Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1380

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01611 дүгээр шийдвэртэй

 

“Т Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Б Б” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

50 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Т Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16/02 тоот Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших Баян нэртэй газар ХҮ-019604 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 800 /тууш/ метр баганат өрөмдлөгийн ажлыг захиалагчийн өгсөн геологийн даалгавар, технологийн дагуу хийж гүйцэтгэх, гэрээний нийт үнийг 100 000 000 төгрөг байхаар тохирч ажил эхлэхэд 50 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд бэлнээр төлөх, үлдэгдэл төлбөрийг гэрээт ажил дуусгавар болсны дараа төлж, ажлыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Манай компани ажлын талбайд техник хэрэгсэл, ажилчдаа байрлуулж, гэрээгээр тохиролцсон ажлаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 07-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Улмаар захиалагч “Б Б” ХХК-д гүйцэтгэсэн ажлын тайланг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гэтэл захиалагч “Б Б” ХХК-ийн захирал Х.Батсайхан төлбөр төлөх хугацааг элдвийн шалтгаан тоочиж хойшлуулсаар өдийг хүрсэн ба өнгөрсөн хугацаанд бид төлбөрийн үлдэгдлээ төлж дуусгахыг удаа дараа шаардаж, тус компанийн эрх бүхий албан тушаалтанд хандаж байсан боловч ямар нэг үр дүн гараагүй.

Шинжээч солбицлын цэг таарахгүй гэж дүгнэсэн. Талуудын байгуулсан гэрээнд өрөмдөх цэг тодорхойлоогүй. Бид захиалагч талын зөвшөөрлөөр өөр өөр газар 11 цооног гэрээнд заасан хэмжээ буюу 800 метр өрөмдсөн. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, “Б Б” ХХК-ийн хүсэлтээр 11 цооног өрөмдсөн. Газрын тогтоц, байршил, ашигт малтмалын илэрцээс хамаарч өөр өөр гүнтэй 11 цооног ухсан. Талуудын хооронд “Т Р” ХХК-ийг ажлаа буруу, дутуу хийсэн учир үлдэгдэл төлбөр авахгүй гэсэн тохиролцоо хийгдээгүй. 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр талуудын байгуулсан гэрээний 6.2-д ажлын хөлсөнд байр шилжүүлж өгөхөөр тохиролцсон байдаг. Байрны өмчлөх эрх шилжих боломжгүй болсон учир захиалагч талын хүсэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дахин гэрээ байгуулж, ажлын хөлсөнд урьдчилгаа 50 000 000 төгрөг өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр өрөмдлөгийн ажил хийгдсэн гэж дүгнэсэн. Ажлаа дуусгаад дээжийг яах вэ гэхэд хариуцагч тал талбайдаа үлдээчих гэсэн. Энэ байдал шинжээчийн дүгнэлтийн хавсралтад авагдсан гэрэл зургаас тодорхой харагдана, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Б Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Т Р” ХХК-тай баганат өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэх 16/002 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч “Т Р” ХХК-аас шалтгаалан гэрээт ажлыг гүйцэтгээгүйн улмаас дахин ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шинэчлэн байгуулж ажлыг эхлүүлсэн. Бид ажлын явцтай танилцах зорилгоор хоёр дахь цооногийн дараа мэргэжлийн баг болох гадны мэргэшсэн геологиудтай газар дээр нь очиж хяналт хийж гэрээний дагуу ажлаа хийхгүй байгааг нь сануулан ажлаа зогсоохыг сануулсан. Гэтэл бидний хэлснийг үл тоож өрөмдлөгийг цааш үргэлжлүүлж дуусгасан гэх бөгөөд байж боломжгүй алдаануудыг давтсаар гэрээнд заасан ажлаа өөрийнхөө хэмжээнд дуусгасан гэж үзжээ. Цооногийн хаалт ажлын гүйцэтгэлээ газар дээр нь хүлээлгэж өгөөгүй, ажлын дараа очиход 4 цооногийн ормоос өөрийг олж хараагүй, өрөмдлөгийн явцад гаргасан кернийн дээжүүдийг хүлээлгэж өгөөгүй атлаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэсэн тайлан гэсэн 1 хуудас бүхий материал авчирч танилцуулсан нь гэрээнд заасан тохиролцоог зөрчсөн нь батлагдсан. Шинжээч “Т Р” ХХК-ийг хайгуул хийсэн цэг дээр өрөмдөөгүй, өрөмдлөгийн ул мөр байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Ажил гүйцэтгэсэн компаниас ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй, дээж ч хүлээж аваагүй. Нэхэмжлэгч компани зураглалын ажлын тайлангаар 4 цэг анхаарал татаж байна. Уг 4 цэгт өрөмдлөгийн ажил хийх нь зүйтэй гэснээр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан юм. Гэтэл шинжээч “Т Р” ХХК-ийг солбилцолийн 11 цэг, тэмдэглэсэн 4 цэгийг тус тус өрөмдөөгүй болохыг тогтоосон. Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээлгэж өгсөн гэж байгаа ч 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай компани “Т Р” ХХК-ийг гэрээний 1.1, 1.2, 2.1, 2.2, 2.3, 4.3-д заасныг тус тус зөрчсөн тул ажлын тайлан хүлээж авахгүй гэдгээ нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Зөрчлөө арилгахгүй бол гэрээг цуцална гэдгээ ч мэдэгдэж сануулсан. Мэдэгдлийн эх хувийг “Т Р” ХХК-ийн захирал Х.Батбаярт өгч, хуулбар хувийг өөрсдөө авч үлдсэн.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Т Р” ХХК-нд захиалгын ажлын урьдчилгаа 50 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Гүйцэтгэгч нь гэрээнд заагдсаны дагуу дээрх талбайд 200 метрийн гүнтэй 47 цооногт буюу 800 тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг захиалагчийн өгсөн геологийн даалгавар, технологийн дагуу хийж гүйцэтгээгүй, мөн цооног өрөмдөх градус 45-90, кернийн гарц 90 хувиас дээш байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний тодорхой хэд хэдэн заалтыг зөрчиж захиалагчийн өгсөн геологийн даалгаврыг технологийн дагуу гүйцэтгээгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр албан шаардлага хүргүүлсэн. Гэрээний дагуу бидэнд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул гэрээгээр хүлээсэн үлдэгдэл 50 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Харин бидний шаардлагын дагуу өрмийн ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, ажлын үр дүнг бидэнд хүлээлгэн өгөөгүй тул гэрээнд зааснаар гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “Т Р” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 407 950 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Манай компани нь хариуцагч “Б Б” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 19-ний  өдөр  16/02 тоот “Дорноговь  аймгийн Сайхандулаан сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ”-г анхлан байгуулж, захиалагч ажлын хөлсөнд үл хөдлөх хөрөнгө /орон сууц/ өгөхөөр тохиролцсон ч хариуцагч тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг бидэнд тодорхойгүй шалтгаанаар шилжүүлэхгүй удааширсан тул дахин уул гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шинэчлэн байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрөө авснаар ажлаа эхлүүлсэн. Өрөмдлөгийн ажлыг захиалагчийн өгсөн геологийн даалгавар, өрөмдлөгийн технологийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил эхлэхээс өмнө захиалагч компанийн захирал Х.Батсайханд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4.-т заасан захиалагч тал нь өрөмдлөгийн ажилд 1 ажилтныг томилж хяналт тавьж болно гэсний дагуу өөрийн томилсон нэг ажилтнаар ажлын явцыг хянуулах боломж байгааг хэлэхэд тэрбээр манайд ийм мэргэжилтэн /ажилтан/ байхгүй, та нар өөрсдөө мэдээд ажлаа хийчих гэж хэлсэн. Гэсэн хэдий ч бид ажлын явц, үр дүнг тухай бүр түүнд танилцуулж, түүний зөвшөөрлийг авч байсан ба 1 дүгээр цооногийг 185 метрийн гүнтэй өрөмдөхдөө тухайн талбайд гэрээнд заасны дагуу 200 метрийн гүнтэй 4 ширхэг цооног өрөмдөх нь тус компанид ашиггүй, хувирлын бүснээсээ хэтрээд байна, цааш нь гүйцээж гэрээнд заасан гүнээр буюу 200 метр хүргэж өрөмдөх үү? гэдгийг тодруулахад тэгэх шаардлагагүй хувирлын бүсээ өнгөртөл өрөмдье гэдэг санал хэлсэн. Улмаар захиалагчийн хүсэл зоригт нийцүүлэн талбайд гэрээнд заасан гүнээр бус хувирлын бүсийн гүнд нийцүүлэн нийт 11 цооног өрөмдсөн. Гэрээт ажлыг бүрэн хийж, гүйцэтгэн хариуцагч /захиалагч/-р, ажлын тайланг хүргүүлж, гүйцэтгэлийн актаар хүлээлгэн өгч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16/034, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16/035 тоот албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр төлөхийг шаардаж байсан. Ажлын тайланг нэхэмжлэгч “Т Р” ХХК-ийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаяр, нягтлан бодогч М.Пунцаг нар “Б Б” ХХК-ийн байранд очиж хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд тухайн үед тус компанийн захирал Х.Батсайхан нь өөрийн компанийн нягтлан бодогч Б.Батлхамд хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн болно. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2.2-т заасан үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.4, гэрээний 8.1.5-т тус тус зааснаар шаардах эрхтэй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан “XV-019604 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, Баян нэртэй талбайд 2016 онд гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын тайлан”, уг тайланд тусгагдсан “Хээрийн анги байрлаж, ажлаа гүйцэтгэж буйг харуулсан байдал, хайгуулын талбайд гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын явц, цооногоос гарсан керн /дээж/-үүдийг тусгай зориулалтын хайрцагт савласан байдал, өрөмдлөгийн ажлын нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэсэн байдал, цооногийг цементлэн хуванцар хоолой суулган дугаарласан гэх мэт нөхцөл байдлуудыг харуулсан” фото /гэрэл/ зургуудыг бүрэн, бодитой үнэлж үзвэл бидний гэрээт ажлаа гүйцэтгэсэн болохыг тодорхой харж, тогтоож болно. Мөн шинжээч дүгнэлтдээ “Талбай дээр хэзээ өрөмдсөн нь тодорхойгүй өрмийн цооногууд байсан” гэж дурдаад, ажлын талбайд одоо ч манай компанийн өрөмдсөн 1 цооногийн ул мөр, крен /дээж/-т байгаа байдлыг харуулсан гэрэл зургийн хавсаргаж ирүүлсэн байдаг болно. Манай компанийн зүгээс хариуцагчид ажлын тайланг хүргүүлж, гүйцэтгэлийн актаар хүлээлгэн өгсний дараагаар 2016 оны 12 дугаар сарыи 12-ны өдөр 16/034, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16/035 тоот албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр төлөхийг шаардахад тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд үлдэгдэл төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааг хойшлуулах, үл хөдлөх хөрөнгө оролцуулах зэрэг санал тавьж хойшлуулсаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг өнгөрөөсөн атлаа нэхэмжлэл гаргасны дараа 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж буй нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.4.2-т заасанд нийцэхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн, шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаа тодорхой бус шалтгаанаар удааширсны эцэст анхны шинжээч томилсон захирамжийн дагуу шинжээч Б.Сүнжидмаа бус шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/Ш32019/02158 дугаар захирамжаар: “шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан тухай хариуг ирүүлсэн” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсны дараа дахин шинжээчид тавих асуултыг өөрчилж гаргасан хоёр дахь шүүгчийн захирамжийн дагуу Г.Алтанхуяг дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд шинжээч нь ажил гүйцэтгэх үеийн нөхцөл байдлыг сэргээн тогтоох, өрөмдсөн цооногийн гүнийг тодорхойлох, ажил гүйцэтгэх үеийн байдлаар дүгнэлт гаргах боломжтой эсэхэд эргэлзэж байгаагаа тухай бүр илэрхийлж байсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэлтэй, зөв дүгнээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Т Р” ХХК нь хариуцагч “Б Б” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 50 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч гэрээний урьдчилгаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх.71-73/

 

Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ”-ээр өрөмдлөгийн ажлын хэмжээг 200 метрийн гүнтэй 4 цооног буюу 800 тууш метр, цооног өрөмдөх градус 45-90, кернийн гарц 90%-аас дээш байх, 1 тууш метр өрөмдлөгийг 125 000 төгрөгөөр тооцон нийт төлбөрийг 100 000 000 төгрөг байхаар тохиролцож, гэрээний урьдчилгаа төлбөрт хариуцагч “Б Б” ХХК нь 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “Т Р” ХХК-д бэлнээр төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх.7-13, 59-62/ Уг гэрээг байгуулсан, түүний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Талуудын дээрх тохиролцооны агуулгаас үзэхэд ажил гүйцэтгэгч буюу “Т Р” ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, түүний үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч буюу “Б Б” ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “гэрээний дагуу өрөмдлөгийн ажил хийсэн, 11 цэг өрөмдөж ажлын тайлангаар захиалагчид хүлээлгэн өгсөн”  гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсоны дагуу ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх ёстой.

 

Нэхэмжлэгч “Т Р” ХХК нь хариуцагчид гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь тус тайланг үндэслэж 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дээрх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргасан гэж тайлбарласан байх бөгөөд хэргийн 119 дүгээр талд хариуцагч “Б Б” ХХК-аас нэхэмжлэгч компанид хүргүүлсэн гомдлын шаардлагыг компанийн эрх бүхий этгээд болох Х.Батбаяр хүлээн авсан гэж тайлбарладаг боловч тус баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул уг баримтыг эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч “Т Р” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ”-ээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн нь болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын үлдэгдэл хөлс болох 50 000 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Харин шүүх ямар нэгэн үр дүн бий болоогүй, гэрээ хэрэгжсэн гэж үзэх баримтгүй тул хариуцагч “Б Б” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээнийн урьдчилгаанд төлсөн 50 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Ашигт малтмал, газрын тосны газрыг шинжээчээр томилсон, Ашигт малтмал, газрын тосны газрын шинжээч Г.Алтанхуягийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр “талбай дээр хэзээ өрөмдсөн нь тодорхойгүй өрмийн цооногууд байсан маргалдагч талуудын гэх өрмийн ажлын талаар дурдсан солбилцолд хамаарахгүй байна” гэж дүгнэсэн боловч тус дүгнэлтээр нэхэмжлэгч байгууллагыг гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1 дэх заалтаар “ажлын нийт хэмжээ 200 метрийн гүнтэй 4 цооног буюу 800 тууш метр цооног” байхаар тохиролцсон байх бөгөөд тодорхой солбилцлын цэг зааж, цооног гаргах талаар тусгайлан заагаагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтээр заасан газраас өөр газар өрөмдлөгийн ажил явуулж, цооног гаргасан нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй юм. Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангасан нь буруу болсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01611 дүгээр шийдвэрийн

тогтоох хэсгийн “1 болон 3 дах” заалтыг нэгтгэн “1” дэх заалт болгож “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагч Баянсүмбэр богд ХХК-аас 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК-ийн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК-аас 50 000 000 төгрөг гаргуулах хариуцагч Баянсүмбэр богд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн “2 болон 4” дэх заалтыг нэгтгэн “2” дах заалт болгож “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж,

тогтоох хэсгийн дугаарлалтын “5” дах заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                            ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО