батлагдсан. Иймд манай компаний зүгээс ажил гүйцэтгэлийн гэрээнд заагдсан заалтуудыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохиролыг барагдуулах албан бичиг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүргүүлсэнг Х.Б захирал хүлээн зөвшөөрч урьдчилгаа болгон авсан 50.000.000 төгрөгт манай компаниар өөр талбайд ажил хийж өгөх аман байдлаар тохирсон тул хариуцагч учирсан хохирол нэхэмжлэхээ түр хойшлуулсан байсан. Нэхэмжлэгч тал геологийн даалгаврын дагуу ажил гүйцэтгээгүй. Шинжээч Тр ХХК-ийг хайгуул хийсэн цэг дээр өрөмдөөгүй, өрөмдлөгийн ул мөр байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Ажил гүйцэтгэсэн компаниас ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй, дээж ч хүлээж аваагүй. Нэхэмжлэгч компани зураглалын ажлын тайлангаар 4 цэг анхаарал татаж байна. Уг 4 цэгт өрөмдлөгийн ажил хийх нь зүйтэй гэснээр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан юм. Гэтэл шинжээч Тр ХХК-ийг солбилцолийн 11 цэг, тэмдэглэсэн 4 цэгийг тус тус өрөмдөөгүй болохыг тогтоосон. Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээлгэж өгсөн гэж байгаа ч 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай компани Тр ХХК-ийг гэрээний 1.1, 1.2, 2.1, 2.2, 2.3, 4.3-д заасныг тус тус зөрчсөн тул ажлын тайлан хүлээж авахгүй гэдгээ нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Зөрчилөө арилгахгүй бол гэрээг цуцлана гэдгээ ч мэдэгдэж сануулсан. Мэдэгдлийн эх хувийг Тр ХХК-ийн захирал Х.Б өгч, хуулбар хувийг өөрсдөө авч үлдсэн. Иймд нэхэмжлэгчийг гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч ББ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа: Тр ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан ... байрлах өөрийн эзэмшлийн хайгуулын .. дугаартай ... нэртэй газарт эрэл зураглалын ажил хийлгэхээр тохиролцсон. Эрэл зураглалын ажил хийгдэж үр дүнг тайлагнахдаа Тр ХХК нь сонгосон талбайд нарийвчилсан хайгуул хийх шаардлагатай 4 цэгт гүнд нь шалгах зорилгоор 150-200 метрийн гүнтэй өрөмдлөг хийх санал тавьсан. Уг саналыг манай компани хүлээн авч, Тр ХХК-ийн эрэл зураглалын тайландаа тусгасан 4 цэгт 200 метр гүнтэй өрөмдлөгийн ажил хийлгэхээр Тр ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 16/02 дугаартай ..........багант өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэвч нэхэмжлэгч нь гэрээт ажлыг хугацаанд нь хийгээгүй тул 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус гэрээг дахин шинэчлэн байгуулсан. Шинэчилсэн багант өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч Тр ХХК нь ....... газар дахь ...... тоот тусгай зөвшөөрлийн талбайд 200 метрийн гүнтэй 4 цооног буюу 800 тууш метр багант өрөмдлөгийн ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэх, захилагч ББ ХХК нь ажил эхлэхэд нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 50.000.00 төгрөгийг гүйцэтгэгч талд бэлнээр, үлдэгдэл төлбөр 50.000.000 төгрөгийг гэрээт ажил дуусгавар болсны дараа төлөхөөр харилцан тохирсон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн захиалагчийн үүргийн дагуу захиалгын ажил эхэлсэн өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Тр ХХК-нд захиалгын ажлын урьдчилгаа 50.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Гүйцэтгэгч ХХК нь гэрээнд заагдсаны дагуу дээрх талбайд 200 метрийн гүнтэй 47 цоонот буюу 800 тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг захиалагчийн өгсөн геологийн даалгавар, технологийн дагуу хийж гүйцэтгээгүй, мөн цооног өрөмдөх градус 45-90, кернийн гарц 90 хувиас дээш байх шаардлагыг хангаагүй. Өрөмдлөгийн ажлын явцыг газар дээр нь очиж үзэхэд эрэл зураглалын тайланд тусгасан 4 цэгт биш өөр цэгт өрөмдлөгө хийж байсан. Мөн гүйцэтгэгчийн өрмийн техник 200 метрийн гүн ухаж чадхааргүй байсан тул энэ талаар өрмийн ажил хариуцаж байсан геологич Б.Б-д хэлж янз бүрийн гүнтэй олон цооног өрөмдүүлэхээр захиалга өгөөгүй болохыг Х.Батбаяр захиралд сануулан, арга хэмжээ авах шаардлагатайг хэлж байсан. Тухайн үед Х.Б захирал 50.000.000 төгрөгийг өрмийн ажилд зарцуулчихсан, дараа жил танай өөр талбайд ажил хийж өгье гэснээр гомдол гаргаагүй. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өрөмдлөгийн ажлын тайлан хүргүүлэх тухай 1 хуудас, гүйцэтгэлийн акт 1 хуудас албан бичгийг манай компанид хүргүүлж, өрөмдлөгийн гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 50.000.000 төгрөг, зураглалын гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 5.790.500 төгрөг нийт 55.790.500 төгрөг төлөхийг шаардсан. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний тодорхой хэд хэдэн заалтыг зөрчиж захиалагчийн өгсөн геологийн даалгавыг технологийн дагуу гүйцэтгээгүй тул гэрээний дагуу ажлын үр дүнг бидэнд хүлээлгэн өгөх тухай 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр албан шаардлага хүргүүлсэн. Гэрээний дагуу бидэнд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул гэрээгээр хүлээсэн үлдэгдэл 50.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Харин бидний шаардлагын дагуу өрмийн ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, ажлын үр дүнг бидэнд хүлээлгэн өгөөгүй тул ажил гүйцэтгэх гэрээний 10.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас аль нэг талд хохирол учирвал холбогдох хуулийн дагуу буруутай тал хариуцлага хүлээнэ, мөн гэрээний 12.1.1, 12.1.2-д гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, Гүйцэтгэгч нь гэрээний 2.2, 4.3 дах заалтуудыг зөрчсөн тохиолдолд захиалагчий хүсэлтээр гэрээг дуусгавар болгоно гэж зааснаар гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 50.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Тр ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Тр ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээгээр заагдсан ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Тухайн ажлыг эхлүүлэхээс өмнө компанийн эзэмшиж буй талбайд геологийн зураглалын ажил хийгдсэн ба ямар нэгэн байдлаар ажил гүйцэтгэх талбайгаас ашигт малтмал илэрнэ гэдэг баталгааг өгөөгүй. Нөгөөтэйгүүр ямар ч талбайд өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээс өмнө эхэлж зураглалын ажил хийгддэг. Бид Улаанбаатар хотоос зүүн урагш 550 км, ....... байрлах ажлын талбайд техник хэрэгсэл, ажилчдаа байрлуулж гэрээгээр тохиролцсон ажлаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 07-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Захиалагч тал бидний гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан мөртлөө ийм зүйл ярьж байгааг нь зөвшөөрөхгүй. Гэрээнд 200 метрийн гүнтэй 4 цооног өрөмдөхөөр заасан. Тухайн үед эхний цооног 180 метрийн гүнтэй өрөмдөж байхад Тр ХХК-ийн захирал Х.Батбаяр, ББ ХХК-ийн захирал Х.Батсайханд гэрээнд зааснаар 4 цооног 200 метрийн гүнтэй өрөмдөх юм уу гэхэд хөндлөнгийн бүс хүртэл өрөмдөе гэснээр хариуцагч адилгүй гүнтэй 11 цооног өрөмдсөн. Хэрэв нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар 4 цооног өрөмдсөн бол 11 цооног өрөмдсөнөөс бага зардал гаргах байсан. ББ ХХК-ийн хүсэлтээр 11 цооног өрөмдсөн. Газрын тогтоц, байршил, ашигт малтмалын илрэцээс хамаарч өөр өөр гүнтэй 11 цооног ухсан. Талуудын хооронд Тр ХХК-ийг ажлаа буруу, дутуу хийсэн учир үлдэгдэл төлбөр авахгүй гэсэн тохиролцоо хийгдээгүй. 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр талуудын байгуулсан гэрээний 6.2-д ажлын хөлсөнд байр шилжүүлж өгөхөөр тохиролцсон байдаг. Байрны өмчлөх эрх шилжих боломжгүй болсон учир захиалагч талын хүсэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дахин гэрээ байгуулж, ажлын хөлсөнд урьдчилгаа 50.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрт хариуцагч тал үл хөдлөх хөрөнгө өгнө гэж ярьсан байсан тул нэхэмжлэгч тал шүүхэд хандахгүй удсан асуудал байгаа. Түүнээс захиалагчийн зөвшөөрөлгүй 11 цооног өрөмдөж, тусгай зөвшөөрлөөс өөр газар өрөмдсөн асуудал байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр өрөмдлөгийн ажил хийгдсэн гэж дүгнэсэн. Ажлаа дуусгаад дээжийг яах вэ гэхэд хариуцагч тал талбайдаа үлдээчих гэсэн. Энэ байдал шинжээчийн дүгнэлтийн хавсралтад авагдсан гэрэл зургаас тодорхой харагдана гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Тр ХХК нь хариуцагч ББ ХХК-нд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 50.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч ББ ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулж гэрээний урьдчилгаанд өгсөн 50.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

 

Хариуцагч ББ ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Тр ХХК-тай ... нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ... нэртэй газар ... тусгай зөвшөөрлийн талбайд 800 тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг захиалагчийн өгсөн геологийн даалгавар, өрөмдлөгийн ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэх, захиалагч гэрээнд заасан ажлын хөлсийг төлөх, өрмийн ажлын үр дүнг стандартын шаардлагын дагуу хүлээн авахаар тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Гэрээгээр ажлын хэмжээг 200 метрийн гүнтэй 4 цооног буюу 800 тууш метр, цооног өрөмдөх градус 45-90, керний гарц 90%-иас дээш байх, ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, нэг тууш метр өрөмдлөгийг 125.000 төгрөгөөр хийхээр талууд тохиролцож гэрээний нийт үнэ 100.000.000 төгрөгийг захиалагч тал гүйцэтгэгч талд төлөхөөр тохирсон байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь зураглалын ажил хийгдсэний дагуу гэрээ байгуулагдаж өрөмдлөгийн ажил хийсэн. 11 цэг өрөмдөж ажлыг тайлангаар захиалагчид хүлээлгэж өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр хэзээ өрөмдсөн нь тодорхойгүй ч өрөмдлөгийн ажил хийгдсэн гэдэг.

 

Хариуцагч нь геологийн даалгаврын дагуу ажлаа гүйцэтгээгүй, хайгуул хийсэн цэг дээр өрөмдөөгүй, өрөмдлөгийн ул мөр байгаагүй, ажлын гүйцэтгэл хүлээж аваагүй гэж тайлбарлан тус тус маргажээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Зохигчийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр .......... баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч Тр ХХК нь хариуцагч ББ ХХК-ийн эзэмшлийн ... нэртэй хайгуулын талбайд эрэл зураглалын ажлыг хийж зураглалын явцад нарийвчилсан хайгуул, суваг малтал гүний өрөмдлөг хийхийг зөвлөснөөр талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дээрх гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдсон ба /хх-7-13, 59-61/ Тр ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлан ажлын тайланг ирүүлсэн боловч хуульд ажил гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөхөөр тус тус заасан байна.

 

Талууд гэрээгээр 200 метрийн гүнтэй 4 цооног буюу 800 тууш метр өрөмдлөгийн ажил хийхээр тохирсон боловч ажил гүйцэтгэгч Тр ХХК-наас ажлыг хүлээлцсэн баримтгүй, ажлын тайланг хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа өөрөө бус харин түүний үр дүн буюу биежсэн, материалжсан хэлбэртэй үр дүн байхыг шаарддаг байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Ашигт малтмал, газрын тосны газрын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэний маргаан бүхий талбай дээр очиж гаргасан шинжээчийн дүгнэлтээр хэзээ өрөмдөгдсөн нь тодорхойгүй өрмийн цооногууд байсан нь маргалдагч талуудын хийгдсэн гэх өрмийн ажлын талаар дурьдсан солбилцолд хамаарахгүй, өрөмдөгдсөн гэх цооногууд нь ББ ХХК-иас өгсөн гэрээ болон 11 цооногийн солбилцолууд нь өрөмдөгдөөгүй буюу тус солбилцолууд дээр өрмийн цооног тавиагдаагүйг баримтжуулж дүгнэлтийг гаргасан байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, талуудын байгуулсан гэрээний 6.6.2-т үлдэгдэл төлбөр 50.000.000 төгрөгийг гэрээт ажил дуусгавар болсны дараа төлөхөөр тохирч, хуульд заасан тул хариуцагч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн аваагүй тохиолдолд хөлс төлөхөөс татгалзах эрхтэй юм.

 

Хэрэгт цугларсан баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр ажил гүйцэтгэгч Тр ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын үлдэгдэл хөлс 50.000.000 төгрөгийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

 

Хариуцагч нь сөрөг шаардлагаар урьдчилгаа төлбөрт төлсөн 50.000.000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжлэгчээс гаргуулахыг шаардсан байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэгээгүй, өөрөөр хэлбэл ямар нэгэн үр дүн бий болоогүй, гэрээ хэрэгжсэн гэж үзэх баримтгүй тул хариуцагч ББ ХХК нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэж зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй тул мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар урьдчилгаанд өгсөн 50.000.000 төгрөгийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Тр ХХК-наас 50.000.000 төгрөг гаргуулж хариуцагч ББ ХХК-нд олгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Тр ХХК-наас 407.950 төгрөг гаргуулж хариуцагч ББ ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ББ ХХК-наас 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тр ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар нэхэмжлэгч Тр ХХК-наас 50.000.000 төгрөг гаргуулж хариуцагч ББ ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Тр ХХК-наас 407.950 төгрөг гаргуулж хариуцагч ББ ХХК-нд олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА